Д.Трамп Пентагоны эрх мэдлийг нэмэгдүүлжээ

4-р сарын 28, 2017 9:08 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Халуун цэг Уншсан: 11
4-28-3

Н.МӨНХЖИН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ирак, Сирид илгээх америк цэргүүдийн тооны хязгаарыг цуцлахыг Пентагоны (АНУ-ын Батлан хамгаалах яам) генералуудад зөвшөөрчээ. Энэ тухай “Reuters” агентлаг баттай эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Пентагонд энэ мэдээллийг баталсан ч гадаадад үүрэг гүйцэтгэдэг америк цэргийн тоо өөрчлөгдөхгүй гэжээ. “Исламын улс” террорист бүлэгтэй тэмцэхийн тулд орон нутгийн цэрэг, цагдаагийн хүчинд дэмжлэг үзүүлэх, тухайн улс орон дахь америк цэргийн тоог нэмэгдүүлэх шаардлага гарч ирж байна хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яам үзэж байгаа аж.

Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэр Пентагоны эрх мэдлийг ихээхэн нэмэгдүүлж, хязгаарлалтад баригддаг системээс нь чөлөөлж байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Ийнхүү гадаад улс орон, дайн самуунтай бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй америк цэргүүдийн бодит тоо нууцлагдмал байхаар болж байна. “Force Management Level” буюу гадаад цэргийнхээ тоонд хязгаарлалт, хяналт тавих системийг Барак Обамагийн засаг захиргаа Ирак, Сирид хэрэгжүүлжээ. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Сири, Иракт үүрэг гүйцэтгэдэг цэргийнхээ тоог зөвшөөрсөн хэмжээнээс үе үе нэмэгдүүлсээр ирсэн юм. Өнөөдөр албан ёсны мэдээллээр, Иракт 5262, Сирид 503 америк цэрэг байрлаж байна. Гэвч бодит байдал дээр энэ тоо хэдэн мянгаар илүү байж магадгүй. 2017 оны хоёрдугаар сард Афганистан дахь Америкийн цэргийн командлагч, генерал Жон Николсон тус улс дахь америк цэргийн тоог мянгаар нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн Конгресст хүсэлт тавьжээ. Өнөөдөр Афганистан улсад Америкийн 8500 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *