Д.Сумъяа 26 насандаа хөдөлмөрийн баатар цол хүртлээ

11-р сарын 2, 2017 10:53 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 11
1-1456

С.УЯНГА

Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяа, Г.Одбаяр нарт төрийн дээд цол, тэмдэг хүртээснийг өчигдөр гардууллаа. Монголчуудын бахархал болсон Олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумьяа 26 насандаа “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонг энгэртээ гялалзууллаа.

Тамирчдад өнгөрсөн баасан гаригт шагнал гардуулах байсан ч хоёр тамирчин Абу Даби хотод Их дуулга тэмцээнтэй байж таарсан учраас өчигдөр ийнхүү цол, тэмдгээ гардан авсан юм.

Д.Сумъяа  жүдо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж эх оронч үзлийг залуу үед үлгэрлэсэн гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлснийг Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.

Мөн 2016 онд Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний гурван удаагийн аваргын амжилт гаргасныг онцолсон байна.

Мөн жүдо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган Олон Улсын Жүдо бөхийн холбооны дэлхийн чансаанд гуравдугаарт эрэмбэлэгдэн, 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний хүрэл медаль, жүдо бөхийн дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медаль, Олон Улсын Жүдо бөхийн холбооны Их дуулга Гран при тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, 2014 оны Азийн наадмын мөнгөн медаль, жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль, 2015 оны жүдо бөхийн багийн ДАШТ-ний хүрэл медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.

Тамирчдад шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Д.Сумъяа 26-хан настай, энэ насандаа ахадмаар одон медаль, тэмцээн уралдааны шагналууд хүртсэн.

Энэ амжилтыг нь Монгол Улсын төр үнэлж байна. Энэ амжилт маш олон өсвөр залуу үеийнхэн, хүүхдүүдэд эх оронч үзэл суулгахад жинтэй үлгэр болох юм. Эх оронч үзлийг дэлгэрүүлж байгаад нь Д.Сумъяагаа давхар урамшуулж байгаа юм шүү.   Г.Одбаярын хувьд 2017 онд Будапештэд болсон ДАШТ-д 73 кг-ын жинд 73 тамирчин оролцсоноос зургаа барилдаж нэг ялагдсан. Хүрэл медаль бол ялж авдаг медаль. Цаашдаа олон залуусыг үлгэрлэж амжилтаа бататгаарай. Токиогийн олимп хүртэл амжилтаа буулгахгүй шүү гэж та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол Улсын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд давхар үүрэг даалгавар өгч байна. Хамт олондоо баярлалаа” гэсэн юм. Төрийн дээд цол хүртсэн хоёр тамирчин гэр бүл, хамт олон ойр дотныхоо хүмүүст талархсан сэтгэлээ илэрхийлж, амжилтаа ахиулна гэдгээ амлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *