Дэд сайдуудын томилгоог яаравчилъя

9-р сарын 3, 2012 9:15 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 274

М.ГАН

 

Шинэ Засгийн газар өнгөрсөн долоо хоногт дэд сайдуудаа томилсонгүй. Энэ албанд нэр дэвшиж буй эрхмүүд эхнээсээ тодорч байгаа ч албан ёсоор эцэслээгүй байна. Ерөнхий сайд Н.Алтан­хуяг ажил ихтэй байв уу, дэд сайдуудын нэрийг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх зав олдсон­гүй юу. Ямар боловч хэвлэ­лийнхний таамаг, дэд сай­дад гори­логч­дын хүлээлт биел­сэнгүй ес­дүгээр сарыг эхлүүллээ. Н.Алтанхуя­гийн толгойл­сон “Шинэч­лэлийн” гэх то­дотголтой Засгийн газар бүрдээд хэд хонож буй. 19 сайд, 16 яамтай Засгийн газрын бүтэц бэлэн болсон ч за­рим томилгоо хү­лээлттэй хэвээр байна. Шинэч­лэлийн Засгийн газарт орж ажиллах дэд сайд, зарим агентлагийн даргын суудалд горилог­чид Ерөнхий сайдын шийд­вэрийг хүлээж байгаа нь үнэн.

Мөн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаал ч багтана. Энд онцлоход яамдын Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулж томилдог ч намаас хамааралтай нь нууц биш. Дээрээ удирдлага нь тодорхой биш учир доор нь ажилладаг төрийн албан хаагчид ч хүлээлтийн байдалтай буй. Энэ байдлыг далимдуулж төрийн байгууллагууд ажлаа хийсэн, хийгээгүй хоёрын хооронд , гурвын дунд ажил цалгардлаа гэх шүүмжлэл өрнөж байна. Иймд Засгийн газар дэд сайд болох хүмүүсийн замыг  зааж, төрийн албан хаагчдын санааг нь амраамаар юм.

Дэд сайдын суудалд горилсон хүмүүс Ерөнхий сайд, намын даргынхаа өрөөний үүдэнд дугаарлаж, тусгайлан уулзаж буй гэх. Н.Алтанхуяг дарга 11 яам, 14 сайдтай байсан Засгийн газрын хуучин бүтцийг 16 яам, 19 сайдтай болгосноороо төрийн толгойг данхайлгалаа гэх шүүмжлэл сонсоод буй. Гэхдээ агентлагуудын  тоог цөөлж ажил, үүргийн давхардлыг арилгасан нь хэт данхайсан бүтцийг танасан авууштай шийдвэр болсон. Зарим агентлагийг татан буулгаж чиг, үүргээр нь нэгтгэн яамны төвшинд аваачиж байгаа учир түүнийг хариуцсан дэд сайдууд байх ёстой албан тушаал мөн. Иймээс шинэчлэ­лийн Засгийн газар дэд сайдтай байх шаардлага­тай юм. Өнгөрсөн долоо хоног дэд сайдуудыг томилно гэх мэдээлэл байсан ч Засгийн газар цаг үеийн асуудлуудыг урьтал болгож томилгоог хойш тавьсан бололтой. Харин энэ долоо хоногт дэд сайдуудыг томилж Засгийн газар бүрэлдэ­хүүнээ эцэслэж магадгүй байна.

Дэд сайдууд бол на­маас томилогдсон, албан тушаал горилогчдод зо­риул­сан, дөрвөн жил сан­дал, ширээ бөглөх хэм­жээний албан тушаал биш. Тодорхой чиг үүрэг­тэй, сайд эзгүйд түүнийг орлодог хариуцлагатай алба гэж болно. Тиймээс Засгийн газарт дэд сайдууд заавал ажиллаж таарна. Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч ийм бодлого барьж буй. Хүн бүр оносон ажилтай, ногдсон үүрэг хариуцлагатай ажиллах учиртайг шинэ Ерөнхий сайд шинэчлэлийн Засгийн газрын нэг зорилт хэмээн онцолж байгаа билээ.

УИХ ээлжит бус чуул­га­наа зарлан хуралдуулж, Засгийн газар ч долоо хоногт хоёроос гурван удаа хуралддаг боллоо. Шинэ Засгийн газар амралтгүй ажиллаж, ачаалал даах эрхмүүдийг сонгон багтаа ажиллуулна гэдгээ Н.Алтанхуяг зарлаад буй. Засгийн газрын ажил зогсолтгүй үргэлжлэхийн тулд түүний багт орсон хүмүүс ийм хариуцлагатай албанд очиж байна гэж ойлгож ёстой байх. Түүнээс дэд сайд гэдэг дөрвөн жил төсвөөс цалинждаг, унаа машин хөлөглөдөг, яаманд өрөө тасалгаа эзэгнэж, сандал ширээ эзэлж суудаг “хэрэггүй хүн” гэвэл эндүүрсэн болно. Сайдын дэргэд байдаг “дэмий хүмүүс” ч биш. Заавал байх ёстой, хэрэгтэй албан тушаал болоод л дэд сайдын албыг анхнаасаа бий болгосон байх. Ийм албанд очих хүмүүсийг яаралтай томилж, Ардчил­сан намын тэргүүлсэн Зас­гийн газар бүрэлдэхүү­нээрээ ажилдаа орж шинэчлэлээ үргэлж­лүүлэх шаардлагатай байна.

Одоо бол Ардын намын Засгийн газраас томилсон дэд сайдууд ажиллаж байгаа. Өөр намын сайд нар нэг яаманд ажиллахад ойлголцдоггүй гэх явган яриа ч бий. Албанаасаа буух нь нэгэнт тодорхой болсон хуучин дэд сайдууд хэзээ “халагдах”-аа хүлээж, юун ажил хийх манатай суугаа биз. Засгийн эрх мэдэл сонгуулийн үр дүнгээр нэг намаас нөгөөд шилжсэн учир явах, суух хүмүүсээ яаралтай ялгаж шинэ дэд сайдуудаа томилж ажилд нь оруулах хэрэгтэй байна, Ерөнхий сайд аа. Ардын нам бүрэлдэхүүнээрээ сөрөг хүчнийхээ байранд очихгүйгээр шинэ Зас­гийн газартай холилдон удаж болохгүй биз дээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *