Дарга нь “завгүй”, эмнэлэг нь замбараагүй

8-р сарын 5, 2014 8:08 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 1028
Нийслэлийн гудамж талбай ойрын өдрүүдэд эль хуль байна.

Э.СҮРЭН, Б.ТУУЛ    

Нийслэлийн гудамж талбай ойрын өдрүүдэд эль хуль байна. Арга ч үгүй биз. Энэ жил дөрвөн бүсийн даншиг наадам, 110 гаруй сумын тэгш ой тохиож байгаа. Тиймээс нийслэлээс хөдөө орон нутгийг зорих урсгал идэвхжиж,  хотын хөдөлгөөн татрах нь гарцаагүй. Гэтэл баяр наадам жигдэрсэн, энэ өдрүүдэд орон нутгийн замд гарах аваар, ослын тоо нэмэгдлээ гэсэн таагүй мэдээлэл чих дэлсэв. Тиймээс  Гэмтлийн эмнэлгийн ачаалал, хоёр жил шахам удирдлагагүй байсан тус эмнэлгийн үйл ажиллагааг сурвалжилсан юм.

Өдрийн 15:30 цаг: Өнгөрсөн пүрэв гаригт Гэмтэл согог судлалын үндэсний төвд биднийг очиход тус эмнэлгийн зогсоол машинаар дүүрч, олон хүн бөөгнөрсөн, хөл хөдөлгөөн ихтэй угтав. Эмнэлгийн үүдээр орвол, Хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэгт хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд, хөл гараа гэмтээсэн, толгой тархи, нүүрэндээ гэмтэл авсан 20-30 хүн зогсож байв. Өвчиндөө  шаналсан хүүхдүүд үе үе уйлагнах нь эцэг эхчүүдийг багагүй сандаргах аж. Тус эмнэлэг улсын хэмжээнд бэртэж гэмтсэн иргэдийг хүлээн авдаг ганц төв нь. Эмчид үзүүлэх гэсэн хүмүүс дугаараа алдахгүйн тулд ар араасаа эгнэчихсэн, зарим нь сандал дээр шахцалдан суух нь жижүүр эмч нарыг завгүй байгааг илтгэх аж.

“12 ЦАГ ЯВЖ БАЙГАА Ч ХАРИУГАА СОНСЧ ЧАДААГҮЙ” ГЭВ

Өдрийн 16:20 цаг: Олны дунд дугаараа булаацалдах, бухимдаж уурлах хүн цөөнгүй. Тэдний дундаас СХД-ийн иргэн Д.Батсуурь хэмээн өөрийгөө танилцуулсан эрхэм бухимдангуй сууна. Тэрээр  өглөө үүрээр энэ эмнэлэгт ханджээ.  Охиных нь толгой хүчтэй өвдөж, таталт өгснөөр үүрийн 05.00 цагт түргэний машинаар ирсэн байна. Тэднийг ирэхэд хүлээн авах тасаг мөн л дараалал ихтэй байсан гэнэ. Цаг гаруй хүлээсний эцэст эмчдээ үзүүлтэл, яаралтай зураг авах шаардлагатай гэсэн бичиг хийж өгчээ. “Өглөө 08.00 цагт зураг авахуулсан хариугаа 15.00 цагаас аваарай гэсэн. Гэтэл хариу нь цагтаа гараагүй. Хоёр цаг хүлээж байж авлаа. Одоо эмчдээ үзүүлэх гээд хүлээж байна. Бүтэн 12 цаг явж байгаа ч оношоо тодруулж чадсангүй” гэв. Хүлээн авахын өрөөнд хоёрхон эмч үйлчилж байгаа нь өвчиндөө шаналсан хүмүүст хэтэрхий их тэсвэр тэвчээр шаардсан ажил болж байгаа бололтой.

 

АЧААЛАЛ ШӨНӨ ЭРС НЭМЭГДДЭГ

Үдийн 17:00 цаг: Эмчийн ачаалал буурахыг хүлээн нэлээд зогссоны эцэст  Яс, үений гэмтлийг эмчлэх гуравдугаар тасгийн их эмч Р.Баярсайханаас зарим зүйлийг тодруулав. Тэрээр “Манай эмнэлэгт өдөрт дунджаар 250 орчим хүн хүлээн авахаар үзүүлдэг. Баяр наадам, тэмдэглэлт ойн баярын дараа энэ тоо 350 орчим болж нэмэгддэг. Ихэвчлэн ясны хугарал, машинд мөргүүлж, өндрөөс унаж ирэх нь элбэг. Сүүлийн үед могойд хатгуулж ирэх хүүхдийн тоо нэмэгдэж байна. Хүлээн авахад нэг ээлжиндээ дөрвөн эмч үзлэг хийдэг. Одоогоор зарим эмч амарчихсан учраас 2-3 эмч үзэж байна. Ачаалал их байна. Ялангуяа оройн 21.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл ачаалал нэмэгддэг.” гэсэн юм.  Тус эмнэлэгт шөнө ирж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь  архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтсэн, бэртсэн, автомашины осолд орсон тохиолдол давамгайлдаг. Нэг эмч өдөрт 20-30 өвчтөн үзэх нормтой гэж байгаа ч өнөөдөр нэг эмчид 70-80 өвчтөн ногддог аж.

 

“ДАРГА ХЭВЛЭЛИЙНХЭНД ЯРИА ӨГӨХГҮЙ” ГЭВ

Үдийн 17:20 цаг. Гэмтлийн эмнэлэг сүүлийн үед сонин хэвлэлээр нэлээд баалуулсан. Дарга цэрэг нь бие биеэ голж, шилж, сольж явсаар сүүлдээ бүр үзүүлэх, хагалгаа хийлгэх эмчгүй болох нь гээд иргэд хэсэг бухимдсан. Тиймээс саяхан даргын суудалд тухалсан З.Мэндсайхан дарга салбарынхаа ажлыг өөд нь татах ямар ажлыг санаачлан хийж хэрэгжүүлээд байгааг асуухаар эмнэлгийн захиргаа руу оров. Гэтэл “Дарга завгүй” гээд туслах нь халгаасангүй. Учир явдлаа хэлвэл даргадаа орж уламжиллаа. Гэтэл “Дарга саяхан хэвлэлийнхэнд яриа өгсөн одоо өгөхгүй” гэж байна гэв. Шинэхэн даргын байр суурийг харахад бас л “амбийцлаад” эхэлжээ. “Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь амралтаа аваад явчихсан учраас өөр яриа өгөх хүн байхгүй” гэсээр захирлын туслах нь өрөөнөөсөө бараг л хөөх шахам гаргав. Ингээд бидний шинийг сонсох гэсэн хүсэлт талаар болов. Өнгөрсөн тавдугаар сард тус эмнэлгийн даргаар сонгогдсон З.Мэндсайхан өмнө нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон “Монг-Эм” эмнэлгийн захирлаар ажиллаж байсан гавъяат эмч гэсэн цол гуншинтай. Гэтэл хүний эрүүл мэндийг аврахын төлөө тангараг өргөсөн эмч хүн дарга болохоороо хүний нүүр харж, уулзахаа больчихдог бололтой.

 

 

1 Сэтгэгдэлтэй

Mahalia
2016 оны 12-р сарын 1

Begun, the great internet edaiotcun has.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *