Д.Ганболд: Стратегийн 15 ордоо өөрсдөө ашиглаад, бусдыг нь хаая

6-р сарын 21, 2012 12:20 pm Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 326

Б.СОЛОНГО

 

“Урт нэртэй” хуулийн хэрэгжилт болон лиценз олголтын асуудлаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Д.Ганболдтой ярилцлаа.


Удаан хүлээлгэсэн “Урт нэртэй” хууль ямар ч байсан нэг алхмаар урагшилж, хилийн заагийг тогтоолоо. Байгаль орчны иргэний зөвлөлөөс энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэ­хийг шаардсан байна?

– Батлагдсанаас хойш гурван жилийн хугацаанд Засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй. Лицен­зүү­дийг цуцлах бэлтгэл ажлыг ч хангаагүй байсан.  Уг нь хуулийг ингэж хэсэг­чилж, хэсэг хүмүүст үйлчлэх маягаар хэрэг­жүүлж болохгүй л дээ. Зөвхөн алтны шороон ор­дуудыг хамруулсан. Ерөнхий сайд нь өөрөө ч үүнийг зарласан. Бодит байдал дээр өөрийнх нь нэр дээр байдаг том ордоос эхлээд  нэр бүхий ордууд бүгд ажиллаж байна. Манай уурхай тэрний уурхай гэж ирээд л нэр хаяг өгчихсөн. “Урт нэртэй” хуулийг гацааж өөрчлөх гэж зүтгээд л . Болохгүй болохоор нь өөрсдийнхөө ордыг стра­тегийн ордод хамруулах гэж хүртэл зүтгэж байна. Уг нь энэ хуульд анхандаа стратегийн орд газрыг бүгдийг хамруулсан бай­сан боловч хууль батлах явцад аваад хаячихсан. Мэдээж бидний шаард­лагыг бүрэн хүлээн авахгүй байж болно. Хууль тогтоогчид наа­на­тай, цаанатай хандая гэж бодсон л байх. Хамгийн гол нь жижиг, том гэж ялгалгүй бүгдэд нь тэгш үйлчилж, бүрэн хэрэг­жээд, нөхөн сэргээлт нь хүртэл дуусчихсан байх ёстой байсан юм.  Гэтэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд юу ч хийсэнгүй. Гэхдээ ямар ч байсан сон­гуулийн өмнө хилийн заагийг нь баталчихлаа. БОАЖЯ, Усны газар маш сайн ажил­ласан гэдгийг хэлэх хэрэгтэй. Иргэний нийг­мийн оролцоог сайн хан­гасан. Мэдээж алдаа байлгүй яахав. БОАЖ-ын сайд Цогтбаатар зургаан сарын хугацаанд гацаанд ороод байсан хуулийг нэг алхмаар урагшлууллаа. Хэлсэн амандаа хүрсэнд баярласнаа илэрхийлэх хэрэгтэй байх. 

Хуулийг ярьж эхэлс­нээс хойш гол мөрөн, ойтой газар хэдэн лиценз ол­гогдсон бол. Мэдээж нэмэгдсэн  байх?

– 2009 онд л 1782 ли­ценз гэж ярьж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд Ашигт малтмалын газраас 102 лиценз олгосон байна. Уг нь 2009 онд урт нэртэй хууль гарчихаад байхад 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиа урдаас бариад тайлбар хийгээд байгаа юм. Одоо бодоход бид ч дутуу арга хэмжээ авсан байна. Хуулийг хэрэгжүү­лэхэд гол анхаарлаа хандуулаад байсан. Тэр хойгуур нь нэмээд 102 лиценз ол­гогд­чихсон. Тэр хэмжээ­гээр манай нутгийн талбай барьцаанд орчихсон байна. Тэр үед нь жаа­хан хүчтэй хөдлөх ёстой байжээ гэж одоо харамс­даг юм. Гэхдээ бид зүгээр суухгүй. Тэр 102 лицен­зийг хууль бусаар олгосон гэж үзнэ. Яагаад гэвэл хилийн зааг дотор хайх, ашиглахыг хориглоно гээд заачихсан байхад лиценз олгосонд хариуцлага тооцох ёстой. Хэдийгээр хожимдсон ч тэр асуудлын хойноос явна. Ер нь өнөөдрийн байдлаар барагцаалбал Монгол Улсад 5000 орчим тусгай зөвшөөрөл бий. Алга да­рам цаасаар газар нутгаа өгчихсөн гэсэн үг. Зөвхөн 1782-ийг нь л буцааж авах гэж олон жил болж байна шүү дээ. Онц чухал хэсэг буюу ойтой, устай хэсгийг олборлолтоос хамгаалах гэж ийм их юм болж байна. Гэтэл Өмнөговийн нутаг бол тэр чигээрээ барьцаалагдчихсан байна. Шулуухан хэлэхэд харийн­х­анд алдчихсан. Тйимээс энэ бүгдийг тэр чигээр нь цэгцлэх цаг болсон.

Байгалийн үзэсгэлэнт газруудаа хамгаалахын тулд арга хэмжээ авсан бусад орны туршлага ямар байдаг бол?

– Хятад улс 1998 оноос хойш голтой, устай, ойтой хэсэгтээ алт олборлолтыг зогсоох арга хэмжээ шат дараатай авсан. 2005 онд  алтны 4000 гаран уурхайг хааж чадсан. Бид ядахдаа  хөрш орнууд юу хийж байгааг харах хэрэгтэй. Энүүхэндээ хэдэн компани дотроо эргэлдээд байхаас дэлхий даяар юу болж байгааг олж харахгүй байна. Дэлхий нийтээр цөмийн хог хаягдлын эс­рэг тэмцэж байхад манайх уран олборлох гэж байна.

Аль хэдийнэ 101 лиценз өгчихсөн шүү дээ?

– Тэгсэн. Хоёр нь ол­бор­лолт, 99 нь хайгуулын лиценз байгаа. Энэ бол хайрга, алт, нүүрс биш. Маш аюултай бодис. Улс орны аюулгүй байдалтай холбоотой. Маш хайх­рамжгүй хандсан. Хэнд өгч байгааг нь хэн ч со­нир­хоогүй. Уран олборлоод дараа нь яах вэ гэдэг нь тодорхой биш. Атомын цахилгаан станц барина гээд л байна. Гэтэл атомын цахилгаан станцаас дэлхий нийт татгалзаж байна. Япон 55 станцаа хаана гээд зарлачихсан. Герман 2020 он гэхэд бү­рэн татгалзана гэж байхад манайх барина гээд эс­рэгээр нь явж байдаг. Өнөөдөр төрийн эрхийг яаж авах вэ гэхээс өөрийг харахгүй байгаа нь үнэ­хээр харамсалтай. Уран олборлолтод Францын компани хэд хэдэн лиценз эзэмшиж байгаа. Гэтэл франц улс олборлосон бүтээгдэхүүнээ эх орон руугаа авч явна гэж байхгүй. Орос, Хятад руу л гаргаж таарна. Тэдэнд цөмийн зэвсгийг нь бэл­дээд өгчихөөр хаягдлаа манайд л өгнө. Ингээд бид хордоно гэсэн үг.

Яагаад ийм олон лиценз олгогдож байхад хэн ч дуугараагүй юм бэ?

– Лиценз ямар ч хяналтгүй байгаагийн жишээ. Ашигт малтмалын тухай хуулийг ард түм­нээрээ хэлэлцүүлж бат­лахгүй бол хэдхэн хүн батлаад байна. Манай улсад 1000 ашиг­лалтын лиценз, 4000 хай­гуул байгаа. Гэтэл тэр ашиг­лалтын 1000 лицен­зийг  ном журмаар нь ашиглах боловсон хүчин манайд байхгүй. Уул уурхай гэдэг хайгуулыг нь мэргэжлийн хүн хийнэ. Дараа нь үйлд­вэрээ барина. Олборлоно. Нөхөн сэргээнэ гээд олон шат дараатай. Гэтэл тал талын мэргэжлийн хү­мүүс газар нутгийг минь сэндийчиж байна. Харин  стратегийн 15 орд газартаа бол элбэг хүрэлцэнэ. Тийм чад­вартай хүмүүс ч бий. Бид өөрсдөө Багануур уурхайд жилд 4-5 сая тонн нүүрс гаргаад ажиллуул­даг л бай­сан. Түүнээс 30 жи­лийн дараа, техник тех­нологи өндөр хөгжсөн өнөө үед жилд 20-25 сая тонн нүүрсийг монгол мэр­гэжилтнүүд өлхөн гаргана. Миний бодлоор стратегийн 15 ордоо өөрс­дөө ашиглъя. Монголд 15 орд байхад л болно. Бусдыг нь хаая. Монгол газар нутгаа аварч үлдье. Хэдэн зуун мянган жил байсан газрын баял­гийг 20 жилийн дотор хоосолж болохгүй шүү дээ.

“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд нөхөн ол­говрын асуудал гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

– Энэ заалт нь нөгөө л ли­ценз эзэмшигч буюу гадныхны захиалгаар ор­сон заалт. Лицензээ буцаагаад авчихвал төрөөс нь бөөн мөнгө аваад гарна даа гэсэн бодлоготой. “Хан ресурс” Монголын төрөөс 200 сая ам.доллар нэхэмж­лээд олон улсын шүүхээр заргалдаад явж байна. “Алтан­дорнод Монгол” хэдэн зуун сая ам.доллар нэхэмжиллээ. Монголын байгалийг сүйтгэчихээд эргээд мөнгө нэхэж бай­даг. Татвар ч төлөхгүй. Энэ бол шударга бус явдал. Хууль ч нь тэр. Үйлдэл нь ч тэр. Нэгэнт хуульд тусгасан учраас нөхөн олговрын асуудал байж болно. Гэхдээ мэр­гэж­лийн хүмүүсээр хянуу­лах ёстой. “Урт нэртэй” хуульд хамрагдсан компа­ниудад тооцсон нөхөн олговрыг судлахад нэг триллион 161 тэрбум төг­рөгийн экологийн хохирол учирсан байхад 500 тэрбум төгрөгийн нөхөн олговор нэхэгдсэн байсан. Нөхөн сэргээлтийн зардалд дахиад нэг триллион төгрөг хэрэгтэй. Бид хоёр, гурван уурхайд мониторинг хийж үзэхэд экологийн хохирол нь дээр тооцоолсноос 5-6 дахин их байхаар юм билээ. Тэгэхээр энэ асуу­далд хяналт тавих ёстой.

– Монгол Улс уул уур­хайн компаниудаас татвараа бүрэн авч чаддаг болов уу?

– “Олборлох салбарын ил тод байдлын санаач­лага” гээд сайхан нэртэй төсөл байна. Би ажлын хэсэгт нь бий. Намайг нэг ч удаа дуудаагүй. Би уул уурхайн инженер хүн. Тэгэхээр ийм замбараагүй уул уурхайг дуугүй хараад сууж чадахгүй байгаа юм. Ашиглалтанд байгаа 350 уурхайд анализ хийхэд 90 гаруй нь улсад нэг ч төг­рөгийн татвар төлөөгүй. 80 гаруй уурхай нэг сая төг­рөг хүртэлх татвар төлсөн. Мөн 80 гаруй нь хоёр сая хүртэлх төгрөгийн татвар төлсөн. Үлдсэн нь хоёр саяас дээш. Тэгээд харь­цуул даа. Тухайн үедээ энэ асуудал шуугиан та­рингуут “Ил тод байдал” гэсэн сонинг нь хааж байсан. Одоо тэр хөтөлбөр хүмүүсийн хэл ам дарах байдлаар л ажиллаж байна даа.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *