Д.Ганбат: Ардын нам хэлбэрдэх хэрэггүй

3-р сарын 3, 2015 8:50 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 503
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

УИХ-ын чуулган завсарлаад гишүүд цаг завтай болж байна. Хууль зүйн байнгын хороо хэрхэн ажилласнаа дүгнэж амжив уу?

-Эдийн засгийн хувьд шийдсэн, бас шийдэж чадахгүй байгаа зүйлүүд бий. Нэг зөв зүйл хийсний нэг нь Чөлөөт худалдааны гэрээг Япон улстай байгуулж чадлаа. Үүнийг  томоохон ажил боллоо гэж болно. Эдийн засгийн бусад асуудлаа үр дүнтэй шийдээд байгаа юм алга. Хууль зүйн байнгын хороо үр дүнтэй ажилласан. Чухал асуудлууд эргээд ороод ирлээ. Тухайлбал, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг авч үзээд хэлэлцэхээр боллоо. Мөн Захиргааны хуулийг хэлэлцэхээр шийдсэн. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж буй асуудалтай холбоотой гадуур санал шүүмжлэл ч явж байгаа. Үүний нэг нь шүүгчийн цалин. Энэ асуудлын хууль эрх зүйн хэм хэмжээг нэг тийш нь болгож чадсан. Өөрөөр хэлбэл, уг асуудлыг хуулиараа буюу УИХ-ын чуулганаар шийдье гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад хоёр сар гаруй болж байна. Гэтэл МАН засгаас гарах мессежийг аль хэдийнэ цацаад эхэллээ. Хамтарч байгаагийн хувьд ямар бодолтой явна вэ?

-Тоглоомтой юм шиг ингэж хандаж болохгүй. Хамтраад хоёр сар гаруй хугацааг үдлээ. Ер нь гээндээ ч, гоондоо ч байгаа байх. Эдийн засаг хүндэрсэн байна. Экспортын бүтээгдэхүүний үнэ гурав, дөрөв дахин буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт мөн хэмжээгээр багассан. Халамж хэтэрхий хавтгайрсан зэргээс болоод УИХ-д байгаа намууд эвсээд Засгийн газраа байгуулж Монголын ард түмний төлөө ажиллах нь зүйтэй. Юун улстөржих, юун намчирхах. Үүсээд байгаа нөхцөл байдал ард иргэдийн нуруун дээр хүндээр тусч байна гэдэг байдлаар засаг төрдөө нэгдээд ажиллаж байгаа гэж ойлгодог. Ингэж ч ярьж байсан. Мэдээж одоогийн эдийн засгийн хөтөлбөрт хэрэгтэй зүйл ярьж байгаа бол дэмжинэ. Гэхдээ өмнө нь гаргасан тогтоол шийдвэрүүд олон байгаа. Хэрэгжилт муу байгаа нь үнэн. Үүнийг би Эдийн засгийн байнгын хороон дээр ч хэлж байсан. Нэг их гоё нэртэй хууль тогтоомжуудыг өргөн барьдаг. Тэр нь батлагддаг. Харин эргээд харахад биелсэн нь бага. Түүндээ хариуцлага тооцсон нь мөн л тааруу байгаа. Засаг солигдох бүрт сайд нар нь яаманд очоод баахан бужигнуулдаг. Хүмүүсээ халдаг, ажил төрөл нь өөдтэй явдаггүй. Тэгээд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Иймэрхүү маягтай л явж байгаа. Үүний хамгийн хүнд хэцүү хэсэг нь ард түмний нуруун дээр тохогддог. Парламент асуудлыг маш удаан хэлэлцдэг. Энэ нь нэг талаасаа сайн ч нөгөө талаасаа сул тал болдог. Тогтоол шийдвэрүүд нэлээн удаж байж олонхийн саналаар гардаг. Хэдий удаан хугацаанд батлагдаж гардаг дутагдалтай ч нэлээд их шүүлтүүрээр ордог гэж болно. Ингээд гараад ирсэн шийдвэрүүдийг өмнө нь яагаад биелүүлээгүй вэ гэдэг хариуцлага ярьдаггүй шүү дээ. Харин салан баавгайн үлгэрээр нэг юм олоод сугандаа хавчуулаад дараагийн юм олохоороо нөгөөхөө хаяад явдаг байх жишээтэй. Иймэрхүү байдлаар явж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Томоохон улс төрийн хүчний хувьд хамтрах асуудлыг ул суурьтай шийдсэн байх. Гэтэл ийм амархан шийдвэрээсээ буцаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна?

-Цаг хугацаанаас эхлээд бүх талаараа тоглоомтой хандаж болохгүй. Нэгэнт шийдээд хамтарна гээд ороод ирсэн. Тухайн намын асуудлыг шүүмжилж болно. Гэхдээ буруу зөвийг амьдрал, цаг хугацаа харуулах байх. Өнөөдөр улстөрчид нэр томьёоны хойноос хөөцөлдсөн байдлаар асуудлынхаа гүнд орж харахгүй байна. Тухайн нам, эвсэл хэдхэн хүний ашиг хонжооны үүднээс битгий хараасай. Үнэхээр ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх боломж байгааг хараад энэ засагтай хамтраад ажиллаж байгаа. Хөтөлбөр энэ тэрээ ярьдаггүй юм бол өмнө нь МАН ороод батлалцаад явсан хөтөлбөрүүд бий. Үүнийхээ биелэлтийг ярихгүй байж нэр усыг нь солиод хэрэгтэй хэрэггүй жагсаалт гаргадаг. 70 80 жилийг угтаад 70, 80 ажил биелүүлнэ гэдэг байдлаар хэлбэрдэх хэрэггүй. Хамгийн гол нь Засгийн газар дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр ам.долларын ханш 1900 биш 1600 болох ёстой. Хөрөнгө оруулалт нь нэмэгдээд хувийн хэвшлүүд нь сайн ажилласан, иргэдийн цалин нэмэгдэж, инфляц багассан байдлаар илэрхийлэгдэх ёстой байсан. Харамсалтай нь тэгж харагдахгүй байна.

-Өөр нэг асуудал нь АН шинэ фракцтай болсон тухай. Дотор нь байгаа гишүүний хувьд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Би бол МоАХ фракцийн хүн. Нам гэдэг үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нийлсэн хүмүүс. Манай нам хийж бүтээхийн төлөө, хувийн хэвшлийг дэмжих бодлого барьдаг. Би үүнийг бүрэн дэмждэг. Нам болон УИХ доторх гишүүдээс нэгдэж янз бүрийн фракц байгуулсныг мэдэхгүй байна. Энэ бол өөрсдийнх нь асуудал. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэдээллийг авсан. Өөрсдийнх нь ярьж байгааг ч харсан. Тэр хүмүүсийн тухайд өөрсдийн үзэл бодлоороо нэгдэж байгаа нь тэдний асуудал байх.

-Тэгэхээр та шинэ фракцуудыг дэмжиж байна гэсэн үг үү?

-Аливаа нэг асуудал, үзэл бодлоороо нэгдэж болно. Бид олон талаас нь харж, олон үзэл бодлыг уралдуулахыг дэмждэг нам. Өнөөдөр бид нээлттэй нийгэмд амьдарч байна. Тэгэхээр албан тушаал авахын төлөө фракцалдаг баймааргүй байна.  Одоо 3-4 хүн нийлээд нэг сайдаа авъя, дарга больё гэдэг биш. Харин үзэл бодол асуудлаар нэгдэх ёстой. Тухайлбал, улс орноо хөгжүүлэхийн тулд татварыг ингэж бууруулахад ямар байр суурьтай байгаагаа илэрхийлж фракцлахыг дэмжиж байна.

-Харамсалтай нь үзэл бодол гэхээс илүүтэй албан тушаалаараа нэгдээд байх шиг?

-Манайд албан тушаал авахын тулд фракцалдаг байдал нь илүү байна. Гэхдээ энэ асуудал цаг үеэ өнгөрөөж байгаа байх. Бид туулах ёстой зүйлээ туулаад явж байгаа гэж ойлгож байна. Цаашдаа энэ асуудал улам багасна. Иргэд, сонгогчид үүнийг ойлгодог болсон. Хэн нь үзэл бодлоороо фракцлаад улс орноо хөгжүүлэх гээд байна. Хэн нь албан тушаал, эрх мэдлийн төлөө явааг ялгаж салгадаг болсон.

-Чуулган завсарлахаас өмнө хэд хэдэн хууль бөөндсөний нэг нь Монгол хэлний тухай хууль. Та энэ хуулийн тухайд эсрэг байр суурьтай байсан?

-Энэ хуулийн тухайд эхнээсээ байр сууриа тодорхой илэрхийлээд явсан. Цаг хугацаа харуулна. Энэ хуулийг нэлээд хүчиндэж батлууллаа. Хэд хэдэн буруу заалт байсныг нь ажлын хэсэг ахалж байсан хүмүүс татаж авсан. Бид монгол хэлээ судлаад, эзэмшээд явах нь зөв. Гэхдээ тухайн үедээ ямар бичиг үсэг хэрэгтэй байна түүнийгээ аваад явах ёстой. Өнөөдөр цаг үедээ нийцсэн одоогийн шаардлагыг хангасан, цагийн шалгуурыг давсан зүйлийг авч хэрэглэх учиртай. Тэрнээс зүгээр тулгаад явахгүй. Чингис хаан Монгол Улсыг байгуулж байх үед бид тухайн үедээ хамгийн тэргүүний уйгаржин бичгийг өөрийн болгож хэрэглэж байсан. 1945 оны хоёрдугаар сард латин бичиг авах гэж байгаад орхисон. Тэр үед Зөвлөлт Холбоот Улсаас хараат бус байсан учраас зөвшөөрөөгүй. Тэгээд крилл бичгээ авч хэрэглэсэн. Яахав 32 үсэгтэй байсныг 35 болгоод явсан шүү дээ. Тухайн үед энэ нь мөн тэргүүний бичиг болж байсан учраас бүгдээрээ бичиг үсэгтэй болж чадсан. Өнөөдөр уйгаржин бичгийг авч хэрэглэнэ гэхэд бидний эдийн засгийн боломж ямар байна. Тийм баян улс мөн үү. Тийм цаг хугацаатай орон уу. Өөр шийдэх чухал асуудал байсаар байтал ийм зүйлээр олон түмнийг бухимдуулах шаардлагагүй байсан. Үүнээс гадна манай хөрш зэргэлдээ Хятад улсын ӨМӨЗО-д уйгаржин бичгийг албан бичиг болгоод автономит муждаа хэрэглэдэг. Тэр муж нь 20 гаруй сая хүн амтай. Тэдний 4-5 сая нь монгол хүн байдаг. Ер нь энэ бол аажмаар биднийг хойш нь татна.  Хятад улс уйгаржин бичгийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн юм билээ. Учир нь Өвөрмонголчууд харьяанд нь багтдаг учраас тэр.

-Чуулганы завсарлагаанаар ямар ажлууд амжуулж байна. Тойрог руугаа хэзээ явах вэ?

-Чуулган завсарлахаас өмнө дөрөв хоног тойрогтоо ажиллаад ирсэн. Одоо дахиад явах гэж байна. Баянхонгор аймагт нэлээд сайн бүтээн байгуулалт өрнөсөн. Энэ нь улсын төсөв хөрөнгөөс гадна тухайн орон нутагт ажиллаж байгаа ард иргэд орон нутгийнхантай сайн хамтарсны илрэл. Мөн аймгийн удирдлагууд УИХ, Засгийн газартай хамтрах уялдаа холбоог сайн хангаж өгсний хүчинд энэ гурван жилд өмнө нь хийж байгаагүй олон ажил хийгдсэн. Бас нэг сайн мэдээ бий. Сүүлийн 10 гаруй жил  малчдын тоо буураад байсан. Харин өнгөрсөн жил малчдын тоо 4500-гаар нэмэгдсэн гэсэн статистик гарсан. Энэ бол төр засгаас явуулж буй малчдын тухай бодлого зөв байгаагийн илрэл байх. Баянхонгор аймгийн хувьд нүүдэл суудал зогсч байна. Тодорхой хэмжээгээр хөдөө орон нутаг, сумдад амьдрах боломж нэмэгдсэн. Малчид маань мал сүргээ сайн өсгөж чадлаа. Амжилттай байгаа эхний таван аймагт орж байгаа. Баянхонгороос улсын сайн малчин тав төрсөн. Тэдний гэрээр орж бас ойр орчмынх нь долоон сумаар орлоо.

-Малчид ямар санал, шүүмжлэл хэлж байна вэ?

-Малын татварын тухай хамгийн их ярьж байна. Малын хөлийн татварын тухай хууль байхад болохгүй юм алга гэдгийг тэд хэлж байгаа. Сүүлийн хэдэн жил цаг агаар сайхан байлаа. Мал ч өсч байна. Боломжтой ийм үедээ малчид татвар төлөөд явж байя гэдгийг дэмжиж байгаа. Цаг агаар хүндрээд малчдын амьдрал хүндхэн болвол төр засгаас татварын хэмжээгээ багасгах эсвэл авахгүй байх байдлаар зохицуулаад явбал болно гэдэг саналыг хэлсэн. Төлж буй татвар нь тухайн орон нутаг, худаг ус, бэлчээрт зориулагддаг байх хэрэгтэй. Бэлчээрийн даац хүндэрч байгаа. Үүнийг зохицуулахад зарцуулагддаг байвал зөв гэсэн санал гарсан. Мөн олон жил мал маллаж буй ахмад малчдын хувьд тухайн газар нутаг, өвөлжөө бууцаа өмчирхөөд явдаг. Мал сүрэг өсч байгаатай холбогдуулаад араас нь гарч ирж буй шинэ үеийн малчдын хувьд бэлчээр болон өвөлжөө хүндрэлтэй байгааг ярьж байна. Малчид оторт явах нь нэлээд хумигдаж байгаа юм байна. Тиймээс бэлчээрийг хувьчлах тухай санал нэлээд гарч байсан. Энэ асуудлыг бодлого боловсруулахдаа анхаарах ёстой юм билээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *