Д.Ууганбаатар: Бөх болоогүй ч бөхийг бие сэтгэлээрээ мэдэрдэг дээ

6-р сарын 27, 2017 9:28 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 5
_MG_9929

Т.БАТСАЙХАН

Үндэсний бөхийн аймгийн ахлах тайлбарлагч, залуу яруу найрагч Д.Ууганбаатартай уулзаж ярилцлаа. Тэрээр яруу найргийн “Морин дээрээ мөнхөрсөн Монгол бөх”, нийтлэл найрууллын “Бөхийн төлөө”, “Булган хангайн Бор харцага гэсэн гурван ном бичиж, орчуулгын 460 гаруй кинонд дуу оруулсан.  “Дархан мэх” тэргүүтэй 50 орчим нэвтрүүлэг хийж, Увс аймгийн Зүүнхангай сумын Үндэсний Бөхийн Холбоо болон тус холбооны хэвлэл “Зүүний магнай” хэмээх сонин үүсгэн байгуулсан уран бүтээлч билээ.

Сайн байна уу, сайхан зусч байна уу?

-Сайхан зусч байна аа. Та сайхан зусч байна уу.

Сайхан, сайхан.Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна даа?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Д.Цэвээнравдан, ая зохиогч, Соёлын тэргүүний ажилтан С.Баянмандах, Б.Сүхбаатар нартай хамтарч нутаг нутгийн бөхийн дуу хийж байна. Одоогийн байдлаар 14 дуу бэлэн болоод байна. Наадмын дараа зургаан дуу нэмж хийнэ. Тэгээд 16 дуунаас бүрдсэн “Хүчит бөхчүүдийн хийморьлог дуулал” гэсэн цомог гаргахаар ажиллаж байна.

Тодорхой бөхчүүдэд зориулсан уран бүтээл байдаг уу?

-Тийм ээ. 20 дууны долоо нь эзэнтэй буюу тодорхой нэгэн бөхөд зориулсан. Бусад 13 нь аймаг, сумаар нь ангилж хийсэн дуу байгаа. Залуу хүн зүгээр суугаад байх боломжгүй. Чадлынхаа хэрээр чармайна даа. 

Дуунуудаа хэнээр дуулуулсан бэ?

-Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Бүрдний бөхчүүд”, Хөвсгөл аймгийн Галт сумын“Галтын бөхчүүд”, Завханы голлосон “Богд Очирваань хайрханы хүчтэнүүд” дуунуудыг  СТА Борхүүгийн Батболд, “Онгон хайрханы хүчтэн”, “Ханхөхийн хүчтэнүүд”, “Ханхөхийн харилтгүй аат арслан” гэсэн гурван дууг Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын гоцлол дуучин Б.Батбаатар, “Сэцэн ханы аваргууд” дууг СУИС-ын багш, уртын дууч, бөх цоллогч Б.Батболд нар тус тус дуулаад байна. Мөн түүнчлэн “Ихэр бөхчүүдийн дуу”, “Үзэмчин нутгийн хийморь”, “Толиот бөх” гэх дуунуудыг Өвөрмонголын залуу дуучин Б.Одонбямба, Ө.Содцэцэн хоёр дуулсан. Бас “Булган хангайн Бор харцага” дууг Ж.Баатарсүрэн, “Дайчин вангийн бөхийн магнай”-г Булган аймгийн бөх тайлбарлагч Б.Амгаа, “Бөх тайлбарлагчийн дуу”-г Багануурын бөх тайлбарлагч Ш.Мөнхбаяр, “Даян Дээрхийн наадам”-ыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Соёлын төвын эрхлэгч Л.Алтанхуяг гэдэг залуу дууллаа. Дээр дурьдсан “Богд Очирваань хайрханы хүчтэнүүд”-ыг Завхан аймгийн Баянтэс сумын харъяат, аймгийн заан, дуучин Г.Батцэрэн, Б.Батболдтой хамтран дуулж олны сонорыг мялаалаа.

Та яагаад бөхийн тухай шүлэг бичих болов?

-Би багын бөх, морь хоёрт хорхойтой нэгэн. Харин миний өссөн орчин гэр бүлийн хүрээнд бөхөд сонирхолтой хүн байгаагүй. 2000 оны өвөл Увсын Зүүнхангайгаас Дархан руу шилжиж МУ-ын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан багшийн чөлөөт бөхийн секцэнд орж, одоогийн улсын харцага Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, гавьяат тамирчин П.Өнөрбат нарын хамт хичээллэсэн. Үеийнхэн дотроо нилээн бяртайд нь ордог байлаа.Тэгээд жаахан барилдах дүр сууж байтал бие муудаад, амьдрал ахуйн боломж ч хүрэхгүй, янз бүрийн шалтаг шалтгаанаас болоод барилдаж чадаагүй дээ. Гэвч спортын сэтгүүлч мэргэжил эзэмшиж, бөх тайлбарлагчийн ажил хийсэн. Бөх болоогүй ч бөхийг бие сэтгэлээрээ мэдэрдэг болсон гэх үү дээ. Оюутан байхаасаа сонин сэтгүүлд бөхийн сэдвээр бичлээ. Чөлөөт бөхийн холбоонд хоёр жил нэвтрүүлэгч хийлээ. Хэсэг хугацаанд бөхийн нэвтрүүлэг бэлтгэлээ. Одоо дуу хийдэг боллоо. Бурханы номын хураангуй нь тарни байдаг шиг бөхийн тухай мэдлэгээ дууны шүлгийн хэлбэрт оруулаад олонд хүргэж байгаа нь энэ. Шүлэг аяндаа өөрөө ороод ирдэг юм.

Цаашид ямар уран бүтээл туурвихаар төлөвлөж байна вэ?

-Миний оюутан цагаасаа бодож явсан зүйлсийн нэг нь Монголд спортын сэдэвт уран зохиолыг хөгжүүлэх. Спорт бол дэлхий дээр хамгийн даяарчлагдсан салбар. Тиймээс уран бүтээлийн хувьд бие даасан сэдэв мөн. Манай зохиолч, яруу найрагчид спортын сэдвээр даацтай бүтээл туурвиад тэр бүтээлээрээ дэлхийд гараад ирэх үндэстэй. Яагаад гэхээр чөлөөт бөхийн тухай уран сайхны кино хийлээ гэхэд уг спортын төрлыг мэдэхгүй хүн бараг байхгүй байх жишээтэй. Иймээс  “Сүлд” телевизийн “Монголын гэгээ” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор О.Эрхэмбаяр болон бусад санаа нийлсэн сайн нөхөдтэйгээ хамтраад спортын сэдэвт уран зохиол, яруу найраг, шүүмж судлалыг хөгжүүлэх, уралдаан тэмцээн зохиох, түүнтэй холбоотой асуудлыг нэгтгэн зангидах зорилго бүхий Монголын Спортын Уран Бүтээлчдийн Холбоог санаачлан байгуулсан. Холбооны зүгээс шат дараалсан олон ажил хийхээр төлөвлөсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *