Д.Тогтохсүрэн: Үндэслэлгүйгээр ажилтнаа халсан дарга нөхөн төлбөрийг хувиасаа гаргана

2-р сарын 2, 2017 9:31 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Засгийн газар , Улс төр Уншсан: 8
2-2-1h

С.УЯНГА

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар  УИХын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

Хуулийн гол үзэл баримтлалыг төрийн албыг дархлаатай болгох гэж ойлгож болох уу?

Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Бид 2016 оны сонгуульд орохдоо төрийн албыг тогтвортой болгож, төрийн албан хаагчдын дархлааны тухай хуулийг бий болгоно гэсэн амлалт өгсөн. Иргэд төрийн алба улстөржсөн байна гэж байнга шүүмжилдэг. Нэг нам гарч ирээд хүмүүсийг хоморголон халдгаас болж төрийн алба чадавхигүй болж байна гэх асуудал яригд­даг. Тиймээс төрийн захиргааны жинхэнэ албыг аль болох улстөрөөс хамаарал багатай болгох үүднээс хуулийн төслийг оруулж ирж байна.

Улстөрөөс хамааралгүй болгох гол зүйл бол төрийн албаны шатлан дэвших буюу карьерын систем. Мөн төрийн албаны чадавхийг илтгэсэн мерит зарчимд суурилсан хуулийн төслийг боловсрууллаа. Яаман дээр жишээ авч ярихад төрийн захиргааны албан хаагчдын хамгийн өндөр албан тушаал Төрийн нарийн бичгийн даргыг аль нэг нам ялж гараад өөрчлөхгүй байх тогтолцоог хийж өгч байна. Энэ албан тушаалд очих хүн 16 жил төрд ажилласан байх ёстой. Үүнээс найман жилд нь тухайн яамныхаа газрын даргаар ажилласан байх шаардлага тавина. Ингэснээр мэргэшсэн тогтвортой байх зарчим хангагдана гэж үзэж байгаа. Түүнчлэн улстөрөөс төрийн албыг салгаж өгч байна гэж ойлгож болно.

Төрийн нарийн бичгийн даргыг халж чадахгүй нь. Тэгвэл үйлчлэгчээс эхлээд цөөн жил ажилласан төрийн албан хаагчдын эрх ашгийг энэ хуулиар хэрхэн хамгаалах  вэ?

Байгууллага нь татан буугдсанаас бусад тохиолдолд бүтцийн өөрчлөлт нэрээр халж, солихыг хориглосон. Үг, үсгийг нь өөрчилсөн болоод бүтцийн өөрчлөлт хийдэг. Нэр нь өөрчлөгдсөн мөртлөө үндсэн чиг үүрэг нь хэвээрээ. Тэгвэл байгууллага нь хууль журмын хүрээнд татан буугдсанаас өөр тохиолдолд ажлаас ямар нэг байдлаар өөрчлөхгүй, ажлын байрыг хэвээр хадгалах хуулийн заалтыг оруулсан. Татан буугдсан бол хуулийн дагуу 3-6 сарын тэтгэмжийг нь олгоно.

Төрийн албан хаагчдыг дураараа халж сольдог дарга нарт хуулиар хариуцлага хүлээлгэх үү?

Хариуцлагын хоёр том заалт бий. Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халсан, буруу томилсон эсэхийг Төрийн албаны зөвлөл хянана. Одоогоор зөвхөн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргах хэмжээний эрх мэдэлтэй байгаа Төрийн албаны зөвлөл шинэчилсэн хуулиар ташаа шийдвэрийг хүчингүй болгох юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг нэмж өгсөн. Түүнчлэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтан ажлаас халсан хүнийхээ цалинг хувиасаа төлнө. Нэг нь шүүхдэж цалин аваад, нөгөөдөх нь ажил хийж цалин авдаг  явдал зогсоно. Албан тушаалтан ажилтныг үндэслэлгүй халаад түүнийг нь Төрийн албаны зөвлөл тогтоочихсон бол нөхөн төлбөрийг нь хувиасаа төлнө гэсэн үгИнгэснээр аль нэг хүний буруутай үйлдлийн төлөөсийг төр төлдөг байдал үгүй болж, төрийн албыг хариуцлагажуулж байгаа юм.Хувь хүн хариуцлага хүлээх учраас хүнийг халж солихдоо, шийдвэр гаргахдаа эхлээд бодно. Хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлах учраас шийдвэр гаргагчдыг хариуцлагатай болгож байгаа хэлбэр.

Олон нийтийн зөвлөл байгуулахаар хуульд тусгасан байна лээ. Ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?

Төрийн бус байгууллагаас бүрдсэн олон нийтийн зөвлөлийг бий болгоно. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж иргэдэд хүрч байгаа эсэх, ил тод нээлттэй, хяналттай байж чадаж байгаа үгүйд дүгнэлт хийдэг Олон нийтийн хяналтын зөвлөлийг шинээр байгуулж байгаа юм. Хараат бус ажиллана. Мөн Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын ажлыг Төрийн албаны тухай хуулиар дүгнэдэг болно. Төрийн захиргааны албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн гэсэн  бүлгийг шинээр оруулж ирсэн. Ингэснээр албан хаагчдын ажил үүрэг, түүнийг дүгнэдэг системийг тодорхой болгох юм.

Төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

Нийгмийн хамгааллын асуудлыг хуулиар зохицуулсан. Гэхдээ улс төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудал тус тусын хуультай. Ерөнхийлөгч, УИХын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, ИТХын дарга нар холбогдох хуулийн дагуу зохицуулдаг. Мөн Төрийн тусгай албан хаагчид тухайн салбарынхаа хуулиар нийгмийн хамгааллаа шийддэг. Харин төрийн захиргааны албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна.

Стэндбай хөтөлбөрт хамрагдах асуудал юу болов. Танд тодорхой мэдээлэл байна уу?

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид ирсэн гэдгийг  Сангийн сайд хэлсэн. Засгийн газар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж, Стэндбайд хамрагдах асуудлыг ярих юм байна. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа учраас Стэндбай хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа. Гадаадын тэр дундаа донор орнуудтай харилцахад дэвшил гарна. Харин дотооддоо бол Стэндбай хөтөлбөрийн эерэг үр дүн нь төсвийн зардлыг эрүүлжүүлж, эмх замбараагүй сахилгагүй байдлыг хумьж өгдөг.

Оффшор дансыг хориглох хуулиар танай намын бүлэг завсарлага авсан. Ямар асуудал дээр байр сууриа нэгтгэж чадахгүй байна вэ?

Оффшорыг бид хоёр янзаар ойлгоод байна. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд төрийн албан хаагчид гадаад улсад данстай байхыг хориглосон. Зөвхөн их хурлын гишүүд гэхгүй 38000 төрийн албан хаагч гадаадад данс нээх эрхгүй болж байгаа юм. Хүүхэд нь сургуульд сурах, эсвэл эмчилгээ хийлгэх шаардлагатай болно.

Бид олон талаас нь ярьж байгаад дэлхий нийтэд зарласан 24 оффшор бүсэд данс нээж, мөнгө байршуулахыг хатуу хориглоё гэж ярилцсан. Бусад улс оронд алба, амины шаардлагаар данс нээхийг чөлөөтэй болгоё. Харин хөрөнгө орлогын мэдүүлэгтээ заавал мэдээлнэ. Нээсэн, хаалгасан, хадгалж байгаа  мөнгөө ил тод мэдүүлэх ёстой гэж байгаа юм. Тэгэхгүй бол хэтэрхий хүний эрхийг хааж боож болохгүй. Харин нэр заасан 24 бүсэд албан тушаалтан өөрөө болоод гэр бүлийн хүмүүс нь данс нээж мөнгө байршуулахыг хориглох нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *