Д.Санчир: Байгалийн баялагт суурилсан үндэстний хөрөнгө оруулалтын сантай болъё

10-р сарын 8, 2018 8:28 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 36
10-8-1яты

С.УЯНГА

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Австрийн Венийн их сургуулийн философийн магистрант, философийн магистр     Д.Санчирыг урилаа.

ДУНДАЖ ДАВХАРГА БҮРДҮҮЛЭХ  СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮЗЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Хөгжсөн улс орнуудыг харахад улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого нь нэгэн цул болж хамт явдаг.

Барууны өндөр хөгжилтэй орнуудын улс төрийн түүх нь социал демократ улс төрийн бодлого  төдийгүй өнөөгийн хөгжингүй орны статуст авчирсан байгаа юм. Социал демократ үзлийн гол  зарчим нь нийгмийн баялаг, эдийн засгийн үр ашиг, улс төрийн эрх чөлөөг иргэн бүрт хүргэхийг зорьдог.

Ингэснээр нийгмийн гадна нэг ч хүнийг үлдээхгүй гэсэн үг.  Тухайлбал, евро­пийн орнууд залуу, дунд, ахмад үедээ  хүрч ажиллаж чадаж байна. Залуучуудад боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлж, дунд үеийнхэнд  амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлстэй ажлын байр бий бол­гоно. Харин ахмад үед тэтгэвэр тэтгэмжээр нийгмийн бүх давхаргад хүрсэн  бодлогыг хэрэгжүүлдэг.

Социал демократ үзлийн гол баримтлал нь нэн түрүүнд хүний үндсэн суурь хэрэгцээг хангах юм. Хүн хувцас, хоол, орон гэртээ санаа зовохгүй болж суурь хэрэгцээгээ хангасны дараа бусад зүйлд төвлөрч чадна. Нийгэм ч мөн адил наад захын дэд бүтэц болох зам, барилга, ногоон байгууламж, эрчим хүчээр хангагдаж  байж улс орон тогтвортой хөгжинө. Монгол Улсын хувьд иргэдийнхээ суурь хэрэгцээг хангаагүй мөн дэд бүтцээ хөгжүүлж чадаагүйгээс нийгэмд үүнийг дагасан замын түгжрэл, утаа, ядуурал, замбараагүй хот төлөвлөлт гэсэн асуудал үүссэн. Наад зах нь цахилгаан дулаан, ногоон байгууламжаа шийдэж байж тоос, шороо утаа униараасаа сална. Энэ бүгдийг зөв гольдролд нь оруулахын тулд улс төрийн бодлогоо хөгжлийн бодлоготойгоо холбох хэрэгтэй.

Тухайлбал, Европт  цэвэрлэгч эсвэл үйлчлэгч хийсэн ч амьдралдаа санаа зовохгүйгээр тайван амьдарч чадна. Нийгэм нь хангалуун дундаж давхаргаас бүрдсэн. Ядуурлаас иргэдээ бүрэн гаргаж чадсан. Гэтэл Монголд үйлчлэгч, цэвэрлэгч хийгээд амьдрах бараг боломжгүй. Дээр нь дорд үзэх хандлагатай. Хүн бүрт хангалуун амьдрах боломжийг олгож, нийгмийн сайн сайхныг бүх хүнд хүртээж чаддаг улс төрийн үзэл баримтлалыг социал демократ үзэл гэж байгаа юм.

Барууны орнуудад улс төрийн бодлого нь бодитойгоор иргэдийн амьдралд нөлөөлж өөрчилж байхад манайд улс төрийн бодлогыг хийсвэр зүйл мэтээр ойлгосоор өдий хүрлээ.  Монголд эрх барьж буй улс төрийн гол хүчнүүдийн хувьд АН өөрийгөө либериал харин МАН, МАХН социал демократ үзэл баримтлалтай гэдэг. АН төр барьсан жилүүдэд Монголын амин сүнс болсон чухал үйлдвэр, объектууд хувьчлагдсан. Бүхнийг хувьд гаргачихвал улс орон хөгжинө гэсэн дэлхийд байхгүй бодлого явж ирсэн нь том алдаа болсон.

