Д.Доржханд: Автозамын салбарт 293.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн

12-р сарын 3, 2015 8:58 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 69
12-3-7

Б.ЗАЯА

Зам тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Улсын хэмжээнд энэ жил хийсэн зам засварын ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Манайд улсын ча­нартай 12722 км зам байдаг. Энэ нь нийслэлийг аймгийн төвүүдтэй, аймгийн тө­вүүдийг ойролцоох хилийн боомтуудтай хол­­бо­сон замуудыг хэл­дэг. Энэ замуудын зас­вар, арчлалтын ажлыг төрийн өмчит 21, хувийн хэвшлийн компани хариуцан гүй­цэтгэдэг. Улсын чанартай авто замуудын засвар, арчлалтын ажилд энэ жил 18 тэрбум төгрөг тусгагдсан. Хуваарийн дагуу засвар арчлалтын ажлыг гүйцэтгэж байна. Өвлийн улиралд зам, даваа хаагддаг 45 цэгт шуурхай ажлын хэсгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажиллуулж байна.

Нэлээд хэдэн аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон. Энэ ажил энэ жил үргэлжилсэн үү?

Автозамын салбарт энэ жил улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалттай 33 төсөл, арга хэмжээнд 293.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 1389.4 км авто зам, 1750 метр гүүрийн ажил шинээр болон он дамжин хэрэгжиж байгаа. Шинээр 200 гаруй км зам, хоёр гүүрийн ажил хийхээр төлөвлөсөн. Энэ оны хувьд улс орны төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалт урьд жилүүдээс ихээхэн хэмжээгээр багассан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авто замын салбарт орсон.

Өнгөрсөн 2013-2014 онд Дундговь, Баянхонгор, Дорноговь, Өмнгөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбосон. Одоо зүүн талд Дорнод, баруун талд Завхан, ГовьАлтай, Ховд, БаянӨлгий, Увс гэсэн зургаан аймаг үлдсэн. Энэ жилийн хувьд Дорнод аймгийг хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөж байсан ч гэрээ удааширсан, хөрөнгө санхүүжилтийн улмаас амжаагүй. Ирэх онд холбогдоно. Харин улсын төсөв, Хөгжлийн банк, концессийн хөрөнгө оруулалтаар баруун таван аймгийг холбох ажил эхэлсэн.

Яамнаас ажлын хэсэг гарч орон нутгийн АЗЗА компаниудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан гэсэн. Орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?

Өвөлжилтийн байдал хүндэрч байна. Улсын чанартай 45 чиглэлд шуурхай ажлын хэсэг ажил­ладаг. Өнгөрсөн сараас зарим зам даваа хаагддаг, өвөлжилт хүндэрдэг хэсгүүдэд шуурхай ажлын хэсгийг ажиллуулж байнаТүүний  дагуу Зам тээврийн сайдын тушаалаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахаар хоёр ажлын хэсэг баруун, зүүн чиглэлд ажиллаад ирлээ. Энэ жилийн хувьд баруун чиглэлд өвөлжилт хүндэрсэн. Завхан аймгийн Загастайн давааг засварлаж байгаа учраас тойруу зам гаргасан байсан. Гэвч өвөлжилт хүн­дэрч Загастайн давааны хөдөлгөөнийг нээх, нийтийн тээврийн чиг­лэлийг өөрчлөх асуудлыг шийдээд ирсэн. Одоогоор  зам даваа хаагдсан зүйл байхгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй, хэвийн үргэлжилж байна.

Яамны зүгээс цаг үеийн байдлаас шалтгаалан аймгуудын Засаг даргын Тамгын газарт албан бичиг явуулсан. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа АЗЗА компа­ниудын өвлийн бэлт­гэл хэр хангасан талаар, аймаг орон нутгийн хүндрэлтэй замыг яах талаар ажлын хэсэг гаргаж шалгаж тайлан мэ­­дээ­­лэл ирүүлэхийг хүс­­сэн. Бүх аймгаас тай­лан мэдээлэл аваад хангалтгүй ажилласан гурван газарт арга хэмжээ авах бичиг явуулаад байна. Цаг агаарын хүнд нөхцөлд хөндлөнгийн болон дотоодын хяналт шалгалтыг явуулж тээврийн хэрэгслийн хө­дөл­гөөний аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авч ажиллаж байна.

Орон нутгийн замд осол гарах тохиолдол нэ­мэг­­дэж байна. Осолд замын чанар нөлөөлсөн бол зам барьсан тухайн компани хариуцлага хүлээхээр бол­сон. Замын чанараас бол­сон осолд компани ямар нэ­г­эн хариуцлага хүлээсэн үү?

Зам тээврийн осол гарахад замын цагдаагийн ажлын хэсэг ажилладаг. Ажлын хэсгээс осол жо­лоо­чийн буруутайгаас бол­сон уу, замын чанар нө­лөөлсөн үү гэдгийг дүгнэж шүүхийн шийдвэр гар­гадаг. Одоогоор манайд шүүхийн шийдвэр ирээгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *