Д.Дашпүрэв: Украиныг Европын холбоо тийм ч амархан залгичихаж чадахгүй

2-р сарын 27, 2014 9:44 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 1520
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор ОУСДС-ийн ерөнхий захирал, гавьяат багш, доктор Д.Дашпүрэвийг урилаа.

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор ОУСДС-ийн ерөнхий захирал, гавьяат багш, доктор Д.Дашпүрэвийг урилаа.

-Украинд өрнөж буй үйл явдлын талаар  олон нийтийн дунд  мэдээллийн хоёр урсгал давамгайлж байна. Орос хэлтэй нь ОХУ-ын байр сууриар дүгнэж, англи хэлтэй нь барууны үзлээр ойлгож байх шиг. Харин судлаач, ажиглагчид  юу гэж үзэж байна вэ?

-Би Монголын нийгэм, дэлхийн улс гүрнүүдтэй  тогтоосон харилцаа, мөн тэдгээр улс  манай улстай хэрхэн  харилцаж  байгааг судалдаг. Тэр дотроо дэлхийн их гүрнүүдийн бодлого, геополитик, геостратегийн  байр суурь нь  ямар байдаг вэ. Тэнд Монгол Улс хэрхэн  хөлөө олж яваа тухайд   судлаачийн байр сууриас  ханддаг. Тиймээс Украины асуудал миний судалгаатай  тодорхой хэмжээгээр холбоотой. Украины одоогийн байр суурь, нөхцөл байд­лыг ойлгохын тулд нэг­дү­гээрт, түүхэн байр суу­риас нь хандах хэрэгтэй юм. Тэр нь юу вэ гэвэл, Орос манай хойд  талын том хөрш. Монгол-Оросын харилцаа манай бүс нутагт, ялангуяа монголчуудад чухал ач холбогдолтой. Украин бол словяк угсааны улсууд. Орос улс жижигхэн орон байхад монголчууд Чингисийн их гүрэн, түүнээс өмнө Хүннүгийн  их гүрэн байсан түүхтэй.  Чингисийн их гүрний үе /XXII-XXIII зуун/-д Орос орон  Смоленскийн ой, Москвагийн хавиар   жижигхэн ханлиг улс байсан. Тэгэхээр Моск­вагийн Орос, Киевийн Орос  гэж хоёр Оросыг  түүхэндээ авч үздэг. Украин словен үндэстнийнхээ хувьд Оростойгоо их ойр. Орос том гүрэн болоход Украин тэр бүрэлдэхүүнд орж явсан.  Оросын анхны хүчирхэг  хаан Иван Грозный /1530-1584/-гоос хойш Оросыг ихээхэн хүчирхэгжүүлсэн эзэн  бол I Петр хаан. Цааш нь түүний угсааныхан, Романовынхан  Оросыг удирдаж том гүрэн болгосон.  Монгол  дэлхийд   байр сууриа алдаж эхэлсэн бол   Евразийн эзэмшилд Оросын бүс нутаг  улам томроод байсан. Түүгээр ч барахгүй Орос I Петр хааны үеэс дэлхийн том гүрэн болох  замдаа орсон. Энэ үеэс Орос   Балтийн тэнгисээр дэлхийн гарцыг хайсан. I Петр хаан Петрбургийг Балтийн эрэг дээр байгуулсан нь  тийм зорилготой байсан. Гэвч, Балтийн тэнгисээр дамжиж дэлхийд гарахад шведүүд ихээхэн саад болж байсан. Орос Шведийн дайн удаан үргэлжилсэн. Тухайн үед Александр Невский    оросуудыг Шведийн дайралтаас хамгаалж өгсөн. Үүний дараа  Орос  дэлхийн том гүрэн болоход Хар тэнгисийг эзэмших явдал чухал гэж ойлгосон. Хар тэнгис  дээр  оросууд  100 жил  туркүүдтай байлдсан түүхийг дэлхий нийт мэднэ. Хар тэнгисээр дамжин Фосфорын хоолойгоор далайд гарах гарц чухал учраас тэд туркүүдтэй тэгж удаан байлдсан. Ингээд оросууд  Кавказыг  аваад зогсохгүй  Баруун, Зүүн Украиныг эзэмшилдээ оруулсан. Хар тэнгисийн баруун талын ихэнх хэсэг  нь  Украины талд бий. Ингэж Орос орон геополитикийн хувьд дэлхийн  хүчирхэг орон болсон. Тиймээс Орос бол Европын нэг том багана гэж олон улсын харилцаа судалдаг дэлхийн эрдэмтэд үздэг.

 -Баруун, Зүүн Европ  байсхийгээд Оросын мэдэлд орчихдог нь ийм учиртай гэсэн үг үү?

-Хар тэнгис дэх геополитикийн давуу тал нь Оросын хүчирхэг байдлын амин чухал асуудал. Гэхдээ хүйтэн дайны дараа юу болсон бэ гэвэл, Орос эдийн засгийн талаар нэлээд суларсан. ХХ зуунд тогтносон Зөвлөлт гүрэн задарсан. Энэ үеэр олон улс үүссэний  дотор хоёр том  орныг анхаарахгүй байж  болохгүй. Түүний нэг нь Украин. Тэнд стратегийн болоод гео­политикийн маш нө­лөө бүхий бүс нутаг оршиж байна. Нөгөө хэсэг нь Еврази, гэхдээ Дундад Азид Казахстан байгаа юм. Гэхдээ одоо энэ тухай сонирхохгүй байна. Яагаад гэвэл, энэ өөр  асуудал.

-Тэгэхээр та  геопо­литикийн асуудлаар дамжуулан өнөөгийн нөхцөл байдалтай уял­дуулж Украиныг Европ хэзээнээсээ ихээхэн со­нир­хож ирсэн гэж хэлж байна уу?

-Ер нь Европ Украиныг  их  сонирхож байсан. Дэлхийн II дайны үеийг эргээд харахад  Гитлер ЗХУ-д довтлоход   түүний гадаад бодлогод нэг чухал асуудал байсан. Тэр нь Украины стартегийн  байршлыг эзэлж авахыг хичээж байсан шүү дээ. Тэрийг мартаж болохгүй. Тэгэхээр Украин баруун Европ  төдийгүй, төв  Европын анхаарлын төв дэх бүс нутаг юм. Би  энэ асуудалд аль нэг талыг барихгүй байна. Бодит байдал ямар байна вэ гэвэл, Украин Оросын геополитикийн, ялангуяа Европ, дэлхий, Атлантын далайд Оросын зүгээс явуулах  бодлогын  түлхүүр газар мөн. Иймээс Орос Украиныг ихээхэн анхаарч байгаа. Гэхдээ Украины нөхцөл байдал өнөөдөр маш хүнд байна.

-Украины гадаад байдал хүнд байгаа, гэтэл баруун, зүүн бүсээр талцсан дотоод  зөрчил өөрсдийг нь  улам сулруулж байх шиг?

-Ер нь бол Украин дотроо гурван бүс байгаа юм. Нэгдүгээрх нь  баруун Украин,  тэд ХХ зуун, дэлхийн II дайны үеэс Оросын ноёрхолд дургүй хэсгийнхэн. Баруун Украин эхэндээ Львовоор хязгаарлагдаж байсан бол сүүлдээ бүс нутгаа тэлж Киевт орж ирсэн. Зүүн Украин бол Орост тааламжтай ханддаг, ер нь орос хүн олонтой, орос хэлээр ярих нь давамгайлдаг бүс нутаг байгаа юм. Хүн амын хувьд баруун, зүүн бүс ойролцоо. Энэ хоёроос гадна  нэг жижигхэн бүс нутаг бий. Тэр бол Крымын татарууд юм. Крым стратегийн маш чухал бүс нутаг. Гэхдээ тэнд татарууд зонхилдог. Нарийн яривал тэнд Татарстаны нэг хэсэг байгаа юм. Тиймээс Оросын хувьд маш эмзэг бүс нутаг. Орос хэдийгээр хүч суларсан ч гэсэн сүүлийн үед, ялангуяа В.Путины хоёр дахь засаглалын үеэс аажмаар хөл дээрээ босч байна. Эдийн засгийн их гүрний байр сууриа  хурдан  бэхжүүлж   чадах­гүй байгаа ч тэд цэрэг, стратегийн их гүрнийхээ байр суурьт хүрэх эрмэлзэл нь тод байгаа. Саяхан В.Путин цэргийн зардлаа  нэмэгдүүлж байгаагаа зарласан. Энэ нэг зүйлийг тодорхой хэлж байгаа юм. Дээр нь хэдхэн хоногийн өм­нө Сочид болсон өв­лийн олимпод маш их анхаарал хандууллаа. Тэр бол олон улсын төв­шин дэх ОХУ-ын нэр төрийг тодорхойлох үйл явц байсан. Тиймээс В.Путин ихээхэн анхаа­рал тавьсан. Харин тэр  үеэр Украины асуу­дал  босоход анхаарал нь жаа­хан суларсан болов уу.

-В.Янукович, Ю.Тимошенко, сөрөг хүчин гээд гурван талын байр суурь хэрхэхийг олон нийт  анхааралтай харж байна?

-Украины  хуучин   Ерөнхийлөгч, одоо хуу­чин  гэж хэлж болох байх  огцрох тал руугаа явж байгаа В.Януковичийн байр суурь  гэвэл  тэр  Оросын талыг барьдаг. Сөрөг хүчний хувьд  Ев­ропын холбоонд нэг­­дэх эрмэлзэлтэй, тэр талын байр суурийг баримталдаг. Ю.Тимошенко мөн Европын холбооны талыг баримтлагч. Тийм ч учраас  В.Янукович түүнийг  байгалийн хийн асуудлаар ОХУ-тай гэрээ байгуулж гарын үсэг зурахдаа бүрэн эрхээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж шоронд хийсэн шүү дээ. Ю.Тимошенкогийн  хувьд Ерөнхий сайд байхдаа эдийн засгийн талд бага, сага алдаа гаргасан юм бий байх. Гэхдээ түүнийг шо­рон­гоос суллуулах гэж хэн тэмцэж байсан бэ гэвэл Европын холбоо тэм­цэж байсан шүү дээ. Сөрөг хүчин, Ю.Тимошенко нарын байр суурь Европын холбоог дэмждэгээрээ ойр ч бас зөрүүтэй юм бий. Гэвч, сүүлийн үед тэдний харилцаа ойртож байгаа. Нөгөөтэйгүүр,  Ю.Тимошенкогийн байр суурь одоогоор  тодорхойгүй байна.  Гэсэн ч алсдаа Европын холбоог л түшинэ. Цаанаа бол Америкийн талыг барина гэсэн үг. АНУ, Европын холбоо сүүлийн өдрүүдэд Украины асуудлаар зөвлөлдөж байна. 

-Баруун, Зүүн Украины талаар дахин асуухад хүн амын тоогоор ойролцоо юм чинь үзэл бодлын зөрчил, эсрэгцэл ч тэр хэмжээнд гэж ойлгогдож байна?

– Тэр үнэн. Гэхдээ арай ч  иргэний  дайн гарахгүй байх. Яагаад гэвэл Украин их хэцүү, цөмийн зэвсэгтэй. Тэнд дайны гал дүрэлзэж болохгүй. Хэрэв тэгвэл аюултай. Гэхдээ ОХУ яаж шийдэх вэ, Европын холбоо болон Америк хэрхэн шийдвэрлэх вэ, өөрөөр хэлбэл НАТО яаж шийдэх вэ гэдэг асуулт тулж ирээд байна.

-Тэд ямар байдлаар шийдвэрлэх  бол?

-Дипломат аргаар шийдвэрлэх болов уу. Хүчний харьцааны асуудлаар шийдэж арай ч болохгүй байх. Үүнийг талууд ойлгож байгаа. ОХУ бол Украиныг НАТО-д өгөх дургүй. Тэгж ч болохгүй. Яагаад гэвэл НАТО шууд Хар тэнгист хүрч ирж байна гэсэн үг. Украйн Европын холбоонд орчихвол цаашид НАТО-гийн гишүүн болно. Тэгэхээр газрын зураг дээр харахад НАТО Хар тэнгисийн баруун хойд талд, нөгөө талаас тэртэй тэргүй  Туркийн  талаас нөлөөтэй болчихож байгаа юм. Тэгэхээр Оросын геополитикч, стратегчид үүнийг маш сайн мэдэж байгаа шүү дээ. Байдлыг харахад  Орос Украиныг өөртөө ашиггүйгээр зүгээр тавиад туучихгүй байх. Гэхдээ алдахгүй гэхэд маш хүнд байгаа. Баруун Европ, АНУ-ын зүгээс  Украиныг  өөрийн холбоотон орон болгох сонирхол маш их бий. Гэтэл бас тийм ч амархан залгичихаж чадахгүй. Ийм л нөхцөл байдал харагдаж байна. Түүнээс хүчний харьцааг тэнцвэржүүлж шийднэ гэсэн ойлголт илүүтэй байгаа юм.

-В.Янукович болон түүний өмнөх төрийн тэргүүн, Ю.Тимошенко нарын аль аль нь хийн хоолойн хүчирхэг эзэд. Хоорондын зөрчлийг нь та хэрхэн харж байна?

-Ашиг сонирхлын зөрөлдөөн бол байх. Гэхдээ тэр жижигхэн асуудал. Хамгийн гол нь гадаадаас сонирхож буй өнцгүүд дээр л тоглолт явж байгаа юм. Гэхдээ  тэд мэдээж дотоодын зөрчлийг ашиглана. Тэр нь ноцтой биш учраас  дотооддоо шийдэж  болно. Дэлхийн хүчний харьцааны баланс дээр л хамаг асуудал байна.

-Ю.Тимошенког  шоронд хийснийг та юу гэж дүгнэж байна?

-Улс төрийн ший­дэл шүү дээ. Яагаад гэ­вэл Оросын талыг илэр­хий баримталсан В.Януковичийн хувьд  Ю.Тимошенког шоронд  хийх нь өөрт нь ашигтай  байхгүй юу. Түүнийг нь барууны орнууд бүгд бу­руутгаж байсан шүү дээ.

-Гэхдээ одоо  тэр суллагдлаа. Гэвч Ерөнхий сайд болохгүй гэж мэдэгдсэн?

-Гэхдээ нөхцөл бай­дал яаж эргэхийг  мэ­дэхгүй шүү дээ.  Ю.Тимошенкогийн эх­ний алхам нэгдүгээрт, тэр эрх чөлөөтэй болох ёстой. Суллагдсан ч асууд­лаа бүрэн шийдээгүй байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн талаар эрх чөлөөтэй болох чухал. Нөгөө талаас, хэрэв чухал гэж үзвэл Украины төр, засгийн эрх мэдэлд хүрэхийг бодох байх. Эсвэл баруунд гарах болов уу. Түүний хувьд ийм хоёр алхам бий.

-Хэдийгээр одоо В.Янукович зугтаж, алга болсон ч түүний дараа­гийн алхам нь юу байх бол?

-Тэр одоо яаж ч чадахгүй. Харин сөрөг хүчинд баригдвал  хувийн асуудал нь хүндэрнэ. Гэхдээ Оросоос тусламж хайх байх. Улс төрийн орогнол хайж Орос руу гарах нь чөлөөтэй. Өөр найдвар бага. Орос хэрэв Украиныг тохинуулвал В.Янукович улс төрийн том байр суурь эзлэх боломжтой.

-Украины Төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэж байгаа   А.Турчиновыг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бол  АНУ сөрөг хүчнийхнийг дэмжээгүй ч, В.Януковичийг  төрийн тэргүүн гэж үзэхгүй хэмээн зарлалаа. Тэр цаашид юу  хийх бол?

-Улс төрийн ямар шийдэл гарахаас л шалтгаална.

-Гэхдээ А.Турчинов В.Януковичийг ч, Ю.Тимошенког ч   шүүмжилдэг шүү дээ?

-Тэр   улс төрчдийн тоглоомын дүрэм. Манайд ч гэсэн 1990-ээд оны үйл явдлыг харж байхад тийм л байсан. Хямралт нөхцөл байдал тиймэрхүү  байдаг.

-Сонгууль явуулахаар  зарласан Украйны Дээд Радын шийдвэр байдлыг намжаасан гэвэл та санал нийлэх үү?

-Дотоод нөхцөл бай­далд захирагдаад гаргаж байгаа шийдвэр учраас түүндээ тохирч байгаа нь дамжиггүй. Түүнээс өөр аргагүй. Улс төрийн хямралыг шийдэх хэрэгтэй. Байдлыг намжаах нь чухал ч тэгж  чадах уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй юм. Ер нь Украины асуудлыг хэрхэн шийдэхээс ХХI  зууны дэлхийн улс төрийн байдал нэлээд шалтгаална. 

-ОХУ манай хөрш. Тэгэхээр манай улс гадаад харилцаандаа ямар бодлого баримталвал зохистой бол?

-Монголчууд хөрш орноо  дэмжинэ шүү дээ. ОХУ хүчирхэг бөгөөд тогтвортой, бас сайн хөршийн харилцаатай байвал бидэнд ашигтай. Түүнээс биш Орос сө­хөрч, дампуурч, задрах нь Монголд ямар ч ашиггүй. Манай гадаад орчин л  хүнд байдалд орно. ОХУ-ын бодлого нь тогтвортой, хуучны сайн хөршийн харилцаатайгаа байвал бидэнд хэрэгтэй. Дэлхийн хүчний харь­цааны баланс алдагдсан байдал  Монголд ашиг­гүй, тийм биш байх нь ч нэг их ач холбогдолгүй.

-Манай улс мөнхийн хоёр хөрштэй. Сүүлийн үед гуравдагч хөрш гэж ярих болсон. Түүнийг нь судлаачид шүүмжилж гуравдагч хөрш бус түнш гэж ойлгож, тэр байр сууриас харилцах ёстой гэдэг. Та юу гэж бодож байна?

-Манай улс Хятад, Орос хоёртой л найрсаг харилцаагаа хадгалж, эвтэй байх нь чухал. Энэ хоёр манай мөнхийн хөрш. Зарим хүмүүс АНУ-ыг шүтэж, барууны үзлийг магтан дуулж байгааг би  сайн зүйл гэж боддоггүй. 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *