Д.Сумъяа: Дотогшоо өнгий, та өөртөө бурхан

8-р сарын 1, 2018 9:25 am Нийтлэгч: Ангилал Соён гэгээрэл , Ярилцах цаг Уншсан: 59
8-1-7

Ч.ҮЛ-ОЛДОХ 

ШУА-ын  Хэл зохиолын  хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн эрхлэгч, доктор Д.Сумъяатай ярилцлаа.

Та Дарь эхийн судалгааг олон жил хийж докторын зэрэг  хамгаалсан хүн. Бас “Дарь эх бол жирийн нэг бүсгүй, эх хүн, ээж юм”  гэсэн утгыг ухааруулсан судлаач. Сүүлийн үед ямар судалгаа хийж байна?

-Дарь эхийн судалгаа олон хэсэгтэй. Түүний нэг хэсэг нь шүтлэгийн зан үйлийн тухай  юм. Энэ талаас судалж, саяхан болсон Олон улсын монголч эрдэмтдийн хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн.  Монголын нэрт эрдэмтэн, төвд судлаач, орчуулагч Л.Хүрэлбаатар багш  маань “Бурхадын утга зохиол” гэсэн сэдвийг 1993 онд надад өгч байлаа. Тэгээд “Бурхадын утга зохиол”-д   бүх бурхадынхыг  гэхээс илүү, Дарь эхийн зохиолыг авч  үзвэл, тэдний шүтлэгийн асуудал хийгээд  бүх төлөөлөл  нь болж чадна” гэсэн. Өөрөөр хэлбэл, “Бурхадын утга зохиол”-ыг Дарь эхийн утга зохиолоор төлөөлүүлэн үзэж болно гэж хэлсэн. Энэ маань  цаашилбал, нийт хүн төрөлхтөнд байдаг шүтлэгийн зан үйл юм даа. Дарь эх бурхан гэж хэн бэ, Цагаан, Ногоон Дарь эх, 21 Дарь эх гэж хэн бэ гээд тус тусынх нь тодорхойлолтыг авч үзэхэд Дарь эх бурхан юугаараа ялгаатай вэ гэвэл  бүсгүй төрлөөр тусыг бүтээдэг бурхан юм. Тэгэхээр нийт бүсгүй төрлөөр байдаг бурхадын тодорхой төлөөлөл нь Дарь эх бурхан  бөгөөд цааш олон салаалдаг. Дарь эх бурхан гурван цагийн бурхадын эх гэж явдаг. Цаашлаад хамаг амьтан зургаан зүйлийн амьтны эх бөгөөд ямар ч цагт буцдаггүй. Цөвүүн цаг ирэхэд бурхад буцдаг бол Дарь эх үлддэг. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд, Дарь эх бурхан  зургаан зүйл, хамаг амьтны  эх. Тэгэхээр ээж нь хүүдээ ямар сэтгэлтэй байдаг юм бэ. Тэр ээжийн сэтгэл, гоо сайхан, бүх үнэлэмж, сэтгэл нь Дарь эх бурханы төлөөлөл юм. Тэгэхээр бурханыг бодож бурханыг бүтээдэггүй, хүнийг харж, хүний сайхныг авч бурханыг бүтээдэг. Эх хүнд байдаг хамгийн нандин, хамгийн сайхан, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн догшин, хамгийн зөөлөн бүх чанар Дарь эх  бурханд байдаг.  Дарь эх бурханы итгэл бол эхийн сэтгэл хүүгээсээ салдаггүй,урвадаггүйтэй адил. Тиймээс шүтлэгийн  хүрээлэл нь өргөн байдаг.

Тэгэхээр Дарь эх бурхан бидний ээжтэй л адил, ижийгээ бодож шүтэж бас болох  гэсэн санаа төрж байна. Шүтлэгийн зан үйлийн талаар  судалгааны явцад ямар зүйлүүд анзаарагдав? 

-Дарь Эхийн шүтлэгийн зан үйл буюу 21 мөргөл, Ногоон дарь Эхийн судар, Ганжуур, Данжуур зэрэг Энэтхэг, Төвд, Монголын номын мэргэдийн олон судар ном бий. Тэдгээрийг авч үзэхэд Дарь эхийн мөргөлийн зэрэг дамжлага, Дарь эхийн уншлага, зүрхэн тарни тоолох, зургаан гишүү тахил өргөх, дөрвөн мандал, залбирал тавих, ерөөл тавих, Дарь эхийг магтах, өлзий гуйж адистэд  оршуулах, түүнчлэн хумх бүтээх, хүрд бүтээх  гэхчлэн бүтээлийн янз бүрийн арга  байдаг. Энэ нь   Дарь эхийн гэсэн нэртэй боловч нийт бурхадыг шүтэх, зан үйл үзүүлэх арга болдог. Бурхадыг шүтэх аргуудыг мэргэжлийн хүмүүс, лам нарын  үйлдэх, эгэл ардын   үйлдэх гэсэн хоёр янз гэж авч үзэж болох юм. Эгэл энгийн ардын шүтэх тарни, аргуудад зүрхэн тарнийг тоолох байна. Дарь эхийн зүрхэн тарни бол “Ум дарэ, даарий дүдарэ, дүрэ суха” гэж маш товчхон байдаг. Үүнийг энгийн ардууд хэн ч хийж болно. Хоёрдугаарт, “ Ум чагцал дулма даарий буу”  хэмээх Дарь эхийн нууц хураангуй тарнийг тоолж болно. Энэ нь харьцангуй адис жанлав авсан хүн хийх үйл  байх. Гэхдээ нэгэнт олонд ил болж байгаа учраас болох юм. Энэ нь зүрхэн тарнийг 10 мянган удаа уншсантай тэнцэнэ гэсэн утгатай байдаг.

Таны илтгэлд дурдагдсан “ Дарь эхийн цанриглах уншлага” гэдэг нь ямар учиртай юм бэ?

 -Энэ бол манайхны  сар бүрийн шинийн 15-нд шашны сургууль, сүм хийдүүд дээр уншдаг уншлага. Ерөнхийдөө  21 мөргөл  шүлгийг орой нар шингэхээс эхлээд дараа өглөөний нар ургах хүртэл уншдаг зан үйл юм. мөн Дарь эхийн илт онох онол гэж бий. Энэ нь аливаа бурханыг өмнөө тавиад нүдэндээ харж, зүрхнийхээ тольтод залах заллага юм. Үүнийг хэн ч хийж болно.

Илт онох онол гэдгийг тодорхой жишээн дээр тайлбарлаж болох уу?

-Жишээ нь, бид В.И.Лениний дүрийг хараад “Ленин багш бүх дэлхийг гэрэлтүүлэн гийгүүлнэ” гэж харж байсан тэр цаг энэхүү Дарь эхийн илт онох онолтой  адил юм. Д.Сүхбаатарын дүрийг хараад “Ард олноо амаржуулна” гэж харж байсан нь ч ялгаагүй. Ганц Дарь эх ч биш бусад дээр энэ онол ижил. Энэ бол эгэл ардын өдөр тутам барьж болох номууд гэж судалгаандаа авч үзсэн байгаа.

Та түрүүнд эх хүнд байдаг бүх чанар Дарь эх бурханд байдаг гэлээ. Хүн бол бурхан, бурхан бол хүн  гэсэн шашны үзэл онол уу?  

-Бурханыг бүтээхдээ бурханыг харж бүтээдэггүй. Хүн төрөлхтөн бурханыг бүтээхдээ  хүнийг харж, түүний сайн сайхан чанарыг авч бүтээж ирсэн. Өөрөөр хэлбэл, хүнд байдаг хамгийн сайхан чанаруудыг харж, дотроо бясалгаж бурхан хэмээх тэрхүү дээд хэмжээний дүрийг бүтээдэг гэсэн үг юм. Монголын ард түмнийг авч үзэхэд тэр ард түмэн доторх сайн сайхан чанарууд бурханд байгаа. Тиймээс ард түмэн бол бурхан байна гэж хэлж байгаа хүмүүстэй би санал нийлдэг. Ард түмэнд байдаг амирлангуй тайван, догшин ширүүн эсвэл зөөлөн дулаан тэр бүх чанар бурханд бий. Тэгэхээр бурханы дүр хүний оюун ухаан дотор байж байдаг. Оюун ухаанаас бүтдэг. Хүн өөрийн дотогш өнгийгөөд үзэхэд бурханд байгаа тэр бүх сайн сайхан чанар, хүч өөрт нь байгаа.

Тэгвэл хүмүүс яагаад бурханы зураг хараад шүтээд, залбираад  байдаг юм бэ?

 -Хүн өөртөө итгэж чаддаггүйд гол учир байна. Иймээс тэнд байгаа тодорхой бурханыг хараад, зурганд шүтээд байдаг. Яагаад гэвэл, өөрийгөө төвлөрүүлж, өөрийгөө  нээж чадахгүй байгаа учраас бурхан захирч байна гэж бодоод байдаг. Тэгвэл бурхан өөр дотор нь, оюун санаанд нь байгаа. Бурханы шашны бусад шашнаас ялгарах нэг давуу тал  нь энэ насандаа хүн өөрөө гэгээрч, бурхан олж болно гэсэн чанар юм. Хүнд өөрт нь бүх бурханд байдаг чанар байдаг учраас түүнийгээ нээж гэгээрч чадвал энэ насандаа бурхан болно гэж үздэг. Энэ бол бүх хүнд адил тэгш  юм. Ингэж үздэг учраас бурханы шашин  маш ардчилсан чанартай, хүнд илүү ойр байдаг. Ийм учраас түгэн дэлгэрсэн  гэж судлаачид үздэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *