Д.Миеэгомбо: УИХ баталсан тогтоолоо эргээд цуцалж болно

8-р сарын 20, 2015 1:32 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 95
527-14377097317-24-6_700x700

Д.ЦЭЦЭГ

Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Д.Миеэгомботой ярилцлаа.

-УИХ-аас баталсан “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай” 75 дугаар тогтоолтой холбоотой танай намаас ажлын хэсэг гаргаж ажилласан гэсэн. Ажлын хэсгийнхэн ямар дүгнэлтүүд хийсэн бэ?

-Энэ тогтоолын хувьд хууль зүй, эдийн засаг, байгаль орчин экологитой холбоотой гурван үндсэн асуудал бий. Эдийн засгийн үр өгөөжийн талаасаа ашиг багатай. Учир нь Чөлөөт бүсийн тухай хуульд дэд бүтэцтэй байх ёстой, дэд бүтцийг богино хугацаанд байгуулж, тэр нь эргээд ашгаа богино хугацаанд өгөх тийм газар чөлөөт бүс байгуулах хуулийн үзэл баримтлал заалт байнаа. Гэвч энэ нь аль ч талаараа нийцэхгүй байгаа. Тухайн газар нь төв суурин газраас алслагдмал, 1000 гаруй км-ийн цаана байдаг. Дээрээс нь зам, цахилгаан эрчим хүч, инженерийн шугам сүлжээгүй, хөрш орнуудын зах зээлээс ч хол газар шүү дээ. Хоёрдугаарт, чөлөөт бүс байгуулсан тохиолдолд татварын асуудал огт байхгүй. Өөрөөр хэлбэл, бид олон төрлийн татвар авч чадахгүй гэсэн үг. Орлогын албан татварыг 10 жилээр 50 хувь хөнгөлөх жишээтэй. Дээрээс нь бүтээгдэхүүн гаргахад экспортын татвар байхгүй. Мөн Засгийн газраас жил бүр ажиллах хүчтэй холбоотой тодорхой квот тогтоодог. Үүнээс үүдээд тодорхой квот байхгүй буюу ямар нэгэн хязгаарлалтгүйгээр гаднынхан орж ирж ажиллах боломжтой. Визтэй улс орнуудын хувьд визгүй зорчих боломжтой.

-Эдийн засгийн үр өгөөж ашиггүй гэдгийг хэрхэн тооцсон бэ. Тэнд байгаа 500 мянган га газрыг харин ч эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой баймаар юм?

-Ер нь гол санаа нь тэнд 500 мянган га буюу атар газар хагалах гэж байгаа болов уу. Монголын хуулиар атар газар хагалах нь хориотой. Зайлшгүй шаардлагатай бол Засгийн газрын зөвшөөрлөөр 100 га газрыг усжуулалтын системтэй тохиолдолд эрх олгож болох хуулийн заалт бий. Гэвч 75 дугаар тогтоолыг гаргаж, баталж байгаа арга хандлага, оролцож байгаа хүмүүсийн хэлж байгаа тайлбар зэргээс харахад зорилго нь тодорхойгүй байна. Салбарын сайд нь болохоор ашигт малтмалын лицензээс хамгаалах гэж байгаа гэсэн тайлбар хийсэн. Энэ тохиолдолд олон арга зам байгааг бид хэлж байгаа. Экологийн талаасаа дэлхийд үлдсэн сүүлчийн Хялганат хээр нутаг гээд онцлог бүхий газар. Тухайлбал, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, хамгаалах эсвэл дархан цаазтай газар болгож болно шүү дээ. Байгалийн нөөц газрын хувьд хэд хэдэн ангилал байдаг. Үүнийг харгалзахгүй шууд шийдвэр гаргаж байгаа нь хачирхалтай. Дорнод аймагт Засаг дарга нь Засгийн газрын төлөөлөл болоод ажиллаж байна. Үүгээр дамжуулаад Засгийн газар бодлогоо чөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой. Энэ мэт боломж байсаар байтал хэрэгсэхгүй байгаа нь шууд хэлэхэд хардлага төрүүлж байна.

-Чөлөөт бүстэй холбоотой гадаадын иргэдийг олноор ажиллуулах нь эргээд Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй байх. Энэ тал дээр хуулийн талаасаа ямар ч зохицуулалт байхгүй хэрэг үү?

-Гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хууль бий. Уг хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэд манай улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн хязгаарлалт байдаг. Тэр дундаа нэг үндэстний тоо нэг хувиас хэтрэхгүй байх заалттай. Энэ хязгаарлалтууд тэр газар огт мөрдөгдөхгүй байх жишээтэй. Үүний зэрэгцээ байгаль, эко­ло­­гид учруулах хохирлыг урьдчилан судалж, тооцоолсон зүйл ч огт байхгүй. Өөрөөр хэлбэл, ямар ч судалгаагүй, байгаль орчны нарийвчилсан дүн шинжилгээгүй энэ шийдвэрийг гаргасан. Мөн тэнд байгуулагдах аж ахуйн нэгжүүдийн цар хүрээг  тогтоосон нарийн судалгаа, мэдээлэл байхгүй. Тухайн бүс нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хэдэн хувийг эзлэх, ямар ногоо тариалах гээд нарийвчилсан судалгаа алга. Хүнс, хөдөө аж ахуйн яам бодлого боловсруулж байгаагийн хувьд үүнийг зайлшгүй хийлгэсэн байх ёстой. Ерөөсөө өглөө босонгуутаа бодож хоносон зүйлээ хэрэгжүүлээд явж байгаа нь үнэхээр харамсалтай. Ерөнхийлөгч Өршөөлийн хууль дээр ямар хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж байна. Гэтэл газар нутгаас нь ийм хэмжээний газар нутгийг тасдаад авч байхад үүнд огт чимээгүй хандаж байгаад нь гайхаж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хөгжиж байгаа болон ядуу буурай орнуудын газрыг түрээслэх замаар газрын ашиг шимийг нь сорж мөлждөг. БНХАУ бол үүний хамгийн том тод жишээ. Тухайлбал, Конго улсын дөрвөн сая гаруй га газрыг нь түрээслэдэг байх жишээтэй. Манай улс ч гэсэн үүний араас орчих вий гэсэн болгоомжлол байна. Хоёрдугаарт, түрээсийн харилцаа манайд байдаггүй. Харин Хятад улсад газраа түрээслүүлж байгаа улсууд өндөр хэмжээний түрээс авдаг. Манайх хууль эрхзүйн хувьд ийм харилцаа байдаггүй. Тиймээс чөлөөт бүс гэдэг халхавчин дор энэ үйл ажиллагааг эхлүүлж байна гэж харж байгаа. Энэ нь цаашлаад тусгаар тогтнол,  аюулгүй байдлын төвшингөө бууруулж, эрсдэлд оруулж байгаа хэлбэр.

-УИХ энэ тогтоолыг нэгэнт баталчихлаа. Тэгэхээр цаашид энэ асуудлыг зөвөөр шийдэх ямар арга зам байгаа гэж?

-Баталж болсон юм чинь цуцалж болно. Хууль зүйн боломжууд нь байна. Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг анхааралдаа аваад явахад шийдэл байгаа. УИХ өөрөө ч гэсэн хүчингүй болгож болно. Бид олны анхаарлыг хандуулах гэж асуудлыг гаргаж тавьсан. Цаашид шат дараалсан арга хэмжээ авна. УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэцэд хандаж, шаардлага хүргүүлнэ. Хуулийн дагуу бүхий л хэлбэрээр ажиллаж, эцсийн үр дүнг нь үзнэ. Олон нийтийн зүгээс ч тодорхой дэмжлэг байна. Ард түмэн хэзээ ч гэсэн хар цагааныг ялгадаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Karsen
2016 оны 12-р сарын 2

I found myself nodding my noggin all the way thoghru.

Independence
2016 оны 12-р сарын 3

TYVM you’ve solved all my prlbmeos

Lexus
2017 оны 1-р сарын 31

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *