Д.Ганбүргэд: Тусгай сургуульд багшлах боловсон хүчин дутмаг байна

11-р сарын 15, 2012 10:05 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 263

Э.БЭРЦЭЦЭГ

 

Хичээл сургууль тарахаас хэд хоногийн өмнө бид нэгэн сургуулиар орсон юм. Энгийн сургуультай адил жижүүр, хүүхэд, багш… гээд бусдаас ялгагдах зүйлгүй. Харин коридорт тааралдах хүүхдүүд нь нам гүмхэн бөгөөд хоорондоо зарим нь дохио зангаагаар ярих аж. Энэ бол Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургууль. Оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг гэдгээр нь олон хүн энэ сургуулийг сайн танина. Монголд дауны синдромтой хүүхдүүдийн анги байдаг цорын ганц сургууль гэж нэрлэх хүн бас бий.

Энэ сургуулийн сурагч, багш хоёрын  харилцан ойлголцох арга ухаан тун нарийн. Хичээл заах арга барил нь ч бас өөр. Тиймээс энэ удаа 25 дугаар тусгай сургуулийн ажил үйлс, амжилт бүтээлтэй танилцав. Энэ тухай тус сургуулийн Нийгмийн ажилтан Д.Ганбүргэд багштай ярилцлаа.

 

-Танай сургуулийг энэ жил 45 жилийнхээ ойтой золгож байгаа гэж дуул­сан. Хүний насаар бол .  ажлын дадлага туршлага арвин­тай, заах арга сайтай идэр нас байх нь. Энэ сургууль маань анх хэдэн онд бууриа засч байсан юм бол?

-Манай сургууль 1967 онд бууриа засаж, Монгол Улсын түүхнээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сур­гах  анхны тусгай сур­гууль болж байгуулагдаад дөчин таван жил болж байна. Анх зургаан багш, 1-2 дугаар ангийн 60 сурагчтай хичээллэж байлаа.

Одоо 60 гаруй багш ажиллагсадтай, 260 гаруй сурагчтай, Сүхбаатар, Чин­гэлтэй дүүргийн хөгж­лийн бэрхшээлтэй хүүх­дүү­дийг сурган хүмүү­жүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгож байна.

-Олон сайхан бүтээлч ажлаар ойгоо угтаж байгаа гэсэн. Сургуулийнхаа ам­жил­таас товчхон дурдах­гүй юу?

-Сүүлийн таван жилд сургууль завсардалт гараа­гүй. Сурлагын амжилт чанар ахиж байгаа. Энэ  нь “Бүтээлч багшаас бүтээлч хамт олон” уриатайгаар ажилласны үр дүн гэж бодож байна.  Энэ ажлын үр дүнд багш сурагчдын идэвхи өрнөж, бүтээлч багш нарын тоо өсч, сурагчдыг зөв оношлох, тэдэнд тохирсон сургалтыг үр дүнтэй явуулж, засан сайжруулах сургалтын ажлууд чанартай хийгддэг болсон.  Үүний үр дүнд бид “Хүүхдэд ээлтэй тэргүү­ний сургууль” болсон юм.

-Танай сургууль орчин тойрноо сайхан тохи­жуул­жээ. Хүүхдүүдийн тав тухыг хангасан, цэвэр цэмцгэр орчин харагдаж байна. Зуны улирлалд танай сургуулийг ногоон төгөл чимдэг гэж сонссон. Та сургуулийнхаа тохжил­тын талаар товчхон мэдээ­лэл дуулгахгүй юу. Сурагч­дын эрэлт хэрэгцээг ханга­сан номын сан, мэдээлэл зүйн танхимаа хэр тохи­жуулсан бэ?

-Сургуулийн маань өнгө зүс сайхан байгаа нь багш нарын маань бүтээлч ажлын үр дүн. Энэ л эвсэг бүтээлч хамт олон маань өөрсдийнхөө  хүчээр болон гадаад дотоодын хандив­лагч байгууллагын тус дэмээр компьютерийн иж бүрэн кабинет, тохилог номын сан, эмчилгээний биеийн тамирын кабинет зэргээ бүгдийг нь тохи­жуулсан. Мөн баг­шийн хөгжлийн төв, ха­луун усны өрөө, цайны газартай болж, хэд хэдэн ангийг орчин үеийн сургалтад тохирхуйцаар засч шинэ­чилсэн. Хүүхдүүдийн­хээ эрүүл мэнд, ариун цэврийн хэ­рэглээг ан­хаарч бүх ангиа угаал­тууртай болголоо. Сантехник угсралтын аж­лыг ажилчдынхаа хүчээр шийдвэрлэсэн. Орчин тойрноо цэцэрлэгжүүлэх, тохижуулахад ихээхэн ан­хаарч, 300 гаруй мод бут тарьж, сургууль орчны бүх газрыг зүлэг­жүү­лэн, Улаан­баатар хо­тын сур­гуулиудын дун­даас “Ногоон орчин” бүр­дүүлэх гурван жилийн аянд шалгарч байсан юм. Манай сургуулийнхан зам тал­байгаа засч, сургуу­лийн орчноо камержуулсан.

-“Шавийн эрдэм багшаас” гэдэг. Сайн багш нарын ачаар мэдлэг бо­ловс­рол эзэмшээд Мон­гол­­доо төдийгүй олон улсад эх орныхоо нэрийг дуурсгаад явж байгаа хүүхэд цөөнгүй байдаг. Танай сургуульд ч бас Гуанжоугийн паралимпид амжилттай оролцоод ирсэн сурагч байдаг байх аа?

-Тэгэлгүй яахав. Манай сургуулийн 9б ангийн сурагч Г.Баяр­наран 2010 оны Гуанжоу­гийн паралимпид хөнгөн атлетикийн төрөлд орол­цож тусгай байрт шалгарч байсан. Улмаар Лондоны олимпийн эрхээ авч бай­лаа. Түүнээс гадна сур­гууль дээр хүүхдийн сайн дурын байгууллага болох “Ногоон орчин”, “Өсвө­рийн зохицуулагч” бүлгүү­дийн идэвхтэй амжилттай суралцаж байгаа хүүхэд цөөнгүй бий. Энэ бүгд маань сайн багш нарын л ач шүү дээ. Манай сур­гуулийн багш нар тусгай сургуулиудын дунд зо­хиогд­дог заах арга, урлаг, спортын уралдаан тэм­цээнд байнга манлайлдаг. Тухайлбал,  Улаанбаатар хотын тусгай сургуулиу­дын тэргүүний заах аргач  багш нарын ур чадварын уралдаанд багш Г.Энхзул түрүүлж, удаах байрт, багш Б.Энхцэцэг, хэл засалч багш Т.Цэцэгмаа нар шалгарсан. Энэ  нь уг сургуулийн багш нарын мэргэжлийн ур чадварыг илтгэж байгаа сайхан үзүүлэлт болсон. Манай сургуульд зөвхөн Ардын боловсролын тэргүүний ажилтан 30 орчим багш ажиллаж байна.

-Хөгжлийн бэрхшээл­тэй хүүхдэд хичээл заана гэдэг амаргүй хэрэг. Гэтэл танай сургуулийн нэг багш тун саяхан “Эдгээр хүүх­дүүдийн үгийн баяжилт, ойлгоц, хийсвэр сэтгэл­гээ­ний хөгжил янз бүр. Өөрөөр хэлбэл манай сур­гуульд хүнд, хөнгөн хөгж­лийн бэрхшээлтэй хүүх­дүүд хамтдаа сурдаг. Тэд­ний хараа нь илүү хөгж­сөн байдаг болохоор энгийн хүний олж харахгүй, бүр огт анзаардаггүй зүйлийг хүртэл ажигласан байдаг” гээд ярьж байсан. Энэ ганцхан багш хүний л олж харах, анзаарч ажиглах нарийн чадвар байх. Тийм болохоор та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг, олон жил ажилласан чадварлаг багш нараа танилцуулаач?

-Манай сургуульд ажлын туршлагатай ахмад багш  олон бий. Тухайлбал, энэ сургуульд 30  гаруй жил багшилсан ууган захи­рал, зөвлөх багш, анхны дефектлогч буюу согог зүйч Ш.Мижид-Очир, Ардын боловсролын тэргүүний ажилтан согог зүйч багш Л.Баатар, Ц.Дуламсүрэн, Ц.Гэрэл­маа Б.Туяацэцэг, С.Норж­­моо, Т.Цэцэгмаа гээд олон багш байна. Мөн залуу үедээ үлгэр дуурайл үзүүлж, заах арга барил, ажлын туршлагаасаа хуваалцсан Ө.Энхсайхан Ч.Алтанцэцэг, М.Бат­мөнх, Д.Цэвээнням, Ё.Ан­гир Э.Энхзул Б.Батсай­хан, Н.Маамхүү нарын арвин баялаг туршлагатай ахмад багш нар бас байна. Эдгээр багш маань бүгд залуу үеийн эрдэм чадал­тай сурган хүмүүжүүлэг­чид, хөгжлийн бэрхшээл­тэй хүүхдэд мэдлэг, чадвар, дадлага олгохоор мэрийн ажиллаж байна. Ажлын амжилт бүтээл ч бас арвин байна.

-Аль ч байгууллагад төсөв мөнгөний хүрэлцээ хангамж тааруухан байна гэсэн гомдол байдаг. Та­най сургуулийн хувьд ямар байна вэ?

-Сурагчдын маань 98 хувь нь нийтийн автобу­саар хичээл­дээ ирж очдог. Нийтийн тээврийнхэн  200-400 төг­рөг нэхдэг. Хүүхдүүд маань  хөөгдөж буусаар хичээл хоцролт их гардаг. Тэргэнцэртэй хүүхдүүд нь хувийн унаагаар ирдэг. Ажил хөдөлмөрийн барим­жаа олгодог үндсэн хичээл болох оёдол, нэхмэл, мод, төмрийн ажил хийлгэхэд бэлдэц их үнэтэй. Мөн хагас болон бүтэн өнчин  100 гаруй хүүхэд, амжир­гааны баталгаажих төвш­нээс доогуур орлоготой нэлээд олон айлын хүүхэд сурдаг. Тийм болохоор хүүхэд бүрийг дүрэмт хувц­саар хангахад бэрх­шээлтэй байдаг юм.

Боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт хийг­дээд, сургууль бүр дээр хэлэлцүүлэг өрнөж байна. Танд ч бас сур­гуулиа төлөөлөөд хэлэх санаа оноо байгаа байх?

-Байлгүй яахав. Манай сургуулийн хувьд БШУЯ-ны харъяа сур­гууль гэдэг утгаараа бусад тусгай сургуулиудыг бод­вол сургалтын орчин сай­тай хөгжлийн бэрхшээл­тэй хүүхдүүдийн онцлогт таарсан сургалтын стан­дарт нэвтрүүлсэн. Гэхдээ бас хүндрэл бэрхшээтэй зүйлүүд олон байна. Жил ирэх бүр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо улам олширсоор байна. Гэтэл хөгжлийн бэрх­шээл­тэй оюуны хомсдол­той хүүхдийг сургах багш нарыг бэлтгэх нэгдсэн тогтолцоо байхгүй байна.  Сүүлийн жилүүдэд хам­гийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол багш­лах боловсон хүчний асуу­дал. Дүүрэг, хот, яамны хэмжээнд тусгай сургууль хариуцсан мэргэжлийн согог зүйч байхгүйгээс удирдлага, арга зүйгээр хангах нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Мөн тусгай сургуульд үзэх сурах бичиг байхгүй, багш нар маань сурах бичиг зохиодог ч хэвлүүлж чад­даг­гүй гэх мэт бэрхшээл олон байна. Тиймээс салбарын сайд маань энэ бүх асуудалд анхаарлаа хандуулж ажиллах байх гэж найдаж сууна. 

-Танай сургуулийнхан ч бас салбарынхаа өөрч­лөлт шинэчлэлтийг дэм­жээд олон ажил зохион байгуулж байгаа юм байна. Ярилцлагынхаа төгсөлд, сургуулийнхаа цаашдын зорилтоос сонирхуулахгүй юу?

-“Зөв Монгол хүн” тө­лөв­шүүлэх хөтөлбөр бо­ловс­руулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний бодит чадварт нь тул­гуур­ласан хөдөлмө­рийн дадал олгох, хөгж­лийн бэрх­шээл­тэй хүүх­дийг ний­гэм­шүүлэх, бие даасан амьдрах ухаанд сургах, сургалтыг энэрэн хайр­лаж, нөхөн сэргээж, засан сайжруулахтай хос­луулан Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловс­рол олгодог түшиц сур­гууль болох эрхэм зорил­готой ажиллаж байна. Энэ дашрамд сургуулийн­хаа үе үеийн багш ажил­лаг­сад, сурагч хүүхдүүд, бид­нийг тал бүрээр дэмжин тусалж хамтран ажилладаг Турк улсын “ТИКА” байгууллага, Солонгос улсын “Парадайс сан”, Өвөр Монголын Шилийн хотын тусгай сургууль, Япон улсын Фуко хотын иргэн Ханашима Юко захиралтай хамт олон, ВА8Р групл, Монголын Сурагчдын Холбоо, “Өгөх өдөр” төрийн бус байгуул­лага, “Бодлын хулгайч” киноны гол дүрийг бүтээ­сэн авьяаслаг жүжигчин Амараа /киноныхоо орло­гоос хүүхэд зөөх автобус авч өгсөн/ нартаа сургууль байгуулагдсны 45 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *