Д.Даваадорж: Гэр хорооллоос илүү хотын төвд хөрсний бохирдол их байна

12-р сарын 18, 2015 9:12 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 204
12-18-3h

Х.МОНГОЛХАТАН

МУИСийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимийн ахлах багш, доктор Д.Даваадоржтой ярилцлаа.

МУИСийн Хүрээлэн буй орчин судлалын профессорын баг 2015 онд Улаанбаатар хотын хөрсний бохирдлоор хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсон гэсэн. Судалгааны дүн гарсан уу?

-2014 онд МУИСийн Захиргаанаас залуу судлаачдад нэг удаагийн төслийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү төслийн хүрээнд багш, судлаач оюутнууд хамтран хотын бохирдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Одоогоор хөрсний судалгааны хэсэг хүнд элемент, цацраг идэвхит изотопын судалгаагаа дуусган анхны үр дүнгээ боловсруулж байна. Энэ судалгаа нь Улаанбаатар хотын хэмжээнд галлагаанд голчлон хэрэглэж буй нүүрсний үнснээс үүсдэг цацраг идэвхит бодис болох уран, тори, кали зэрэг элементүүд болон тэдгээрээс хагас задралын үр дүнд үүсдэг радон-226, тори-232, кали-40 зэрэг изотопуудын агууламжийг тодорхойлон, тэдгээрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцох зорилго тавьсан.

Судалгааны үр дүнгээс үзэхэд тархалтын хувьд Сансар, 13-р хороолол, хотын төв хэсэг, баруун 4-н зам, 19-р хороолол, Хархорин захын орчим зэрэг газруудад изотопын агууламж 180-210Bq/кг-1 буюу дэлхийн дунджаас 60-90 нэгжээр өндөр гарсан. Гэхдээ хөрсний хэмжилт маань нэг цэгээс дээж авдаг учир талбайд харьцуулахад төдийлөн үнэмшилтэй болж чаддаггүй. Тиймээс хэд хэдэн цэг дээр хэмжиж дундаж утгыг авдаг.

Ямар эх үүсвэрээс болж орон сууцны хороололд цацраг идэвхт эзотоп өндөр гарсан юм бол?

Өвлийн турш агаарт байсан нүүрсний утаа, тооснууд цасаар дарагдан хөрсний гадаргад буусан гэж таамаглан өнгөрсөн оны гурав болон дөрөвдүгээр сард цас орсны дараа дээжлэлтийг авсан. Изотоп болон хөрсний бохирдлын тархалтад хэд хэдэн таамаг дэвшүүлэх боломжтой. Үүнд: хотын төв орчим анх хот үүссэнээс хойш ашиглаж байгаа гэж үзвэл 300 гаруй жил болно. Нүүрс хэрэглэснээс хойш гэвэл 1920 оноос хойш 90 жил гэж үзэхэд хорт бодисын хуримтлал үүсэх боломжтой. Нөгөө талаар агаарын бохирдлын 30 хувь хөрсний нарийн ширхэгт шороо байна гэж тооцход агаарын бохирдлоор дамжин, гэр хорооллоос зөөгдөн ирж тунах боломжтой. Бас хотын бүсэд байгаа хөрс байгалийн хөрсний анхдагч шинж чанараа алддаг учир хөрсөнд явагдаж байгаа хими, физик процессуудтай холбон тайлбарлаж болно.

Түлж буй нүүрснээс шалтгаалж үнсний найрлага өөр байх уу. Үнснээс ялгарах бодисууд хүний биед ямар нөлөөтэй вэ?

Энэ боломжтой. Судалгааны эхний үед хотын хөрсний цацраг идэвхит изотопын тархалт, агууламжийг үнэлээд, эх үүсвэрийг тодорхойлох зорилгоор ТЭЦ-III цахилгаан станцын үнсэн сангийн талбайд үнс хучсан хөрсөнд дахин судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд Багануурын нүүрсний үнс бүхий талбайн хөрсөнд изотопын хэмжээ бараг хоёр дахин өндөр гарсан нь тус уурхайн нүүрс изотопын агууламж өндөртэй байгааг харуулж байна.

Байгалийн хөрс, хурдас чулуулаг дахь изотопын судалгаа дэлхийн олон оронд хийгддэг бөгөөд цацраг идэвхит изотоп маань байгаль дээр өргөн тархалттай байдаг. 1984 оны Украйны Чернобилийн осол, 2012 оны Японы Фукушима ослуудаар цези-137 зэрэг изотопууд байгальд алдагдсан. Эдгээр изотопууд нь хэдэн арван мянган жилийн турш задралд орон альфа, вета туяа үүсгэн амьд биетүүдэд нөлөө үзүүлдэг учир улс орон бүр суурь агууламж, дундаж утгыг тооцоолдог. Боломжит хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд ургамал болон хүний биед өвчин үүсгэх, генийн өөрчлөлт үүсгэх, хорт хавдарын шалтгаан болох зэрэг сөрөг нөлөөтэй учир байнга хянаж судалж байдаг. Манайд энэ чиглэлээр МУИСЦөмийн судалгааны төвийн Н.Норов багш 1990 оноос ажиллаж ирсэн байдаг.

Бидний судалгааны дүнгээс үзэхэд изотопын агууламжийн индекс дэлхийн дунджаас бага буюу 370Bq/кг-1 байхаас 124Bq/кг-1 байна. Мөн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллүүд болох гадаад, дотоод шарлагын тун 1.0 байхаас  0.5, 0.6 орчим байгаа.

Улаанбаатарт Хамгийн их бохирдолтой газар нь хаана байна?

-2015 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөрДэлхийн хөрс”-ний өдрийг тэмдэглэн, хөрс судлаач эрдэмтдийн чуулга уулзалт, эрдэм шинжилгээний хурал болсон. Энэ удаагийн хуралд хөрсний бохирдлын чиглэлээр маш олон судалгааны дүнгүүд яригдсан. Хөрсний хүнд элементийн бохирдлын чиглэлээр ШУАийн ГазарзүйГеоэкологийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын газар, биологийн бохирдлын чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ЭМШУИХС зэрэг их дээд сургууль, судалгааны байгууллагуудын судалгаа­ны дүнтэй танилцаж, санал бодлоо солилцсон. Тэднээс харахад бохирдлын байдлаар нь ялгах хэрэгтэй санагдсан. Жишээлбэл: биологийн бохирдол буюу нянгийн тоогоор үзэхэд Дэнжийн 1000, Бөмбөгөр зэрэг хүнсний захууд, Даландавхар, Цагаан даваа зэрэг оршуулгын газрууд эрсдэлтэй  бол хүнд элементийн бохирдлоор Баянбүрдийн тойрог, Да хүрээ зах, 13-р хороололХалдвар судлалын үндэсний төв, Хархорин, 21-р хороолол гэх газруудыг нэрлэх бол изотопын агууламжаар цахилгаан станцуудын үнсэн сан хамгийн өндөр байсан.

Хөрсний бохирдолд байгалиас нөлөөлсөн зүйл байдаг уу?

-2014 болон 2015 онуудад Мэргэжлийн хяналтын газар хөрсний бохирдлын судалгааг нийслэлийн зургаан дүүрэгт хийсэн бөгөөд БЗД, ХУД, СХД бусад дүүргээсээ хөрсний бохирдлоороо илүү байсан. Богд уулын хормойд байрших Зайсан, Яармаг, Туул голын дагуух газруудад изотопи өндөр гардаг. Учир нь Богд уулын суурьд голлодог боржин изотоп их хэмжээгээр агуулдаг. Хотын гадаргын онцлог нь Туул гол,түүний цутгал болох Улиастай, Дунд, Сэлбэ, Толгойт зэрэг голуудын хөндийд оршдог учир бүх бохирдлууд хэвгийгээ даган дээрх голын хөндийд тунах боломжтой. Үүнд Баянбүрдийн ногоон нуур, 21-р хорооллын авто сургууль зэрэг хонхорууд бас өртдөг. Мөн Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн хотгорт оршдог учир туналт үүсэх боломжтой.

Мөн Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол нь инверс буюу тонгоруу урсгалыг үүсгэснээр бохирдолтой агаар маань доод давхаргадаа тунаж, хүйтэн агаараар сэлбэгдэх боломжийг хаасан байдаг. Хөрсний жижиг ширхэгүүд нь салхи, хүний хөл, машинаар дамжин агаарт хийсч агаарын бохирдлыг үүсгэдэг. Иймд хөрсний бохирдолтой хамт агаарын бохирдлыг заавал судлах ёстой. Хөрсний хүнд элементийг агаарт байгаа тоосонцорын агууламжтай харьцуулан судласан судалгаа хүртэл хийгдсэн байдаг.

Улаанбаатар хот тоосноосоо болоод үнсэн саарал харагддаг. Тоос ч агаарын бохирдолд нөлөөлдөг биз дээ?

– 2009 оноос хойш Москвагийн Их Сургуулийн Газарзүйн факультетийн эрдэмтэд, ШУАтай хамтран томоохон хотуудын агаар, ус, хөрсний бохирдлын судалгаа хийж байгаа. Энэ судалгааны хүрээнд 2010 онд агаар дахь тоосны агууламжийн судалгааг багажаар хэмжсэн байдаг. Тэд тусгай багажаар хүний өдөрт хэрэглэдэг 80 куб метр агаарыг сорж аваад дотор нь агуулагдах шороог хэмжсэн юм билээ. Гэтэл Багшийн дээд, Толгойт, Сансар, 21 дүгээр хороолол орчимд хамгийн өндөр тоосжилттой гарсан байна. Энэ хэмжиж үзсэн тоосжилт нь хүний хамрын салст шүүж чадахгүй нарийн ширхэгтэй учраас биднийг амьсгалах бүрт авч уушиг руу орж байдаг гэсэн үг юм.

Агаарын бохирдлыг багасгахын тулд Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцаар солих ёстой гэдэг. Гэтэл танай хийсэн судалгаагаар гэр хороолол тийм их нөлөөгүй юм биш үү?

Гэр хороолол бохирдолд нөлөөлж байгаа нь үнэн ч хамгийн гол нь усаар юм уу, салхиар тэр бохирдол нь шилжиж зөөгдөөд байна гэж таамаглаж байна. Үнэндээ агаарын бохирдлын 10  орчим хувийг нь гэр хороолол үүсгэдэг. Үлдсэн 90 хувь нь цахилгаан станц болон уурын зуух, машины утаа байдаг. Мөн манайд явж буй машинуудын 80 хувь нь үйлдвэрлэгдээд удаж байгаа машин. Тиймээс түлшний шаталтыг бүрэн хийж чаддаггүй учраас бензиний зарим хэсэг шууд цацагдаж агаар, хөрсийг бохирдуулдаг. Бидний судалгаагаар хөрсөн дэх изотопын хэмжээ нь байгаль дээр хагас задралаар ялгарч, байгаа хэмжээнээс илүү гарсан. Энэ нь өөр эх үүсвэрүүдээс изотоп ялгарч байна гэж үзэх боломжтой.

Агаарын болон хөрсний бохирдлын хэмжээ болон эх үүсвэр шалтгааныг та бүхэн судлаад гаргаад ирлээ. Харин багасгах, арилгах арга замыг харж байна уу?

Энэ чиглэлээр дараа дараагийн шатны ажлууд төлөвлөгдөн хийгдэж эхэлж байнаМУИСийн хувьд гэхэд Япон улсын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Монгол орны агаарын, хөрсний бохирдлыг бууруулах технологийг нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд хөрс, агаарын бохирдлыг бууруулах багаж, технологи зохиох, турших ажлууд хийгдэнэ. Шинэ судалгаа, шинэ технологи хөгжих учир эхлээд мэргэжилтэн бэлтгэж, технологи хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Дэлхийн бусад орнуудын туршлага ямар байдаг бэ?

Хүн төрөлхтөн өнөөдөр технологийн хөгжил дэвшлийн зуунд амьдарч байна. Уран ашиглаж найдвартай өртөг багатай цахилгааны эх үүсвэрээр хангаснаар бохирдлыг бууруулах боломжтой. 1930 онд Англи, 1960 онд Солонгос, 1950 онд Япон улсууд хүрээлэн буй орчны бохирдолтой байсан. Солонгос байгалийн хий, Япон цахилгаанаар энэ асуудлаа шийдэж чадсан байдаг. Манай орны хувьд өртөг багатай цахилгаан үйлдвэрлэн, нүүрсийг цахилгаанаар солих нь боломжит шийдэл гэж харж байна. Гэр хороолол гээд байдаг үндсэндээ бараг тал хувь нь бага оврын байшин байдаг. Иймд заавал гэрт тохирсон биш байранд тохирсон агааржуулагч юм уу халаалт, тосон тень зэрэг багаж технологиор шийдэх боломжтой юм.

Хөрсний бохирдлоор цаашид ямар судалгаа хийх вэ. Улаанбаатар хотын хувьд хамгийн түрүүнд анхаарах зүйл юу байна?

Хөрсний бохирдол дээр цаашид анхаарах нэг чухал сэдэв нь бохирдуулагч элементийн найрлага, бүтэц тодорхойлох асуудал их анхаарал татаж байна. Хөрс бохирдуулагч хүнд элемент хар тугалга, зэс, цайр зэргээр ярьдаг боловч энэ бүх элементүүд нь амьтан, ургамал хүний биед байдаг. Тэгэхээр бидэнд эдгээр элементүүдийн ямар найрлага бүтэцтэй нэгдэл нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байгааг тодорхойлох нь чухал. Өнгөрсөн есдүгээр сард Япон улсын Каназава их сургуультай хамтарсан судалгааны хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт анхдагч судалгаа хийн, гадаргын усны дээж цуглуулан анион, катион, цахилгаан дамжуулалт зэргийг өндөр нарийвчлалтай багаж дээр судласан. Тийм болохоор бохирдуулагч элементийн бүтэц, найрлагаа зөв тодорхойлж чадвал зөвхөн түүндээ тохирсон технологи аргазүй хөгжүүлэх боломжтой.

Улаанбаатар хотын хувьд бидний хүрээлэн буй орчны асуудал үнэхээр анхаарал татах хэмжээнд хүрсэн. Үүнд байгалийн нөхцөл, цаг уурын онцлог, бохирдлын эх үүсвэрүүд зэрэг олон шалтгаан бий боловч нийт бохирдол доройтлын хувьд иргэн хүн, хотын иргэн таны ухамсарын асуудал хамгийн эхэнд яригдах байх. Бид хэчнээн арга хэмжээ авч, шилдэг технологи хөгжүүлээд ч гудмандаа үнсээ асгаж, угаадасаараа угаагаад, нүхэн жорлонгоо булаад байвал цөөхөн хүний хийж байгаа ажил олондоо дарагдаад үр дүнгүй болно. Бохирдлоо бууруулна гэхээсээ өмнө бохирдуулахгүй болчихоод арил­гах арга хэмжээгээ ав­бал илүү үр дүнд хүрэх байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Barnypok
2017 оны 1-р сарын 8
matt
2017 оны 1-р сарын 29
chaba
2017 оны 1-р сарын 29
Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Provera Tablet cialis Cialis Neocalis

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Slut Load viagra Kamagra 100 Mg Tours

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *