Дарханд болсон явдал

2-р сарын 1, 2017 12:19 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 44
16443008_1210120949094998_546518286_o

Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Дээхнийн хэлдгээр Найрамдлын хот Дархан руу хүлгийн жолоо заллаа. Учир нь нэгдүгээр сарын 27-нд Дархан-Уул аймагт “Дархан-Уул аймгийн эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт 2017” зөвлөгөөн болсон юм. Хамгийн гол нь энэ үеэр олон арга хэмжээ, түүн дотор Монголын анхны нарны цахилгаан станцын нээлт болсон хэрэг.

Сүүлийн хэд хоногт Монгол даяар хүйтний эрч чангарч байгаа. Дархан хотод оршиж буй Бурхантын хөндий хүйтнээрээ зартай. Тэр л ёсоор Бурхантын хөндийн жавар хацар алгадан угтсан юм.

Уг арга хэмжээнд оролцохоор  УИХ-ын гишүүд,  Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд, холбогдох агентлагийн дарга нар Дарханд цуглажээ. Тэд  зөвлөгөөнд  оролцож, тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн талаар зөвлөлдөж, байр сууриа илэрхийлцгээж байв.

Ерөөс Дархан-Уул аймгийн хөгжлийн ойрын болон дунд хугацааны бүтээн байгуулалтын талаар баримталж байгаа бодлого, төсөл хөтөлбөр,  зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл бол эрчим хүч, усан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх  гэдгийг тодотгон ярилцлаа.

Тус аймгийн Захирагчийн ажлын албаныхан зохион байгуулж, сэтгүүлчид биднийг “Дархан ус суваг”-ийн үйл ажиллагаатай танилцууллаа. Тус компани 1300 гаруй аж ахуй нэгж, 12500 гаруй айл өрхөд  цэвэр ус түгээх, бохир ус зайлуулах үйлчилгээ үзүүлдэг юм байна. Мөн гэр хорооллын 28 мянган хүн амд, зөөврийн 17, төвлөрсөн сүлжээний 25 түгээх байраар ус нийлүүлдэг. Ус олборлох зардал 1680 төгрөг зарцуулдаг ч иргэдэд 993 төгрөгөөр борлуулж, нэг шоо метр ус тутмаас 687 төгрөгийн алдагдал хүлээдэг аж. Мөн 1548 төгрөгийн зардлаар бохир ус татан зайлуулдаг ч  иргэдээс 1333 төгрөгийн хураамж авч, 215 төгрөгийн алдагдал хүлээдэг гэнэ. Тус газрын дарга П.Ариундалай “…2015 онд байгууллага усны үнийг маш бага нэмсэн.Иргэдийн амжиргааны түвшнээс хамаараад усны үнийг огцом нэмж болдоггүй” гэж байв. Түүнээс гадна Дархан-Уул аймагт хамгийн ихээр тулгамдсан асуудлын нэг нь шугам хоолойн насжилт муудаж, 60-аад хувь нь хуучирч, эдэлгээ нь мууджээ. “Дархан ус суваг” компаниас 2013-2016 улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 19.3, 2.3 км хоёр шугамыг шинэчилсэн байна. Мөн өнгөрсөн онд аймгийнхаа Засаг даргад хүсэлт тавьж 27 сая төгрөгөөр таван цэгт засвар хийжээ. Үүнээс гадна усны алдагдал их гардаг газруудад компанийн хөрөнгөөр засвар хийж усны алдагдлыг нэлээд бууруулсан байна. Осол гэмтлийн тоо давхар буурч 2013 онд 273 байсан бол өнгөрсөн онд 76 болсон гэнэ. Одоогоор гэмтэлгүй хэвийн ажиллаж байгаа гэнэ. Мөн тэдний ажилтан, ажиллагсад 18 аймгийн 108 суманд ус зөөвөрлөх, 21 аймгийн төвд лабораторийн тоног төхөөрөмж суурьлуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. П.Ариундалай дарга бас нэг зүйлийг хэлсэн. Тэрээр “…Азийн хөгжлийн банкны шугамаар Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж, 2.7 сая долларын өртгөөр аймгийнхаа Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх мөн гурван цэгт шугам хоолойг солихоор ажиллаж байгаа” гэв. Мөн галын систем бүхий ухаалаг тоолуурыг орон сууцны доод давхарт байрлуулж, 24 цагаар иргэдэд үйлчилж, цахимаар болон онлайнаар төлбөрөө төлөх боломжтой ухаалаг худаг эхний ээлжинд хоёрыг байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Дараа нь “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д очлоо. Тус компанийн гүйцэтгэх захирал ажлаа танилцуулав. Тэрээр “…Манай станц 52 дахь жилдээ ажиллаж байгаа. ДЦС-II ТӨХК-ийн ард орох “хөгшин станц”.  Улаанбаатар хот дөрөв, Эрдэнэт хоёр эрчим хүчний эх үүсвэртэй бол манай станц аймгийнхаа ганц эх үүсвэр нь. Гэтэл 1987 онд ЗХУ-ын өргөтгөлөөр гурван зуухны хөрөнгө оруулалтаас хойш тэрбумаас дээш  төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй” гэсэн юм. Мөн тоног төхөөрөмж хуучирч муудсан дорвитой шинэчлэлт хийгдээгүйгээс үүдэж, зогсолт болж магадгүй эрсдэл бий болсон учир аюулгүй ажиллагаанд анхаарал тавин ажиллаж байгаа гэв. Хуучралттай холбоотойгоор тус станцад 2006 оноос өргөтгөл хийх асуудал яригдаж эхэлжээ. ХБНГУ-ын хөрөнгө оруулалтаар 23 сая еврогийн хөрөнгө оруулалтаар шинэ үйлдвэрлэл оруулахаар тоног төхөөрөмжөө авчирсан бөгөөд ирэх оны I улиралд ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаа аж. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК 60 хүний орон тоогоор бүрэн ажиллаж байгаа ч  техник, тоног төхөөрөмжийнх нь насжилт хэтэрч муудсанаас үүдэн гар ажиллагаа давамгайлж 460 ажилтан, ажилчинтай үйлдвэрлэлээ явуулж байна. Гэлээ ч тус станц Чанарын удирдлагын стандартыг эрчим хүчний системд анхдагч болж хэрэгжүүлсэн аж. Мөн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал стандартыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд баталгаажуулжээ.

16468705_1210807542359672_1175643504_n

Томилолтын маань гол “сонирхол” бол Монголын анхны нарны цахилгаан станц байсан. Дархан-Уул аймгийн I багийн нутагт байрлах 10 мвт хүчин чадал бүхий  нарны цахилгаан станц үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байлаа. Уг төслийг  нарны эрчим хүчний чиглэлээр 30 гаруй жил дагнан ажилласан, физик-математикийн шинжлэх ухааны доктор Н.Энхбиш, Дарханы дулааны цахилгааныг 10 гаруй жил удирдсан Монгол Улсын зөвлөх инженер Б.Мандалбаяр тэргүүтэй эрчим хүчний салбарт олон жил ажилласан мэргэжлийн туршлагатай баг, Японы SHARP корпораци, нэр бүхий эрдэмтэн мэргэжилтнүүд хамтран хэрэгжүүлжээ.

Энэхүү цахилгаан станц нь ашиглалтад орсноор 20 000 айлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрджээ.  Жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас  сэргийлэх юм байна.

Станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны -30-40 хэмийн хүйтэнд   хэвийн ажиллаж байхаар тооцоолжээ. Энэ станцад Японы SHARP корпораци 25 жилийн баталгаат хугацаа өгчээ. Яг одоо бол нарны цахилгаан станц нь  цахилгаан түгээх үндэсний сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж байгаа ажээ.

Монголд хамгийн анхны нарны цахилгаан станц хэр ажиллахаас  олон зүйл шалтгаална. Үүнээс гадна Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах боломж бүрдэнэ гэдгийг “SOLAR POWER INTERNATIONAL” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр  хэлж байсан. Энэ бүх арга хэмжээний төгсгөлд бид Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзлаа. Хаа сайгүй санаа зовоож буй өвөлжилтийн талаар түүнээс тодруулсан юм. Тус аймгийн хувьд бусад аймгийн адил өвөлжилт хүнд байгаа ажээ. Нийт нутаг тэр дундаа Орхон аймгийн газар нутаг цагаан зудын байдалтай байна. Иймээс бид  аймгийн нөөцөнд байсан өвс тэжээлийг тарааж, мөн Улсын онцгой комиссоос тусламжаар өгсөн 40 тонн өвсийг холбогдох байршлуудад  хоёрдугаар сарын 10-ны дотор аваачиж өгөхөөр ажиллаж байна. Мөн хөдөөгийн малчдад өвс тэжээл гэхээс илүү эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхэд багачуудыг хяналтад авах, цаг агаарын мэдээллүүдийг малчдад мессэж сүлжээгээр хүргэх  зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Одоогоор мал  их хэмжээгээр хорогдоогүй ч цаашид хүндрэх янзтай байна.  Арванхоёрдугаар сарын 20-доос хойш нийт малын 70 орчим хувь нь бэлчээрт гараагүй. Тиймээс малчдад  өвс тэжээлийн нэмэгдлийг хүргэх ажлыг зохион байгуулж  байна гэлээ.

Дарханд 2017 оны нэгдүгээр сарын 27-нд ийм явдал болов. Тэр олон үйл явдлыг өдөржин сурвалжилсан сэтгүүлчид тэр шөнөдөө утаатай Улаанбаатараа зорьсон юм.

нэмэлт

1 Сэтгэгдэлтэй

Loren
2017 оны 2-р сарын 13

Wow. You must have cabin fever if you're coiindersng camping! Yikes! Love the blog, by the way. If you MUST go somewhere, take a trip to Detroit and come see me .

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *