Д.Отгонсайхан: Шувуулахуй нь урлаг төдийгүй хамгийн сонирхолтой хобби

10-р сарын 26, 2017 9:28 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 21
10-26-5й

М.БААСАНДЭЛГЭР

Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ч орчин цагт хуучиран мартагдаж байгаа соёлын биет бус өв болох “Шувуулахуй”-н зан үйлийн талаар “Монголын Шувуулахуйн холбоо”-ны тэргүүн Д.Отгонсайхантай ярилцлаа.

Сайн байна уу. Хоёулаа яриагаа “Монголын шувуулахуйн холбоо”-ны үйл ажиллагаанаас эхэлье?

-Манай холбоо анх “Анч шувуу сонир­хогчдын клуб” нэртэйгээр  2000 онд байгуулагдаж байсан. Дараа нь 2005 онд “Монголын анч шувуу сонирхогчдын нийгэмлэг”, 2014 онд “Монголын Шувуулахуйн холбоо” болон хүрээгээ тэлж, одоог хүртэл ажиллаж байна. Бид тасарч, мартагдсан соёл буюу шувуулахуйн соёлыг эргэн сэргээх, олон түмэнд таниулах, бэртэж гэмтсэн шувууг эмчилж байгальд нь тавих ажлыг хийдэг. Шувуулахуйн соёл нь 2011 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн. Түүнээс хойш энэ өдрийг дэлхийн “Шувуулахуйн өдөр” хэмээн тэмдэглэдэг.

Та шувуулахуйн зан үйлийг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Би 16 настайгаасаа эхэлж өөрөө сонирхож, ан хийж эхэлсэн. Шувуу судлаач болохыг мөрөөдөж, уул хадаар явах дуртай хүүхэд байлаа. Болжмор их тэжээдэг байсан. Нэг удаа их том, зэрлэгдүү байрын шувуу бариад, судлаад үзсэн чинь харцага байсан. Тэгээд энэ шувууг сургаад үзье гээд анх энэ ажлаа эхлэж байлаа. Яг одоо манай гэрт нэг идлэг шонхор байгаа. Арванхоёрдугаар сарын дундуур хотоос гаргаж, оготно элбэгтэй газар аваачиж, байгальд нь тавина. Шувуулахуй гэдэг нь урлаг төдийгүй, хамгийн амттай хобби шүү дээ.

Шувуулахуй нь хэдий үеэс үүссэн, ямар утга учиртай зан үйл вэ?

-Эрт дээр үеэс манай өвөг дээдэс анч махчин, дайчин шувуудыг гаршуулан тэжээж, ан ав хийлгэж, олз омог хийхийг “Шувуулахуйн зан үйл” хэмээн түүхэнд үлдээсэн байдаг. Гэхдээ XVII зууны үеэс мартагдаж эхэлсэн. Манжийн дарлалд ороод, түүнээс хойш мартагдаж, алга болж байсан соёлыг 300 гаран жилийн дараа дахин сэргээсэн. Шувуулахуйн соёлыг өвлөн тээгчид маш ховор болсон. Бүргэдийн ав бол хүн амьтан хоёрын хоорондох гайхамшигтай харилцааны нэг бөгөөд одоогоор Баян-Өлгий аймагт энэ уламжлал хадгалагдсаар байгаа.

Одоогоор энэ зан үйлийг хийж гаршсан хэр олон хүн байна?

-Цөөрсөн дөө, Улаан­баатар хотод л хэдхэн хүн бий. Хэн дуртай нь шувуу гаршуулж ан хийж чадахгүй. Манай холбоо залууст заахдаа тэр хүн үнэхээр сонирхолтой байна уу, шувуугаа хайрлаж байна уу, байр орчныг нь бэлдсэн эсэхийг харж байж заадаг. Манай холбоо зургаан гишүүнтэй. Яг шувуугаар ан хийдэг өвлөн тээгч 10 хүн байна даа.

Монголчууд ямар төрлийн шувуу гаршуулж амьтан агнадаг вэ?

-Баян-Өлгийн казахууд бол цармын бүр­гэдээр хамгийн томдоо чоно агнадаг. Монголчуудын хувьд хувьд эгэл шонхор, идлэг шонхор, шилийн шонхор, начин шонхор, цагаан шонхор, зээрд шонхор зэрэг 11 зүйлийн шонхор, мөн үлэг харцага, морин харцага, үрсэн харцага гэсэн харцагууд бий. Ихэнхдээ идлэг шонхор, шилийн шонхор, морин харцагаар ан ав хийдэг. Голдуу ятуу, тогоруу, тоодог гэх мэтийн шувуу, зурам, хамгийн томдоо туулай агнадаг. Эдгээр шувууд нь манай улсын бүх аймаг, сумдаар суурьшсан байдаг.

Шувууг байгалиас нь хэдийд авч, хэрхэн гаршуулдаг вэ?

-Баян-Өлгийн каза­хууд ихэвчлэн нисдэг болохоос нь өмнө үүрнээс нь авдаг. Харин бидний хувьд үүрнээс нь авахыг зөв гэж боддоггүй. Үүрнээсээ эцэг эхтэйгээ гараад нэг, хоёр орчим сар нисээд сурчихсан шувууг авч сургадаг. Ихэнхдээ найман сараас арванхоёрдугаар сарын хооронд байгалиас нь дөрвөн сарын хугацаанд гар дээрээ аваад байгальд нь буцаагаад тавина. Бусад үед шувуу гуужна, үүрээ засна, өндөгөө дарах учраас авч болохгүй. Шонхороо гэртээ авчрахдаа гадаа агаарт том тор, дуулга, тушаа зэргийг урьдчилан бэлдэх хэрэгтэй. Эхлээд тушиж, гарнаасаа хооллож сургана. Түүхий махаар хооллоно. Түүний дараа гар дээрээ суулгаж сургана. Хамгийн хэрэгтэй зүйл бол арьсаар хийсэн, зузаан бээлий юм. Шонхор нь маш хурц, хүчирхэг гурван салаа хумстай бөгөөд, хүний шууг хуга базаж мэднэ. Мөн дүүгэр тоглох буюу хиймэл өгөөш бэлтгэн өглөө орой бүр нисгэж, сургуулилт хийлгэнэ. Дүүгэр тоглох нь бас их нарийн урлаг байдаг. Ингэснээр 14 хоногийн хугацаанд шонхор гар дээр ан хийж сурдаг. Сурсаных нь дараа долоо эсвэл 14, заримдаа сарын зайтай ан хийлгэнэ.

Шувуугаа авахдаа яаж шинждэг вэ?

-Мал амьтан шинжихтэй бараг адилхан. Ихэнхдээ эм шонхор баривал сайн. Яагаад гэвэл биеэр арай том байдаг. Биеэр том гэхээр арай том амьтан агнана гэсэн үг. Мөн толгой нь цагаан, нуруу толбогүй цайвар, залуу шонхор байвал сайн. Нас бие гүйцсэн шонхор хүнд дасна гэдэг хэцүү. Шонхор шувуу байгалдаа 15-20, хүний гар дээр гаршсан тэжээврийн шонхор бол 25 орчим насалдаг.

Байгаль дээрээс шувууг аваад гар дээж тэжээхэд ямар хууль, тогтоомж мөрддөг вэ?

-Хуулийн дагуу бол Монгол хүн соёлын арга хэмжээний зориулалтаар байгалиас махчин шувуу аваад тэжээж, ашиглаж болно гэсэн заалт, эрх зүйн акт бий. Гэхдээ энд маш том нэг асуудал бий. Бидний голчлон ашигладаг идлэг шонхор Араб руу гардаг. Тэр утгаараа экологи, эдийн засгийн үнэлгээ нь маш өндөр буюу 16 сая хүрдэг. Нэг соёлын арга хэмжээнд зориулж ганцхан шонхор барьж сургахын тулд хувь хүн 3.6 сая төгрөг төлөх ёстой. Гэтэл бүргэдэд 87 мянган төгрөг төлнө. Тэгвэл энэ мөнгийг Баян-Өлгийд байгаа 300 гаран бүргэдчид төлж байна уу гэдэг асуудалтай. Гэтэл бид дөрвөн сар нэг шонхор сургаад буцаагаад байгалд нь тавихад 3.6 сая төгрөг төлөх бас хэцүү. Үүнийг шийдэхийн тулд манай холбоо судалж байгаа.

Энэхүү соёлын өвийг авч үлдэхийн тулд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Олон нийтэд сайн сурталчилан таниулах нь чухал байна. Шонхор, харцага шувууг хамгаалах, тоо толгойг нь цөөрүүлэхгүй байх арга хэмжээ авахгүй бол одоогийн байдлаар өндөр хүчдэлийн шон, агаарын бохирдол гэх мэт хүнээс хамааралтай олон зүйлсээс болж олноороо үхэж байна. Соёлын биет бус өвлөн тээгчидтэй уулзаж, хамтарч ажиллах гэсэн ажлуудыг хийх нь эн тэргүүний ажил юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *