Д.Одгэрэл: Би нөхрөөсөө салаагүйсэн бол ийм гоё бүтээлүүд төрүүлэхгүй байсан

10-р сарын 1, 2012 2:16 pm Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 1925

Д.Мягмар

Цаасан урлалаар эзэгтэй нарыг гэрт нь уях аргыг дэлгэрүүлж яваа ухаалаг бүсгүйтэй “Мишээл экспо”-д болсон намрын үзэсгэлэнгийн үеэр танилцсан юм. Түүний бүтээлүүд сэтгэлээс гарч өгөхгүй уяаатай өнжсөөр л. Эргэн уулзах хүслийг тээсээр нэг л өдөр түүн рүү утас цохилоо. Цаасан урлалаар элдэв зүйл урлах дуртай тэр бүсгүйг Д.Одгэрэл гэх. Гэр ахуйн төрөл бүрийн бүтээлийг зөвхөн  цаасаар урлаж орчноо тохитой, бас өнгөлөг, сонин содон эдээр чимэх түүний хүсэл олон хүнд таалагдсан байна лээ. Ямартай л тэрээр анх удаа “Мишээл экспо”-д болсон үзэсгэлэнгээс үзэгчид, “Хэрэгчлэгчдийн хамгийн их таашаалал хүртсэн бүтээл” гэсэн шагналыг хүртжээ. Түүнтэй амьдралыг яаж  сонирхолтой болгож, өдөр, цаг минут бүрийг хэрхэн баяр баясгалантай, үр ашигтай өнгөрүүлэх талаар хөнгөн яриа өрнүүллээ.

-Ямар мэргэжлийн хүн байж та цаасанд “дурлаж” хайр зарлачихав. Цаасан урлалтай яаж яваад “ханилсан” нь сонин санагдлаа?

-Би хэдэн жилийн өмнө Солонгост ажилладаг байсан юм. Амралтын өдрөөрөө нэгэн дэлгүүрээс салдаггүй байлаа. Тэр дэлгүүр даавууны өөдөс, сонины цаасны хаягдал, баримал, шаар зэргээр элдэв сонин зүйл урлаж чимэглэсэн зүйл зардаг байсан. Тэнд ч элдэв сонин юм хийдэг клуб олон бий. Өөрийн эрхгүй сэтгэл татагдаад тийшээ гүйдэлтэй болсон. Харин азаар тэндхийн эзэн миний сэтгэлийг татаад байгаа сонин зүйлийг хэрхэн урладаг талаар хоёр өдрийн сургалтыг 50 мянган воны төлбөртэйгөөр хичээллүүлсэн. Ажлынхаа хажуугаар амралтын өдрүүдэд тэр сургалтад сураад юм хийхэд амархан санагдсан. Миний үндсэн мэргэжил өөр л дээ, гэхдээ олон бий. Оёдолчин, тогооч, цаасан урлалаар бүтээл хийдэг гээд нэрлээд байвал урт жагсаалт гарна. Тэндээс анх санаа авч Монголдоо эргэн очихоор ийм л зүйл урлая байз гэж бодох болсон. Баримлаар ч гэсэн элдэв зүйл хийж сурсан.

  -Цаасаар бүтээл урлана гэхээр нэг л сонин санагдаад. Яг л зурсан зураг шиг харагдах юм. Цаасаа хаанаас авдаг вэ?

-Манайд цаас ховор. Урагшаа хааяа нэг хүнд захина. Тэндээс их гоё өнгийн цаас ирдэг юм. Гэхпээ монголд ийм цаасны олдоц тааруу. УИХ дэлгүүр,  өндөр үнэтэй газраас цаасаа авна. Эргээд очихоор дуусцихчсан байх жишээтэй.

  -Үзэсгэлэнд гаргасан таны содон бүтээлүүд хүмүүсийг ихээр татаж харагдсан. Хэчнээн бүтээл дэлгэсэн бэ?

  -Арав гаруй бүтээлээ жаазалсан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байсан. Зогсоо, чөлөөгүй хүмүүс яаж хийв, юугаар хийдэг юм бэ гээд л асуугаад, завгүй өнжих сайхан байсан шүү. Харин сонины цаасаар ваар, элдэв сав, таваг гэх мэтээр гэр ахуйн хэрэглээний зүйл хийхэд бат бөх, бас хөнгөхөн болдог юм. Эмэгтэйчүүдийн гоёл чиймэглэлийн зүйлч урлана. Тэр нь захиалга ихтэй. Гар урлал, дахин давтагдахгүй гоёл, чимэглэл гэдгээрээ тэгж хүүхнүүдийн сонирхол татдаг байх. Үзэсгэлэнгийн үеэр 10 гаруй ээмэг, зүүлт борлуулсан. Хүмүүс өөрсдийн хувцасны чиг хандлагатай тааруулаад захиалга өгч байсан. Гэрлийн бүрхүүл, гал тогтооны хэрэглэл нэг янзын уйтгартай байж болохгүйг би бусдад сануулах гэж ойролдож байна.

-Уярмаар, дурламаар, хайлмаар зүйлийг таны бүтээлээс хардаг. Хүмүүс таны бүтээлийг үзээд юу гэж хэлдэг вэ?

-Цаасан урлалд шамдахад хэцүү юу. Заагаад өгөөч. Та тусгай хөтөлбөр гаргаад бидэнд заагаад өгөөч гэж олон эзэгтэй хүсдэг юм. Гэрийн эзэгтэй гарын дорх материалаар өөрийн гэрээ гайхалтай донжтой болгож, бас халуун дулаан орчныг бүрдүүлнэ шүү. Дахин давтагдашгүй зүйлийг эр, эм, хөгшин залуугүй сонирхдог.

-Таны цаасан урлалын ажлыг хүмүүст зааж өгвөл хурдан сурах уу?

-Тийм хялбар сурчихаар ажил биш л дээ. Гэхдээ сэтгэлээ дэвсэж сонирхсон хүмүүстээ бол хялбар үйл юм. Цаас олдохгүй бол гоё өнгийн сальфетикийг ч ашиглаж хийнэ. Хүмүүс гэр орноо янз бүрээр чимэглэж болно. Тэр тухайн хүний сэтгэлээс л шалтгаалах зүйл.

-Гэр орон гэснээс ажлын байраа, байгууллагаа хэрхэн гоё болгох талаар таньд шинэ санаа байдаг уу. Ажил хүний хоёр дахь гэр шүү дээ?

-Эмийн сан, ресторан, дэлгүүр, буудал, баар, саун, компаниуд хүмүүст үйлчилдэг газар тул тэдний сэтгэлийг татах зүйлтэй, нүд хужирлах бүтээлтэй байх ёстой. Өөрсдийн үйлчилгээний онцлогийг харуулсан сайхан бүтээл ч хүнд амьдрах, урам зориг өгдөг юм. Ядаж л хүлээлгийн танхимд нь хүнд баяр баясгалан бэлэглэх, анхаарлыг нь татаж, шинэ санаа өгөх зүйл өлгөөтэй байвал зүгээрсэн.

-Гар урлалын бүтээл гэдгээрээ нэлээн үнэтэнй байдаг уу?

-Уг нь тийм байх боломжтой. Гэхдээ би нэг их үнэрхээд байдаггүй. Опоохондоо ажлын хөлсөө шингээсэн болоод л гаргадаг. Хүмүүс гэртээ цаасан ваар, гэр чимэглэх зүйлс худалдаж авах дуртай байдаг. Ядаж л хүүхэд нь хагалаад гар, хөлөө зүсчихгүй гэх мэтээр аюулгүй талаа боддог бололтой. Өндгөөр цэцэг хийж 10 мянган төгрөгөөр үнэлсэн. Хүмүүст нэлээн таалагдсан. Юу ч үлдэхгүй борлогдсон. Бүтээгдэхүүнийхээ борлуулалтын судалгаанаас харахад 10, 20 мянган төгрөгт багтсан бүтээл борлуулат сайтай. 100 мянга гараад ирэхээр үнийг нь асуугаад л яваад өгдөг юм.

-Ажлын байраа олсон уу. Ийм бүтээл хийдэг хүмүүс голдуу гэртээ үйл урладаг тал бий?

-Хүмүүс намайг хурдан ажлын байртай бол. Очиж юм худалдаж авмаар байна. Бүтээлийг чинь үзэж байгаад захиалга өгье, заалгая гэж шаардаж байгаа. Маргааш сайн өдөр болохоор би ажлын байраа нээхээр төлөвлөсөн. Хажуугаар нь хмүүст сургалт өгөхөөр их бүтээл гарах байх. Цаасан урлал маань чимхлүүр нарийн ажил тул залхуу хүмүүст тохирохгүй. Зориулалтын 35 ширхэг цаасыг өвөрмонгол хүнд захиж урдаас авчруулсан. Чухал бүтээлээ тэр зориулалтын цаасаар хийж байгаа.

-Сая болсон намрын үзэсгэлэнгээс хоёр цом авсан гэсэн. Ямар төрлөөр шагнал хүртэв?

-Үзэгч, худалдан авагчдын хамгийн их таашаал, сайшаалыг хүлээсэн бүтээгдэхүүн гэсэн шагнал хүртсэн. Шинэ содон бүтээгдэхүүн гэсэн шагналын цомыг бас гардсан. Хүмүүс “Энэ хэний танил болоод гэнэт гарч ирээд шагнал бөөндөөд байна” гэж ирээд л ярьж байсныг дуулаад инээд хүрч байлаа. Намайг ийм их ажлын эрч хүчтэй болгож өгсөн нөхөр, хадам ээж хоёртоо баярлалаа гэж хэлмээр байна. Барыг урлахад дөрвөн өдөр, шөнө болж байж дуусгасан даа. Харин энэ тогосыг хоёр өдөр, шөнө хийлээ. Чимхлүүр ажил ихтэй тул элдэв зүйл бодож, сэтгэл санаа үймрэх завгүй сайхан байдаг юм. Хийж буй бүтээлээ яаж чанартай, чамин болгох вэ. Хүний сэтгэлд яаж үлдээх зүйл хийх вэ гэж толгойгоо гашилгахад сэтгэлд элдэв муу бодол орохгүй цаг хугацаа ч амархан өнгөрдөг юм.

-Танай гэрийнхэн ажлыг тань ойлгож, дэмжиж туслаж ирсэн байх, тийм үү?

-Үгүй. Би зургадугаар сард гэрээсээ хөөгдсөн юм. Нөхөр маань ээжтэйгээ нийлээд “Мөнгө олдоггүй. Гуйлгачин юм байна. Чи одоо энэ гэрээс зайл” гэж хэлээд намайг хөөж гаргасан. Би солонгост ажиллаж байхдаа л нөхөртэйгөө танилцаж гэр бүл болсон. Тэнд байхдаа энэ хүмүүсийн зан чанарыг нарийн судлаж, таних боломжгүй л ажил, гэр гэж гүйж байжээ. Удаад ирэхээр жаахан мөс муутай айлын бэр болсноо мэдсэн дээ. Өнөөдөр тэдэнд хөөгдсөн шарандаа л би ингэж учир, утгатай амьдарч, өдөр, шөнөгүй дуртай зүйлээ хийж ажиллаж амжилтад хүрсэн. Шинэ ажил эхлүүлэх зориг орсон байх. Та хоёр баярлалаа. Намайг гэрээсээ хөөсөн явдалд. Би нэг охин, нэг хүүтэйгээ алзахгүй л явна. Миний охины ангийнхан, найзууд, багш нь орж ирээд ажилд маань туслана. “Ямар сайхан ажил хийдэг юм бэ” гэж надад урам өгдөг юм. Тэр урмаар л би өнөөдөр утга, учиртай амьдарч байна даа. Би нөхрөөсөө салаагүй бол ийм гоё бүтээлүүд төрөхгүй байсан. Миний хийж буй ажлыг дэмжиж, урам өгдөг бүх хүнд баярлалаа.

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Amlopres Productos Kamagra Which Store Has Cheap 75 Mcg Synthroid cialis vs viagra Trouver Kamagra France

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *