Д.Ганцэцэг: Би дэндүү сайхан хайрыг мэдэрсэн

3-р сарын 21, 2014 9:57 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 1388
Энэ удаагийн дугаарын зочноор “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэгийг урилаа.

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэгийг урилаа.

-“Хайр” жүжиг хаалтын тоглолтоо хийж байгаа гэж сонссон. Нэлээд удаан тоглолоо шүү?

-Жүжиг маань өдөр бүхэн үзэгч олонтой байлаа. Америкийн зохиолчийн жүжиг. Яг одоо дэлхийд шуугиан тарьж буй бүтээл. Уянгын, романтик, драмын жүжиг учраас бид илүү хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байхыг эрхэмлэсэн. Манай жүжигт гэр бүл салалтын тухай өгүүлдэг. Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд гэр бүл салалт их байна. Хүсээд ч бүтэн болгож чаддаггүй хагацал хүний амьдралд тохиолддог шүү дээ. Би харамсдаг юм. Хоёулаа эрүүл саруул байж үр хүүхдээ өнчрүүлж байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Нэгэнт л өөрийнх нь сонгосон амьдрал, хайрласан хүн нь шүү дээ. Босгосон амьдралынхаа төлөө яагаад нэг нэгнээ уучилж, зөөлөн хандаж болохгүй гэж. Бие биенийхээ өмнө, хайраас чинь мэндэлсэн үрийнхээ өмнө эцэг, эхчүүд хариуцлага хүлээх ёстой. Хүнийг хайрлах хэцүү. Харин салж, холдоход амархан. “Хайр” жүжигт үүний тухай л өгүүлдэг юм.

-“Хайр” жүжгийн гол дүрд тоглосон бүсгүй өөрөө хайрын тухай ямар бодолтой явдаг нь сонин байна?

-Сэтгэлд хайр байж л хүн амьд явдаг байх. Гэхдээ хайрыг тунхаглаж болдоггүй гэж би боддог юм. Хүнд хамт байхаас илүү итгэж, хүлээх нь сайхан ч юм шиг. Хэдий сэтгэлд зовиуртай ч түүнийхээ зүг тэмүүлж, уулзах гэж гүйх мөч л хамгийн нандин. Хайр олон янз шүү дээ. Хайрлах мэдрэмж хүүхэд төрсөн цагаас эхэлдэг. Бид багадаа ширээ мөргөөд унасан бол дахиад хэзээ ч түүн рүү ойртдоггүй. Учир нь мөргөсөн газар нь өвдөөд байгаа байхгүй юу. Энэ нөгөө өөрийгөө хайрлах мэдрэмж. Даанч өсч том болоод түүнийгээ мартдаг. Хүмүүстэй нийлээд өөрийгөө муулж байх шиг. Түүнээсээ болоод амьдралаа сүйрүүлж байна. Тэгэхээр хүн гэдэг эхлээд өөрийгөө мэдэрч, хайрлаж сурах хэрэгтэй болов уу.

-Хайраас тань мэндэлсэн хоёр хүүдээ зав гаргаж чадаж байна уу?

-Бэлтгэлийн үед унтаж байхад нь ороод, өглөө үнсээд гардаг байлаа. Харин ойрдоо өдөрт нэг тоглолттой байгаа учир өдрийн ихэнх цагийг хоёр хүүдээ зориулж байна. Би ер нь зав гарвал хөвгүүдтэйгээ байх дуртай. Хичээлд нь хүргэж өгнө, авна. Дуртай хоолыг нь хийж өгнө гээд аль болох хайраар дутаахгүйг хичээж амьдардаг.

-Ээж болох торгон мөчид юу мэдэрч байсан бэ?

-Амьдралын хамгийн сайхан мөч. Миний дээд талын эгч сэтгүүлч мэргэжилтэй. Намайг хөл хүнд байхад эгч минь “Эмч та тэдэн килограмм, тийм хүүхэдтэй боллоо гэж хэлэхэд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байдаг юм билээ” гэж байсан. Сэтгүүлч хүн үгээр илэрхийлж чадахгүй байна гэхээр ямар сайхан мэдрэмж төрдөг нь тодорхой байх. Хамгийн түрүүнд ээж минь бодогдсон.

-Та хоёр эрэгтэй хүнийг өсгөж байгаа эх хүн. Хөвгүүдээ яаж хүмүүжүүлж байна?

-Эрэгтэй хүнийг хайраар бүүвэйлж өсгөвөл илүү уян зөөлөн, бүсгүй хүнийг хайрладаг болдог юм шиг. Би хөвгүүддээ аль болох уян хандахыг хүсдэг. Эхийн хайраар дутаахгүй юмсан, аавынх нь дутуу орон зайг хайраараа нөхөхсөн гэж бодож явна.

-Биеэсээ хүн төрүүлдэг болохоор бурхан эмэгтэй хүнийг ариун төрүүлдэг гэдэг. Харин үүнийг мартсан охид манай нийгэмд олон байх шиг. Та ямар бодолтой байна?

-Амьдралд хялбар юм гэж байхгүй. Амархан аргаар олсон мөнгө хоол болохгүй болов уу. Охид бүхэн ээж болдог учраас бие, сэтгэлээ ариун байлгаасай гэж хүсэх юм. Эмэгтэй хүн зөөлөн сэтгэлтэй, ариун явдалтай, амьдралд ухаантай хандахад алзахгүй гэж боддог.

-Айл гэрийн амьдрал эр хүний ноён нуруу, эмэгтэй хүний хатан ухаан дээр тогтдог. Харин охид бүсгүйчүүдийг минь буруу зам руу юу түлхээд байгаа юм бол оо?

-Эхлээд ухамсартай нь холбоотой. Тухайн хүний өссөн орчин, гэрийн хүмүүжил нөлөөлөх байх. Дараа нь сургууль, хамт олон нөлөөлнө. Манай аль ч салбарын цалин дэндүү бага байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж, тэдэнтэйгээ ярилцаж чадахгүй байна шүү дээ. Бүгд л мөнгөний араас хөөцөлдөж байхад хүүхэд нь өөр зүйл сонирхоод эхэлж байна. Энэ хамгийн том эмгэнэл юм шүү.

-Эмэгтэй хүн болж төрсний давуу тал юу юм бол?

-Миний хийж чадах олон зүйлийг эрчүүд хийж чадахгүй. Би биенээсээ бие төрүүлж байна. Аливааг зөөлрүүлж уяраах хатан ухаан бидэнд бий. Хүчирхэг эмэгтэйчүүд юунд ч дийлдэхгүй. Би багадаа эрэгтэй болоод төрчихгүй яав даа гэж боддог байсан ч одоо тэр бодол минь өөрчлөгдсөн. Харин ч эмэгтэй хүн, эх хүн болсон учраас өөрөөрөө бахархдаг.

-Та магадгүй өөрийгөө эрэгтэй байсан бол гэж төсөөлж үзсэн үү?

-Эрэгтэй байсан бол их хэцүү хүн байх байсан байх шүү. Учир нь би их хурц, түргэн ааштай. Эмэгтэй хүн учраас л өөрийгөө барьж, зөөлрүүлдэг юм. Харин том хүү маань миний эрэгтэй хувилбар юм шиг санагддаг. Бага хүү минь  яг аав. Их хүлээцтэй тайван талдаа.

-Одоо жинхэнэ монгол эрчүүд ховор болжээ гэж халаглах хүмүүс байдаг. Ямар эр хүнийг жинхэнэ монгол эр хүн гэж дүгнээд байдаг юм бол. Та юу гэж бодож байна?

-Солонгос кино битгий үз гэж захимаар байна. Манай залуус тэднийг дуурайгаад нялцгай, сүр бараагүй болоод байх шиг. Түүнээс бид чинь морин дэлдээр дэлхийн талыг эзэлж явсан дайчин баатруудын удам шүү дээ. Ямар сайхан эзэрхэг, омог бардам билээ. Тэр чанараа битгий алдаасай. Эрдэм боловсролдоо анхаараасай.

-Охид бүхэн багадаа аав шигээ хүнийг хүлээдэг шүү дээ. Таны хувьд ирээдүйн ханиа яаж төсөөлдөг байсан бэ?

-Үнэхээр үнэн үг. Би аав шигээ хүнийг хүлээсэн, түүнийгээ олсон. Гурван хүүтэй болно гэж боддог байлаа. Хүүхэд байхаасаа аавынхаа хайранд бөмбөрч өссөн болохоор тэр хэмжээний хайрыг тэр хүнээс хүссэн. Би ханиасаа дэндүү сайхан хайрыг мэдэрсэн. Бидний амьдрал аз жаргалтай, гэгээн дурсамж бүхнээр дүүрэн өнгөрсөн. Тэр сайхан дурсамжаа хэзээ ч мартахгүй, нандигнаж явах болно.

-Таньд ямар эрчүүд таалагддаг вэ?

-Аливаа асуудлыг шийдэж чаддаг, хүчирхэг эрчүүд таалагддаг. Гэхдээ хүчирхэг гэдэг нь хүчтэй гэсэн үг биш шүү. Хэнээс ч хараат биш, өөрийнхөөрөө бардам амьдарч яваа хүнийг хэлнэ. Би тийм мэдрэмжтэй ч юм уу. Эрэгтэй хүн яриад үзэхэд л илт байдаг юм даа.  

-Та багадаа ямар хүүхэд байсан бэ. Юу мөрөөддөг байв?

-Хэнхэг хүүхэд байсан. Монгол хэл, уран зохиолын багш маань Должинсүрэн гээд эмэгтэй байлаа. Хэр барагтай хүнийг магтдаггүй, хатуу чанга, зарчимч хүн. Бидэнд байнга ном сайн унш гэж хэлдэг байсан. Анх номтой нөхөрлүүлсэн буянтан. Багшдаа баярлаж явдаг шүү гэж хэлье.

-Зарчимч багшийн гараар хүмүүжсэн гэлээ. Та ер нь хэр зарчимч, хатуу эмэгтэй вэ?

-Урнаа эгч, А.Ганчимэг бид гурвыг нэгтгэсэн хамгийн том хүчин зүйл нь зарчимч зан гэж би боддог. Урлаг өөрөө хатуу шүү дээ. Энэ замыг сонгосон бол урд таарсан бэрхшээл бүхнийг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байх учиртай. Бид продакшныхаа залуу уран бүтээлчдэд ч энэ шаардлагыг тавьдаг.

-Тэгвэл таны хамгийн зөөлөн, эмэгтэйлэг байдаг үе хэзээ вэ?

-Ганцаараа байхдаа. Хааяа ганцаараа байж, юм боддог юм.

-Цаг наргүй бэлтгэл, тоглолт гээд ядрах, бухимдах үе гардаг байх. Тэр үед хэрхэн өөрийгөө зоригжуулдаг вэ?

-Аливаа зүйл хоёр талтай, жаргал зовлон ээлжилдэг. Сөрөг талыг нь бодоод байвал бухимдаад л байна. Буруу зүйлийг эерэгээр тайлдаг гэдэг дээ. Тэгэхээр болно, бүтнэ гэж өөрийгөө зоригжуулах дуртай. Бас бухимдсан үедээ зургийн цомгоо үздэг юм. Жаахан байхаас эхлээд өнөөдрийг хүртэлх өөрийнхөө төрхийг харахаар өөрийн эрхгүй нэг л мэдэхэд тайвширсан байдаг.

-Ангийнхаа найзуудтай авахуулсан зураг олон байдаг уу. Сурагч насны гэгээн дурсамжаасаа хуваалцаач?

-Зураг түүх өгүүлнэ гэдэг үнэн үг шүү. Хүүхэд нас минь миний сэтгэлд болон зургийн цомогт минь үлдэж. Бид ангидаа дөрвүүлээ нийлдэг байлаа. Одоо ч сайхан нөхөрлөдөг. Магадгүй одоо үед бидэн шиг найз ховор байх шүү. Зургадугаар ангид орсон жилээ яг ижилхэн цүнх авч байсан юм. Тэр хэзээ ч санаанаас гардаггүй.

-Хамт явж байгаад авсан юм уу?

-Эхлээд нэг нь авчихгүй юу. Тэгээд нөгөөдөхөө дуурайж авсан юм. Дөрвүүлээ яг адилхан нэг мөрөндөө үүрдэг байсан. Одооны хүүхдүүд харвал ичмээр. Нээх том дөрвөлжин цүнх байсан. Одоо хүртэл уулзахаараа ярьж инээлддэг юм.

-Мөрөөдлийг зарим хүмүүс хийсвэр, хоосон зүйл гэх нь бий. Гэхдээ мөрөөдлийнхөө зүг тууштай тэмцээд амжилтад хүрсэн хүн олон бий. Таны хувьд мөрөөдөл гэж юу вэ?

-Гоё мөрөөдөл сайхан шүү дээ. Хүнийг гэгээлэг, дэврүүн болгодог. Гэхдээ энэ удаа мөрөөдлөө нууцалмаар байна. Мөрөөдөл, мөрөөдлөөрөө үлдэх л сайхан. Би өөрийгөө мөрөөдөмтгий гэж боддог.

-“Хувьсал” продакшн таны мөрөөдлийн нэг хэсэг үү. Энэ продакшинд харъяалагдах болсноор таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Улам хариуцлагатай болсон. Теарт байхдаа зөвхөн жүжигчнийхээ ажлыг хийдэг байлаа. Харин одоо бүх зүйлд анхаарлаа хандуулах шаардлага гарсан. Тэр өдрийн тоглолт, гэрэл, дуу шуум, хувцас ямар байхав гээд бүгд биднээс л шалтгаална. Дээрээс нь дөнгөж амьдралынхаа гарааг эхэлж буй 10 гаруй хүүхэд продакшинд маань орсон. Тэдний амьдрал, хүсэл зорилго биднээс шалтгаална.

-Таныг урлагийнхан, үзэгчид хүндэлдэг шүү дээ. Тэр хүндлэлийг дааж амьдарна гэдэг хэцүү биз?

-Асар том хариуцлага юм даа. Хүмүүсийн алга ташилт, урмын үг, хааяа зэмлэсэн үгс нь намайг хурцалдаг. Хүн гэдэг ер нь хүнээс авах гэж биш, өгөх гэж амьдрах нь зүйтэй юм болов уу.

-Тэгвэл таны хамгийн эмээдэг хүн хэн бэ?

-Уран бүтээлийн тал дээр Урнаа эгчээсээ эмээдэг. Зөвлөгөө авдаг. Харин амьдрал дээр Амарзаяа гээд дотны найзаасаа эмээдэг юм. Амарзаяа Ганцэцэггүйгээр, Ганцэцэг, Амарзаяагүйгээр амьдралаа төсөөлнө гэдэг хэцүү. Магадгүй найзаасаа хатуу үг сонсвол надад их хүнд тусах байх.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *