Д.Хоролдамба: Монголчууд бид сэтгэлийнхээ галыг асаах цаг болжээ

12-р сарын 4, 2015 10:32 am Нийтлэгч: Ангилал Соён гэгээрэл , Ярилцах цаг Уншсан: 282
12-4-1h


Д.БОЛД

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 795 жилийн ой болж байгаатай холбогдуулан Хархорум  нийгэмлэгийн тэргүүн, түүхийн ухааны доктор Д.Хоролдамбатай ярилцлаа. Тэрээр Монгол Улсаа босгож, хөгжүүлэн мандуулахын эхлэл, билгэдэл болгож Хархорумыг нийслэл болгон, монголчууд үндэсний бахархлаа босгож, хөгжилдөө бүтээлчээр хандах санал дэвшүүлэн 20 жилийн туршид өөрийн санаачлагаар судалж, сурталчилж олон арван ном, зохиол, өгүүлэл, ярилцлага нийтлүүлэн Хархориноор дагнан мэргэшсэн эрдэмтэн юм. 

Та Улсын нийслэлийг Хорхоринд шинээр байгуулах ёстой гэж анх дуугарч, нилээд хэдэн жил хөөцөлдсөн хүн. Таныг 1996 оноос Хархориныг нийслэл болгох УИХ ажлын хэсгийн нарийн бичгийн дарга гээд явж байсныг мэдэх юм. Яаж яваад Хархориноор “өвчилсөн” хүн бэ? гэсэн асуултаар яриагаа эхлэх үү?

12-4-1-Манайх 1981 онд Арвайхээр хотоос Хархорин луу шилжин нүүж Хархорины айл болсон юм. Бид Хангай ханы өвөр, Орхон мөрний хөвөө,  Их Монгол улсын нийслэл Хархорум хотын туурь, Эрдэнэ зуугийн шүтээний  дэргэд өсч торнисон хүүхдүүд. Манай сургууль Хархорум хотын дэргэд байсан болохоор Хархорумын туурь, Эрдэнэзуу руу үе үе гүйчихдэг байлаа. Бидний тоглодог тэр газар  Хархорум гэдэг том хот байсныг багш нар, аав ээжээсээ мэдэж, ямар хот байсан бол гэдгийг сэтгэлдээ төсөөлж, тэр хотыг босгохсон гэж дүрслэн зурж, мөрөөддөг  байв.

Багын мөрөөдөлдөө  хөтлөгдөж явсаар Хархорум судлаач болжээ дээ?

Хархорумын талаар ном зохиолууд бага сага бичсэн юм шиг санагддаг байв. Энэ талаар бага зэрэг ойлголттой болж дунд сургуулиа дүүргээд хөдөө суманд байгуулсан монголын анхны их сургуулийн түүх, археологийн ангид 1992 онд элсэн суралцсан. Монголын алдарт археологич эрдэмтэн Д.Наваан, нэрт архитектор Б.Даажав, урлаг судлалын профессор Ринченсамбуу, аугаа эрдэмтэн Чой Лувсанжав, архивч доктор, профессор С.Ичинноров гээд том эрдэмтэн багш нараар хичээл заалгахад тун ч урамтай байв. Үе үе МУИС дээр ангираа ирж хичээл заалгадаг байлаа.  Түүх, хууль, улс төр, олон улсын харилцааны чиглэлийн ном уншиж хот руу орж ирэхдээ номын сангуудаар хэсч, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн тайлангуудыг судлан, МУИС-ийн багш нарынхаа хичээлд суудаг байв. Бичгийн машинаар шөнө дүл болтол тоншиж бичсээр 1995 онд “Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот цэцэглэн хөгжсөн нь“бакалаврын диппломын ажил бичив. Эрдэнэ-зуугийн 410, Хархорумын 760 жилийн ойд зориулсан “Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын талаарх зарим судалгаа” гэдэг  эрдэм шинжилгээний бага хурал 1996 оны зун болоход “Хархорумын нэрийн учир” гэдэг илтгэл тавив. Хархорин ирээдүйд монголын  нийслэл байж яагаад болохгүй билээ гэх итгэл үнэмшилтэйгээр  сургуулиа дүүргэтэл Хархорум их сургуулийн анхны төгсөгчдөөсөө багш сонгож,  намайг авч үлдсэн юм. 22 настай залуу их сургуулийн багш боллоо хэмээн намайг их л урамшуулж байж.

Багаасаа сонирхсон  сэдвээрээ дагнан ажиллана гэдэг бас аз завшаан биз?

-Тэгэлгүй яахав, хотод ирээд  дипломын ажлаа ном болгохоор хөөцөлдөж яваад  “Эртний Хархорум”  нийгэмлэгт орсон. Дөчин мянгатад байрладаг, гурван өрөө байрыг сайхан тохижуулсан албан контортой, эдийн засгийг хөгжүүлэх тухай ярьдаг ажил хэрэгч ах нартай ажилладаг болов. Тэндээсээ манай нутгаас УИХ-д сонгогдсон Р.Бадамдамдин, Д.Лүндээжанцан нартай уулздаг болж, улмаар Хархориныг нийслэл хот болгох асуудлыг судлах УИХ-ын ажлын хэсгийн  нарийн бичгийн дарга  болж, тэдэнтэй хамт нэг өрөөнд төрийн ордонд суух болов.  Ингэж л Монгол төрийн эрхэм түшээдээс эхлээд байгууллага, эрдэмтэн мэргэдтэй Хархориныхоо тухай ярьж, харилцах бүрэн боломж нээгдсэн юм.

Таныг хар багаасаа “том” юм ярих болсны нууцыг сая мэдлээ. Тэр ажлын хэсэг чинь нилээн урт нэртэй байсан байхаа? 

-Бүтэн нэрээрээ “Монгол Улсын нийслэлийг XXI зуунд Хархоринд шилжүүлэх шаардлага, хугацаа, бололцоо, нөхцөлийг судалж дүгнэлт гаргах” УИХ-ын Ажлын хэсэг гэж байв. Маш өргөн бүрэлдэхүүнтэй. Би ч судалгаа хийхээс ажлаа эхэлсэн дээ. Академийн олон хүрээлэн, төвүүд  их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууд, гадаад орны элчин сайдын яамдтай харилцаж, гадаад улс орнууд нийслэлээ шилжүүлсэн туршлага гээд их материалыг судалж,  байгууллагуудаас санал хүлээж авч, анализ хийж байв. Тэр үед Герман нийслэлээ Бонноос Берлинд, Казакстан нийслэлээ Алма-Ата хотоос Астанад ид шилжүүлж байсан үе шүү дээ. Японы Элчин Сайдын Яамнаас Япон улс нийслэлээ шилжүүлэхээр судалж байгаа талаарх тогтмол сэтгүүл авдаг байв. Энэ бүхнээс нийслэлээ шилжүүлэх нь асар их ач холбогдолтой гэдгийг  баттай ойлгож авсан юм. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд Хархорумыг судлах, сурталчлах, төрийн бодлогод тусгуулах гурван үндсэн чиглэлээр ажилласан.

Тухайлбал?

-1990-ээд оны үед өнөөдрийг бодвол Улаанбаатар хотын нөхцөл байдал өөр байсан. Өнөөдөр бол утаа хөрс гээд хотыг нүүлгэе гэх үндэслэл хангалттай байна л даа. Гэтэл 20 жилийн өмнөөс нийслэлийг нүүлгэх ёстой гэж дуугарах үндэслэл тань юу байв?

Ажлын хэсэг нийслэлээ шилжүүлэх шаардлага нь юу байна вэ? гэдгийг олон талаас нь гаргаж ирэхийн тулд  Хархориныг төдийгүй Улаанбаатар хотыг давхар судлах хэрэгтэй болсон юм. Утаа, хөрс ус, экологи, хүн амын шилжилт хөдөлгөөн, хэт төвлөрөлөөс үүдсэн аливаа сөрөг үзэгдэл, Улаанбаатар хотын даац хэтрэлт гээд олон хүчин зүйл тэр үеэс л нийслэлийг шилжүүлэх үндэслэл болж ирсэн. Одоо бүр хурцдаад байгааг байнга л ярьж байна. Энэ мэтээр тал бүрийн судалгаа хийхэд анхаарч, Нийслэлийн хот байгуулалтын хүрээлэн, нийслэлийн барилга, архитектурын байгууллагуудаар явдаг байв. Архитектор Майдарын Оргил гуай надад байгууллагынхаа ажлыг танилцуулж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө гээд 20-иод боть бүтээлээ харамгүй уншуулж, зөвлөгөө өгч байлаа. Мөн Хот байгуулалт улсын үйлдвэрийн газрын захирал, монгол улсын гавьяат архитектор, бурхан болооч  Сайн-Эр гуайгаа хүндэтгэн дурсая. Бид монгол улсын хөгжил, дэд бүтэц, хүн амын нутагшил байршил, бүсчилсэн хөгжлийн асуудал гэх мэт өргөн хүрээний асуудлуудтай Хархорумыг харилцан шүтэлцээ холбоонд нь цогц байдлаар судлахыг зорьж ажилласан юм. Тэр үед Улаанбаатарт газар хөдөлвөл 100 хүн тутмаас 68 нь эрсдэх магадлалтай гэх мэт судалгааны өгүүлэлийг би Өнөөдөр сонинд нийтлүүлж байлаа. Эдгээрээс гадна улс орны аюулгүй байдлын талаас нь авч үзэхэд л нэг дор хот улс шиг байж болохгүй нь тодорхой байлаа. Энэ мэт өргөн хүрээтэй асуудлуудаар зөвхөн миний ярьсан нь лав хэдэн арав, зуугаар тоологдоно. Улаанбаатарт хэт төвлөрөн бөөгнөрч, түлхэлцэж, толхилцож багталцаж ядах нь энэ улсын ирээдүй бишээ. Шийдвэрлэж болох гарц байж л байна. Энд шавааралдсан барилгын компаниудыг татварын бодлогоор дэмжиж одоо сум гэсэн статустай 21 аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэхэд дайчлах хэрэгтэй. Хэт төвлөрлийг сааруулая л гэж байгаа бол энэ мэтээс эхлээд олон арга байна шүү дээ.

Та Хархориноор олон жил хөөцөлдсөн хүний хувьд одоогийн хэт төвлөрлийг зүй зохистой сааруулах, Хархориныг хөгжүүлэх өөр ямар арга зам байгаа талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Улаанбаатарт зуун мянган оюутныг байлгаж, шавааралдуулаад байх шаардлага байхгүй. ХААИС-ийг Сэлэнгэд, ШУТИС-ийг нь Дарханд, түүх соёл, аялал жуулчлалын зэрэг сургуулийг нь Хархоринд, уул уурхайнхыг Эрдэнэт, Оюу Толгойд гэдэг ч юмуу үндсэн болон салбар сургуулиудыг байршуулах хэрэгтэй. Эрдэмтэн, багш нар нь хөдөө цэвэр орчинд, эрүүл агаартай газар ажиллахаас татгалзана гэж байхгүй. Нөгөө талаар улсынхаа нийслэлд арьс шир, өлөнгийн үйлдвэрүүдийг байлгаад байна гэдэг байж боломгүй. Улаанбаатараас гаргах хэрэгтэй биз дээ. Модон эдлэл, мебелийн үйлдвэрүүдийг модтой газар байлгана уу гэхээс нийслэлд зөөж авчрах ямар хэрэг байна.  Хөдөө очиж ажиллах  үйлдвэр, аж ахуйн газруудыг нь татварын хөнгөлөлтөөр дэмжих хэрэгтэй. Алийн болгон улсаа ухаж, төнхөж, тонож, мөлжиж дансан дахь долларынхаа тоог өсгөж суух юм бэ, улсаа хайрлаач дээ. Шунал ихэдвэл шулам болно гэдэг. Шуналтах өвчинд нэрвэгдсэн хүмүүс мөнгөнийхөө тоог л өсгөх гээд улайраад байдаг, шуналд оройгүй гэж байгаа. Гэтэл ард түмэн нь хэдэн мянган жил уламжилж ирсэн Цагаан сараа ч хийж чадхгүй болтлоо ядуурч, хоосроод, уруудаад байдаг. Улс төрд царцангишсан, сэтгэл, зүтгэлгүй хүн олширсноос энэ мэт бодлогын юм ярьж, шийдэхгүй байгаа нь ажилд саад болж байна. Энэ үнээг харсаар байтал үхсэн тугал гарах нээ гэдэг шиг. Ихэнхи улс  төрчид тарчиг сэтгэлгээнээсээ салахгүй байна. Тэдний ихэнхи нь барилгын компанитай. Дэд бүтэц, зам,  архины гээд бүхий л бизнесийг хянаж байгаа. Хэрэглээний бараа материалыг энд  зарж, ашиг олж суух сонирхолтой. Улаанбаатарт шавааралдаад байвал дор бүрдээ бизнестэй тэдэнд ашигтай нь мэдээж л дээ. Бүхнийг Улаанбаатарт овоолохоо больж, эх орноо бодооч дээ. Нийслэл бол бүхний бөөгнөрөл биш шүү дээ. Улаанбаатар бүхнийг бөөгнөрүүлэх хувийн ашиг сонирхолоо больж, төрийн бодлогоо хичээхгүй бол үндэсний аюулгүй байдал талаасаа ч маш ноцтой болоод байна. Олон улс дайн, байлдаанд татагдан орж байна, давхар бодлоготой байхыг олон улсын нөхцөл байдал харуулж байна. Утаа, тоосонд дарагдсан дөрвөн уулын дундах тогтооноосоо хальж сэтгэцгээе л дээ. Улаанбаатарын утаа, түгжрэл, стрессээс уйдсан хүмүүс Хархорин, Орхоны сав нутагт газартай болж амьдралаа эхлүүлнэ.  Үндэсний үзэл сэргэхээр ажлын эрч хүч, бүтээмж нэмэгднэ. Яагаад ийм тал бүрийн ач холбогдолтой Хархорины асуудлаас зугатаад байгаа юм бэ? Түүх судлаач буурлуудаасаа сонсож, өөрөө хэдэн жилийн турш судалж, зүтгэсний хувьд эрх баригчид, эгэл олон бүгд энэ мэт санааг минь сонсож, нэгийг бодож, хоёрыг хийх болов уу гэж зориуд дэлгэрэнгүй ярьж байгааг минь хүлээн аваасай.

Та судалгаагаа олон нийтэд хүргэх талаар хийсэн ажлууд чинь бас хүмүүст сонин байх болов уу?

-1996 оноос эхлээд өнөө хүртэл Зууны мэдээ, Ил товчоо, Өдрийн сонинуудад ”Монгол гүрний нийслэлийн нэрийн учир”, “Монгол гүрний нийслэл Хархорум хотыг сэргээж, нийслэл болгоё, “Хархориныг Хангайн бүсийн төв болгох асуудал нааштай шийдэгдсэн” гээд миний бичсэн ажлууд мэдээлэгдэж эхэлсэн юм. Зөвхөн телевиз, радио, сонин хэвлэлд өгсөн ярилцлага л гэхэд лав 60 гарна. 10 гаруй эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Монголчууд дэлхийн нийслэлийг байгуулсан нь” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны гурван ном бичиж уншигчдын хүртээл болгосон. Түүний зэрэгцээ Төрийн бодлогын түвшинд Хархорум хотын түүх, соёлын дурсгалуудыг сэргээн Орхон-Хархорины бүс нутгийг хөгжүүлэх асуудлыг тусгуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар шийдвэр гаргах түвшнийхэнтэй тогтмол уулзаж, судалгааныхаа материалыг танилцуулж, түгээх зэргээр ажилласан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гэдэг бодлогын томоохон баримт бичгийг  хэлэлцэх явцад Төрийн Ордон, Их Тэнгэр цогцолбор зэрэг газруудад хэдэн удаа семинар, бага хурлууд зохион, хэлэлцүүлэг өрнүүлдэг байв. Тэдгээр хурал, семинарт оролцож Хангайн бүсийн төв нь Хархорин хот байх ёстой гэсэн зарчмын асуудлаар УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн, судлаачдад эрдэм шинжилгээний материал, өөрийн бичиж туурвисан “Under the Eternal sky-Lets reconstruct the Karakorum” (Мөнх тэнгэрийн хүчин дор-Хархорумаа сэргээн босгоцгооё), Үүний үрээр УИХ, Засгийн газрын гишүүд ч Хархорины асуудлыг овоо анхаарч, ойшоож, ойлгодог болсон юм.

Лобби хийсэн байна шүү дээ?

-Орчин үеийн шийдвэр гаргах түвшнийхэнд хийдэг лоббиг л хийж байгаа ухаан нь тэр.

Түүний үр дүн гарсан уу?

-УИХ-ын чуулганы 2001 оны 6-р сарын 14 ны өдрийн  нэгдсэн хуралдаанаар Монгол улсын  бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, “…нийслэлийг УБ хотоос  тус улсын  нутаг дэвсгэрийн төв хэсэгт шилжүүлэн  байршуулах  асуудлыг иж бүрнээр  судалж 2020 он хүртэлх хугацаанд шийдвэрлэнэ ” гэж заасан юм. Түүнд урамшаад “Монголчууд Дэлхийн нийслэлийг байгуулсан нь” номоо гишүүдэд өгч, уулзаж ярилцаад л явсан. Дараа нь 2003 оны  1-р сарын 2 ны  “Бүсийн тулгуур  төв хотыг тогтоох” тухай УИХ-ын  тогтоол гарч, Хангайн бүсийн төв  нь Хархорин хот байхаар шийдвэрлэгдсэн юмш дээ. Тэгэхээр миний лобби үр дүнгээ өгсөн гэж баярлаж явдаг юм. Хархорины ажлыг төрийн бодлогод тусгуулахад  хувь нэмэр болсон гэж үзэж болох болов уу. Үүний үр дүнд амьдрал дээр нилээд төсөл хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, арга зүйн нөхцөл бий болж практикт тодорхой ажил хийгдсээр ирсэн.

Нийслэлийг Улаанбаатараас нүүлгэе гэдэг санаа их содон дуулдаж байсан тэр үед таны саналыг тухайн үеийн төр засаг яаж хүлээж авсан бэ. Өөрөөр хэлбэл сонссон уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний дараахан Хархориныг нийслэл болгоё гэж их ярьсан талаар та юу хэлэх вэ? 

-Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгч Америкаас ирээд уулзалтууд хийж байсан цаг. Нэг удаа тааралдахад “Чиний бичсэн Хархорины номыг би уншсан. Тун сониролтой болж. Уулзвал ярих юм бий” гэсний дагуу Ерөнхий сайдын өрөөнд нь орж уулзсан юм. Дараа нь 2004 оны аравдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн Газрын гишүүд, соёл, шинжлэх ухаан, шашины зүтгэлтнүүдийг оролцуулан “Хархорин-Жишиг хот” хурлыг  Хууль зүйн Үндэсний хүрээлэнд зохион байгуулж асуудлуудаа ярилцсан даа.  Ингээд л энэ ажил эрч хүчээ авч, УИХ-ын дарга Н.Энхбаяр 2004 оны 12-р сарын 16-ны өдөр захирамж гаргаж “Хархориныг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл боловсруулах Ажлын хэсэг”-ийг байгуулан даргаар нь Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, дэд даргаар Д.Лүндээжанцан багш томилогдон, бид  ч эрвийх дэрвийхээрээ ажиллаж байлаа. 2005 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 785 жилийн ойг тэмдэглэе гэдэг санал гаргатал хүмүүс дэмжээд, “Хархорумын түүх соёл: Өнгөрсөн ба өнөө үе” эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид, төрийн зарим түшээдийн оролцоотойгоор Төрийн ордонд  зохион байгуулсан гээд ярих юм их бий.

Хархориныг нийслэл болговол том асуудлууд шийдэгдэх юм шиг санагддаг!

Хархорины бүтээн байгуулалт, бүсчилсэн хөгжил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчилсэн хуваарилалт хийх, “Мянганы зам”-ыг гүйцээх, улмаар “Мянганы төмөр зам” байгуулах гээд нийт улс орныг хамарсан дэд бүтэц, хөгжлийн томоохон асуудлууд нь Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох суурь шинжтэй асуудлууд юм. Тийм учраас бодлого нь тодорхой, үйл ажиллагаа нь бүтээлч, хэрэгжүүлэгчид  нь ажлаа бүрэн мэддэг, сэтгэлээсээ ханддаг байвал хэрэгжих бүрэн үндэстэй, монголд өлзийгөө өгөх ажлууд юм. Хархорумыг бүтээн босгох ажил бол Монголын хөгжлийг тодорхойлох хэмжээний их үйл хэрэг юм. Тиймээс асуудлыг шийдэх талаар УИХ зориглох хэрэгтэй байгаа юм. АНУ-ын эрдэмтэн Р. Рупен гуай “Та нар Хархорумынхаа төлөө юм хийгээч. Монголд Хархорум, Эрдэнэзуу хоёр шиг бахархал байхгүй. Энэ хоёр нийлж монголын билгэдэл болно. Энэ ажил танд хамаагүй гэж хэлж болох байх л даа. Гэхдээ та нар Хархориндоо юм хийгээч” гээд сэтгэлээсээ зөвлөсөн л байдаг.

Таны бичиж хэвлүүлсэн “Монголчууд дэлхийн нийслэлийг байгуулсан нь” номны гол утга, санаа юу вэ?

-Африкийн ихэнх нь овгийн зохион байгуулалтаасаа ч салаагүй, Австрали, Умард ба өмнөд Америк нээгдээгүй байсан XIII зуунд Ази-Европ дахины 40 гаруй улсыг хамарсан их гүрний эв нэгдлийн баталгаа, олон улсын харилцааны чухал төв нь Хархорум байсан бөгөөд Монголын эзэнт гүрний төдийгүй дэлхийн нийслэл болтлоо цэцэглэн хөгжиж байсныг түүх, археологийн судалгаанд үндэслэн бичсэн юм. 2020 онд Монголын нийслэл Хархоринд шинээр сүндэрлэх нь түүхийн дуудлага гэж үзэж Герман, Бразил, Казакстан, Австрали зэрэг улсууд нийслэлээ шилжүүлэхдээ үндэсний ухамсар, сэргэн мандлын үзэл санаагаа хөгжөөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ бүтээн босголт хийх, хөгжлийн эрч хүчээ шинээр олох зорилготой уялдуулж байгаа туршлага зэрэг олон асуудлыг хамарсан  бүтээл. Бараг бүх их, дээд сургуулийн номын санд байгаа. Академич Ч. Далай, профессор  Д. Лүндээжанцан багш нар маань ариутган хянасан. Казакстан л гэхэд атаархмаар хөгжиж байна шдээ. Н.Назарбаев энэ онд Казакстаны ард түмэнд хандаж “Казакстаны замнал-2050 он” гэсэн илгээлт гаргажээ. Тэрбээр дурдсан хугацаанд улсаа дэлхийд тэргүүлэх 30 орны тоонд багтаах концепци тодорхойлжээ. Энэ ондоо багтааж Астана болон Алматы хотуудын бөөгнөрөл буюу агломерацийг бүрдүүлэх төслийг боловсруулахыг Засгийн Газарт үүгээр хариуцуулан даалгаж байна гэжээ. Төр шиг төртэй улс ингэж л ажиллаж байна. Манай улс яагаад ингэж болохгүй гэж. Н.Назарбаев энэ илгээлтдээ цааш нь: “бидний хамтын хувь тавилан бол “Мэнгэлик Ел” буюу аугаа их Казакстан улс билээ” гэж ам бардам бичсэн байна лээ.

Хархорумаа дотоодод төдийгүй гадаадад сурталчлах ямар ажил хийв?

-Хичээж, зүтгэсний хэрэг гарсан. 2001 оны зургадугаар сарын 21-д ХБНГУ-ын “Берлинер Рүндфүк” радиогийн сурвалжлагчид Хархорумын талаар ярилцлага өгсөн.  2002 оны зургадугаар сарын 23-ноос долдугаар сарын 6-ны өдрүүдэд Конрад-Аденауэрийн Сангийн ажилтан Батмөнхтэй хамтран ХБНГУ-Франц хоёр улсын хамтарсан АRTE Телевизийн сурвалжлах группыг Монгол улсад ирүүлэн, Улаанбаатар, Хархоринд кино-сурвалжлага хийлгэх ажлыг зохион байгуулсан. Тэрхүү сурвалжлага, бичлэгийнхээ материалаар Германууд тус бүр нь 55 минутын 2 ангит баримтат кино хийгээд дэлхийд цацсан байна лээ. Бас Туркийн ТИКА агентлаг, Турк, Японы ЭСЯ, БНКазакстан улсын хэргийг хамаарагч, Итали улсын Хот байгуулалтын Финончо компаны удирдлагууд,  ХБНГУ-ын Элчин сайдын Яамтай  холбоо тогтоож Ажлын хэсгийнхээ гишүүдтэй хамтарсан уулзалууд хийж байв. Түүнээс гадна Хархорумынхаа 780 жилийн ойг тэмдэглэж, томоохон хурал хийе гэж төлөвлөөд дэмжүүлэх гэж нилээд явав. Хийхэд бага ч гэсэн санхүүжилт хэрэгтэй байдаг. 100-аад хүн оролцуулахад ядаж хоол, ундны мөнгө гээд л том асуудалтай тулгарч, хөөцөлдсөөр явтал 2000 он гарав. Ашгүй, ХБНГУ-ын Элчин сайд Юрген Элиас гуай нааштай хүлээн авч 300 дойч маркаар санхүүгийн дэм өгсөн. Одоо ч Юрген Элиас гуайн нэрийн хуудсыг би хадгалж явдаг юм. Тэгээд л  2000 оны 3 дугаар  сарын 28-нд Төрийн Ордонд “Монгол улсын нийслэлийг ХХI зуунд Хархоринд  шинээр байгуулах тухай асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан, хурал ч сайхан болсон. Ингэж л Хархорумын тэмдэглэлт ойн жил Төрийнхөө ордонд эрдэм шинжилгээний хурал хийдэг уламжлалыг бий болгосон юм даа.

Та бас Хархорумаа Шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрүүлж, эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн. Энэ талаар?

-Их Монгол улсын нийслэл Хархорумыг судлан, Хархорум судлалыг хөгжүүлэх, дотоод, гадаадад сурталчлахад хувь нэмэр болох зорилтыг минь академич Н.Ишжамц, профессор С.Ичинноров багш нар маань их л дэмжиж, “Хүү чинь чи Хархориноо улс төрчдөөр дэмжүүлье гэвэл эхлээд эрдэмтдээр, шинжлэх ухаанаар дэмжүүл!. Судалгааны ажлаа хийгээд, номоо гаргачихсан юм чинь,  доктороо хамгаал! Тэгвэл Хархорины чинь ажилд том дэвшил болно” гэж үе үе зөвлөдөг байлаа. Их Засаг Их сургуульд багшийн ажил хийж байгаад гэнэт шийдээд диссертаци дээрээ сууж, 2005 оны зургадугаар сард МУИС дээр түүхийн ухааны докторын зэргийг хамгаалав. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь дандаа том эрдэмтэд байсан болохоор их л айж байлаа.  Тэгэж л Хархорумынхаа 785 жилийн ойн жил Хархорумын судалгааны ажлаа эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлсэн гэх үү дээ.

Хархорумын талаар ямар үйл ажиллагаа явуулж ирсэн тухайгаа ярина уу?

-Ер нь бид 20 жилийн өмнөөс өнөө  хүртэл  эртний нийслэл Хархорумын түүх, соёлын дурсгалуудыг хадгалж хамгаалах,  сэргээн байгуулах, Орхон-Хархорумын бүс нутагт хөгжлийн шинэ орчин бий болгох асуудлаар нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй санал солилцож, эрдэмтэн судлаачидтай яриа өрнүүлж, өөрсдөө судалж, сурталчилж, төрөөс мөнгө санхүүжилт гэлгүй өөрсдийн хэмжээнд сэтгэл зүтгэл гаргасаар ирсэн гэдгийг мэдэх нь мэдэх байхаа. Энэ бүхэн чинь Монголчууд бид хөгжилдөө бүтээлчээр хандах цаг болжээ. Үндэсний бахархалаа бүтээсэн ард түмэн хөгждөг юм шүү гэдгийг л өргөн түмэндээ ойлгуулахад чиглэсэн ажлууд юм шүү дээ. Эрдэмтэн, мэргэжилтнүүдтэйгээ голлон хамтарч нааш гэсэн сэтгэлтэй хэн бүхэнтэй хамтарч  сэтгэл санаагаа хуваалцаж ирлээ. Хархорины хөгжлийн тухай асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж, төрбийн бодлогод тусгуулахад хувь нэмэр болж ирлээ.  Хархориныг хөгжүүлэх асуудлыг бид үндсэн гурван үе шаттайгаар төлөвлөж, энэ талаар нийгэмд хувь нэмэр болж ирлээ. Тухайлбал, 2000 он хүртэл, 2000-2006, 2006-2020 хүртэл. Эхний шатанд бид Хархорин хот гэж чухам ямар хот  байв гэдгийг судалж гаргаж ирэх, яагаад сэргээх ёстой вэ, ирээдүйд юу хийх вэ гэдэг чиглэлээр нийгмийн сэтгэлзүйг бэлтгэхэд анхаарсан. Одоо Хархорумыын асуудал Монгол хүний сэтгэл зүрхэнд тээж явдаг. Нийгэм хүлээж авахад бэлэн болсон нь бидний ажлын нэг үр дүн гэж баярлаж явдаг. Хоёрдугаар шатанд Хархориныг хөгжүүлэхийн чухлыг төрийн бодлогын хэмжээнд тусгах, эрхзүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон. Энэ хүрээнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн концепци, бүсүүдийн дунд хугацааны стратегид тусгалаа олж, Хангайн бүсийн төв байхаар шийдэгдсэн л юм.  2020 он хүртэл бодитой практик ажлуудыг хийнэ гэж төлөвлөөд жинхэнэ сэтгэлээрээ, ёстой л нөгөө “бор зүрхээрээ” зүтгэсэн. Орхоны хөндийг хөгжлийн төв болговоос үндэсний ухамсар сэргэх учиртай. Төр шийдэж өгөх хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл харамсалтай нь өнөө үед бодлогын бус хүмүүс улс төрд гарч ирээд бидний олон жил хөөцөлдөж, хамгаалж ирсэн бодлогыг үл хайхрах боллоо. Улс орноо гүн гүнзгий хямралд хэдхэн жилийн дотор оруулчихлаа шүү дээ. Хорь гаруй жилийн өмнөөс мөрөөдсөн, тэмүүлсэн олон сайхан хүсэл, эрмэлзлийг минь нэг л ойшоохгүй, ойшоож үзлээ гэхэд анхаарал хандуулаад, ажил хэрэг болгох чадваргүй этгээдүүд гэдгээ харууллаа. Хархорумын 800 жилийн ой тохиох 2020 он гэхэд Хархорины минь мөрөөдөл, Хархорины минь хувь заяа хэрхэх бол гэж байнга сэтгэлээс уяатай явна.

Хархориныг хөгжүүлж улсын нийслэлийг шилжүүлэх хэрэгтэй гэдэг байр суурин дээрээ та өнөөдөр ч хэвээрээ юу?  Нэг талаас хэт төвлөрлийг сааруулж буй хэрэг боловч нөгөө талаар буурай хөгжилтэй Монгол Улсын мандан бадрахын угтал болно гэж та бичсэн. Энэ талаараа юу гэж бодож байна?

-Яагаад манай эртний улсууд, ялангуяа Чингис хаан Хэнтийн нуруунаас Хархорин руу зүтгэх болов гэдгийг эргэцүүлж нэг бодох хэрэгтэй л дээ. Бид чинь дэлхийд ноёрхож олон улсын харилцааны бодлогыг тодорхойлж байхдаа, их хүчийг бий болгохдоо Хархоринд нийслэлж байсан ард түмэн шүү дээ. Орхоны хөндий бол үе үеийн туршид монголчуудын сэргэн мандах эх ундарга болсон газар. Үе үеийн нүүдэлчдийн эзэнт гүрний төв, нийслэл нь болж ирмнг. Тийм л учраас Хархорумд Их эзэн Чингис хааны тулганд бадарсан монгол төрийн гал голомт бадарч байх ёстой. Эзэн Чингисийн тулганд бадарсан гал голомт Хархоринд бадарч байх ёстой. Бид 2020 он буюу Хархорум хотыг үүсгэн байгуулсны 800 жилийн ойгоор Монголын засаг захиргааны төв, нийслэл, тэнд  сүндэрлэх ёстой гэж 20 жилийн өмнө зүгээр ч нэг хэлээгүй юм шүү гэдгийг энд хэлье. Хархоринд шинэ хот байгуулж,  нийслэлийг шилжүүлэн улсаа хөгжүүлэх асуудал дэвшүүлсэн нь Монгол улс жинхэнэ амьд бүтээн босголт хийж, цоо шинэ хөгжлийн орчинтой болно гэсэн үг. Энэ нь шинэ монголын нүүр царай болох юм гэж үзсэнийх. Тийм учраас бид энэ байр сууриа одоо ч хамгаалж байна. Хархорин нь өөрөө гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах боломжтой гэдгийг давхар бодолцсоных юм. Их Чингис хаан Хархорум хотыг босгохдоо Европын Франц, Герман, Унгараас эхлээд дундад Азийн орнууд, Орос, Хятад зэрэг олон улсын уран дархчуудыг оролцуулж дэлхий нийтийн хамтын хүчийг ашиглан, зохион байгуулж чадсан. Орчин цагт түүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Монголын төв нутагт хөгжлийн шинэ орчин бий болох ёстой. Тэгэж гэмээ нь олон талын ач тустай юм.

Парламентын ордноо барь гээд Кувейт улс мөнгө өгөөд байхад л барих газар олдохгүй байна гээд өнгөрсөн шүү дээ. Гэтэл Хархорумын тухай асуудал байгаад л байдаг?

-Нэг хэсэг саарал ордны ард Парламентийн ордонг бария  гэж хэсэг шуугив. Алийн болгон саарал ордны хойно, өмнө нэмж шавах юм бэ?  Ирээдүйгээ харсан шийдвэр л хэрэгтэй байна. Хархорумын бүтээн босголтыг яриад байхад л зөрөөд эндээ нэмж шавах гээд байх юм. Хархоринд байшин барих нь Үндсэн хуулийн 13-р зүйлийн  нэгийг зөрчсөн асуудал болохгүй шүү дээ. Тэгэж үзвэл ажилд чөдөр, тушаа болсон тэр илүү үгийг цаашид өөрчилж болно.

Тус бүс нутгийг аялал жуулчлалын таатай орчин гэдгийг бид мэднэ. Үүнтэй хэрхэн уялдуулах вэ?

– Монгол улсад Аялал жуулчлал хөгжүүлэх бодлогод аялал жуулчлалын хамгийн гол  үндсэн чиглэлийн нэг нь Хархорум болж орсон. Онцолбол түүх соёлын аялал жуулчлалын үндсэн чиглэл тул жуулчдыг түүх соёлын өв, нүүдэлчид, малчдын амьдралын хэв маяг, уламжлалт зан заншил, шашин шүтлэг  дээрээ тулгуурлан урин дуудах менежмент хийх хэрэгтэй юм. Үүний тулд сэргээн босгох, хөгжүүлэх асуудал урган гарч ирнэ. Түүнчлэн байгалийн үзэсгэлэнт газар бол аялал жуулчлалын нэн чухал нөөц. Хархорины хөндийд нүүдэлчдийн соёл иргэншлийн гайхамшгийг харуулсан их наадам, янз бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой. Ингэх юм бол жуулчдыг нэмэгдүүлж, хялал жуулчлалын эдийн засаг хөгжиж, валютын орлогоо өсгөх нэг боломж бүрдэх юм. Хархориныг босгох, хөгжүүлэх нь өөрөө амьд бүтээн байгуулалт. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүрдэг асуудал учраас дотоод нөөц боломж их. Үүнийг төрийн бодлогод тусгах ёстой. Энэ талаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын санал бодлыг тэгш тусгаж, мэргэн  ухаан, зөв санаагаа  уралдуулах нь чухал байна.

Бүтээн байгуулалтаа нарийвчлан авч үзвэл ямар вэ? Тухайлбал хот байгуулалт замаасаа эхэлдэг гэдэг?

-Хархорин орчмын нутаг бол дэд бүтцийн хувьд бусад газартай харьцуулвал харьцангуй хөгжсөн гэж болно. Нэг давуу тал нь энэ юм. Төвийн бүсийн зам харилцааны зангилаа болсон газар. Хархорины бүс нутагт  Мянганы замын хөндлөн болон босоо тэнхлэг огтлолцож байгаа. Эрдэнэзуу хийд, Тамир, Орхон голын хөндий, Өгий нуур зэрэг газруудаа түшиглэж төлөвлөх нь зхйлшгүй. Энэ бүхнийг харгалзан Хархорины хөгжлийг төлөвлөж, “Мянганы төмөр зам”-ыг Хархорины чиглэлээр тавих асуудал дэвшүүлж байна.  Мөн  Хархорин бол гадаад, дотоодын олон компаны сонирхлыг татдаг газрын нэг, дэлхийн түүхтэй холбоотой нутаг учраас Турк, Дундад Азийн улс орнууд, Орос, Итали, Франц, Хятадтай Хархорины хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийх өргөн боломж бий. Улаанбаатартай ижил олон улсын хотуудын сүлжээнд орж чадах юм. Казахстан нийслэлээ Астанад шилжүүлэхдээ Япон зэрэг орны дэмжлэгийг авсан шиг үйл явц манайд өрнөх бүрэн боломжтой. Энэ талаараа Астанагаас нэг их дутахгүйгээр  хөрөнгө оруулалтыг татах чадвартай.

-Эдийн засаг хямралд орсон энэ үед Хархориныг босгоно гэдэг зарим хүнд хэцүү л санагдах байх. Гэхдээ бид зөв гэж дэмжиж байна л даа?

-Тэгэх тусмаа бид ярих ёстой. Хархорумын бүтээн босголтын асуудал чинь өөрөө улс орны эдийн засагт төдийгүй нийгмийн оюун санааны амьдралын уналтыг зогсоож, үндэсний ухамсрыг дээшлүүлэх учиртай юм. Даац нь хэтэрсэн Улаанбаатарын цаашдын хөгжилд бас хэрэгтэй. Дөрвөн уулынхаа дунд газар нутаггүй хот улс шиг шавааралдаад сайн юманд хүрнэ гэж горьдох хэрэггүй. Хүлгийн жолоог хөдөөд залах болжээ. Баруун аймгуудын хоцрогдол, алс холын ялгаа арилна.Хархорин, Арвайхээр гэсэн хөгжлийн хос багана дээрээ төрийнхөө тооныг залаатахвал улс даяар хүн амын нутагшилт, байршлын асуудал зохистой хэмнэлдээ ороход том алхам болно. Ер нь энэ улс бууриа сэлгэчих хэрэгтэй байгаа юм даа.

Хамгийн түрүүнд Хархоринд ямар бүтээн байгуулалт хийх нь чухал гэж бодож байгаа вэ?

-2020 оныг угтаж бид хамгийн түрүүнд Хархорум хотынхоо хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, Монголын  шашны ууган төв Эрдэнэ-Зуу хийд ээ сэргээн тордох, тэнд хуучин байсан эуурыг сэргээн тохижуулах, Абтай сан хааны өргөөг босгох, Өгөдэй хааны Түмэн Амгалант ордныг сэргээн байгуулах, дэд бүтцийг улам дэвжээх  ажлуудыг хийх хэрэгтэй.

Ирээдүйн нийслэл Хархориныг бүтээн байгуулахдаа үндэсний онцлогийг хэрхэн тусгах вэ. Мөн орчин үеийн ололт амжилтыг тусгах нь мэдээж?

-Түүхч, судлаач, архитектор зэрэг янз бүрийн мэргэжлийнхэн үүнийг олон талаас нь ярьдаг. Янз бүрийн санал хувилбар бий. Бидний төсөөлж байгаагаар бол Хархорин маань өрнө дорнын орчин үеийн хот байгуулалтын шилдэг ололт, технологийг илэрхийлсэн, архитектурын өвөрмөц шийдлүүдийг илэрхийлсэн, гэхдээ монгол үндэсний архитектурын онцлогийг хадгалсан Хархорум гэсэн өвөрмөц жишиг хот байх ёстой юм. Өөрийн гэсэн имижтэй, Хархорин нь өөрөө онцгой брэнд байна гэсэн үг. Хот маань хүн оршин амьдрах аятай тухтай нөхцөлийг хангасан байх учиртай. Улаанбаатар шиг дүрвэгсдийн хуаран байж болохгүй. Их эмх цэгцтэй байна. Гаднын хөрөнгө оруулагчид маань өөрсдийн төлөвлөсөн архитектурын  өвөрмөц шийдлүүдийг санал болгож болно. Үүнийг Монголын хөрсөнд зөв буулгах хэрэгтэй.

Тухайлбал, ямар өвөрмөц санаа, шийдлүүд байна вэ?

-Олон байна. Орхоны хөндийд зөвхөн шоо дөрвөлжин барилгууд байгуулах гэвэл  сонирхолтой биш. Хархориноос холгүй орших Арвайхээр хот зам харилцаа, зах зээл, үйлдвэрлэлийн томоохон төвлөрөл болж хөгжөөд, Хархорин аялал жуулчлалын дэд бүтэц дээр суурилсан оюуны хөгжмл, шинжлэх ухаан технологи, хөгжлийн төв болж хөгжих нь илүү үр дүнтэй болов уу. Үүнтэй зэрэгцээд түүх соёлын дурсгалуудаа яаж хадгалж хамгаалах вэ, үүнийг орчин үеийн аялал жуулчлалын шилдэг бүтээгдэхүүн болгон яаж хувиргах вэ гэдэг тал дээр нухацтай зөвлөлдөх хэрэгтэй байна.

Орхоны хөндийд Хүннү, Нирун, Түрэг, Уйгур, Хэрэйдийн ханлиг, Их монгол зэрэг эртний улсуудын түүхийг дурсгал хийгээд байгаль экологийн онцгой тогтоц бий. Үүнийг Хархоринтой хэрхэн уялдуулах вэ?

-Өнөөгийн бүсийн хөгжлийн төв Хархорин  эртний Хархорум хотын туурь байна. Уйгарын империйн нийслэл Хар балгас, Түрэгийн хаант улсын үеийн сонгодог дурсгал Түрэгийн хөшөө цайдам байна. Өөр эртний улсуудын хааны орд, дагуул тууриуд олон бий. Эдгээрийг аялал жуулчлалын эргэлтэд маш оновчтойгоор, байгаль экологи, түүх соёлын олон талаас нь харж нарийн бодлоготойгоор төлөвлөх шаардлагатай. Одоогийн Хархориноос Өгийнуур хүртэл 60 км (уртаашаа) өргөнөөрөө 20 км газар бол ирээдүйн хөгжлийн орчин, Хархорины хөгжлийн голомт байх юм. Хэний ч хараа булаасан,  хүн эрүүл, аятай оршин суух бүхий л боломж бүрдсэн, цомхон, цэвэрхэн хот байлгахын төлөө төр шийдвэртэй ажиллах хэрэгтэй шдээ. Эрдэнэ зуу хийдийн дотор урьд  нуур байсан. Үүнийг сэргээх боломжтой юм билээ. Өгийнуур орчныг бид “далайн эрэг” мэт болгож, аялал жуулчлалын сонирхолтой бичил бүс болгох хэрэгтэй.  Ер нь Хархорумыг байгуулах, хөгжүүлэх тухай  сайхан санаа, фантастик сэтгэлгээ, оновчтой шийдлүүдийг  бид чөлөөтэй хүлээн авч, санал солилцон, мөрөөдлийн төслөө баяжуулахыг байнга хичээж байна.

Хархорин гэж хүмүүс төсөөлөхдөө юун түрүүнд алдарт мөнгөн мод, Өгөдэй хааны Түмэн Амгалант ордон санаанд нь буудаг. Эдгээрийг яаж сэргээх гэж байгаа вэ?

-Манайд ирсэн жуулчид юун түрүүнд  нөгөө мөнгөн мод хаана байна вэ гэж асуудаг л даа. Одоо очиход Эрдэнэзуу, чулуун яст мэлхийнээс  өөр зүйл үгүй. Хархорум хотын түүхийн зарим хэсгийг төлөөлөн харуулах ил музей байгуулах ажил олон жил яригдсаны эцэст одоо л дуусч байх шиг байна. Бид аль эрт 1998 онд Түмэн Амгалант ордны шавыг тавьсан. Гайхамшигтай Мөнгөн модыг хийхээр төсөвлөсөн төсөл хүртэл бий. Эдгээр нь олонд танигдсан Хархорины имиж, брэнд болох юм. Үүнээс л Хархориныг босгох ажлаа эхэлж таарна. Үүний сацуу өнөөгийн Хархорин орчмын бусад сум, суурингуудын иргэдийн  амьдрал ахуйг хэрхэн дээшлүүлэх вэ,  гэдгийг нарийвчлан тооцож, бүтээлчээр ажиллах  хэрэгтэй.

Бид бас юун түрүүнд төрийн ордноо тэнд байгуулаад, нийслэлээ шилжүүлэх шийдвэр гаргачихвал гадаадын элчин сайдын яамдын барилгыг тухайн орон өөрсдөө босгочихно гэж та өмнө бичиж байсан. Үнэхээр ч тийм байдлаар зохицуулж болмоор санагдана?

-Эртнээс Хархорин нь Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын улс төрийн төв байсан. Үүнийг дагалдан эдийн засаг, нийгмийн олон бүтээн байгуулалт бий болж байв. 2020 он гэхэд Монгол улсын хөгжлийн нэг чухал  төв Хархорум бий болох гараан дээрээ гарчихсан, байхаар төр шийдвэр гаргаж өгмөөр байна. Бид юуны түрүүнд эрх зүйн зохицуулалт хийж, дэд бүтцийн зохистой сүлжээг шийдээд төрийн ордноо тэнд байгуулж, нийслэлээ шилжүүлэх шийдвэр гаргачихад л дагаад хувийн хэвшил, төрийн байгууллагууд, олон түмэн аяндаа “хандах зүг өөрөө тогтоно”. Улаанбаатарт суугаа дэлхийн олон улс, орны элчин сайдын яамд дагаад нүүчихнэ. ЭСЯ-ны барилгыг тухайн орон өөрсдөө л барьчихна шүү дээ. Өнөөгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын нийслэлийг Монгол Улсын төв хэсэгт шинээр байгуулах боломжийн асуудлыг судлаад нэг мөр шийдэх тухай заалт бий. Эрх зүйн орчныг бүрдүүлэх, тендер зарлан хийж болох ажлуудыг хойш тавилгүй хийх хэрэгтэй байх гэж санаж байна. Судалгаа, холбогдох бичиг баримт бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг төлөвлөх гээд нарийн ширийн ажлуудыг нь бид хийхэд бэлэн байна. Гагцхүү төр шийдвэрлэж өгөх нь чухал. Төрийн бодлогод ерөнхий байдлаар тусгачихсан асуудлыг огт ярихгүй явсаар мартагнуулах хандлагыг эвдэж, өөрчлөмөөр байна. Нэгэнт бодлого болчихсон ажлаа хэрэгжүүлэх талаар манай улс төрчид хуруугаа ч хүргэхгүй байж яаж чадаж байна гэж би бүр гайхдаг юм. Алсдаа Хархоринд улсынхаа нийслэлийг шинээр байгуулна гэхээс айх, бэрхшээх хэрэггүй. Үнэхээр бид хөгжье гэж бодож байгаа бол Хархоринд хөгжлийн шинэ голомтыг яаж бий болгох талаар тууштай ажиллахыг нөхцөл байдал шаардаж байна шүү дээ.

Бид үүнд яаж бүтээлч хандвал илүү үр дүн гарах вэ?

-Тэгье гэж бодож байгаа бол онцгой ач холбогдол өгөх л хэрэгтэй. Юун түрүүнд дотооддоо асуудлаа зөв шийдвэл гадаадынхан дэмжиж таарна. Америк, Японуудын оролцоог сонирхож байгаа.  Боломжийг нь нээж өгмөөр байна. Италийн Ром, Хятад, Солонгосуудыг ч урих нь зүйн хэрэг. Эрхзүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардага бий. Японууд гэхэд л Хархорин орчмын түүх соёлын дурсгалыг судлах, хамгаалах үйл хэрэгт оролцсон. Германуудын оролцоог ч тэмдэглэхгүй өнгөрөхийн аргагүй. Германчууд манай хоёр орны хамтын ажиллагааны эхлэлийг Хархоринд шав тавьсан гэж тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан даа.

Гадаадын Австри, Казахстан зэрэг орнуудын нийслэлээ шилжүүлж байсан туршлага бидэнд хэрэг болох нь зайлшгүй байх?

-Гадныхны санаа авахаар жишээ их. Тэд юун түрүүнд нийслэлээ шилжүүлнэ гэсэн далбаан дор улс орныхоо томоохон асуудлыг шийдчихдэг юм. Тэгэхээр бид нийслэлээ шилжүүлэхээс хойш суугаад ямар ч ашиггүй. Казахууд зоригтой шийдвэр гаргаж, олон улсын тендер  зарлаж хамтын бүтээн босголтдоо татан оролцуулсан. Арабын баян орнууд, Турк, Японууд өөрсдөө хөрөнгө гарган шинэ нийслэлийг нь байгуулж өглөө. Герман хүртэл Берлинд нийслэлээ шилжүүлэхдээ нэгдсэн герман орны шинэ имижийг бий болгох, зүүн Германаа хөгжүүлэх үүднээс бодлогоо тодорхойлж байна. Энэ бүхнээс суралцах зүйл асар их байна даа. Австралийн Канберра бол жижиг мөртлөө өвөрмөц хот. Цаашилбал, Пакистан, Америк, Бразилийн гайхалтай жишээнүүд бий. Энэ мэт бүтээн байгуулалтын санаа нь улс орны эдийн засгийн эргэлтийг сайжруулдаг, ажил хэрэгч олон талын сувгийг нээж өгдгөөрөө өгөөжтэй.

Эдүгээ дэлхий нийтийн бүтээн байгуулалт нь хүний бодож олоогүйг олсон, гайхам сониноороо шагшин магтагдахаар жишигтэй болж. Хархорины ирээдүйн бүтээн байгуулалтад ийм санаа байгаа байх?

-Гайхамшгийг нэг дор төвлөрүүлэх нэг хэрэг. Бүхнийг тооцож төлөвлөж, ажил болгоно гэдэг нэн чухал. Архитекторуудтай би уулзах дуртай. Сэтгэгчид байдаг юм. Архитекторууд “Талын хөх чоно” хэмээх  барилга байгууламж байгуулъя, жижиг хот шахуу. Холоос, хаанаас нь ч харсан талын хөх  чоно. Орохоны хөндийд сүндэрлэг гээд. Египетийн пирамид, Нью-Йоркийн “Эрх чөлөөний хөшөө” шиг эрхэмсэг. Энэ бүс нутгийн энд тэнд гайхалтай орчныг бий болгож болно. Тухайлбал, Түмэн амгалант ордны цогцолбор бол нэг талаар өлзий шиг, нөгөө талаар яст мэлхийн хэлбэртэй байж болохоор юм билээ. Энэ мэт өвөрмөц олон санаа бий. Сүүлийн 25 жилийн дотор хөдөлмөрийн цагаач болоод арга буюу дайжин гарсан хамгийн эрүүл, саруул зуун мянган монгол залуусаа  эх орныхоо бүтээн байгуулалтад татан ирүүлье. Дээр нь дэлхийгээр тархан суурьшсан 16 сая гаруй тооны Монгол язгуурт ахан дүүсийнхээ зүрх сэтгэлийг татаж, сэтгэлийнхээ галыг асаах үндэсний бүтээн байгуулалтыг өрнүүлж, хүчтэй, хөгжилтэй улс болъё. Тэр бүтээн байгуулалт нь Орхоны хөндий, Хархорумд байг. Хархорин Орхоны хөндийд Өвөр монгол, Барга, Халимаг, Шинжаан, Дээд монгол, Афганистаны Хазарууд, Горны Алтай, Тува, Буриадаас тус бүр жинхэнэ шижигнэсэн монгол гэр бүлийг уриалан авчирч, ажил хөдөлмөрт дайчлан, Хархорумын бүтээн босголтод татан, хамаг монголчууд хамсан ажиллая л даа. Төр үүнийг зохион байгуулах хэрэгтэй. “Төр хамгийн муу менежер” гэдэгт би итгэдэггүй. Энэ бол барууны үзэл сурталчид зориуд гаргаж, монгол хүнд хоногшуулах элдэв явуулгыг хийсээр ирсний нэг илрэл. Зохион байгуулалтын дээд хүч нь төр. Төр хүчтэй, хариуцлагатай байж улс хөгжинө. Төр хариуцлагагүй, сул байх тусам хол ойроос гэтэн ирж олз, ашиг хайгчдын зөөлөн зууш болдог гэдгийг сүүлийн жилүүдэд монголчууд хангалттай үзлээ шүү дээ. Товчхондоо монгол улсыг хүчгүй, муу төртэй байхыг хүсэгчдийн зүсэн зүйлийн явуулгыг бид сөрөн зогсож, тэсч, мөхөлтэй өрсөлдөн даван туулах нэг ухаан бол Хархорумын бүтээн босголтын асуудал гэж хэлж болно.  Орчин үед агаарт, усан дор, газрын гүнд ч барилга, хот байгуулалтын ажил хийгддэг болж байна.

Тэгэхээр Хархорины бүтээн босголтын талаар мэдээж төрийн бодлого боловсруулах болно. Төрийн бодлогын төслийг ажлаа мэдэх та нар л боловсруулж таарна. Энэ талаар танд бодож, төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Одоо Хархорины бодлогыг нэгтгэн зангидаж, бодлого, үйл ажиллагаа явуулах Хархориныг хөгжүүлэх Үндэсний Зөвлөл байгуулах хэрэгтэй байна. УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн төслийг нь аль эрт Д.Лүндээжанцан багшийн өрөөнд хэдэн сарын турш бичиж, боловсруулаад Б.Чимид гуайгаар хянуулж, утга найруулгын засвар хийлгээд бэлэн болгочихсон байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 29 Сэтгэгдэл

Jasemin
2016 оны 12-р сарын 1

That’s a shrewd answer to a tricky qutesion

Livia
2016 оны 12-р сарын 3

Damn, I wish I could think of soeithmng smart like that! http://qssjknr.com [url=http://oyovfnu.com]oyovfnu[/url] [link=http://vcrbwznozwz.com]vcrbwznozwz[/link]

JimmiXzSq
2017 оны 5-р сарын 20
Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Canadian Torsemide Generic Cialis Pricing Comment Obtenir Du Viagra Gratuitement

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Cialis Boutique cialis Como Comprar Finasteride Propecia

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Levitra Elado online pharmacy 5mg Cialis Canada

Chasadvito
2017 оны 7-р сарын 31

Amoxicillin Cause Severe Diarrhea viagra Cialis Agit Au Bout De Combien De Temps

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Can I Purchase Generic Dutasteride Pills viagra cialis Cialis 20mg Fta 4st

LarCisk
2017 оны 10-р сарын 2

2089 Cheap Paxil On Line Stent Lawsuit Calif viagra Generico Cialis Farmacia

LarCisk
2017 оны 10-р сарын 6

Canadianpharmacy24h Riesgos Del Propecia buy viagra online Priligy Forum Uk Kamagra Effervescent Uk

LarCisk
2017 оны 10-р сарын 9

Amoxicillin And Lab Tests Propecia Mercafutbol Omeprazole buy viagra online Purchase Doxycycline Price Flucort Erection Pills

LarCisk
2017 оны 10-р сарын 12

How To Start Amoxicillin Viagra Punti Vendita get online levitra prescription Tadarise Insurance Cover Propecia Levitra Cialis Comparazione Prestazioni

LarCisk
2017 оны 10-р сарын 13

Tetraciclina Medicament Propecia viagra Levitra Soft Tabs Online Buy Propecia Hair Loss Comprar Lamisil Pastillas

LarCisk
2017 оны 10-р сарын 15

Comments Buy Lasix Without Prescription isotretinoin in us mastercard accepted Levitra Gunstig Ohne Rezept generic viagra Priligy Och Viagra

LarCisk
2017 оны 10-р сарын 23

Hair Loss Pharmacy Propecia Prix Orlistat viagra online prescription Online Buy Propecia

LarCisk
2017 оны 10-р сарын 28

Levaquin Overseas Store Nolvadex Side Effects Acheter Cialis Le Vrai viagra Cheap Levitra Online Order Priligy Augmentin Vs Amoxicillin

LarCisk
2017 оны 10-р сарын 29

Cephalexin Dosage Viagra En Cordoba viagra Commander Viagra En France

LarCisk
2017 оны 10-р сарын 31

Zithromax Second Dose Can You Buy Lasix Over The Counter vardenafil cheap 5 mg price Amoxicilline 500 Grossesse

LarCisk
2017 оны 11-р сарын 8

Propecia Paypal Prescription Suspension Liquid Amoxicillin buy viagra online Online Pharmacy With Echeck

LarCisk
2017 оны 11-р сарын 13

Viagra Delle Donne viagra online prescription Antiobiotic Without Precription Viagra Avec Dapoxetine

LarCisk
2017 оны 11-р сарын 21

Potenzmittel Cialis Gunstig viagra Itch Reaction To Amoxicillin Levitra Farmaco Equivalente Propecia Periodo Fertil

Geoffrey
2018 оны 1-р сарын 4

payday loans no credit check
online loans
loans online no credit check
payday loans online

Agnes
2018 оны 1-р сарын 27

best weight loss pills for women
best appetite suppressants
weight loss prescription drugs
weight loss pills for women
best over the counter diet pills

EveDalo
2018 оны 2-р сарын 20

Buying Cialis In Israel cheap cialis Comprar Levitra En Madrid Sin Receta Cialis Once A Day Opinioni Imitation Cialis 800 Number

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Viagra Griechenland Rezeptfrei Cheap Kamagra Oral Jelly Online Propecia Prostatakrebs cialis generic Propecia Treatment Hair Loss

NordOxymn
2018 оны 12-р сарын 7

online dangers risques

0da9 onlinende monte serra

NordOxymn
2018 оны 12-р сарын 8

like online sale online

0da9 is online free under obamacare

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *