Дарагдсан төслүүдийг ил болгох уу?

2-р сарын 4, 2014 10:08 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 1959
Намрын чуулган битүүний өдөр хаав. Ээлжит чуулганы төгсгөлд дараагийн  чуулганаар хэлэлцэх асуудлуудыг товлон баталдаг.

М.ЦЭЦЭГ

Намрын чуулган битүүний өдөр хаав. Ээлжит чуулганы төгсгөлд дараагийн  чуулганаар хэлэлцэх асуудлуудыг товлон баталдаг. Гэвч энэ удаад асуудлаа баталж чадсангүй завсарлалаа. Учир нь УИХ дахь МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс санал болгосон хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүй хэн нэгэн дарчихсан нь асуудал боллоо.

 Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч тогтоолын төсөл боловсруулсан байв. Тогтоолын төсөлд тусгуулахаар хууль санаачлагчдаас нийт 279 санал ирүүлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч  тав, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо зургаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дөрөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11, Төрийн байгуулалтын байнгын хороо гурав, Төсвийн байнгын хороо дөрөв, Эдийн засгийн байнгын хороо зургаа, Хууль зүйн байнгын хороо долоо, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 47, МАН-ын бүлэг 46, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 35, Засгийн газар 95 төсөл, мөн гишүүн С.Ганбаатар 10 санал өгсөн байна.

 Эдгээрээс зөвхөн 18-ыг нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар болжээ. Гэтэл МАН-ын бүлгээс 46 хууль өргөн барьснаас Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах, Малын индексжүүлсэн даатгалын төсөл, Төрийн албан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн гурван төслийг л оруулжээ. Мөн “Шударга ёс” эвслийнхэн ч өөрсдийн санал болгосон төслүүдээ эрж хайцгаав. Тэд Өршөөлийн тухай хуулийг хэлэлцүүлэхийг илүү шаардаж байлаа. Мөн бүлгүүдийн санал болгосон хуулийн төслүүдийг УИХ-ын дарга эсвэл Тамгын газар дарсан гэж зарим гишүүн хардаж байв. Дээрх тооноос авч үзвэл 260 орчим төсөл дарагдсан бололтой. Гэхдээ заримыг нь бусад асуудлын хүрээнд хэлэлцэх боломжтой гэж үлдээсэн байх. Заримыг нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн, ихэнх нь өргөн баригдаагүй төсөл учир дараалалд оруулаагүй ч байж магадгүй. Угаас ээлжит чуулган бүрээр 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөдөг юм.

Ямар боловч хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд олон гишүүн шүүмжлэлтэй хандсан учир дэмжлэг авсангүй уналаа. Иймд хэлэлцэх асуудлуудыг дахин нягталж ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр боллоо.

 

“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН АСУУДЛЫГ ЭЭЛЖИТ БУСААР ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сард зарлан хуралдуулах ёстой. Учир нь энэ чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Тодотголыг гуравдугаар сарын 1-ээс өмнө хэлэлцэх ёстой. Энэ онд төсөвт төлөвлөсөн зарим хөрөнгө оруулалтын асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагчдын хооронд шилжүүлэн тодотголыг хийх аж.

Мөн намрын чуулганы төгсгөлд АН-ын бүлгийн завсарлага авсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Улс төрийн намууд болоод эрх баригч хүчин, Төрийн тэргүүний дунд ихээхэн маргаан дагуулаад буй энэ төслийг парламент удаан хэлэлцэж буй ч эцэслээгүй байна.  АН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа намрын чуулганы хугацаанд дуусаагүй учир ээлжит бус чуулган руу шилжүүлжээ. Сайд, гишүүдийн албан тушаалыг салгаж, “давхар дээл”-ийг нь тайлах зорилготой энэ хуулийн төсөлд эрх баригч нам эвслүүд ихээхэн хойрго хандсаар байна. 

Мөн УИХ-ын тухай хуулийн өөрчлөлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй нь. Энэ төсөлд гишүүд хурууны хээгээр ирцэд бүртгүүлдэг, санал өгдөг болохоор тусгасан юм. Гэвч энэ хуулийн төслийг хэлэлцэхийг ч гишүүд хойшлуулсаар байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *