Д.Дамба: Ураны салбарыг цэрэг, дайны асуудалтай хутгах шаардлагагүй

6-р сарын 25, 2012 2:13 pm Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 364

Б.СОЛОНГО

 

Уран гэдэг ашигт малтмал болон түүнийг хэрхэн ашиглах талаар Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.


-Уран гэхээр цөмийн зэвсэг, хор, хүйтэн дайн гэх мэт ойлголт төрдөг. Геологийн талаас нь тайл­ба­р­лавал уран гэдэг нь ямар ашигт малтмал юм бэ?

-Байгаль дээрээ бол ердийн л ашигт малтмал. Ямар нэгэн хор байхгүй. Харин олборлоод баяжуу­лах үйлдвэрт баяжуулаад, химийн аргаар боловс­руулсны дараа гардаг “Уран-235” гэдэг бодис нь цацраг идэвхт бодистой болдог. Харин ердийн чу­луу­лгаараа буюу хүдрээрээ байхдаа ямар ч аюулгүй эд. 

-Манай улс ураны хай­гуул хийж байсан турш­лага бий юу. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд л идэвхтэй яриад байна уу?

– Хуучин нийгмийн үед ураны хайгуул хийхэд улсын төсвөөс тийм ч их хөрөнгө зарж байгаагүй юм билээ. Харин оро­суудын хөрөнгөөр Дор­нодын Мардайн ордыг тогтоож, хүдэр байдлаар нь зөөж байсан. Энэ ордыг тойрсон тосгон байсан. Ногоон байгууламжтай, барилга байшинтай, орон сууцтай, амьдрал өрнөсөн газар байлаа. Гэхдээ манай улс тэр ордод ач холбогдол өгөөгүй. Оро­суудыг хөө­гөөд гаргасан. Тэгсэн хэрнээ өөрсдөө ашиглаж чадаагүй юм. Тэр хотыг хэвээр нь байл­гаж, олбор­лолтыг үргэлж­лүүлж болох байсан. Гэсэн ч тоогоогүй. Сургууль, соёлын төв, орон сууцнууд нь тоног­доод дууссан даа. Оросууд тавилга, хувцсаа ачаад л буцсан гэдэг. Явсных нь дараа цэрэг, цагдаа тавиад ч хамгаалж чадаагүй юм.  Түүнээс хойш гадаадын хөрөнгө оруулалттай компа­­ниуд өөрсдийн хө­рөн­гөөр хайгуул хийсээр ирсэн.

-Манай улсын ураны нөөцийг одоо болтол албан ёсоор батлаагүй байгаа. Хэр их нөөцтэй юм бол?

– Хувийн хэвшлийн компаниуд ураны ор­дуудыг нэлээд судалсан. Тэдний судалсан тооцоо­гоор 140 мянга орчим тонн гэдэг. Ерөнхийдөө бага тоо шүү. Уран бол эдийн засаг болон стра­тегийн талаасаа ашигтай малтмал. Гэтэл энэ сал­барыг хараа хяналтгүй, зөнгөөр нь орхичихсон. Нөөцийг нь одоо болтол батлаагүй. Тэгсэн хэрнээ уул уурхай, ашигт малт­малын сал­ба­раас салгаад тусад нь хууль батал­чихлаа. Цө­мийн энергийн тухай хууль бол маш түүхий, дулимаг хууль. Уг нь ингэх ёсгүй юм. Ашигт малтмал болгоныг янз бү­рийн агент­лагт хамаа­руу­лаад, тус тусад нь хууль батлаад байж болохгүй. Миний бодлоор ямар нэг улс төрийн юм уу өөр зорилго байгаа байх. Уг нь ердийн л ашигт малтмал шүү дээ. Нүүрс олборлож байхад хүртэл ураны судал илэрдэг. Гэ­тэл яах юм. Тусдаа хуультай гээд олборлолтоо зогсоох хэрэг үү.

Эдийн засгийн хувьд нүүрсийг хэд дахин нугалах ашигтай гэж сонссон?

-Эдийн засгийн хувьд маш ашигтай. Тийм ч учраас олон орон ашиглаж байна.  АНУ ч гэсэн олон атомын цахилгаан станц­тай шүү дээ. Тэр болго­ны­гоо дурдаад бай­даггүй л болохоос. Миний бодлоор нөөцийг нь албан ёсоор батлаад, байгаль орчинд аюулгүй байдлаар олбор­лохыг нь зөвшөөрөх ёстой.

– Цөмийн аюул гэгчээс дэлхий даяар татгалзаж байхад манайх эсрэгээрээ байна гэж шүүмжилдэг шүү дээ?

– Чернобыльд аюулгүй ажиллагааг нь хангаагүйн улмаас дэлбэрэлт үүссэн. Харин Японд байгалийн гамшиг тохиолдсон. Энэ хоёр үйл явдлаас болоод дэлхий нийтээр татгалзана гэж байхгүй. Хэрэв аюулгүй ажиллагааг нь хангаад ашиглах юм бол  маш цэвэр эрчим хүч гар­даг гэдэг. Харин буруу хэрэглэвэл маш аюултай. Өнөөдөр олон оронд үүнийг ашиглаж байна.  Дэлхий нийтээр татгал­заад сүйд болсон зүйл байхгүй. Харин цэрэг дайны зорилгоор ашиг­лахад хаалт хийж байгаа юм. Тухайлбал, Ираныг хориглож байна. Иран эн­хийн зорилгоор уранаа ашиглана гээд байгаа ч итгэхгүй байгаа юм. Яагаад гэхээр цөмийн зэвсэг хийнэ гэж айж байна. Иран бол лалын шашны том төв, терро­ризим тэндээс үүсэлтэй. Тиймээс аюултай бодис ашиглахыг нь зөвшөө­рөхгүй байгаа хэрэг.  Харин бусдад ямар ч гэм хор хүргэдэггүй манайх шиг орон бол байгалийн баялгаа энхийн зорилгоор ашиглаж үр ашгийг нь хүртэх ёстой гэж бодож байна. Үүнийг заавал улстөржүүлээд, гадаад орны цэрэг дайны зо­рилготой хольж хутгаад байх хэрэггүй.

-Ирэх оноос уран ол­бор­лолтыг эхлүүлнэ гэсэн мэдээлэл бий. Түү­хийгээр нь экспортлох уу?

-Мардайд оросуудын гаргаж байсан шиг хүд­рээр нь гаргаж болно. Гэхдээ ашиг муутай. Овор ихтэй. Тээвэрлэхэд асуу­далтай. Тиймээс тодорхой хэмжээний боловсруулалт  хийгээд завсрын шар нунт­гаар нь гаргасан нь ашигтай. Нүүрсийг угааж, зэс, төмрийг баяжуулж гаргадагтай л адил гэсэн үг. Манайд ураны хүдрээс шар нунтаг гаргадаг тех­нологийг оруулаад ирчихсэн юм билээ.  Тэр шар нунтаг гээч нь тийм ч аюултай биш. “Уран-235” гэдгээс хамаагүй доод шатны түүхий эд. Үүнийг гадаад орнуудад экспор­тонд гаргах боломж байна.

-Олборлолт хийнэ гэ­хээр тухайн газар нутгийг хордуулна гэж ойлгодог?

-Ураны хүдрийг олбор­лоход ямар ч аюулгүй гэд­гийг би хэлсэн. Ард иргэ­дэд энэ талаар хан­галттай ойлголт байхгүй байна. Хий хардсан, болгоомж­лол төрөөд байгаа юм. Бид энэ салбарын талаар тийм сайн мэдэхгүй шүү дээ. Тиймээс ураны хайгуул явуулж байгаа компаниуд соён гэрээрүүлэх ажил хийх ёстой. Ямар үүрэгтэй, яаж гаргадаг, ямар аюул осолтой юм, ач холбогдол нь юу юм гэдгийг ойлгуулах ёстой.

Миний ойлгож байгаагаар шар нунтаг нь тийм ч аюултай биш. Бусад оронд уутанд савлаад  нүүрстэй адилхан галт тэргээр зөөдөг юм билээ. Аюулгүй болоод л тэгж байгаа байх. Гэхдээ хариуцлагагүй компаниуд шар нунтгийг нь хаа хамаагүй тарааж, цацаад байвал байдал биш­дэнэ. Олон улсын стан­дартын дагуу олбор­лоход аюултай зүйл байхгүй.

-Манайх уранаа экспор­толвол хог хаягдал нь эргээд ирнэ гэж зарим хүн ярьж байна. Ер нь хаягдал гэдэг нь юу вэ?

-Ном, сэтгүүлээс унши­хад олборлосон уранаа реакторт шатаа­гаад цөмийн урвал яваг­дана. Нүүрсийг  шатаахад үнс гардагтай адил шаар гарна. Түүнийг нь то­дорхой хэмжээгээр саар­маг­жуулдаг стандарт байх ёстой. Радацийг нь хэм­жиж байгааг амьд орга­низмд хоргүй болохоор нь газарт булж, байрлуулах ажиллагаа хийдэг гэнэ лээ. Бид гардан хийж байгаагүй учир нарийн мэдэхгүй шүү дээ. Хог хаягдлыг нь буцааж авах асуудлыг гэрээ хийхдээ шийдэх хэрэгтэй. Заавал хаягдлаа буцааж авна гэж гэрээ хийхгүй байлгүй дээ. Бид нүүрсээ урд хөршид зараад үнсийг нь буцааж авдаггүй биз дээ. Зарим нэг өндөр хөгжилтэй хэрнээ нутаг дэвсгэр ба­гатай орнууд  ядуу буурай орнуудад мөнгө төлж булдаг гэсэн. Ийм асуудал манайд өвөлжингөө л яригдлаа. Яг баталсан хүн ч алга. Мэдэхгүй байж хүн гүжирдээд яахав дээ. Цө­мийн хаягдал нутаг дээрээ байрлуулах хэмжээний ядуу биш шүү дээ бид. Бидэнд баялаг байна. Юу ч үгүй ядуу орнууд тэгж мөнгө олдог юм билээ. Ганцхан цөмийн биш маш олон төрлийн хаягдал байдаг гэж сонссон.

-Манай улс ураныг эцсийн бүтээгдэхүүн болгох шаардлага бий юу. Өөрөөр хэлбэл атомын цахилгаан станц барих хэрэгтэй юу?

-Мэргэжлийн хүний хувьд, онолын хувьд хэлэх юм бол эцсийн бүтээг­дэхүүн болгодог, эрчим хүчийг нь ашигладаг үйлд­вэр барих нь зөв. Гэхдээ манай улсад тийм шаард­лага байна уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Манайхан  японууд шиг хариуцлагатай ажиллаж чадах уу. Атомын цахил­гаан станц барьж, ажил­луулах хэмжээнд өндөр хариуцлага бий юу гэдэгт би эргэлздэг.  Хэрэв ном ёсоор нь үйлдвэр бариад ашиглавал дэмжинэ. Манайх эрчим хүчээр хах­чихсан орон биш шүү дээ. Хамгийн гол нь маш хариуцлагатай, аюулгүй байх ёстой. Технологи нь орчин үеийн, найдвартай байх хэрэгтэй. Чернобыль шиг тогоо нь хагардаг, эвдэрдэг тийм асуудал гаргахгүй байх нөхцлийг бүрэн хангах ёстой. Гэхдээ хувь хүнийхээ хувьд хэлэ­хэд бид нүүрсний нөө­цөөрөө дэлхийд дээгүүрт орж байна. Тиймээс одоо­хондоо нүүрсний эрчим хүчээ ашиглаад, дээр нь нар, салхи гэх мэт сэргээг­дэх эрчим хүчийг үйлд­вэр­лэх бүрэн боломж байна.  Герман улс гэхэд эрчим хүчнийхээ 20-30 хувийг  сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Манайх шиг сайхан нутагт тийм боломж байхад заавал аюултай зүйл рүү зүтгэ гэж уриалаад байх хэрэггүй байх. Гэхдээ уран бол нэгэнт байгаль дээр байгаа баялаг учир зүй зохистой олборлож, завсрын шар нунтгийг нь экспортлоод байвал бидэнд хал балгүй юм биш үү гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *