Д.Эрдэнэбат: ОУВС-гийн шахалтаар хууль зөрчиж болохгүй

11-р сарын 8, 2017 8:00 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Нийгэм , Улс төр , Хууль эрхзүй Уншсан: 10
11-8-3

Т.БАТСАЙХАН

Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны Төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын байр суурийг сонслоо.

Ерөнхийлөгч 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан.  Энэ асуудалд АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Төсвийн тодотгол төсвийн тухай хуулийг зөрчиж орж ирсэн. Тиймээс хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой.  Тиймээс манай намын бүлэг тодотголыг дэмжихгүй гэдгээ тухай үед нь илэрхийлж байсан. Мөн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шаардлагыг тавьсан.  Гэсэн ч тийм заалт орж ирээгүй. Ерөнхийлөгчийн 2017 төсвийн тодотгол бод­логын зарчим баримт­лаагүй, хууль дээдлээгүй байна гэсэн шалтгаанаар хориг тавьсан нь Төсвийн тодотгол хууль зөрчиж, хууль  дээдлэх зарчим алдагдсан гэдэг манай намын бүлгийн өмнөх байр суурьтай нийцэж байгаа.

Хууль зөрчиж, хууль  дээдлэх зарчим алдагдсан гэдэг нэр томьёо ярьж байна. Энэ асуудлыг жаахан тодруулахгүй юу?

– Алдагдал буураагүй, орлогын хуваарилалт нь бодлогын шинж чанар агуулаагүй. Ихэнхдээ зарлагын хуваарилалтдаа халамж, хөрөнгө оруу­лал­тыг дэмжсэн. Энэ нь урсгал зардлыг огцом өсгөх ирээдүйд төсвийг хүндрүүлэх эрсдлийг дагуулж байгаа учир эргэж харах шаардлагатай. Тухайлбал, жил бүр 70 тэрбум төгрөгөөр  зардал нэмэгдээд байвал гурван жилийн дараа төсвийн урсгал зардлын ачаалал 400 тэрбум төгрөгөөр нэмэгдэх болно. Үүнийг Монгол Улс дааж чадах нь эргэлзээтэй. Тиймээс ч бид энэ саналыг тавьж байгаа юм. Цалин, урам­шууллын тухай асуудал дээр зарчмын байр суурийн ялгаа байгаа. Ер нь сүүлийн үед ОУВС нэрээр манай улсын маш олон хууль, тогтоомжийг зөрчиж байна. Монгол Улс тусгаар улс. Өөрийнхөө хуулийг ягштал мөрдөх ёстой. Түүнээс гадны санхүүгийн байгууллагын шахалтаар ийм нөхцөл байдлыг үүсгэж, хууль зөрчиж болохгүй. Төрийн албан хаагчдын цалин­гийн тухай асуудлаар Төрийн албаны хуулийн 28.4.5-д зааснаар төрийн албан хаагчдын дундаж цалингийн хэмжээ хувийн хэвшилд ажиллагсадын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас тав дахин бага болсон тохиодолд албан ту­шаа­лын цалингийн сүл­жээ жишгийг нэмэгдүүлэх саналыг төрийн ал­баны төв байгууллага боловс­руулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө УИХ-д танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн хуультай. Харамсалтай нь энэ хуулийг зөрчөөд ОУВС-ийн шахалтаар цалин нэмэх боломжгүй байна гэж байгаа нь буруу. Өнөөдрийн байд­лаар 188 мянган төрийн албан хаагчдын цалин улсын дунджаас 24.8 хувийн зөрүүтэй болсон байна. Тиймээс ирэх оны төсвөөс элдэв үр, ашиггүй, тооцоо судалгаагүй, зард­лыг танаж, төрийн албан хаагчдын  цалинг 10 хувиар хуулийн дагуу нэмэх шаардлагыг бид тавина. Гадны санхүүгийн байгууллагын өмнө Монгол Улсын хууль хүчгүйдэж болохгүй. Өвөл­жилт хүндрэх тийшээ хандаж байгаа энэ нөхцөлд төсвөө энэ долоо хоногтоо багтааж бат­лах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа.

Төрийн албан хаагч­дад урамшуулал тараахын оронд цалинг 10 хувиар нэмэхийг дэмжиж байгаа юм уу?

– Зөвхөн эмч, багш нар биш 180 мянган төрийн албан хаагчдын цалинг 15 хувиар өсгөхөөр 235 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс улсын эдийн засаг үүнийг шууд гар­гахаар хүнд гэдгийг ойл­гож байгаа. Харин 10 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс 2017 төсөв 55 тэрбум, 2018 оны төсөв 55 тэрбумыг тусгаж, урамшуулал маягаар оруулахын оронд нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх бодит боломж байгаа гэж  харж байна.

Жижиг дунд үйлд­вэрлэлийг дэмжих нэрээр гишүүдэд 72 тэрбум төгрөг хуваарилж өгч байгаа гэх хардлага байна. МАН-ын бүл­гээс энэ мөнгийг 100 тэр­бумд хүргэх санал гаргасан байна. Танай  бүлэг ямар байр сууртай байна вэ?

– Сангийн сайд анх энэ асуудлыг ярьсан байдаг.  Гишүүдэд тэрбум, тэрбумыг хуваарилах гэж байна гэдэг ярианаас үүдээд жижиг дунд үйлд­вэрлэлийн сангийн тухай асуудал дээр бид онцгой хяналт тавих шаард­лагатай байна. Энэ бол хамгийн буруу жишиг. Жижиг дунд үйлд­­­вэрлэлийн сан­гаар дамжиж бай­гаа мөнгө ажлын байрыг бий болгохоос гад­на монголын үйлд­вэр­лэлийн бүх зүйл жижиг дунд үйлдвэрлэлээр хийгдэж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *