Д.Гэрэл: Хүүхдийн тоглоом, хувцасны импортод хяналт тавих хэрэгтэй

7-р сарын 25, 2012 11:08 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 495

Б.ЭНХТУУЛ

 

Хичээлийн шинэ жил эхлэхэд ганцхан сарын хугацаа үлдээд байна. Сургууль, цэцэрлэгийн багачууд амралтаа түр “завсарлаж”,  зарим нь зуны даалгавраа хийж эхэлжээ. Харин зарим нь хичээлийнхээ бэлтгэлийг битүүхэн базааж байна.

БСШУЯ-хан сурах бичгээ шинэчлээд, сургуулиудад хуваарилж байгаа гэж холбогдох албаны хүмүүс нь дуулгаж байсан.  Харин сургуулийн өмнөх боловсролынхон буюу цэцэрлэгийн насны багачуудыг ямархуу тоглоом хүлээж байгаа бол. Энэ тухай бид Стандарт хэмжил зүйн газрын Стандарчилал, техникийн зохицуулал­тын хэлтсийн дарга Б.Гэрэлтэй ярилцлаа.

 

ХҮҮХДИЙН ТОГЛООМ ЗААВАЛ БАТАЛГААТАЙ БАЙХ ЁСТОЙ

-Сургууль, цэцэрлэ­гийн хүүхдүүд цуглахад цөөн хугацаа үлдээд бай­на.  Тийм болохоор бид энэ удаа багачуудад хэрэг болох мэдээлэл “цуг­луулж” явна.

Манай улсын хүн амын багагүй хувийг  2-5 хүр­тэлх насны хүүх­дүүд эзэл­дэг гэдэг. Харин тэд өдрийн ихэнхийг тог­лож өнгөрөөдөг. Гэтэл тэд­ний тоглоом шаардлага ханга­даггүй гэж эцэг, эх­чүүд гомдоллодог. Тиймээс хүүхдийн тоглоомын стан­дарт хэрхэн хэрэгжиж байгаа талаар ярилцлагаа эхэлье. Нөгөөтэйгүүр, хүүхдийн тоглоомын стан­дарт батлагдчихаад байхад энэ стандарт хэрэгжихгүй байгаа нь Эрүүл мэндийн яам төсөв мөнгийг нь ба­талж өгөхгүй байгаатай холбоотой гэх мэт мэдээл­лүүд гарч байсан. Энэ ямар учиртай юм бэ?

– Дотоодод үйлдвэрлэж байгаа болон импортоор оруулж ирж байгаа хүүх­дийн тоглоом батал­гаатай байх ёстой. Гэтэл  бид  энэ бүтээгдэхүүнд стандарт шаардлага та­вилгүй олон жил болсон. Харин өнгөрсөн онд хүүх­дийн тоглоомын холбог­дол­той дөрвөн цуврал ISO гэж Олон улсын хүүхдийн байгууллагаас баталж гар­гасан стандартын дагуу түүнийг орчуулж үндэс­ний стандартаар батлаад мөрдөж эхэлсэн. Хүүх­дийн тоглоом бол заавал баталгаатай байх шаард­лагтай бүтээгдэхүүний нэг юм. 

Таны асууж байгаа  асуудал бол олон улсад батлагдаад гарсан стан­дартыг орчуулах, өөрөөр хэлбэл орчуулгын гэ­рээтэй холбоотой асууд­лыг ярьж байх шиг байна. Тэгэхээр энэ стандарт өөрөө англи хэл дээр бай­гаа болохоор бид монгол хэл дээр орчуулаад Мон­гол үндэсний стандарттай боллоо гэж баталж гаргаж байгаа юм. Захиалагч нь Эрүүл мэндийн яам, яам­ны төслөөс санхүүжсэн стандартын төсөл. Түүнийг хэрэгжүүлэгч нь тодорхой ажлын хэсгүүд. Тэр ор­чуулж байгаа стандартыг Монгол улсын стандарт болгохоор төсөл боловс­руулж байгаа ажлын хэсэг нь өөрөө хэрэгжүүлэгч, бид  гэрээг гүйцэтгэгч нь юм. Эрүүл мэндийн яам захиалагч нь учраас бид албан ёсоор гэрээнд орол­цохгүй.

Төслийн дагуу байгуу­лагдсан гэрээгээр явагдаж байгаа ажил. Бид нар аж­лын хэсгээс боловсруу­лаад гарчихсан төслийн хүлээж аваад түүн дээр зохих хуулийн дагуу дүн шинжилгээ хийдэг. Шин­жилгээгээр энэ стандарт нь Монгол Улсын стан­дарт болж болох юм гэж дэмжээд, дараагийн шат болох Стандарчлалын тех­никийн хороо гэж бий. Тэр нь тоглоомын аюул­гүй байдал хариуцсан хороо юм. Тэр хороогоор хэлэлцээд хэлэлцсэн стан­дарт дээрээ Монгол Улсын стандартаар батлах энэхүү эрх нь манайд байгаа. Тэр гараад байгаа үйлдэл өнгөрсөн жил гарч байсан маргаан. Стан­дартыг орчуулах ажилд гарсан асуудал юм.

-Олон улсын төвшинд хийсэн судалгаагаар хүүх­дийн тоглоом үйлдвэрлэгч­дийн хамгийн том экс­портлогч нь Хятад улс. Дэлхийн тоглоомын зах зээлийн 85 хувийг ний­лүүлдэг гэдэг юм билээ. Манай улсад  оруулж ирж байгаа тоглоом ч мөн л ялгаагүй урд хөршөөс орж ирдэг.  Хэдийгээр зарим цэцэрлэгт “Модон тог­лоом” зэрэг  төсөл хэрэг­жээд эхэлчихсэн ч өнөө хэр нь  урд хөршөөс оруулж ирсэн, эрүүл мэн­дэд хортой тоглоомоор хүүхдүүд тоглож л байна шүү дээ.  Ер нь цэцэр­лэгүүдэд станрдартын да­гуу хийсэн шалгалт байдаг уу?

-Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн ялангуяа хүүхдийн тог­лоомын асуудлын талаар хэлсэн. Заавал баталгаанд хам­­­­рагдах ёстой гэж. Өөрөөр хэлбэл орж ирэхэд нь лабораторийн шин­жилгээнд хамрагдана. Түү­ний дараа ямар мате­риа­лаар хйисэн байна. Хийсэн материал нь ту­хайн хүүхэд тоглоход аюул­­тай эсэх зэрэг шин­жилгээг үндэслээд тэр тоглоомыг хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсан байх ёстой. Хүүхдийн тоглоо­мын аюулгүй байдал буюу тоглоомонд агуулагдах янз бүрийн зүйлийг шинжлэх аргууд байдаг. Гэхдээ энэ бүхний хэрэгжилт нь ма­найд хангалттай биш байна. 

 

ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИНГ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Манайд оруулж ирж байгаа тоглоомын чанар, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх байдал нь тэр бүр чанарын шаардлага ханга­даг­гүй. Үүний нэг  шалт­гаан нь зарим импортлог­чид хүүхдийн тоглоомонд тавигдах эрүүл ахуйн шаард­­лагын талаар ойл­голт багатай байдгаас бол­дог. Тийм болохоор хил гааль, ялангуяа урд хөр­шөөс орж ирж байгаа тог­лоомуудад хяналт тавь­даг уу?

-Хил гааль дээр байгаа лабораторийн шинжилгээ удаашралтай байна. Га­даад орны жишгээр хүүх­дийн тоглоом нь маш эм­зэг, аюултай бүтээгдэхүү­ний нэгд тооцогддог. Тий­мээс үндэсний бүтээгдэ­хүүн­тэй адил үздэг.  Тий­мээс манай улс олон улсын жишгээр худалдаанд ихээ­хэн анхаарах ёстой юм. Өөрөөр хэлбэл хүүхдийн тоглоом, хувц­сыг оруулж ирж байгаа компаниудад нэлээд хяналт тавих хэрэг­тэй байна.

Засгийн газрын 22 ду­гаар тогтоолоор Хүүхдийн тоглоом  баталгаатай бай­на гээд заагаад өгчихсөн байдаг. Өмнөд хөрштэй манайх харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ хэлэл­цээр бий. Түүндээ ч гэсэн харилцан сертификатаа оруулж ирнэ. Харамсалтай нь Монголын нөхцөлд ган­загын наймаа их бай­гаа болохоор баталгаагүй зүйл орж ирэх тохиолдол их байна.  Хятадууд дотроо ч найдваргүй бараа, бү­тээг­дэхүүн үйлдвэрлэх нь элбэг.

Олон улсад хүлээн зөв­шөөрөгдөөгүй газраас хямд­­хан бараа бүтээг­дэ­хүүн  оруулж ирээд эрс­дэлд орох магадлал өндөр. Тийм учраас энэ нь ши­нээр гарсан хянал­тын  хуу­лиар Мэргэжлийн хя­нал­тын тогтолцоо руу шил­жиж байна. Эрсдлийн үнэлгээ гэж. Тэгэхээр хил гааль дээрх хяналтын бай­гууллагууд энэ асуудлыг  анхааралдаа авсан байх. Ер нь бол холбогдох бай­гууллагууд нь энэ талын хяналтыг нэлээд сайжруу­лах ёстой юм. Жил бүрийн хүүхдийн баяр болохоор л энэ асуудлыг ярьдаг шүү дээ. Энэ асуудлыг гал унтраах хэлбэрээр биш хууль эрхзүйн орчинд нь нэлээд  чангатгах, тэгж байж  үр дүнд хүрэх ёстой юм.

-Стандартын шаард­лага хангахгүй тийм бараа бүтээгдэхүүн байна гээд  нэрлэх боломж байдаг уу?

-Энэ асуултад хариу­лах боломжгүй. Учир нь бид Засгийн газ­рын хуу­лиараа хүлээсэн үүрэг нь тусдаа шүү дээ. Мэргэж­лийн хяналтын газар, хил гаалийн бай­гууллагууд дотоодын бү­хий л хянал­тыг гүйцэтгэж байгаа. 

-Тэгвэл  стандартад нийц­сэн, нийцээгүй гэж ан­гилах боломж бий юу?

-Манай байгууллага  саяхан Ази номхон далайн орнуудын хамтын ажил­лагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад ирсэн. Ази номхон далайн орны энэ байгууллагад гишүү­нээр элсч орсон  37 орон байдаг. Дэлхийн эдийн засгийн 60 орчим хувь, хүн амын 50 орчим хувийг  эзэлдэг  Америк, Япон, Орос, Канад, Австрали зэрэг орнууд элсэж орсон хүчирхэг байгууллага бай­даг. 

Энэ хэлэлцээрт гарын үсэг зурснаар  бид эдгээр гишүүн оронд хийсэн ба­раа, бүтээгдэхүүнийг хү­лээн зөвшөөрөх үүрэг хү­лээж буй юм.  Дэлхийн  худалдааны байгууллагын зарчим бий. Худалдаанд гараад байгаа саад зөрч­лийг итгэмжлэлийн зарч­маар арилгая гэсэн. Тэгэ­хээр БНХАУ нь Мон­гол Улсаас гадна дэлхий даяар хүүхдийн тоглоом худал­даалж байгаа. Хята­дын лабораториор шин­жилсэн тухайн газрын хяналтын байгууллагаар баталгаа­жуул­сан бүтээг­дэ­­хүү­­нийг бид авах ёстой. Хэрэв үүнд асуудал гарвал Хятадын Засгийн газар өөрөө ха­риуцлага хүлээнэ. Дэл­хийн худалдааны бай­гуул­лага ч үүнийг зохицуу­лах ёстой. Мэргэжлийн хянал­тын байгууллага, гааль нь хяналтаа тавиад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайж­руу­лах нь чухал. Энэ асуудал бол яваандаа цэгцэрнэ.