Д.Отгондалайгийн багш гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа

12-р сарын 11, 2017 8:47 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 98
12-11-4

Ч.ҮЛ-ОЛДОХ

Спортын төв  ордонд боксын тэмцээн болох бүрт буурал тэргүүнтэй, намхан нуруутай өвгөн ирчихсэн, дэвжээний аль нэг буланд зогсч байх. Яг л  дэвжээний сахиус шиг… Түүнгүй нэг ч боксын тэмцээн болж байсангүй.

“Ингэх байсан юм” гээд тэрүүхэндээ тамирчны хийж чадаагүй цохилт, хийх хөдөлгөөнийг биеэрээ үзүүлээд авах нь хүртэл харууштай. Тиймээс тэмцээн ч бас давхар  үзүүштэй. Энэ хүн бол Олимп, дэлхийн хос медальт, Азийн аварга, Монгол Улсын  гавьяат  тамирчин, энэ цагийн шилдэг боксчин Д.Отгондалайгийн анхны багш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа юм.

Тэрээр сая Спортын төв ордонг уухайн түрлэгт умбуулсан Шилдэг залуу  боксчдын тэмцээнд   Дорнод аймгийнхаа “Талын бүргэд” клубын тамирчид, тус клубын дасгалжуулагч хүү Т.Эрдэнэбаяр нарын   хамт  зөвлөх дасгалжуулагчаар иржээ. Энэ үеэр  “Амьдралын тойрог” амжиж уулзав. Нийтлэлийн маань зочин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа өөрөө боксчин байсан бол  хүү нь өөрийнх нь замаар явсан, өдгөө Өсвөрийн ДАШТ-ий анхны хүрэл медальт Л.Ангараг түүний зээ охин бол хоёр ч ач хүү нь боксоор амжилттай хичээллэж байгаа гурван үеийн боксчин  гэр бүл ажээ.

 БОКСЫН “ДЕРСУ УЗАЛА”

Рио-де-Жанейро хотноо болсон зуны олимпийн наадмын дараа, Дорнод аймгийнхан ард түмэн улаан хивс дэвсэн тосч авсан хүндэтгэлийн хүлээн авалтад баруун гараас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё. Төмөрбатаа, шавь Д.Отгондалай, Б.Эрдэнэбаяр нарынхаа хамт.

Тэр яагаад чимээгүй, даруухан юм бэ гэж үү?  Хийж бүтээснээ зарлаж, цээжээ дэлдээд байдаггүй нь дээхнэ үеийнхний хүмүүжил болов уу. Түүнээс биш  Ё.Төмөрбатаа багш Монголын бокст тамирчнаар гараагаа эхэлж, дасгалжуулагчаар үргэлжүүлсэн цагаас хойш Улсын шигшээ багийн тамирчдын бараг тэн хагасыг нь бэлтгэж өгсөн  гавьяатай. Түүний шавь нараас Ө.Саранхүү, Д.Ган-Эрдэнэ, Б.Энхтайван, Т.Эрдэнэбаяр, Г.Баяртогтох, Д.Отгондалай, Э.Ирээдүй, Э.Идэрхүү, Н.Шинэбаяр, Э.Эрдэнэтуяа, Л.Алтанцэцэг, У.Шинэцэцэг, Л.Ангараг нарын шилдэгүүд Үндэсний шигшээ багийн тамирчин болж, улсынхаа  далбааг дэлхийн тавцанд мандуулж байгаа нь түүний боксын хөгжилд ямаршуухан үнэтэй хувь нэмэр оруулсныг илтгэнэ. Мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтох, сонирхогчийн боксын өмнөх үеийн нэртэй тамирчдаас О.Тулга түүний шавь.  Мөн шавь Э.Сайнбилэг нь  шигшээ багийн дасгалжуулагч байсан бол өдгөө Б.Эрдэнэбаяр, Б.Энхтайван нар шигшээ багийг дасгалжуулж явна. Тийм атал олны дунд чимээгүйхэн уусч, алс холын Дорнод аймагтаа амгалан суудаг нэгэн.  Харин Монголын шигшээ багийн ахлах, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн “Рио-2016” олимпийн наадмын үеэр  Ё.Төмөрбатаа багшийн шавь Д.Отгондалайтай хамт байгаа зургийг нь сошиалд тавьж, “Боксын Дерсу Узала” хэмээн жиргэсэн  нь  тухайн үед олон хүнд хүрсэн дээ. Японы нэрт кино найруулагч, кино зохиолч, продюсер Акира Куросавагийн бүтээл, бүх цаг үеийн шилдэг киногоор нэрлэгдсэн “Дерсу Узала” киноны гол баатар  нэрт анчин Дерсу  Узала даруухан, чимээгүй өнгөрсөн нэгэн бол тэр дүрийг бүтээсэн нэрт жүжигчин Максим Мунзук ч чимээгүй, даруухан амьдралыг туулсан сонин хувь тавилантай. Түүнтэй адилтгасан нь  Ё.Төмөрбатаа дасгалжуулагчийн хэн болохыг  цөөн үгээр тодорхойлчихсон гэхэд болно. Тэр бас Монголын дасгалжуулагчид дотроос анх удаа шавиа олимпод зодоглоход  дэргэд нь байж зөвлөж чадсан азтай багш. Рио-де-Жанейро хотноо болсон зуны олимпийн тэр  наадамд шавь Б.Эрдэнэбаяр  нь Монголын боксын шигшээ  багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж, шавь Д.Отгондалай нь хүрэл медаль хүртсэн нь  ховорхон бас бахархам түүх юм.

Д.Отгондалай: ЖИНГЭЭ ХЭТРҮҮЛЧИХЭЭД БАГШААС АЙГААД ҮХРИЙН САРАВЧИНД НУУГДАЖ ЯВЛАА

“Урд гарт оногдвол алчуур шиднэ шүү”

Багшдаа хэрхэн шавь орсон тухай Олимп, дэлхийн хос медальт, Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай  хуучлахдаа “Би  үндэсний бөхөөр хичээллэдэг байлаа. Нэг удаа  ангийнхаа хүүхдүүдийг дагаад боксын секцэд очлоо. Багш намайг  дуудахаар нь “Биеийн тамирын хувцасгүй  гэж загнах нь уу” гэтэл  “Миний хүү  чинь сайн боксчин болох юм байна” гэсэн. Ингээд боксын секцэд орж, Дорнод аймгийн “Талын бүргэд”  клубын  тамирчин болсон.  2006 онд багштайгаа хамт Залуучуудын шигшээ багт дуудагдан ирж хамт бэлтгэл сургуулилт хийсэн. Намайг энэ хүртэлх амжилтад   хүргэх үүдийг нээсэн   хүн бол Ё.Төмөрбатаа багш юм.  Үүний зэрэгцээ олон сайхан багш, дасгалжуулагч  бий.  Олимпийн наадамд хүртэл багштайгаа хамт явлаа шүү дээ. Нэг хөгжилтэй дурсамж хэлэхэд, би 2006 онд  шигшээ багт дуудагдахын өмнөхөн хот руу тэмцээнд явах  байсан юм.  Гэтэл Цагаан сар таарсан тул бууз идэж, жингээ хэтрүүлчихээд багшаас  айгаад үхрийн саравчинд нуугдаад үлдчихсэн. Ийм байдалтай хоёр ч тэмцээн өнжсөн удаатай.  Спорт гэдэг  амьдралын том сургууль. Хүн болж хүмүүжиж төлөвших, тамирчин болж бэлтгэгдэх хамт явдаг зүйл. Багш минь биднийг хүн болгож, хүмүүжүүлсэн. Ямар ч хүүхдийн эвийг олдог,  хэнийх нь ч урмыг  хугалж гомдоохгүй. “Урд гарт оногдвол алчуур шиднэ шүү”  гэж хэлдэг сэн. Тэр үг нь тамирчин хүний  сэтгэлзүй болоод бэлтгэл сургуулилтад их нөлөөлдөг. Урд гарт оногдохгүйн тулд бэлтгэл сургуулилтаа хийж ирсний үр дүн гарсан. Багш маань  ч бидний төлөө хүнд хэцүү үеийг туулсан, “Портер”-ийн ачаан дээр хэдэн хүүхдүүдтэйгээ суугаад тэмцээнд явна. “Фургон”-д 15-уулаа чихэж суугаад гарна, зардал, хоол хүнсийг  багш л олдог байсан. Энэ бүхний эцэст бид амжилтад хүрсэн” хэмээн   хуучилж сууна.

Боксын түүхэнд үе үеийн шилдэг тамирчид Дорнод аймгаас олноороо ирж байсан түүхтэй. 2007 онд Ё.Төмөрбатаа багшийн шавь нараас  ОУХМ Идэрхүү, Шинэбаяр, Отгондалай нар насанд хүрэгчдийн шигшээ багт зэрэг орж ирж байв. Өөрөөр хэлбэл,  боксын эрэгтэй 10 жингийн гурвыг нь түүний шавь нар ийнхүү эзэгнэж ирсэн юм. Тэгвэл Ё.Төмөрбатаа дасгалжуулагчийн  хүү  Т.Эрдэнэбаяр Шигшээ багаас гараагаа эхэлсэн сайн тамирчин, сүүлд эрүүл мэнийн байдлаас дасгалжуулагчийн ажил руу шилжиж, аавынхаа ажлыг  өвлөж  авсан. Өдгөө түүний бэлтгэсэн гурван эмэгтэй боксчин  Улсын шигшээ  багт зэрэг орж ирэн бэлтгэл, сургуулилтаа хийж  байна. Мөн Дорнод аймгийн эмэгтэй боксын баг хоёр удаа Монгол Улсын аварга болсон амжилтыг үзүүлсэн байна.

Шигшээ багт орох хүртэл тамирчин бэлтгэнэ гэдэг хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын хөдөлмөр зүтгэлийн үр дүн болов уу. Ийм амжилт боксын түүхэнд ч ховор юм.  Ийнхүү   Монгол Улсынхаа, Дорнод аймгийн нэрийг боксын спортоор улс, тив, дэлхий, олимпод гаргаж ирсэн багш шавь хоёрын нутаг, усыг сонирхвол Ё.Төмөрбатаа  дасгалжуулагч Дундговь аймгийн уугуул, Дорнод аймгийн хүргэн.  Энэ нутагт боксын спортыг хөгжүүлэх томилолт авч очоод өнөөг хүртэл тэр л үүргээ 100 хувь давуулан биелүүлж  яваа хүндтэй эрхэм. Д.Отгондалайгийн хувьд, Дорнод аймагт төрж өссөн ч, Сүхбаатар аймгийн гаралтай, гэхдээ “Би Дорнод аймагт төрж өссөнөөрөө бахархдаг” хэмээн  бахархан, омогшиж байдаг  нэгэн.  Боксоор хичээллэж эхлэхэд үеийнхэн нь түүнийг   “Талын хөх чоно” гэж нэрлэж  байсан гээд бичээд байвал сонин, содон түүх намтар ч арвин ажээ.

Ё.Төмөрбатаа: БОКСЫН СПОРТОД Х.АЛТАНХУЯГ НАМАЙГ ДЭЭШ НЬ ӨРГӨЧИХСӨН ЮМ

Цагаан сараар бууз идэж, жингээ нэмчихээд багшаасаа айхдаа үхрийн саравчинд нуугдаж явсан хүү 13 жилийн дараа Олимп, дэлхийн хос медальтан, Азийн аварга болжээ.

Ё.Төмөрбатаа багш  анх хөл бөмбөгөөр хичээллэж, шигшээ багийн  муугүй  тоглогч  байж. Найз нь боксын спортод нэртэй  “Мөнгөн” Гомбо. Нэг сургуулийн хоёр хожим цэрэгт хамт явж, сүүлд боксын секцэд  хамт хичээллэжээ. Найз нь “Замчин” нийгэмлэгт дасгалжуулагч хийж байхдаа 1971 онд  “Улаанбаатар хотын боксын  аварга шалгаруулах  тэмцээнд ор” гэж шахсаар 60 кг-д оруулчихаж. Тэр тэмцээнд Монголын боксын домогт тамирчдын нэг, өдгөө Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Алтанхуяг ид залуу, дөнгөж Азийн аварга болж ирээд байсан үе. Х.Алтанхуягт зодуулах нь гэж айж явтал хоёул өөр зонд орсон тул учраа тааралгүй явсаар финалд тоглох болж. Ингээд нүдээ аниад зодолдчихож. Х.Алтанхуяг ялж, би  ялагдсан ч тэр тэмцээн  надад алдар  нэр авчирсан. Би чинь аавтайгаа өссөн хүн шүү дээ, ээжийгээ сайн мэдэхгүй. Боксын тэмцээнд орох гэж байгаагаа  тэр үед аавдаа  хэлээгүй орой гэртээ харьтал зурагт үзчихэж, “Миний хүү яасан мундаг зодолддог болчихоов. Чи чинь хөл бөмбөг тоглоод байсан, тэрийгээ яасан бэ гээд угтсан.  Би “Гомбо маань шахаад байхаар нь орчихсон чинь  ийм боллоо” гэсэн хэмээн хуучлав.  Тухайн үед цэргээс ирээд удаагүй,  илчит тэрэгний депод мужаанаар дөнгөж ажилд ороод байсан  залуу ийнхүү бокс руу оржээ. Түүний анхны багш нь  Барилгачны районы Д.Сэрээтэр дасгалжуулагч байж. Түүнээс хойш Бүх ард түмний спартикиад, Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс медаль хүртэж шаггүй амжилтуудыг гаргажээ.   1983 онд, тухайн үеийн БТСХ-ны дарга Лувсангомбын Батхуяг Дорнод аймагтаа боксын спортыг хөгжүүлэх хүсэлтийг дээд байгууллагадаа тавьснаар тус байгууллагын томилолтоор Дундговь аймгийн хүү, Дорнод нутгийн хүргэн спортын мастер Ё.Төмөрбатаа Дорнодод очиж,  боксын спортыг  түүхэн хуудсыг эхлүүлжээ.

“ДОРНОДООС САЙН БОКСЧИН ТӨРНӨ, ТЭР ЧАНАР ЦУСАНД НЬ БАЙГАА ЮМ”

Монголын шилдэг залуу боксчдыг шалгаруулах тэмцээнд оролцсон “Талын бүргэд” клубын тамирчид, хүү ОУХМ, дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр, ДАШТ-ий хүрэл медальт зээ охин Л.Ангараг нарын хамт.

Ё.Төмөрбатаа багш  Дорнод аймагт очоод 1984 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохиотол, залуус дүрэмгүй зодолдсон тул  зогсоосон түүхтэй. “Бокс чинь  урлаг”  гэж тайлбартал тал талаас нь чавхаар харваж, буриад залуус олуул нийлж зодох ч юм болж. Гэрт нь ирж үүдийг нь тогшоод хаалга нээгээд өгтөл зөрүүлээд хутгалсан ч явдал гарч. Түүнээс хойш Дорнод аймагт боксын спортыг эрчимтэй хөгжүүлж, чанга гараар барьсан нь Монголын бокст  олон олон “Талын бүргэд”-ийг төрүүлж  гаргаж иржээ. Тэр тухайгаа “Дорнодын буриадууд зоригтой, цөстэй. Ганцхан тэднийг сургаж, зөв чиглүүлэх л хэрэгтэй. Дорнодоос сайн боксчид  гарна” хэмээн нийтлэлийн баатар маань хэллээ. “Талын бүргэд”-үүдийн зориг чанга, амжилт өндөрт байг.  Монголын бокс мандтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

АМАА
2017 оны 12-р сарын 13

Төмөрөө багшдаа амжилт хүсэж эрүүл энх урт удаан наслаарай гэж ерөөх байна.

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Buy Generic Levitra From India Online cheap cialis online Canada Cildentifil For Sale Non Prescription Viagra Generic Priligy Cuanto Cuesta

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *