Д.Цэмбэл: Хэлмэгдүүлдэг төрийг би төр гэж хүндэтгэдэггүй

9-р сарын 13, 2012 9:13 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 343

-Н.Энхбаярыг цагаатгахгүй бол ардчиллаас ухарсан хэрэг болно-

Д.БОЛОРМАА

 

Академич С.Нарангэрэлийн бичсэн “Зохиомол хэрэг буюу өмгөөлөгчийн тэмдэглэл” бүтээл  номын дэлгүүрүүдэд бэстселлер болж байна. Улс төрийн зорилгоор МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялласан тухай баримттай  өгүүлснээрээ онцлог гэж зохиогч нь хэлж буй. Уран зохиол, сэтгүүл зүйн салбарт өөрийн орон зайгаа мөнхөлж чадсан Д.Цэмбэл гуайтай энэ номын талаар ярилцсанаа хүргэе.

-Таныг уншигчдын гарт очоод удаагүй байгаа “Зо­хиомол хэрэг буюу Н.Энх­бая­рын өмгөөлөгчийн тэм­дэглэл” номонд аль хэдийнэ дүн шинжилгээ хийж судалсан гэж сонслоо?

-Хүнлэг, өндөр дээд ёс суртахуунтай, шударга, хүний өөдөөс эгцлэн харж чаддаг хүнийг хуульч гэдэг. Хуульч төдийгүй уран бүтээлч хүнд байх ёстой гол чанар бол хүнийг хайрлах, шударга ёсыг эрхэмлэх юм. Энэ чанаргүйгээр ямар ч уран бүтээлч, хуульч салбартаа өөрийн байр сууриа эзлэх боломжгүй.

Тэгвэл энэ эрхэм чанар С.Нарангэрэл гэдэг нөхөрт байгааг ном­ноос нь уншаад мэдэрлээ. Тэрээр бодит үнэнийг өгүүлсэн гайхалтай ном бичсэн байна. Н.Энх­баярыг баривчлахаас өмнөх болон дараагийн үйл явдал, шүүхийн эргэн тойронд гээд бүх үйл явцыг нүдэнд харагдтал баримттай нь тоочжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн зорилготой гүтгэлэг гэдгийг жинхэнэ утгаар нь гаргасан бүтээл болж. Миний харсан амьдрал шиг санагдсанаа нуугаад яах вэ. Яагаад гэвэл баривчилгааг өөрийн биеэр харахаас эхлээд дараа, дараагийн зохион байгуулалттай үйл явдлыг бүгдийг нь үзсэн. Нэг ч гэсэн хүнийг хэлмэгдүүлдэг төрийг би төр гэж хүндэтгэж үздэггүй.  Монголд аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай ярилтгүй.  Өдөр бүр олон аавын хүү, ээжийн охин зам тээвэр болон бусад төрлийн гэмт хэрэгт өртөж амиа алдаж байгаа нь маргашгүй үнэн.  Ийм нөхцөлд төр өөрөө гэмт хэрэгтэн юм.  Яагаад гэвэл ард түмнээ аюулгүй ор­чинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангаж чадах­гүй байна гэсэн үг. Яг үнэндээ, энэ номыг ун­шихаас өмнө Н.Энх­бая­рыг баривчилгаанд өөр дүгнэлт хийж байсан юм.

-Ямар дүгнэлт гэж?

-Түүнийг авлига авч, албан тушаалаа ашигла­сан болохоор баривчилжээ гэж ойлгож байсан. Гэтэл тийм биш  юм.  Гол учир нь улс төрийн зорилготой аймшигтай хэлмэгдүүлэлт байжээ.

Нэхэмжлэгч бас хохирогч байхгүй хэрэгт ялласан байна шүү дээ. Дээрээс нь нотлох баримт байхгүй. Баримт байгаа­гүй гэдгийг С.Нарангэрэл багш ул суурьтай гаргаж өгсөн байна лээ. Ер нь Н.Энхбаярыг яагаад хэлмэгдүүлэв гэхээр 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар дэлгэрэнгүй баримт гаргаж тавьмагц нь баривчилсан. Баримт гаргаж байна гээд шалтаг гаргасан юм биш. 2-3 жилийн өмнөөс гүтгэх арга замаа хайж зарим хэвлэлээр төлбөртэйгээр элдэв зүйлд холбож бичиж  байсан юм билээ. Түүнийг унагахын гол шалтгаан нь энэ хүн улс төрд эргэж ирвэл ноцтой олон баримт дэлгэж магад­гүй гэсэн болгоомжлол. Нөгөө талаас  эрх баригчид улс төрийн хүчтэй өрсөлдөгчөө дарахгүй бол болохгүй гэсэн увайгүй үйлдэл юм. “Хорьсон байхад чи ард түмэнд юу ярьдаг юм бэ” гээд арчаагүй зан гаргасан хэрэг байхгүй юу. Хам­гийн гол нь Н.Энхбаяр ард түмэнд үнэнийг хэлж байсан учраас дургүй нь хүрч хорхойтой араанд нь зуугдсан хэрэг. Түүнийг гүтгэлээ гэж өвгөн би ганцаараа хэлээд байгаа юм биш шүү. Монголын 35 мянган иргэн хэлээд байна. Тэд үүнийгээ баталж “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнд нэгдэж гарын үсгээ зурсан байна лээ. Надад Сүхбаатар дүүргийн шүүх дундад зууны шашны харгис шүүхтэй адилхан санагдсан. Гэхдээ тэдний улс төрийн захиалгат явдалд ард түмэн итгэсэнгүй. Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай хүртэл “Хууль зүйн шинжлэх ухаанд “сагсайдах” гэсэн нэр томьёо оруулбал яасан юм бэ. Гүтгэлэг, улс төрийн зорилготой хэргийг ингэж нэрлэвэл амар юм биш үү” гээд шоглосон байна. Би үнэнийг хэлэхээс айхгүй. Яагаад гэвэл ардчилал надад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг олгочихсон. Би юу сэтгэж, бодож байгаа нь гэмт хэрэг биш. Миний хийсэн хорт үйлдэл төрийн эсрэг байх юм бол гэмт хэрэгтэн болох ёстой. Хэрэв шударга үнэний төлөө үгээ хэлэхгүй юм бол ардчиллаас ухарсан хэрэг болно. Гэхдээ юм нэгээр дуусахгүй нь хорвоогийн жам шүү дээ. Монголын ард түмэн Нийслэлийн шүүхэд итгэж байна. Шу­дарга үнэнийг тогтоох шударга аавын хүүхдүүд Нийслэлийн шүүхэд бий байх. Тэднийг үр хүүхэд нь ард түмний өмнө толгой гудайлгүй явах шийдвэр гаргана гэж итгэж байна.  Н.Энхбаяр бол ард түмэндээ их зүйлийг өгсөн хүн.  Мянганы замаас эхлээд ОХУ-ын их өрийг тэгэлж, бага насны хүүхдүүдийг үдийн цайтай болгосон гээд нийгэмд нэн зайлшгүй байсан олон асууд­лыг шийдвэрлэж чадсан. Ямар сайндаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буштай англиар чөлөөтэй ярьж байгаад Мянганы сорилтын санг санхүүжүүлж чадсан хүн шүү дээ. Ард түмэнд өгсөн хайраараа тэрээр түүхэнд бичигдэх ёстой хүн. Ийм хүний эсрэг төрийн бүхэл бүтэн механизм ажиллаж байгааг ойлгохгүй юм. Н.Энхбаярыг өмөөрч ярилаа гээд намайг түүний хүн гэж ойлгох хэрэггүй. Тэгээд ч би түүнтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон найз, танил тал нь биш.  Яахав орчуулагч, зохиолчийн хувиар танилцаж байсан нь үнэн.

-Тус номонд анхан шатны шүүх шударга бус шийдвэр  гаргасныг бичсэн юм билээ?

-Олигархиуд өндөр үнээр машин худалдаж авч байна. Тэгвэл хэсэг хугацааны дараа тэр ма­шин нь төмрийн хаягдал болно. Харин ном  бол насан туршийн хөрөнгө болж үнэний зууч, мөн­хийн дуу хоолой болдог юм. Номоос уншихад түү­нийг буруутгасан телеви­зийн тоног төхөөрөмжийн тухай тодруулж хэлье. Манай улс Японтой хууль эрхзүйн хүрээнд хамтарч ажиллах гэрээ хэлэлцээр байдаггүй юм байна. Гэтэл АТГ-ын дарга Н.Ганболд хууль бус шийдвэр гар­гуулж авсан байх жишээтэй. Хэрэв асууж тодруулах зүйл байсан бол өөрийн орны  Гадаад харил­цааны яа­манд хандах ёстой байсан. Гадаад харилцааны яам нь Токио дахь Гадаад харилцааны яаманд, тус яам нь дотоод хэргийнхээ яаманд, нөгөөх нь өөрийн орны шашны Агон Шү байгууллагад хандах эрх зүйн дараалалтай байсан. Харамсалтай нь АТГ-ын дарга хууль бусаар харилцаж үнэн, худал нь үл мэдэгдэх бичиг хийлгэж авсан. Үүнийг худал баримт гэдгийг дипломат байгууллагад олон жил ажилласан туршлагатай шинэжээчид батласан байдаг юм билээ. Энэ бол Н.Энхбаярыг ямар нэгэн аргаар яллах гэсэн оролдлого байхгүй юу. Хэрэв манай улс хууль бусаар шашны байгуул­лагатай харилцаж бичиг авсан нь үнэн бол олон улсын хэмжээнд асуудалд орох болно. Агон Шү байгууллагын тэргүүн Н.Энхбаярыг социалз­мийн хатуу цаг үед лам багшид шавиар орж,  буддизмийг эх орондоо түгээн дэлгэрүүлэхэд хувьтай нэмэр орууллаа гэж телевизийн тоног төхөөрөмж өгч байсан юм билээ. Өөрөөр хэлбэл,  “Монголын ард түмэн, сүсэгтэн олонд буддын шашин, соёл, түүх, уламжлалыг сурталчлах телевиз байгуул гээд Гандантэгчинлэн хийдэд өгсөн 119 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр хувьдаа  завшсан гэж ялласан хэрэг юм. Агон Шү гэдэг байгууллага ни­сэх онгоцоор тус төхөө­рөмжийг тээвэрлүүлэхдээ ханди­вын барааны жагсаалтыг япон болон англи хэлээр бичээд хавсаргасан байдаг. Тэр бичигт “УИХ дахь  цөөнхийн бүлгийн дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр танд эдгээр төхөөрөмжийг хан­див­лалаа. Япон улсын буддын Агон Шү байгууллагын тэргүүн” гээд албан ёсны­хоо бланк дээр тамгалаад явуулсан байдаг. Тэр бичгээс юу ойлгогддог  вэ гэхээр хандивласан юм байна. Ингэхдээ манай улсын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц гуай хоёрт Монголд буддын шашныг сурталчлах үйлсэд зориулж хандивласан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Нөгөө талаас хандив­ласан тэр цаг хугацаанд “Иигл” телевиз байгуу­лагдаж Монголд христийг хүчтэй сурталчилж байсан үе. Энэ утгаараа уламж­лалт шашнаа сурталчлах мэдээллийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай учраас үүнийгээ Японы талд удаа дараа мэдэгдэж байсан юм билээ.Зарим хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр Н.Энхбаяр дар­гыг бүхэл бүтэн теле­визийг хувьдаа авсан мэт­ээр ярьж бичиж байна. Тэгвэл Японы хандив­ласан барааны нэр төрөл жагсаалтыг үзэхэд нэг камер, камерийн тул­гуур, батериа цэнэглэгч, бич­лэгийн төхөөрөмж зэрэг хэдхэн тоног төхөөрөмж бий. Телевиз байгуулахад байр, тусгай зөвшөөрөл, боловсон хүчин, хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, телевиз гэдэг чинь урлагийн бүтээл байхгүй юу.

-Та Н.Энхбаяртай зо­хиолч, орчуулагчийн хувьд хамтран ажиллаж байсан уу?

-Хамтарсан юм байх­гүй. Хувийн харилцаа ч байхгүй.  Зөвхөн хэлмэг­дүүлэлтийн эсрэг үгээ хэлж байгаа хүн. Монголд үзэл суртлын хэлмэг­дүүлэлт байж бо­лох­гүй. Энэ бол ардчиллаас  ухарсан хэрэг болно. Түүнийг Монголын ард түмэн хайрладагийн илрэл болох нэг жишээ хэлье. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ өөрийнх нь Тамгын газар ажиллаж байсан албаны даргыг ажлаас нь халсан байдаг. Өнөөх нь түүнийг эрх мэдэлтэй байх үед нь туйлын дургүй гэж жиг­тэйхэн. Гэтэл барив­чилаг­даж байгааг нь харчихаад өөр дүгнэлт өгсөн байна лээ.  Юу гэсэн гэхээр “Түүнд нэг сайн тал байдаг. Эрдэм боловс­ролын хувьд орчин цагийн улс төрч гэж нэрлээд байгаа бүх хүнээс хэдэн зуун хувь илүү. Англи, орос хэлний мэдлэг нь унаган мэт. Төрийн өндөр­лөгүүд гадаадын зочид төлөөлөгчтэй тусгай орчуулагчтай ярилцдаг бол Н.Энхбаярт орчуулагч ямар ч шаардлагагүй. ОХУ-ын Ерөнхийлөгч Пу­тинтай инээж ярьж байгаад их өрийг хүчингүй болгосон хүн шүү дээ. Мөн хүний мөсийн хувьд гайхамшигтай сайн чанартай. Сул тал нь гэхээр хүний үгэнд ороод байдаг юм. Шашны хүн учраас бүх хүнд өгөөмөр нигүүлсэнгүй хандах ёстой гээд ойлгочихсон. Төрийн тэргүүний хувиар биш бурханы шавийн үүднээс өөрийг нь хав шиг тойрч гүйсэн олон хүнд итгэл найдвар хүлээлгэсэн. Гэтэл тэр хүмүүс нь шулмын сэтгэлтэй амьтад байсан учраас эргээд  тал талаас нь нохой шиг дайрсан юм” гэж хэлсэн. Энэ бол маш зөв тодорхойлолт.

-Нэг хэсэг зохиолчид Н.Энхбаярыг өмөөрч байр сууриа илэрхийлж байлаа?

-Яруу найрагч Д.Төр­бат, зохиолч, сэтгүүлч Т.Баасанбүрэн бид гурав үгээ хэлж ирлээ. Яахав, зарим зохиолч маань дөлж зугтаад нүүр буруулсан юм байна. Бид түүнийг өмөөрч хэллээ гээд олох бас алдах юм байхгүй.

-Та “Шөнө дунд сэрээ­нэ” хэмээн хэлмэгдүү­лэлтийн тухай ном бичсэн. Өдгөө Н.Энхбаярын хэргийн тухай ном бичих бодол байна уу?

-Бо­дол байна. Хэлмэг­дэлтийн талаар мэдлэг бий учраас бичихээс өөр аргагүй. Н.Энх­баярыг алдвал хамгийг алдаж, ардчил­лаас ухарсан хэрэг болно. Иймээс иргэнийхээ хувиар хойч ирээдүйд сургамжит зохиол бичиж үлдээх болно.

Нийт: 5 Сэтгэгдэл

Lynell
2016 оны 12-р сарын 1

That’s a genuinely impiessrve answer.

Kalyn
2016 оны 12-р сарын 3

This is just the peercft answer for all forum members

Celina
2018 оны 9-р сарын 24

Unlbvielaebe how well-written and informative this was.

Loryn
2018 оны 11-р сарын 6

That’s an inonuiges way of thinking about it.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *