Д.Цэрэнсодном: Тансан ламын очсон тэнгэрийн орон бол Хүннүгийн нутаг юм

11-р сарын 29, 2013 11:21 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 915
Орчлонгийн дайдад бий хэмээн үлгэр домогт  дурьддаг ч    эрдэмтэн судлаачид олж тогтоож чадаагүй  Тэнгэрийн орныг судлан  хаана байгааг нь баттай зааж чадахаар болсноо  академич Д.Цэрэнсодном өчигдөр зарлав.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Орчлонгийн дайдад бий хэмээн үлгэр домогт  дурьддаг ч    эрдэмтэн судлаачид олж тогтоож чадаагүй  Тэнгэрийн орныг судлан  хаана байгааг нь баттай зааж чадахаар болсноо  академич Д.Цэрэнсодном өчигдөр зарлав. Түүнийг дугаарын зочноор урьж, шинжлэх ухааны шинэ нээлтийн тухай сонирхлоо.

 

– Хүннүгийн газар нутгийг судалснаар үлгэрт гардаг  Тэнгэрийн орон болохыг нь тогтоолоо  гэсэн  таны судалгаа анхаарал татлаа. Олон хүн үлгэр, домгийн дүрслэгдэхүүн  болохоос  бодитой зүйл биш гэж боддог бололтой?

-Зава Дамдин гавжийн “Хор чойнжин” гэдэг номын  “Алтан дэвтэр” бүлэгт  эртний номт Ли орны тухай гардаг. Олон газрыг нэрлэсэн нь баахан үсчсэн маягтай.  Тэр нь  эрдэмтэн судлаачдыг Номт орон тэнд ч байж магадгүй, энд ч байж болзошгүй хэмээн санал бодлоо уралдуулах өгөөш болсон. Мэдэхгүй хүмүүсийн хувьд ёстой үлгэр, домгийн орон  гэж боддог байж болох.  Ли орон чухам  хаана байгааг  тогтоох нь ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд ойлгож байсан. Гэвч тогтоож чадаагүй, энэ нь  тэр ч байж магадгүй, энэ ч байж магадгүй хэмээн таамаг дэвшүүлж ирснээс ойлгогдоно. Би тэр бүхнээс үндэслэн 20 гаруй жил судалсаар Тэнгэрийн орон Ли Юүлийг тэр гэж хуруугаар заах газрыг тогтоолоо. Мөн нэрийг нь ч  бас тогтоосон.

-Хамгийн гол нь та Тэнгэрийн орон бол Хүннүгийн нутаг  гэдгийг юугаар нотолж байна вэ?

-Би ч эхэндээ гайхаж байсан. Гэхдээ эргээд бодоход  хүмүүс  өөр, өөр газрыг нэрлэж байсан нь аргагүй юм билээ. Яагаад гэвэл тэр Ли орон гэдэг  нь миний нотолсноор Хүннүгийн нутаг,  Тэнгэрийн орон гэсэн нь  тэнд эрдэм ном дэлгэрсний учир өргөсөн нэр юм байна. Ли Юүл гэдэг нь тэнгэрийн орон гэсэн гаралтай үг юм.  Хүннүгийн нутаг агуу том шүү дээ.  Хянганын нуруунаас эх авч Хятадын Цагаан хэрмийн хойд талаар Тангадын нутаг, Төвд баруун талаараа Тэнгэр уул, Эрээн хавирга, хойшоо Байгаль далай хүртэлх агуу том газар нутгийг  эзэмшиж байсан.

Тийм агуу том орон олдвор нь энд  тэндээс олдоод байна шүү дээ. Тэгэхээр тэр ч байж магадгүй, энэ ч байж магадгүй гэхээс аргагүй. Гэхдээ тэр  орны зүрх, тархи, уураг нь хаана байна вэ гэдгийг бид сая тогтоолоо. Тухайлбал, Хатан гол, түүний хойг маягийн хэлбэр үүсгэн урсч буй газарт Тэнгэрийн орон бий гэж сударт заасан нь бий. Зава Дамдин гавж бол баруун талд нь Хотонгийн нутаг гэсэн, тэгвэл хотончууд тэр хэсэгт бий. Хотонгийн нутагт хийсэн малтлагаар үхэр зоос гарсан байдаг. Энэ олдворууд бие биеэ баталж байгаа юм. Хамгийн гол нь “Хаадын уг гарвал, язгуур” гэх бичмэл судар бий.Тэр судрын гурван хувилбар надад олдсон. Тэр сударт Ли орны нутгийг зааж хэлээд байгаа юм. Тэдгээр зүйлүүд хөдөлшгүй баримтууд болж байна.

 

ХАТАН ГОЛЫН ХОЙГ, ХҮННҮГИЙН ҮХЭР ШҮТЭЭН ОЛОН ЗҮЙЛИЙГ БАТАЛНА

 

– Тэр тухай өгүүлсэн өөр  судар бичгүүд байна уу?

-Зава Дамдин гавжийн “Үхэр уулын  эш үзүүлсэн судар”, “Тансан ламын  баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хиргүй охин тэнгэрийн эш үзүүлсэн судар” зэрэгт Ли орны тухай бас гардаг.  Тэгэхээр бурхан багшийн номлосон “Үхэр уулын эш үзүүлсэн судар” гэдгээс улбаалж “Хаадын уг  гарвал, язгуур”  гэх судар дотор  үзвээс  Үхэр уул нь Хатан голын хойг дотор байгаа юм. Харин Үхэр уулын дотор Хүмүслэн хад гэж бий. Тэр Хүмүслэн хад гэдэгт удаа дараа бурхан ирж адистад, дивангард  үзүүлсэн гэж ном сударт тэмдэглэсэн нь бий. Тэгэхээр тэр бол Тэнгэрийн орон,  тэнгэрийн авшигтай, адистэд оршсон газар юм гэсэн санаа тэнд байна. Тэнгэрийн орон гэдгийг таамгаар хэлж бас болохгүй.

-Хамгийн  гол нь яагаад Тэнгэрийн орон  гэж нэрлэж, тэнд гэж оноож байна вэ?

 -Энэ бас учиртай.  Хан улсын сударт Тэнгэр гэдэг үгийг Хүннү хэлээр Ченли гэдэг юм гэж тэмдэглэсэн байдаг. Эртний монгол хэлэнд  tngri гэж бичнэ. Монгол хэлэнд т, ч үсгийг сэлгэдэг. Тэгэхээр тэнгэр гэдэг үгийг cenli  гэж хэлэх, бичих болоолцоотой. Р үсгийг  ч сэлгэх бололцоотой, гулир гэж биччихээд гурил гэж ярьдаг шүү дээ. Нэрийн тухайд ийм байна. Түүнээс гадна эртний Хятадын түүхэн сурвалжуудад Хүннүгийн Модунь Шаньюйг Chengli-Li kut, u гэж бичдэг байсан. Тэр нь Тэнгэрийн хөвгүүн гэж байгаа юм. Энэ мэт баримтуудаас үзээд Хүннү нар Тэнгэр гэхийг cenli  гэдэг юм байна гэдгийг тогтоосон. Харин cenli  нь яагаад Li болов оо гэдэг асуулт гарна. Тэгвэл cenli  нь  Li болжээ гэдгийг би монгол хэлний баримтаар тогтоож буй юм. Монгол хэлэнд хураагдах, товчлогдох ёс бий. Жишээ нь, үлэг гүрвэл гэж үг байна. Энэ үг монгол хэлний үлү гэдгээс гаралтай. Үлү гэдэг нь аварга том гэсэн утгатай. Тиймээс үлэг гүрвэл, түрэг хэлэнд үлэгбек гэнэ. Тэгэхээр  энэ тохиолдолд ү нь гээгдээд лу болсон гэж үзэх үндэслэлтэй.

-Зарим хүн Хятадын лун гэдгээс гаралтай гэж үздэг юм билээ. Тэгж маргах хүн ч цөөнгүй гарах байх?

 -Зарим судлаач тэгж тайлбарладаг юм. Гэвч тэр худал. Яагаад гэвэл, Хятадын лун гэдэг хэрэг дээрээ лон байгаа юм. Түрүүчийнх нь  задгай үе бол Хятадынх битүү үе байгаа биз.  Хоорондоо огт адилгүй. Тэгэхээр үлү гэдэг үг товчлогдоод лу болсон байна. Мөн үсү гэдэг үг байна.

Эртний монгол хэлэнд сүүг үсү гэдэг байсан. Ойрадууд үстэй цай гэж ярьдаг. Ордосууд мөн тэгж ярих жишээтэй. Тэгэхээр үсү гэдэг үг товчлогдоод сүү болсон байна. Иймд cenli  гэдэг үг товчлогдож  Li болох бололцоо монгол хэлэнд бий гэдгийг баримтаар хөөж үзээд монгол хэлний хууль зүйд нийцэж байна гэж үзсэн.

Ли гэдэг маань явж явж юу гэсэн утгатай вэ гэвэл тэнгэр гэсэн утгатай Хүннү гаралтай үг юм байна гэдгийг тогтоосон. Үүнээс үзэхэд Ли орон гэдэг Тэнгэрийн орон гэсэн үг юм. Тэр нь агуулгаараа ч, хэлбэрээрээ ч нийцэж байна. Ийм учраас монголд шашин ном дэлгэрч байсан, Бурхан багш энд ирж байсан, тэгэхдээ Үхэр ууланд ирж адистэд үзүүлсэн гэдэг нь хадны цууриа шиг юм биш. Өөрөөр хэлбэл, үнэний хувьтай юм байна гэдгийг баримтуудаар хөөж гаргалаа.

 

МОНГОЛЧУУД ТӨВД, ХЯТАДААС ӨМНӨ ШАШНЫ СОЁЛЫГ АВСАН

 

-Тэгэхээр түүх сударт өгүүлэгддэг Тэнгэрийн орны хаана байгааг, мөн тэнд Бурхан багш ирж, адистэд буюу ном үзүүлсэн болохыг тогтоосноор шинжлэх ухаанд ямар ач холбогдолтой вэ?

-Монгол үндэстэн Төвд, Хятадаас өмнө Энэтхэгтэй шууд харилцаа тогтоосон байна. Тухайлбал, түрүүнд өгүүлсэн Хүмүслэн хад гэдгийн хүмүслэн гэдэг үг энэтхэг гаралтай үг гэдэг. Түүнийг нь би сэжиглэж байгаа. Учир нь хүмүслэн гэдгийн санскритаар бичсэн хадмал эх ямар нэгэн шалтгаанаар гээгдсэн байж болзошгүй. Түүнээс биш хүмүслэн гэдэг нь хүмүн ус гэдэг монгол үг. Түүний хажууд тангад, төвдөөр мичү гэнэ гэсэн байгаа юм. Тэр нь монгол хэлэнд орчуулбал хүмүн ус гэсэн үг л дээ. Эх сурвалжууд ингэж бие биеэ баталж, барьж өгөөд байна.Тэгэхээр Монгол орон  Төвдөөс бүр өмнө, Хятадаас ч өмнө  Энэтхэгээс шашин номыг  авсан нь үнэн  юм. Мөн энэ холбоо, хэлхээний хувьд нарийн тогтож үзмээр зүйлүүд ч байна.

-Тухайлбал, ямар баримтуудыг сөхөж үзэх ёстой вэ? 

-Энд үхрийн тухай яримаар байгаа юм. Жишээ нь, Энэтхэгүүд үхрийг шүтдэг. Хүннүгийн бэлгэ тэмдэг үхэр байдаг. Түүний дараах Тоба улс ч үхэр шүтээнтэй байсан. Тэгээд Үхэр уул гэж бий. Энэ бүхэнд ямар нэгэн учир холбогдол байна.  Тэр байтугай Чингис хаан 1227 оны гал гахай жил Ордос нутагт таалал болсон. Тэнд их хааны найман цагаан өргөөг байгуулсан. Чингисийн сүр сүлд тэнд хоргодсон учир  Гилгүдэй баатар шүлэг хайлсан зэрэг түүхэн баримтууд байгаа шүү дээ. Өнөө хүртэл Чингисийн онгон тэнд бий. Тэр бүхэн зүгээр  хүний зугааг гаргасан яриа биш, алсын улбаатай, үнэний ул мөртэй баримтууд юм.

Тэгэхээр судалж нягтлах хэрэгтэй. Дээр үед манайхан мэдэхгүй болгоноо байхгүй гэж байсан. Одоо байдал өөр болсон. Өөрийн мэдэхгүй зүйл рүү анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас шинжлэх ухааны нэвтэрч чадаагүй, одоогоор хараахан хүрч чадаагүй зүйлүүд олон байна. Тэр болгоныг  байхгүй юм уу, боломжгүй гэх бололцоо байхгүй. Иймд түүхэн сурвалжид хэлээд байгаа зүйлүүдийг эрхбиш анхаарах хэрэгтэй. Судлагчид ч  анзаарах учиртай. 

-Тэгэхээр бид 70, 80 жилийн турш шашин дэлгэрсэн үүх түүхийг ярихдаа Төвдөөс оруулж ирсэн гэж ярьж, бичиж ирсэн шүү дээ. Тэгэхээр таны судалгаа тэр үзэл ойлголтыг урагшлуулж байна. Түүх, тэр дотроо шашны түүх, Хүннүгийн судалгаанд нэлээд том ахиц дэвшил гарах нь ээ дээ?

-Би нэг л зүйлийг хэлдэг. Бид шашны түүхийг авч үзэхдээ могойгоор бол зөвхөн сүүлийг нь шувтраад яриад байдаг. Эх бие, толгой, хэл амыг нь олж харж чадахгүй,судлахгүй байна. Яах аргагүй шашны дунд дэлгэрэлтийн үе, Хубилай сэцэн хаан, Юань гүрний үед Төвдийн лам нар монголд ирсэн нь үнэн. Сажа Бандид, түүний үеэл Пагва лам Лодойжалцан, тэгээд удаа дараа Сажийн угсааныхан орыг нь залгаж суусан. Тэр үеэс л Буддын шашин монголд орж ирсэн мэтээр ойлгож, ярьж бичээд байгаа юм, манайхан. Өмнөх үеэ огт дурсдаггүй. Ярина гэхээр бариад ярьчих юм байхгүй. Баримт алга. Тэгэхээр бид цоо шинэ баримт гаргаж өглөө. Энэ санаагаа би  хоёр зүйлийн ач холбогдолтой  гэж үзэж байна. Шашны түрүү үеийн дэлгэрэлтийн орныг тогтоолоо. Ингэснээр шашны эртний дэлгэрэлтийн бүдэг бадаг үеийг тодруулахад энэ бол шинэ баримт, шинэ хэрэглэгдэхүүн орж ирж байна. Хоёрдугаарт,  Хүннү гүрний судлалд шинэ баримт гаргалаа. Манайхан Хүннү гүрний  2200 жил гээд байдаг, Ноён уулын булшнаас өөр тоймтой зүйл ярьдаггүй. Бид газар доор байгаагаас гадна хөрсөн дээр ил байгаа, өөрсдийнхөө тархи толгойд байгаа өвгөдийн ном сударт байгаа зүйлүүдийг өнгийж харах хэрэгтэй. Үүгээрээ Хүннүгийн судлалд шинэ хуудас нэмж байгаа болов уу гэж бодож байна.

-Хэлний чиглэлд ч гэсэн шинэ судалгаа гаргаж ирсэн бололтой?

-Бид хэлний мэргэжилтнүүд учраас үгийн гарлын үүднээс судалсан. Хэл зүйн хувьд ийм байх бололцоо байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн үүднээс зөв тогтоож  өгөх  хэрэгтэй. Энэ бол бидний хувьд үүрэг юм. Тиймээс энд учиргүй айхтар тэмээ гэхийг ямаа гэчихсэн юм нь гайгүй  болов уу. Нэлээд баримттай тогтоосон гэж бодож байна.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *