“Дадал сумын жишгээр хадлангаа бэлтгэх хэрэгтэй”

9-р сарын 28, 2015 10:16 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 84
9-28-3х

Ч.ЗОТОЛ

УИХын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар ажил хүлээж аваад хийсэн анхны томилолтоо Их эзэн Чингис хааны нутгаас эхлүүлжХэнтий аймгийн  өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан юм. Тус аймагт ажиллах үеэрээ тэрээр  “Дадал сумын жишгээр хадлан тэжээлээ бэлтгэх хэрэгтэй”-г  онцловЭнэ нутагт газрын гарц оройтсон ч Дадал сумын ажилсаг зон олон наймдугаар сарын сүүлчээс, есдүгээр сарын 20-д хүртэлх богинохон хугацаанд  хадлан тэжээлээ бэлтгэж амжсаныг тэрээр сайн жишээ гэв.

Хэнтий аймагт энэ жил хаврын хуурайшилтыг залгуулаад гандуу зун  болж нийт нутгийн 94 хувь нь гантай оржээ. Зуншлага оройтсоноос өвөл цаг хүндэрч болзошгүйг иргэд хэлж байна. Дээр нь мичин жилийн зуд нүүрлэх вий гэсэн болгоомжлол үүсч, өвөлжилтийн бэлтгэлд шат шатандаа анхаарч байгаа ажээ. Тухайлбал аймгийн хэмжээнд 130 мянган тонн байгалийн хадлан, хүчит  тэжээл 560 тонныг бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Есдүгээр сарын 20-ны байдлаар 110 тонн байгалийн хадлан, 292.5 тонн ногоон тэжээл, 28.8 тонн хүчит тэжээл бэлтгээд байгааг тус аймгийн Засаг дарга  Ж.Оюунбаатар ярилаа.

 Улсын онцгой комиссын хурлаар Хэнтий аймгийн Засаг даргын илтгэлийг сонссон бол түүний мөрөөр ямар ажлууд хийж байгаа талаар энэ үеэр тодруулахад  “Засгийн газрын 292 дугаар тогтоол, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар орон нутагт хийх ажлын төлөвлөгөө гаргаж, бүх сумдад аюулгүйн фонд бэлтгэх, Засаг даргын аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан. Үүний дүнд 450 тонн өвс бэлтгэж, аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлын хэрэгжилт сайн байгаа гэв.

Шадар сайд Ц.Оюунбаатар ажил хүлээж аваад хэлсэн  анхны үгээрээ Мон­голын нийгэмд сахилга, хариуц­лага ус агаар шиг хэрэгтэй байна гэдгийг онцолсон. Тэрээр Хэнтий аймагт ажиллах үеэрээ  энэ үгээ онцлоод “…Улс орны хэмжээнд байдал хүнд, улс төрийн нөхцөл байдал халуун, тэр нь дотоод, гадаад шалтгаантай байгаа ч өөрсдөө боломжоо ашиглан дор бүрдээ хичээж ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин