Д.Эрдэнэбат: Хоёр сайдын асуудлыг цэгцэлж чадахгүй бол Засгийн газрыг огцруулах шаардлага тавина

4-р сарын 30, 2018 1:49 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 33
p1c5pl86ebc8o1ret1d9sm4shoe1-550x300

Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв. Намын бүлгээс “Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод албан тоот хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий есөн сэтгүүлчийг мөрдсөн, тагнасан, чагнасан тухай асуудал сөхөгдсөн. Уг асуудлыг Тагнуулын ерөнхий газраас шалгаж нэр бүхий цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газарт ирүүлсэн талаар прокурор мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцүүлэх талаар албан тоот хүргүүлсэн” гэв. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, гаалийн болон НӨАТ-ын хөнгөлөлт олгох асуудлыг оруулж ирсэн тул тавдугаар сарын 14-ны дотор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг шаардсан байна.

-Танай бүлэг Засгийн газрын хоёр сайдад хариуцлага тооцох шаардлагыг өргөн барьсан. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэж ойлгож болох уу?

-Хоёр сайдынхаа асуудлыг нэг тийш цэгцэлж чадахгүй бол бид Засгийн газрыг огцруулах шаардлага тавихад бэлэн байна.

-Сэтгүүлчдийг ямар үндэслэлээр тагнасан, чагнасан юм бол. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Нарийн асуудлыг прокурор тогтоох байх. Нэг ойлгомжгүй зүйл бий Хууль зүй, дотоод хэргийн сайд нь энэ асуудлыг мэдэхгүй гэж та бүхэнд хэлсэн байна лээ. Хууль хяналтын байгууллага нь мөрдөн, шалгаж байгаагаа мэдэгдсэн. Холбогдох хүмүүсийг яллагдагчаар татсан ч салбарын сайд нь мэдэхгүй гэдэг хариултыг өгч байгаа нь хууль хяналтын байгууллагын үл ойлголцлыг харуулж байна. Ер нь сэтгүүлчдийг тагнасан байдал нотлогдох юм бол Монголд сэтгүүлчдийн эрх чөлөө, үгээ хэлэх эрх чөлөөний асуудал үгүйсгэгдэж байгааг нотолно.

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд эсвэл 100 хувьд олгох гэсэн хоёр төлийг УИХ-аар хэлэлцэхээр тогтсон. Танай бүлэг аль төслийг нь дэмжиж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хувилбар, Засгийн газрын өргөн барьсан хувилбарыг хамт хэлэлцэхээр болсон. Бид үүнийг зөв гэж харж байгаа. Хүүхдийг зорилтод бүлгэд оруулна, оруулахгүй гэдэг маргаан нь буруу юм. Халамжийн хуульд хамрагдаж байгаа бол Монголд нийгмийн халамж эдлэх эрхтэй гурван бүлэг байдаг. Тэр нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Хүүхдүүдийн 80 хувийг хамруулсан зорилттой хөтөлбөр гэж байх ёсгүй. Хүүхдүүд нийтээрээ зорилтод бүлэгт хамрагдах ёстой.

-С.Баярцогтын цагдан хорих хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа. Ардчилсан намын бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Бүлгийн гурав, дөрвөн гишүүн эргэлт хийсэн. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдээсэй гэсэн хүсэл байгаа. Хуулийн байгууллага улстөрийн өнцгөөс биш бодит байдлаар хандаасай гэсэн хүлээлт байгаа.

Эх сурвалж:www.polit.mn