МАН өөрсдийгөө социал демократ үзэл баримт­лалтай хэмээдэг ч үнэндээ хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг дэмжсэн бодлого л явуулдаг. Социал демократуудын амин сүнс болсон дундаж давхаргыг бий болгох, нийтийн сайн сайхны төлөө ажиллахын төлөө юу ч хийгээгүй. Монголд улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогууд хоорондоо уялддаггүй. Тиймээс социал демократ үзэл баримтлалтай гэсэн мөртлөө либериал эдийн засгийн бодлого явуулж байна. Мөн нийгмийн халамжийн бодлогыг зүгээр сонгуулийн шоу болгоод л өнгөрч байгаа нь харамсалтай.

Бидний үлгэр жишээ болгон авч үздэг скандинавийн орнуудыг голчлон социал демократ үзэлтэй намууд хөгжүүлж байна. Эдгээр оронд Монголд хавтгайрчихаад байгаа халамжийн бодлого нэртэй аманд ч үгүй, хамарт ч үгүй хоосон мөнгө тараалтыг биш жинхэнэ халамжийн бодлогыг төрийн оролцоотой ухаалаг зохицуулалттайгаар хийж байна. Монголд нийгмийн халамжийн бодлого байхгүй. Хүүхдийн мөнгө бол сонгуульд зориулсан амлалт болохоос нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэмжээний  бодлого биш. Дэлхийн бусад орны халамжийн бодлого нь хүүхэд багачууд, залуу үе, ахмад үе, хөдөлмөрчдөд  чиглэсэн, тэдний нийгмийн асуудлыг бүрэн шийдэж чадахуйц хэмжээний байдаг. Ард түмэндээ чиглэсэн нийгмийн бодлогуудаа хэрэгжүүлэх замаар эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээг хэрэгтэй байгаа хүмүүст нь хүргэж ажиллах нь хамгаас чухал. Товчоор хэлбэл, иргэдийн  амьдралыг төр нь батлан даах ёстой.

ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ СЭХЭЭТНҮҮД НЬ АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫН  ЗОЛИОС БОЛСОН

БЛИЦ

Овог нэр: Даваасүрэн Санчир

Төгссөн сургууль 2009 онд МУИС-ийн философийн анги

2011 онд Жонон дээд сургууль Ухаан судлал магистр

2015 оноос Венийн их сургуульд философийн магистраар суралцаж байна.

 

Ажилласан байдал:

2009-2014 онд: Монгол Ухаан судлалын хүрээлэн судлаач

2009-2013 онд: Жонон дээд сургуульд багш

2012-2013 онд: USI дээд сургуульд багш

Хэлний мэдлэг: Герман, Англи

-Монголын нийгмийг өнөөдөр 10/90 гэж томьёолж болохоор. Хүн амын 10 хувь буюу 200-300 мянга нь чинээлэг дээд үлдсэн 2.7 сая нь дөнгөн данган амьдралаа болгож буй доод давхарга болчихоод байна. Сүүлийн 30 жилд дундаж давхарга буюу улс орны гол хөдөлмөрлөх хэсэг нь доод давхаргадаа ууссан. Улаанбаатарт өндөр барилгууд, үнэтэй кофе шопууд бий болж байгаа нь сайшаалтай боловч эдгээр нь хүн амын 10 хувьд л зориулагдсан байгаа нь харамсалтай. Хүн амын 90 хувь нь үнэтэй хоол идэж, хүссэн үедээ кофе шоп орж чадахгүй. Нэг удаа үйлчлүүлэхэд л бараг сарын цалингаа зарцуулах учраас хэрэглээ болгож чадахгүй байна. Бидний тансаг гэж үзээд байгаа зүйлс бусад оронд бол наад захын  л хэрэглээ юм. Ерөөсөө сүүлийн 30 жилийн Монголын улс төрийн бодлого 10 хувь гээд байгаа цөөнхдөө чиглэснээс биш 90 хувиа таг мартсан. Нийгмийн хамаг сайн сайхныг 10 хувь нь хүртэж, 90 хувь нь  бүх хэцүү бэрхийг нуруун дээрээ авч ирлээ. Багш, эмч нар нийгмийн дундаж давхарга байх ёстой атал цалин, нийгмийн хангамжийг нь харахаар  шууд л доод давхаргад орж байна. Эмгэнэлтэй нь дээд боловсролтой сэхээтнүүд нь ажилгүйдэл, ядуурлын  золиос болсон.

Монголд дэлхийн хаана ч байхгүй эцэг өвгөдөөс өвлөн ирсэн хэмжээлшгүй их баялаг байна. Дэлхийн хоёр том эдийн засгийн голд байгаа монголчууд бид баялгаа ухаалгаар эргэлтэд оруулж, зөв ашиглаж чадвал асар их боломж байна. Бид баялгаа зараад идээд суугаад байж болохгүй. Олсон мөнгөө, хуримтлалаа монгол хүнээ боловсруулж, мэдлэгжүүлэх ажилд зарцуулах хэрэгтэй. Жишээлбэл, Монголдоо их, дээд сургууль төгссөн хүн тухайн мэргэжлээрээ гадаадын ямар ч компанид гологдохооргүй болтлоо мэдлэгжиж, чадваржиж байж сая Монголын боловсролын тогтолцоо дэлхийтэй хөл нийлүүлнэ.

Үүний тулд иргэн бүрт ЕБ болон дээд боловсролыг чанартай, хүртээмжтэйгээр олгож иргэнээ чадвар­жуулж, нийгмээ хөгжүү­лэх хэрэгтэй.  Өндөр хөг­жил­тэй орнууд иргэдээ хариуцлагатай, ёс сурта­хуун­тай, чадварлаг бие хүн болгон төлөвшүүлж чадаж байгаа нь иргэн хүн, нийгэм хоёрын хоорондын харилцааг маш үр дүнтэй болгож байна.

Тавантолгой, Оюу­толгой­той монгол хүнээ харьцуулж бодож үзье. Дэлхийн зах зээл дээр нүүрс 240 ам.доллар байхад манайх 10 дахин бага  үнээр борлуулж байна. Үүнтэй адил монгол хүнээ боловсруулж хөгжүү­лэхгүйгээр гадагш нь гаргаж байна.  Боловсорч, хөгжөөгүй хүмүүс гадаадад очоод аяга угаахаас өөр яах юм. Бид байгаа баялгаа хямд зарна бас иргэдээ гадагш нь хямд экспортолж байна.  200 мянган монгол хүн гадаадад хамгийн хямдаар цаг хугацаа, хөдөлмөрөө ашиглуулж байна. Уг нь гурван сая иргэнээ гадагш нь дүрвүүлэлгүйгээр цалин хөлсийг нь хангалуун өгөөд улс орноо бүтээн босгох хэрэгтэй юм. Иргэдээ эх оронд нь тогтоож амьдруулж чадахгүй байгаа Монголын төр эмгэнэлтэй. Монгол орныг зөвхөн монгол хүн л хөгжүүлнэ гэдгийг мартаж болохгүй.

БАЙГАЛИЙН БАЯЛАГТ СУУРИЛСАН ҮНДЭСТНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БАЙГУУЛЖ БОЛНО

-Монголд юу байна вэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Бидэнд асар их байгалийн баялаг, өргөн уудам газар нутаг мөн энэ эх орныг авч явах саруул ухаантай иргэд  байна. Эхлээд өөрт байгаа зүйлсээ хөгжүүлж, үүний дараагаар хөгжлийн бусад боломжийг хайх нь зөв. Үнэндээ Монголын 60 сая малын үр ашиг Европын зургаан саятай л дүйцэж байна. Австралид фермерийн эзэн малаа нисдэг тэргээр хариулж байхад манайхан малынхаа араас явсаар байгаад л залуу насаа үрнэ. Уламжлалаа алдалгүй хадгалах нь зөв. Гэхдээ хүн төрөлхтний түүх тэр чигтээ хөгжлийн түүх байсан гэдгийг санаж, зарим тогтсон зүйлээ өөрчлөхөөс өөр аргагүй. Глобалчлалд  бэлэн байж үндэстний онцлогоо, хүн төрөлхтний ирээдүйтэй холбосон хөгжлийн бодлого боловсруулах нь туйлын чухал. Монгол малын үр шимийг өсгөж байж л бид дэлхийд өрсөлдөх хэмжээнд очно.

Монголыг аж үйлдвэр­жүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн төвүүдээ босгочихоод шинжлэх ухааны паркуудыг байгуулах хэрэгтэй. Монгол Улс геополитик газарзүйн ашигтай байрлалд, томоохон эдийн засгуудын голд оршдог учраас боломж бол их бий. Аз сайтар бэлтгэгдсэн хүнд ирдэг гэдэг шиг бид боломжуудаа ашиглаж чадахгүй бол тэр аз тойроод л явна.

Шинжлэх ухааны парк байгуулахад мөнгө хэрэгтэй. Харин тэр мөнгөө байгалийн баялгаа эргэлтэд оруулж ухаалгаар зарцуулах зэргээр  байгаа зүйлээсээ л эхлээд босгох хэрэгтэй. 10 жилийн хөгжлийн хөтөлбөр боловсрууллаа гэхэд эхний гурван жил хөдөө аж ахуйн парк, дараагийн 3-4 жилд аж үйлдвэр, үргэлжлүүлээд шинжлэх ухааны парк байгуулж болно. Үүнд улс төр, нийгэм, эдийн засгийн зөв үзэл баримтлал, нэгдсэн зорилго байхад хэрэгжүүлж чадна. Одоо бол боломжуудыг нийгмийн цөөнх хэсэг өөр дээрээ авчихаад байна.

Норвеги улс анх 1990 онд газрын тосны орлогоороо хөрөнгө оруулалтын сан байгуулсан ба өнөөдөр дэлхийн хамгийн том үндэстний хөрөнгө оруулалтын сан болон хөгжсөн байна. Хөрөнгө оруулалтын сан нэг  триллион ам.долларын хөрөнгөтэй. Нэг Норвеги хүнд 200 мянган ам.долларын хөрөнгө ногдож байгаа нь гайхамшигтай юм. Үүн шиг Монголчууд бид байгалийн баялагтаа суурилсан үндэстний хөрөнгө оруулалтын сан байгуулж яагаад болохгүй гэж. Хэрэв хөрөнгө оруулалтын сангаа байгуулж чадвал монгол хүн бүр ашиг хүртэж жинхэнэ хангалуун дундаж давхаргаас бүрдсэн эрүүл нийгмийг бүтээж чадна. Иргэнд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого нь бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлдэггүй. Харин ч нийгэм дэх иргэн бүрийн амьдралд бодит нөлөө үзүүлж, тусалж чаддаг. Монгол орныг босгосон ахмад үе, авч явж буй дунд үе, ирээдүйд бүтээн босгох залуу үеэ нийгмийн халамжийн зөв бодлогоор төр нь дэмжиж, хамгаалах ёстой.  Европын орнуудад боловсрол үнэгүй, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй, ажилгүй хүнд ажилгүйдлын тэтгэмж, хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгодог. Тэглээ гээд иргэд нь бэлэнчлээд зүгээр мөнгө аваад суухыг хүсдэггүй. Харин ч өөрт байгаа боломжуудаа бүрэн ашиглаж чадварлаг иргэн хүн болон төлөвшиж байна.

Аль ч улс оронд хүн амын 10 хувь нь сайн сайхан амьдарч чаддаг.  Харин улс төрийн бодлогын зорилго нь нийт хүн ардаа сайн сайхан амьдруулахад  оршдог юм. Монгол хүн бүр нийгмийн баялгаас тэнцүү хүртэж чаддаг. Монгол хүн Монголдоо сайхан амьдарч чаддаг нийгмийг бүтээж чадах гарц бол социал демократ улс төрийн бодлого юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *