Д.Зүмбэрэллхам: Чехтэй хамтын ажиллагааны хүрээ мэдэгдэхүйц өргөжиж байна

10-р сарын 22, 2015 10:16 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 291
10-22-2

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхамтай ярилцлаа.

-Манай улсын хөгжилд Чехийн оруулсан хувь нэмрийг одоо хэр нь монголчууд мартахгүй ярьдаг. Тэрдундаа чехүүд уул уурхайн салбарт идэвхтэй ажиллаж, Эрдэнэтийн овоог нээхэд гол үүрэгтэй оролцсонгэдэг юм билээ. Энэ тухай түүхийг эргэн сөхвөл?

-Манай улс БНЧУ-тай 1993 онд дипломат харилцаа тогтоосон. Гэвч анх 1950 онд Чехословак улстай дипломат харилцаа тогтоосноос эхэлж тоолох нь зүй ёсны хэрэг юм. Энэ жил дипломат харилцаатай болсны 65 жилийн түүхэн ой тохиож байгаа. Энэ он жилүүдэд Чехословак улс, түүний үе залгамжлагч Чех улс  манай улстай ойр дотно харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсэн. Манайд үзүүлдэг зээл тусламж, харилцаа, хамтын ажиллагааны цар хэмжээгээр 1990-ээд он хүртэл социалист системийн орнуудын дотор Чехословак ЗХУ-ын дараа орохуйцаар өргөн далайцтай, үр өгөөжтэй байсныг тэмдэглэх ёстой. Энэ хэрээр Чех улс нь манай улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан. Мөн Эрдэнэтийн овооны ордыг нээж, нөөцийг анхлан тогтоох Монгол-Чехийн геологи хайгуулын багийг ахалж байсан чех мэргэжилтэн одоо 90 дөхсөн настан энх тунх байна. Зөвхөн энэ биш манай улсын ашигт малтмалын нөөцийг хайж, тогтоох үйл хэрэгт Чех улсын оролцоо их байсан. Мөн улс орны хэмжээнд малыг халдварт өвчнөөс эрүүлжүүлэх том төслийг Чехословакийн мал эмнэлгийн мэргэжилтнүүд хэрэгжүүлсэн байдаг. Арьс шир боловсруулах, цемент шохой, гурилын үйлдвэр зэргээр энэ улсын оролцоотой болгоныг тоочиход урт түүх болно. Наад зах нь манайхны сайн мэддэг эртний танил унаа “Ява” мотоцикл, “Шкода” машин зэрэг нь Чехийнх гээд нэрлэхэд л бидний худалдаа харилцааны уламжлалыг хол хайхааргүй юм. Эдийн засгийн шилжилтийн хүнд он жилүүдэд ч Чех манайхаас хамгийн олон ажилчин хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулж байсан. 2000 оны эхээр манай ажилчдын тоо 15 мянгад хүрсэн удаатай. Одоо ч энэ харилцан ашигтай хамтын ажиллагаа үргэлжилж, манай 6000 орчим иргэн Чехэд ажиллаж, амьдарч байна. Товчхондоо Монгол Улсаас Чех улстай харилцах харилцааны онцлог нь он удаан жилийн зузаан уламжлалд тулгуурласан найрсаг дотно байдлаар тодорхойлогдоно гэж хэлэх байна.

-Чех улсад хүнд, хөнгөн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Тэнд амьдарч байгаа монголчуудын ихэнх нь таныхэлдгээр үйлдвэрүүдэд ажилладаг. Тэд олж авсан мэдлэг туршлагаа эргээд Монголдоо нутагшуулахболомж хэр байдаг бол?

-Чех бол Европын аж үйлдвэржсэнд тооцогддог цөөн орны нэг. Тэр дундаа метал боловсруулах болон машины хүнд үйлдвэрлэл ихээхэн жин дардаг. Сүүлийн жилүүдэд Европт нүүрлэсэн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл БНЧУ-ыг тойроогүй ч үүнийг даван туулах өөрийн гэсэн бодлого явуулсны дүнд 2014 онд эдийн засгийнх нь гол үзүүлэлтүүд нааштай гарсан. Энэ жил эдийн засгийн өсөлт нь 4.4 хувь болж өсч, нэг хүнд ногдох ДНБ 2700 гаруй ам.долларт хүрсэн. Энд хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын ихэнх нь том үйлдвэрүүдийн дамжлага дээр ажилладаг. Мэдээж сурсан мэдсэн зүйлээ эх орондоо очиж нэвтрүүлэх хүсэлтэй хүмүүс их бий. Үүнд төрийн тусгайлсан бодлого хэрэгтэй нь тод мэдрэгддэг. Юуны өмнө ийм хүмүүсийн хүүхдүүдийг ижил зэрэглэл, чиглэлийн сур­гуулиудад үргэлжлүүлэн суралцуулах тогтолцоо хэрэгтэй. Хүүхдүүддээ уягдаад буцаж чадахгүй байгаа хүмүүс олон байдаг. Мөн олж авсан мэдлэгийг нь ямар салбарт хэрхэн ашиглах талаар бүртгэл судалгааны болон урамшуулал дэмжлэгийн бүтэц, зохион байгуулалт байж гэмээ нь энэ ажил хэрэгжих боломжтой. Түүнээс Монголдоо хүрээд ир, ирээд сурснаа нэвтрүүлээд бай гэж хоосон уриалснаар болохгүй. Уг нь эх орны маань хөгжлийн нэг чухал нөөц боломж энэ хэсэгт хуримтлагдаж байгаа юм. Сүрхий хурдан хөгжсөн улсууд энэ нөөцөө л нарийн бодлогоор сайн ашигласан байдаг. Би үүнд гадаадад ажиллаж, амьдарч буй маш хэрэгтэй мэдлэг, дадлагыг бал мэт хуримтлуулж байгаа бүх иргэнийнхээ тухай ярьж байгаа юм шүү.

-Чех манай ямар салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг юм бол. Танай ЭСЯ энэ тал дээр хэрхэнанхаарч ажиллаж байна?

-Чехийн талаас манай улсын уул уурхай, ашигт малтмалын хайгуул, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гээд боломжтой бүх салбарт харилцан ашигтай бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлж, хэрэгжүүлэх бодит боломжийн талаар ажиллаж ирсэн. БНЧУ 1996 оноос эхлэн Монгол Улсад хөгжлийн тусламж үзүүлж байгаа. 1996-2014 онд нийт 673 сая чех крон буюу 33.81 сая ам.долларын 40 гаруй төсөл хэрэгжүүлсний зарим нь одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, “Клиникийн I эмнэлгийн шинэчлэл”, “Мандалговь хотын орчмын усан хангамжийг шийдвэрлэх”, “Харгиа НӨҮГ урьдчилан цэвэрлэх байгууламжийн химийн хорт лагийг зөөвөрлөж булшлах” зэрэг амжилттай хэрэгжсэн төслүүдийн заримаас дурдаж болно. Мөн хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос “Монголд тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг хэрэгжүүлж, нийтдээ чех угшилтай 10 гаруй тахь уугуул нутгийнхаа онгон байгальд идээшин үржиж байгаа. Чехийн талаас хөрөнгө оруулалт татах, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар бид мэдээлэл сурталчилгааны шинжтэй цуврал уулзалт, арга хэмжээ зохион байгуулсан нь үр дүнгээ өгч сүүлийн үед хоёр орны банк санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны сонирхол, хүрээ мэдэгдэхүйц өргөжиж байна.  Үр дүн нь ойрын жилүүдэд гарна гэж найдаж байгаа.

-Хоёр улсын худалдаа хамтын ажиллагаа ямар төвшинд яваа бол. Гол нэрийн бараа бүтээгдэхүүнд юу, юуордог вэ?

-Өнгөрсөн жилийн байдлаар хоёр улсын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 10 гаруй сая ам.доллар байна. Чехээс авч буй бараанд сантехник, цахилгаан, халаалтын төхөөрөмжүүд, хүнд даацын тэрэг, вакум цонх, хаалга зэрэг барилгын материал голлох болсон. Мөн тусламжийн төслүүдийн хүрээнд авч буй эмнэлэг, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж импортын үзүүлэлтэд хамрагдаж байна. Монголоос хагас үнэт чулуу /анар/, сүлжмэл /ноолуур/ эдлэл бага хэмжээгээр нийлүүлдэг. Худалдааны эргэлтийг сайжруулах, Монголын экспортыг нэмэгдүүлэхээр хоёр талын болон Европын Холбооны хүрээнд хамтран ажиллах манай талын эрмэлзлэлийг БНЧУ дэмжиж ирсэн. Гэвч Монгол Европын Холбооны GSP+ хөнгөлөлтийн нөхцлийг Чехтэй хийж буй худалдаандаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Энэ нь манай экспортод гаргах бараа бүтээгдэхүүний чанар, стандартыг хангахтай холбоотой юм. Чехийн компаниудыг Монголд хөрөнгө оруулалт хийх, Монголын компаниудыг эдгээр орнуудаар дамжин Европын зах зээлд гарах нөхцлийг бүрдүүлж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар манай талын санаачилга идэвхийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Элчин сайдын хувьд энэ тал дээр боломжтой бүхий л арга хэмжээг авч, Чехийн талтай харилцан ойлголцлын уур амьсгалд ажиллаж байна.

-Монгол, Чехтэй соёл, боловсролын салбарт хамгийн идэвхтэй ажилладаг. Ер нь Карлын их сургууль болонбусад сургуульд монгол оюутнууд ямар чиглэлээр боловсрол эзэмшиж байна вэ?

– Чехословакийн их, дээд сургуулиудад 1955 оноос Монгол оюутан сурч эхэлснээс хойш 400 орчим хүн дээд боловсрол эзэмшиж, 30 орчим нь эрдмийн зэрэг хамгаалсан гэх албан бус мэдээ бий. 1989 оныг хүртэл жил бүр 40 гаруй оюутан Чех улсад суралцаж байсан бол одоо Чехийн Засгийн газрын тэтгэлгээр манай 4-7 оюутан жил бүр бакалавр, магистрын сургалтад хамрагдаж байна. 2014 оны байдлаар Чехийн их, дээд сургуулиудад 100 гаруй монгол оюутан хувийн зардлаар суралцаж байна. Манай оюутнууд Чехийн 17 их сургуульд сурч байгаагаас хамгийн олон буюу 28 нь ХААИС-д сурч байна. Манайхан техник-технологи, эдийн засгийн чиглэлээр түлхүү суралцдаг. Харамсалтай нь мал эмнэлэг, хөдөө аж ахуйн бусад салбарт нэн хэрэгтэй нарийн мэргэжлээр суралцаж байгаа оюутны тоо чамлалттай байгаа. Европын ууган их сургуулиудын нэг Карлын их сургуульд 1977 онд Монгол судлал, Монгол хэлний анги нээгдэж, одоо хэр нь тогвортой ажиллаж байна. Энэ тэнхимд 30 гаруй багш, судлаач, оюутан монгол судлалаар дагнан ажилладаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Карлын их сургуульд зочилж, төрийнхөө бодлого, чиглэлийг танилцуулж, ярилцсан нь тэдэнд урам нэмсэн. Ер нь энд монгол судлалын томоохон хүч нөөц байгаа гэж болно. 1348 онд байгуулагдсан Карлын их сургууль болон МУИС-ийн хооронд албан ёсны харилцаа тогтоох талаар манай ЭСЯ-наас санал дэвшүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн жил хоёр улсын хооронд Боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг үргэлжлүүлэн сунгаж, соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан.

-Ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна вэ?

-Улс төрийн хүрээнд хоёр улсын хооронд нэлээд хугацаанд завсарласан өндөр дээд хэмжээний айлчлалууд хийгдэж цаашид тогтмолжих нөхцөл бүрдлээ. Энэ оны эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-д айлчилсан нь 2006 онд БНЧУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал байв. Мөн УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Чехийн Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачекий долдугаар сард манай улсад айлчилсан нь хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр орууллаа.  Өнгөрсөн сард Улаанбаатар хотод болсон хоёр орны Засгийн газар хоорондын ээлжит зургадугаар хуралдаанд Чехийн талаас 30 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл ирж, ажил хэргийн уулзалт зохион байгуулсан. Энэ бол айлын талаас манайхтай хамтарч ажиллах сонирхол чамгүй өндөр байгааг харуулж байгаа хэрэг. Тэр дунд банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл цаашдын хөрөнгө оруулалт, зээл санхүүжилтийн боломжийн талаар ярилцаж зарим нааштай алхам хийсэн. Мөн ойд зориулсан албан ёсны арга хэмжээнүүд төлөвлөгөөний дагуу үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

-Элчин сайд та Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйн төлөв хандлагын тухайд ямарбодолтой байна вэ?

-Цаашдын боломж, нөхцлийн хамгийн чухал нь сайн харилцааны уламжлал, хүмүүс хоорондын ойлголцол гэж бодож байна. Бидэнд маш их боломж бий гэж хэлж болно. Харин үүнийг хэрхэн цаг алдалгүй, үр ашигтай ашиглаж, ажил хэрэг болгох тухай л асуудал байна. Монгол Улс Чехтэй Европын орнуудад бараа бүтээгдэхүүнээ гаргах, Чех улс манай улстай Азийн орнууд руу бараа бүтээгдэхүүнээ гаргах талаар эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааныхаа хэтийн чиглэлийг барьж, идэвхтэй ажилласан тохиолдолд хэн хэндээ өгөөжөө өгнө. Тухайлбал, Европын стандартыг манай улсад нэвтрүүлэх төслийн загвар орон нь Чех. Мөн энэ улсын аялал жуулчлалын салбараас туршлага судалж хамтран ажиллах нөөц боломж бий. Хот байгуулалт, төлөвлөлт менежментийн хувьд Улаанбаатартай ойролцоо хүн амтай Прага хотоос суралцах зүйл байгаа. Эцэст нь хэлэхэд манай хоёр улсад улс төр, эдийн засаг, соёлын харилцаа боломжтой бүх чиглэлээр гүнзгийрэн хөгжих шавхагдашгүй их нөөц байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *