Д.Цогтбаатар: Ээжүүд хамгийн үнэнийг хэлдэг…

3-р сарын 10, 2014 9:57 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 812
“Миний ээж” булан ес дэх жилээ шинэ зочны хамт мэндчилж байна. Энэ удаагийн зочноор Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг  тохиолдуулан  Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг урьсан юм.

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Миний ээж” булан ес дэх жилээ шинэ зочны хамт мэндчилж байна. Энэ удаагийн зочноор Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг  тохиолдуулан Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг урьсан юм.

-1960-аад оны үеийн үндэсний дэвшилтэт   сэхээтнүүдийг хоморголсон  хэлмэгдүүлэлтэд өртсөн таны аав,  цөлөгдөлт, доромжлолыг амсч явсан түүхийн зах зухаас  монголчууд мэддэг. Гэтэл тэр өрх  гэрийн  нэг багана, найдвартай ар тал болж ирсэн  ээжийн тань тухай тэр болгон мэдэхгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэр тухай дурсвал ямар вэ?

-Миний ээж Намжилын Тогтох  Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн байлаа. Өвөг дээдэс маань малчин удмынхан. Ээж минь малд дөртэй, аав, ээжээ багадаа алдаж, Алтан-Овоогоо шүтэн  амьдарч ирсэн  бүсгүй, Дорнод аймагт  аавтай  минь анх танилцаж, улмаар гэр бүл болж биднийг төрүүлсэн юм билээ. Дорнод аймгийн Соёлын ордны анхны 32 жүжигчний нэг, сэтгэн бодох чадвар сайтай, аливааг зөв талаас нь харж тэр өнцгөөс нь тайлбарлаж, эргээд  үр дүнг харж байдаг.Юманд  няхуур нямбай, нандигнаж  ханддаг болохоор хамт олон, найз нөхөд нь Нандиа Тогтох  гэж авгайлдаг байсан гэнэ лээ.Харин аав маань Дорнод аймгийн Булган сумын уугуул.  Тухайн үед  Дорнод аймгийн Эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдэг. Мөн  тэр үед ээжийн маань ах Намжилын Гунгаажав  гэдэг хүн Дорнод  аймгийн даргаар  хоёр дахь удаагаа томилогдон  ажиллаж байсан гэдэг. Ээж айлын ганц охин, дээрээ нэг ахтай байсан нь тэр. Н.Гунгаажав  ах Сүхбаатар аймгийн Халзан сумыг  Цогбаян  гэж нэрлэж бай­хад анхны нарийн бичгийн дарга нь  байгаад төр, нийгмийн зүтгэлтэн болж, Баянхонгор, Дорнод, Хэнтий зэрэг  олон аймгийн даргаар ажилласан түүхтэй. Сүүлд 1960-аад оны үеийн  хэлмэгдүүлэлтийн үеэр Ц.Лоохууз, А.Нямбуу, Д.Сурмаажав нартай хамт миний аав, бас Н.Гунгаажав нагац ах маань  хэлмэгдсэн. Аав Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны үйлдвэр рүү, нагац ах  Хөвсгөл рүү загасчнаар  цөлөгдсөн. Ээж минь  сэтгэлийн хаттай хүн байсан юм. Тэр үед хүүхдүүдээ тэврэхийг нь тэвэрч, хөтлөхийг нь хөтлөөд нөхрөө даган амьдралын жаргал, зовлонг хамтдаа туулсан. Тэнд аавтай мөр зэрэгцэн эрэгтэйчүүдийн хийдэг хүнд ажлыг нуруундаа үүрэн зүтгэж явсан. Амьдралын асар ухаантай, ойр зуурын өвдөхөд сайн эмч төдийгүй шатар яаж тоглохоос эхлээд хичээлээ хэрхэн давтахыг хүүхдүүддээ  заасан сурган хүмүүжүүлэгч, гайхалтай торгон мэдрэмжтэй, ширүүн харцтай, хатуу үгтэй, эрэмгий зоригтой хүн байсан. Даанч богинохон насалсан, 1987 онд 50 гаруйхан насандаа   хорвоог  орхисон. Өөрийнх нь ярьж, мөрөөдөж байсан, хүн бүхэн аз жаргалтай, сайн сайхан амьдрах тэр нийгмийг үзэж чадаагүйд нь харамсдаг.

-1987 онд ээжийгээ бурхан болоход та ямар ажил эрхэлж байв. Сүүлчийн мөчид уулзаж амжсан уу?

-Би 27 настай байсан санагдана. Цэргийн газар офицер байсан юм. Ээжийн чинь бие тааруухан байна гэсэн цахилгаан ирсэн ч цэргийн газрын нэг онцлог нь  онцгой тохиолдол биш бол  чөлөө олгодоггүй байсан. Штабын даргаас чөлөө гуйгаад өгөөгүй. Ингээд хэдэн тариа аваад явуулъя гэж байтал дахиад  “Маш хүнд байна, хурдан ир” гэсэн цахилгаан ирсэн. Чөлөө гуйгаад ортол бас өгсөнгүй. Тэгэхээр нь би  хувийн шийдвэрээ гаргаж, юу л болвол болог гээд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу ээждээ очихоор явсан. Намайг очиход өвчин нь хүндрээд ухаан санаа нь орж гарч байсан ч “Хүү нь  ирлээ” гэхэд  “Миний хүү хүрээд ирэв үү. Ээж нь зүгээр ээ” гээд  нэг их том нүдээр, хурцаар нэвт ширтэн  харж байсан. Надад олон юм хэлээгүй ч өмнө нь захиж сургаж байсан үгсийг царайнаас нь, нүднээс нь олж харсан. Ээжийн бие муу байсан болохоор тэр шөнө би харъя гээд өвөр дээрээ тэврээд  хо­но­сон юм. Үүрээр  гэнэт бие нь эвгүйрхээд хүүгийнхээ өвөр дээр   сүүл­чийн амьсгалаа татсан. Амьдралын хатуу бэрхийг туулж явахдаа ээж минь зүрхний хүнд өвчин туссан юм билээ. Тэр нь хүндэрсээр амийг нь авч одсон. Ээжээс хойш аав минь 20 жил үр хүүхэд бидэнтэйгээ амьдарч  2007 онд бурхан болсон. Миний аав өөрөө Дорнод аймгийн  уугуул ч ээжийн нутаг Сүхбаатарт гүн хүндэтгэлтэй ханддаг, тэр нутгийнхантай хамтарч ажиллаж байсан учраас их ойрхон явсан. Бурхан болохоосоо өмнө ээжийн нутаг руу зориуд зорьж очиж байлаа, 2005 онд. Аав нь ээжид чинь өртэй хүн шүү,  нутаг орных нь хүмүүст ойр байж, дэмжиж тусалж явах ёстой  гэж их ярьдаг сан. Бидэнд “Та нар ээжийнхээ нутагтай ойр бай. Сүхбаатарын ард түмэнд тус дэмтэй яв” гэж үргэлж захидаг байсан. Өөрөө ч тэгж бодож, зүтгэж явсан.

-Танайх  аав, ээжээс хэдүүл вэ?

-Ээж минь биднийг   энэ орчлонд анх ирснээс өнөө хүртэл хувь хүн болох төлөвшлийг  бий болгож, барилгаар бол суурийг нь тавьсан ачтан. Аав бол биднийг бодлогоор хүмүүжүүлж, аливааг аргын талаас нь хэлж ярьж ирсэн өнөр бүлийн тэргүүн байлаа. Бид аав, ээжээс есүүлээ юм.  Нэг хайртай дүү маань  энэ оны нэгдүгээр сарын 5-нд бурхан болсон. Ер нь бидний дотроос хүүхэд байхдаа эндсэн  нь ч байна, том болсон хойноо хүнд өвчний улмаас хорвоог орхисон нь ч бий. Тэр дотор ах, эгч нар маань бурхан болсон. Би айлын гурав дахь хүүхэд бол одоо хамгийн том нь болж хоёр дүүтэйгээ тулгын гурван чулуу шиг үлдлээ.

-Ингэхэд “Намын эсэргүү хэрэг” гэх  олон хүнийг хэлмэгдүүлсэн зохиомол хэрэг танай гэр бүлд хэрхэн туссаныг дурсахгүй юу?

-1964 оны тэр хилс хэрэгт аав минь өртөж, манай гэр бүлийн амьдралын хатуу, хэцүү үе эхэлсэн. Тэгэхэд би долоон настай байлаа. Радиогоор “Намын эсэргүү бүлэг” гарч, түүнд  Дашнамжил гэдэг хүн оржээ. Тэднийг бут ниргэж…” гээд өдөр болгон ярих. Түүнийг сонсчихоод хүүхдүүд  “Аав чинь яачихсан юм бэ. Юу болчихоод бут ниргүүлээд байгаа юм бэ” гэж санаа зовсон байдалтай асууна. Өөрөө ч юу болоод байгааг ойлгохгүй байсан юм чинь мэдэхгүй л гэнэ. Тэр үед аав маань Монголын амьдрал, нийгмийн байдлыг бодитоор нь хэлж шүүмжилсэн. Харамсалтай нь түүнийг “Хар линз зүүгээд харж байна” гэхчлэн буруутгасан байдаг. Тухайн үеийн учир мэдэхгүй нийгэмд учрыг таньсан нь хэд билээ. Тэгээд ч тийм зоригтой шүүмжлэх хүн олон байсан уу, үгүй юу. Үнэндээ Ц.Лоохууз, А.Нямбуу, Д.Сурмаажав нарын гэх хэрэгт олон хүн холбогдож, сэтгэл санаа, амьдралаараа хохирсныг түүх мартах ёсгүй. Уг улс төрийн хэлмэгдүүлэлтийн 50 жил энэ онд тохиож байгаа.  Хэлмэгдүүлэлтийн тухай бид өчнөөн ярьж, бичдэг ч тэр үед гэр бүлийн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй жаахан хүүхдүүд сурч боловсрох эрхээ хасуулж, эмэгтэйчүүд нь хүссэн ажлаа хийх эрхгүй цөлөгдөж, эрүүл мэндээрээ хохирч явсныг хэн ч дурсдаггүй. Тухайн үед нэг өглөө үүрийн таван жингээр хонх дуугарч,  хар пальто, шляп малгайтай хэдэн хүн аавыг босгоод аваад явсан. Дараа нь радиогоор Өмнөговь руу  давсны артельд норм­чингоор цөлж байгааг зарласан. Нагац ах маань ч Хөвсгөлийн Цагаан нуурт загасчингаар явсан. Түүний дараа Гэгээрлийн яамны орлогч сайдын ам шийдвэрээр  эгч бид хоёр сургуулиас хөөгдсөн. Удалгүй ээж ажлаасаа хөөгдөж, дараа нь  байрнаасаа ч  хөөгдсөн. Өвлийн хүйтэнд ээж минь төрөөд удаагүй нялх хүүхэдтэй гудамжинд хаягдаж, биднийг аваад тусгайлан хуваарилсан “Зис-5”  машинд дайгдан  аавын араас явсан. Тэнд очоод эгчийг гуравдугаар ангид дотуур байранд  оруулж,  надад ээж минь  гэрээр ном заасан, нэг ёсондоо миний анхны багш. Түүнээс өмнө бол манайх Улаанбаатар хотод 40 мянгатад сайхан амьдарч, эгч хоёрдугаар ангид, би орос сургуулийн нэгдүгээр ангид сурч байсан юм. Харин хамгийн том ахыг Н.Гунгаажав ах их эрт өргөж авсан байсан юм билээ. Гэхдээ өргөмөл аав болох нагац ах  хэлмэгдэж, цөллөгт яваад жилийн дараа нас барсан учраас мөн л  хэцүү хатуу амьдралаар амьдарсан.Том ах маань сайхан дуулдаг, бокс сайн тоглодог хүн байсан, Дарханд  амьдарч  байгаад сүүлд Багануурт өвчнөөр нас барсан юм.

 

-Хэлмэгдүүлэлтийн үед  ихэнх гэр бүл салж сарниж  байсан гэдэг. Яагаад гэдэг нь ч үр хүүхэд, хань ижилээ амар тайван амьдруулахын тулд   учир шалтгаантай байсан гэдэг. Харин таны аав ээж хоёр хүнд хэцүүг хамтдаа  туулсан уу?

-Туулахаар барахгүй даваад гарсан. Нэгэнт бие биеэ хүндэлж, амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон учраас  хувь тавиландаа тохиолдсон зовлонгоос шантраагүй. Хүнд хэцүү бэрхшээл зовлон  тэдний хайр сэтгэл, хамтын амьдралд өчүүхэн ч  саад болоогүй. Угаасаа миний ээж хань ижил, үр хүүхдээ төдийгүй  ядарсан, зовсон хүнд тус дэм болж,  хамгаалж халамжилж ирснийг хамт ажиллаж байсан мэдэх хүмүүс  хэлдэг юм. Тэр л зан төлөв нь тэр хүртэл хурцалж, амьдралынхаа төлөө шантарч мохолгүй тэмцсэн болов уу. Хэл­мэгдүүлэлтийн үед  олон гэр бүл салж, заримынх нь эхнэр цөллөгт дагаж яваагүй. Зарим нь үр хүүх­дээ бодож хотод үлдэхийг  илүүд үзсэн байх. Хэлмэгдсэн хүмүүсийн ихэнх эхнэрүүд хань иж­лээ дагаад явсан шүү дээ. Манай ээж бол нэгэнт ханилж суусан бол  жаргал зовлонгоо хамтдаа хуваалцана гээд аавыг явсан газар бүрт нь дагаж явсан байдаг юм

-Аав тань хэр халамжтай хүн байв?

-Аав, ээж хоёр  минь үг сөргөлдөх бүү хэл,  хэн хэнээ ширүүн харж ч үзээгүй, хоорондоо маш эвтэй гэр бүл байсан. Бүхий л цаг мөчид амьдралаа авч явж, үр хүүхдээ зөв  өсгөж хүмүүжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэсэн. Аав минь гэртээ байгаа үедээ  сайхан хоол хийнэ. Хүүхдүүдээ өвдөхөд ээжтэй хамтраад эмчийн үүрэг гүйцэтгэж тариа хийхээс эхлээд бүх зүйлд оролцоно. Сүүлд ээжийн биеийг өвдөхөд Орос руу оюутан цагийн  найз руугаа ярьж  Москва, Минск  хүртэл очиж эмчлүүл­сэн. Хаалттай цаг үе хэдий ч аав минь ээжийн төлөө илээч бариач, мэргэч төлөгч гээд уулзаагүй хүн, яваагүй газар үгүй. 

-Одоо ээжийн тань за­хиасаас  сэтгэлд  тод үлдсэн, цаг мөнхөд бодог­дож байдаг ямар үг сургааль байна?

-Эх хүн хүүхдүүддээ хамгийн ойр байж, үг сургаалиа хэлж, хайр халамжаа үзүүлж, хатуур­хах үедээ ч хатуу байдаг ер бусын хүмүүс юм. Дэл­­хий ертөнц дээрх  хамгийн үнэнийг  хэлж байдаг хүмүүс бол ээжүүд гэж боддог. Ээж бидэнд аливаа зүйлийг зүйр цэцэн үгээр ойлгуулахыг хичээж, ардынхаа сургаалиар  хүмүүжүүлдэг байлаа.  “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж шударга зарчимтай байхыг, “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж юманд цэгц шулуун байж, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг сургадаг сан.  Харин эрэмгий зоригтой байхыг “Хүний дор хэзээ ч бүү ороорой хэнд ч битгий доромжлуулаарай” гэдэг сэн. Сайн цаг ирэ­хийг зөгнөж “Аав чинь зөвдөх цаг ирнэ” гэж  бодлогошронгуй өнгөөр олонтаа хэлж  байсан  нь санаанаас огт  гардаггүй. Эмэгтэй хүн тийм эрэмгий зоригтой, шийдэмгий байсныг би өнөө цагт хараагүй. Ээж минь бусадтай  эелдэг зөөлөн харилцдаг ч зарчмын юманд хатуу чанга  хүн байсан юм. Шатар тоглоод буцах юм бол шууд хураачихна. Шударгаар тогло гэж шаардаж байгаа нь тэр. Гэр цэвэрлэчихлээ гэхэд нүд хуурсан байвал шууд л гаргаад ирнэ. Цагаан орныхоо  тоосыг  арчиж байна гээд хүүхдүүд болсон хойно  толгойг нь зүлгээд байх, харин  ээж хөндөл төмрийнх нь тоос хэвээрээ байгааг хурууныхаа өндгөөр ганц гогдоод л  гаргаж үзүүлнэ. Аливааг үндсэн утгаар нь, мөн чанарынх нь дагуу хийхийг  шаарддаг   байсан юм. Олон  үг хэлэхгүй,  харц дүр төрх нь зөндөө юм ойлгуулж ухааруулдаг гайхамшигтай увдистай. Биднийг өдөрт ердөө хоёрхон цаг л тоглуулдаг  хатуу дэгтэй байсан. Тэр нь одоо цагтай бол нийцэхгүй байх л даа. Учир нь бүгд л хүүхдээ оюунлаг аргаар хүмүүжүүлнэ гэж ярьж байна. Тэгвэл миний ээж тухайн үед хатуу аргаар ч, оюунлаг байдлаар болон сэтгэлгээг нь хөгжүүлэх хосолсон аргаар биднийг хүмүүжүүлж байжээ.  Хэ­дэн хүүхдийнхээ дотроос намайг онцгойлж, тусгай­лан уулзаж  бодсон сана­санаа хэлж, аавын тухай их  ярьдаг  байлаа. Тэр дотроос ах эгч дүү нараа сайн харж, хандаж яваарай гэж үргэлж захидаг байлаа.  Хүнд хэцүү үед ч, аз жаргалтай байхдаа ч  “Аав чинь үнэн шударгын төлөө тэмцэж явсан, үнэн  хэзээ нэгэн цагт ирнэ. Тэр цагт та нар аавынхаа үйл хэрэг зөв байсныг харах болно” гэж зоригжуулдаг байлаа. Ээжийн минь захиа сургааль бидэнд сургууль болоод зогсохгүй гэр бүлийн үнэт зүйлс болж бидэнд өвлөгдсөн  юм. Түүнийг нь бид хадгалж  хамгаалж, үр хүүхэд, ач зээ, найз нөхөддөө үлдээх сэн гэж боддог, бас  хичээдэг. 

-Ээж тань яагаад таныг онцолж ах, эгч дүү нараа харж, хандаж явахыг  захидаг байсан юм бол. Та ээжийнхээ захиасыг биелүүлсэн үү?

-Хүүхэд байсан боло­хоор  тэр үед яагаад тэгж хэлж, захиж байсныг нь ухаж ойлгоогүй. Сүүлд бодоход ах эгч, дүү нартаа дэм тустай яваасай, үнэний төлөө зүтгээсэй гэж хэлж байж. Түүнээс гадна “Хүн өөрт чинь хэчнээн дургүй байсан ч тусалж яваарай”   гэж их хэлдэг байлаа. Түүнийг нь нэлээд сүүлд хүртэл сайн ойлголгүй явж ирсэн. Сүүлийн үед эргэцүүлж, тунгааж байхад их үнэтэй зөвлөгөө өгч байжээ. Эргээд бодоход ээжийнхээ “Ах, эгч, дүү нартаа тусалж яваарай” гэсэн захиасыг би биелүүлж чадсан уу,  үгүй юу гэсэн бодол төрдөг. Ний нуугүй хэдэхэд, би тэдэндээ ахуй талаас гэх юм уу, сэтгэлийн дэм, тус үзүүлж байснаас бодлогын туслалцаа үзүүлж чадсан уу, үгүй юу гэдэгтээ эргэлздэг. Бурхны оронд явсан бидний эрхэм хүмүүс-ах, эгч, дүү нар минь  аж ахуйн алба, эрчим хүч, гааль, боловсролын салбар, тогооч, жолооч гээд  өөр өөрсдийн эрхэлсэн ажилдаа  эзний ёсоор хандан шударгаар зүтгэж, улс төрийн болон төрийн ажил албанд өөрийн гэсэн үнэт зүйлтэй хүмүүс байжээ гэдгийг эргэн санахад хангалттай баримт хуримтлагдсан байна. Тэд Монголдоо төдийгүй бор гэртээ эзэн байсан. Хамгийн гол нь өвөг, дээдсийн цу­­саар тэжээгдсэн хүн чанар, өөрийн гэсэн бо­дол, энгийн зарчмыг, аавын нинжин энэрэнгүй сэтгэл, ээжийн хатуу эрэмгий шаардлагыг ямар ч үед хадгалж хамгаалж баталгаажуулж чадсанд нь тэднээрээ бахархдаг. Энгийн бүхэн агуу байдаг. Тэд энгийн зарчимтайгаа хамт хорвоогоос  буцсан. Тэд минь үнэт зүйлсээсээ ухраагүй, эргэлзээгүй, нэг л зангаараа байсан. Хэн нэгэнд долигонох гэгчийг мэдэхгүйгээрээ явсан. Манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан эрх чөлөөг  олж авснаараа тэд маань хамгийн сэтгэл хангалуун буцсан. Тэд баяжаагүй, эрх мэдэлд шунаагүй, хүнд сурталтай түшмэл байхыг хүсээгүй, “Дарга болъё” гэж ам ангайгаагүй Монголын жирийн  иргэд байлаа. Ирж буцдаг хорвоод тэд минь өөрсдийн зарчимдаа үнэнч байж, эрх чөлөөндөө үнэнч буцсан. Тийм учраас тэднийхээ хөшөөнд энгийн бөгөөд утга агуулгатай “Эрх чөлөөг бид хүсч байна” гэсэн үгийг сийлж, тэр л үгээр үдсэн. Надад тэднийхээ хэн нэгнийг албан тушаалд тавих, дарга болгох боломж байсан. Гэхдээ, би журмын нөхөд, анд  найзуудаа  дэмжсэн.

-Та бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр ярилцаж байна. Энэ жил эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай, гэр бүлийн хүчирхийллийг цэглэх тухай Төрийн тэргүүнээс эхлээд шат шатанд ярьж байна. Монгол эмэгтэйчүүдийн эрхийн талаар та юу хэлэх вэ?

-Монголд  эмэгтэйчүү­дийн эрх зөрчигдөж, сурч боловсрох, ажил хөдөл­мөр эрхлэх эрхээ хязгаарлуулаад зогсохгүй,  үр хүүхдийнх нь эрүүл мэнд, боловсрол, аюул­гүй орчинд өсөх  эрх зөрчигдөж байсны хам­гийн том жишээ бол хэл­мэгдүүлэлтэд өртсөн олон мянган гэр бүлд учир­­сан зовлон, тэр до­тор эмэгтэйчүүдэд то­хиолдсон бэрхшээлүүд юм. Түүний хамгийн том жишээ бол  миний ээж. Ярилцлага маань  бүхэлдээ таны асуусан сүүлчийн асуултын хариулт юм даа. Тийм учраас би ийм зүйл дахин битгий болоосой, бүү давтагдаасай, үргэлж сэрэмжилж, урьдчилан сэргийлэх ажил үйлсийг хэрэгжүүлж байгаасай. Төр, засаг маань энэ талаар онцгой анхаараасай. Цаашид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар олон ажил үйлсийг бүтээ­гээсэй гэж хүсч байна. 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *