Дарга нарын бичил уурхайчдын “дархан эрх”

11-р сарын 23, 2018 8:05 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 13
11-23-4
Дархан-Уул аймаг Шарийн гол сум “Буянтын хөндий” ТББ-ын бичил уурхайчид сайн дураараа нийгмийн даатгалаа төлж, орон нутгийн төсөвт хүн амын орлогын албан татвар, ашигт малмал ашигласны төлбөрөө төвлөрүүлдэг. 2018.11.16

Ц.МЯГМАРБАЯР

ЖДҮХС-ийг мөнгийг УИХ-ын гишүүд өөрийн эхнэр болон дүүгийн компанидаа хэдэн тэрбумаар нь авч өгсөн эрх мэдэлтнүүдийн жагсаалт хөвөрч байгаа энэ үед  бичил уурхайчдын нөхөн сэргээж ашиглах  газрыг дарга нарын бичил уурхайчид  техникийн давуу байдлаар булааж ашгийг нь хэдэн гэр бүлээрээ хуваан идэж байгаа дүр зураг алтны шороон болон үндсэн орд ихтэй Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт гарсан байна. Энэ нь бичил уурхайчдаар дамжуулан алтны олборлолтыг нэмэгдүүлж гадаад валютын нөөцөө тэтгэх гэсэн  Засгийн газрын 151 дүгээр журмын хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгааг гэрчилж буй. Тухайлбал, Баянхонгор аймагт гэхэд  Засгийн газрын 151 дүгээр журмаар бүртгэлтэй 46 нөхөрлөл байгуулагдсан байна. Энэ онд бичил уурхайн зориулалтаар ашиглах 21 газарт зөвшөөрөл олгож дүгнэлт гаргажээ. Гэвч жинхэнэ ажиллах ёстой бичил уурхайн нөхөрлөлөөс нэг ч байгууллага тухайн газарт орж ажиллаж чадаагүй.  Харин дарга нарын байгуулсан мөнгөтэй бичил уурхайчид ажиллажээ.  Жишээлбэл, тус аймгийн барилгын компанитай Э нь Баян-Овоо суманд  өгсөн 10 газарт АМГТГ-аар дүгнэлт гаргуулж том техникээр ашиглалт явуулж олборлолт хийсэн  гэж эх сурвалж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, журмаар халхавчилсан тонуул энд болжээ гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмаар бичил уурхайчид зөвхөн 3500 см3 хүчин чадалтай дотоод шаталтын хөдөлгүүртэй  бага оврын жижиг техник буюу “унагалдай”-г  ашиглаж гар аргаар ол­бор­лохыг тусгасан. Гэтэл ямар ч бүртгэлгүй эсвэл нөхөр­лөл байгуулсан нэрээр ашиглалт болон хайгуулын ли­цензгүй иргэд 151 дүгээр журмыг ашиглаж заасан техникийн хүчин чадлаас илүү техник болон  мөнгөөр бичил уурхайчдын нөхөн сэргээх газарт хүчээр дайран орж үйл ажиллагаа явуулсан нь ЖДҮХС-гийн мөнгийг дарга нар хуйвалдан авсантай ижил зүйл болоод байгааг бичил уурхай эрхлэгчдийн нөхөр­лөлийн гишүүд ярьж байв. Тэд “Манай нөхөрлөлийн гишүүд 10 жил бичил уурхай эрхэлж байна. 151 дүгээр журам бол биднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, гар аргаар олон жил шороо ухаж ирсэн байдлыг харгалзан  бага хүчин чадалтай техник ашиглаж бичил уурхай эрхлэх боломж олгосон сайн журам. Гэтэл  мөнгөтэй хүмүүс энэ журмыг ашиглаж газар болон техникийн дүгнэлтийг аймаг, сум, холбогдох яам, агентлагийн газрын дарга  нартаа ашгаа хуваах байдлаар үгсэн хуйвалдаж бидний газрыг булааж авч үйл ажиллагаа явуулсан. Зарим бичил уурхайчид дүгнэлт гаргасан газартаа ажиллахын тулд 30 сая төгрөгийн зээлээр “унагалдай” авсан ч биднийг тухайн “техникжсэн нинжа” бүхий компаниуд оруулаагүй. Эдгээр компанийн гишүүд нь  дарга нарын ах дүү, хамаатан садангаас бүрддэг. Тэдний ашиг өөрсдийнх нь болон дарга нарын халаасанд ордог” хэмээн ярьсан юм. Бусад алтны ордтой бүх аймагт ийм зүйл болсон талаар эх сурвалжууд өгүүлж байна.Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Шижир хишиг” нөхөрлөлийн ахлагч Д.Туяа “Манай аймагт зохион байгуулалтад орсон 500 гаруй бичил уурхайчинтай. Бүртгэлтэй нөхөрлөл, хоршоонууд  Мандал, Баянгол, Ерөө, Орхонтуул суманд байгуулагдсан. Эдгээр сумын 20 гаруй шороон ордыг бичил уурхайчид ашиглах дүгнэлт гарсан. Гэтэл Ерөө суманд эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн бичил уурхай нэртэй том техниктэй  компани үйл ажиллагаа явуулсан. Жирийн бичил уурхайчдыг оруулахгүй зөрчилдөөн үүссэн. Үүнээс болж жирийн бичил уурхайчид техникжсэн нинжа хэлбэрээр ажиллаж байна гэсэн мэдээлллийг нийгэмд түгээсэнд харамсаж байна” гэж байлаа. Түүнчлэн Говь-Алтай аймгийн төвөөс гурван км зайтай “Шаврын гол” хэмээх газарт нөхөрлөл нэртэй техникжсэн том компани энэ оны дөрөвдүгээр сараас есөн сар хүртэл нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлосон. Тус газар нь голын эх ундаргатай.  Сумын иргэд болоод  бичил уурхайчид аймаг, сумын удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч  тэд нэг ч удаа авч хэлэлцээгүй. Үйл ажиллагааг нь зогсоогоогүй. Алтыг нь аваад дууссаны хойно буюу дөрвөн сарын дараа зогсоосон  нэртэй бичиг үйлдэж хууль бус үйлдлээ хаа­цайл­сан” хэмээн ир­гэн М.Алтангэрэл мэ­дээл­сэн. Ууланд зөвшөө­рөл­гүйгээр нэг мод огт­ло­ход  тухайн этгээд, аж ахуйн нэгжийг ойн хуулиар торгож техникийг хураан авч улсын орлого болгодог. Тэгвэл журамд заасан үзүүлэлтээс давсан техникээр алт олборлосон хувь хүн, нөхөрлөл, хоршоог яагаад торгож болохгүй гэж. Техникийг нь хураан авч улсын орлого болгох журмын хэрэгжилтийг хангаагүй дарга нарт хариуцлага тооцдог заалтыг 151 дүгээр журамд орхигдуулсан. Тиймээс журамд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж  байгаатай холбогдуулан  дээрх  саналыг боловс­руулж ажлын хэсэгт хүр­гүүл­сэн талаар Монголын бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбооны  гүйцэтгэх захирал Д.Баярмаа ярьж байв. Одоо­гийн байдлаар журмын дагуу 15 аймгийн 45 суманд 6300 нөхөрлөлийг зохион байгуулалтад оруулаад байна. Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хэрэгжилт, хяналт ихэнх аймагт сул байгаагийн сацуу тус журмыг хэрэгжүүлж хяналт тавих, гэрээ байгуулдаг орон нутгийн удирдлагууд ч өөрсдөө хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаа нь дээрх баримтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, дарга нар өөрсдийн байгуулсан бичил уурхайчиддаа дархан эрхтэй байхыг хангасан гэж болно. Гэхдээ журмын дагуу бичил уурхайчдаа дэмждэг, хариуцлага, хяналтаа тавьдаг аймгийн удирдлагууд байгааг үгүйсгэхгүй.

ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙ, ЭКО АЛТЫГ БИЧИЛ УУРХАЙЧИД ОЛБОРЛОДОГ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Буянтын хөндий” ТББ-ын бичил уурхайчид 100 метрийн гүнээс олбор­лосон алттай шороогоо уурхайгаасаа холгүй газар байгуулсан тусгай угаах цэгт угааж улмаар  Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст байгуулсан алтны сорьц тогтоох лабораторид шинжлүүлсэн юм. Алтыг 1200 хэмийн халуунд хайлуулж  хэвэнд цутган сорьцын код тавьсан. Манай сурвалжлах баг  газар дээр нь ажиллаж энэ үйл явцыг сурвалжилсан. Уг алтны жин 200 грамм болов. Бичил уурхайчид маань аймгийн Монголбанкны салбарт тушаасан. Түүнээс хэдэн төгрөг болсон тухай асуухад 20 орчим сая төгрөг болсон гэж байлаа. Дархан-Уул аймаг дахь Стандарт хэмжилзүйн хэлтэс өнгөрсөн сард гурван аж ахуйн нэгж,12 иргэний 14 ширхэг гулдмай  хайлуулж, сорьц­луулсан. Энэ нь сорьц­ныхоо жингээр 95.8 кг болжээ. Ийнхүү  Шарын гол сумын иргэд бичил уурхай эрхэлснээр өнгөрсөн оны мөн үеийг энэ онтой харьцуулахад тус  суманд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоолны газар болон шатахуун түгээх газрын орлого, банкны хадгаламж, сумын татвар болон нийгмийн даатгалын орлого 25-70 хувиар өссөн гэж Тамгын газрын дарга нь бидэнд ярьсан юм. Түүнээс нийтийн хоолны орлого нь хоёр дахин өссөн гэж онцолж байв. Энэ онд бичил уурхайчид аймгийнхаа  банкуудад нийт  100 орчим  кг  алт тушаасан тухай Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтсийн захирал Б.Жавхлан мэдээлсэн. Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй. Ингэснээр манай улсын гадаад валютын нөөц 750 орчим сая ам.доллараар нэмэгдэх юм. Өнгөрсөн онд тушаасан нийт алтны 50 гаруй хувь нь бичил уурхайгаар алт олборлосон иргэд багтаж байна. Байгальд ээлтэй, хүний эрхийг дээдэлж олборлосон гарал үүсэл нь тодорхой алт дэлхийн зах зээлд үнэ хүрч  олон улсын стандарт шаардлагыг хангадаг ажээ. Тиймээс энэ цаг үед бичил уурхайчдын олборлосон алт хамгийн эко байх  магадлалтайг олон улсын байгууллагууд ч нотолдог. Төвбанк ч алтны гарал үүслийг тодорхой болгох талаар ажиллаж байна. Мөн ирэх онд дахин хоёр аймагт  сорьцын лаборатори байгуулах юм байна.

ЖУРМЫН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ  ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДААС ШАЛТГААЛДАГ

Дархан-Уул аймаг энэ жил өмнө ашиглаад нөхөн сэргээлт хийлгүй эзэнгүй хаягдсан  500 га орчим газрыг бичил уурхайчдад нөхөн сэргээх, ашиглах зориулалтаар олгохоор шийдвэрлэжээ. Одоогоор тус аймагт Шарын гол, Хонгор суманд таван нөхөрлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Шарын гол суманд 5000 га талбай бүхий шороон ордод “Буянтын хөндий” ТББ 1100 орчим бичил уурхайчдыг ажлын байраар хангасан. Үүний 60 гаруй хувь нь Шарын  гол сумын иргэд ажээ. Тус төрийн бус байгууллага арав орчим кг алтыг орон ну­тагт байгуулагдсан алтны сорьцын лаборато­рид шинжлүүлж Монгол­банкинд тушаажээ. Эдгээр бичил уурхайн зарим нө­хөр­лөл бүртгэлгүй байсан. Гэхдээ тус ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа “Олон жил бичил уур­хай эрхэлсэн иргэд бүрт­гэлгүй ч гэсэн тэднийг зохион байгуулалтад оруулж хариуцлагатай бол­го­х­од хялбар. Харин бүрт­гэлтэй гэсэн нэрээр хариуцлагагүй, зөвхөн алтыг нь техникийн хүчээр аваад ашгаа хуваадаг нө­хөр­лөл байсан. Гэвч сумын удирдлага, хяналт шалгалтын байгууллагууд  151 дүгээр журмын хэрэг­жилтийг хангаж ажилласан. Жур­мын хэрэгжилтэд шуд­рагаар хяналт тавьж бичил уурхайчдаа дэмжих үү эсвэл ашиг сонирхолдоо хөтлөгдөн дарга нарын байгуулсан мөнгөтэй нөхөрлөлийг дэмжих үү гэдэг тухайн орон нутгийн удирдлагаас шалтгаална”  гэж онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *