Д.Гантулгыг шалгахтай холбоотой хуулийн төслийг дэмжив

4-р сарын 20, 2018 10:19 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 17
2-2 UIH

Т.САЙХАН

 УИХын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах асуудал гацаанд орчихоод байгаа. Тэгвэл УИХын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар түүнтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэв. УИХын гишүүн Д.Лүндээжанцан тус хуулийн төслийг өргөн барьсан юм. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв

 

УИХын гишүүн Л.Болд:

Энэ асуудлыг ярилцахдаа өнгөрсөн хугацаанд болж байсан иймэрхүү тохиолдлуудын талаар мэдээлэл гишүүдэд өгөх ёстой. Миний санаж байгаагаар 1996 онд казиногийн хэргээр УИХын гишүүдийг барьж, хэдэн сараар хорьж байсан тохиолдол бийТухайн үед тэр гишүүдийг яг ямар хэргээр хорьж, ял шийтгэл оноож байсан юм. Парламентаас түдгэлзээгүй байхад 2000-2004 онд Ардчилсан намын гишүүн Д.Гүндалайг баривчилж байсан. 2004-2008 оны парламентад МАНын нэр бүхий гишүүдийн асуудал яригдаж байсан. Энэ мэт өмнөх УИХын гишүүний асуудалтай холбоотойгоор эрх зүйн ямар үндэслэлээр шийдвэрлэж байсан юм бэ. АНын гишүүнд хууль хатуу үйлчилдэг, МАНын гишүүн очихоор асуудлыг өөрөөр шийддэг байдал ажиглагдаад байна.

 

УИХын гишүүн Д.Лүндээжанцан:

Төрийн байгуулал­тын байнгын хорооны хурал­даан дээр энэ асууд­лаар маш их яригдсан. Өнгөрсөн хугацаанд бол­сон үйл явдлуудын талаар бид тодорхой мэдээлэл бэлтгэж, гишүүдэд тараана. Ер нь бол УИХын гишүүний халдаш­гүй, хууль дээдлэх хариуц­лагын асуудал бас яригдах ёстой. Хүн хуулиа дагаж мөрддөг байх асуудал нэг номерт тавигддаг. Энэ үндэслэлээр хуулийн төслийг боловсруулсан. Тиймээс хуулийн төслийг дэмжвэл ажлын хэсэг байгуулахаар болж байна. Хаврын чуулганаар УИХын хууль тогтоомж болон УИХын дэгийг чанаржуулах талаар хэлэлцэж, анхаарч, хянуур хандах ёстой гэж бодож байна.

 

УИХын гишүүн Д.Хаянхярваа:

Сүүлийн үед хууль хяналтын байгууллагын тухай асуудал ярихад МАН, АНын шүүх, прокурор ажиллаж байна гэж ярих боллоо. Бид ингэж хууль хяналтын байгууллагын нэр хүндийг УИХын гишүүд өөрсдөө популизм хийж яриад байхаар яаж ард түмэн хуулийн байгууллагад итгэх вэ. Бид өөрсдөө шударга шүүх, АТГ, хуулийн байгууллагатай болох вэ гэдгээ ярих цаг болсон. Шийдвэр гаргах төвшний хүмүүс нь хоорондоо хэрэлдээд суугаад байх нь зөв үү гэдгээ бодох хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд ард түмэн биднээс залхаж байна.

 

УИХын гишүүн Ж.Батзандан:

УИХын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, халдашгүй байдлын асуудлаар боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэж байна. Хоёр тохиолдолд прокурорын саналаар УИХын гишүүнийг түдгэлзүүлнэ гэсэн заалт оруулж иржээ. Өнөөдрийн эрх зүйн орчин ямар байна вэ гэдгийг эхлээд харах ёстой. Үндсэн хуульд УИХ гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон гэж үзвэл гишүүнийг эгүүлэн татаж, түдгэлзүүлж болно гэсэн хоёр заалт бий. Өөрөөр хэлбэл, салбар хууль, нарийвчилсан тохиолдолд Үндсэн хуулийн үзэл санаа, баримтлалыг ашиглан шийдвэрлээд явах боломжтой. УИХын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр УИХын гишүүн өөрөө түдгэлзэх саналаа гаргавал УИХ түүнийг нь авч хэлэлцэх заалтыг нэмж оруулах нь зүйтэй.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *