Д.Бямбасүрэн: Н.Энхбаярыг хохирогчгүй, нэхэмжлэгчгүй зүйлээр яллах гээд байна уу гэж харж сууна

8-р сарын 3, 2012 3:46 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 209

Б.ЭНХТУУЛ, Д.ОЮУНЧИМЭГ

 

Энэ удаагийнхаа “Ярилцах цаг”-ийн зочноор  бид  Монгол Улсын  Ерөнхий сайд асан,  гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуайг урилаа.  Үе үеийнхэнд үлгэр дууриал болсон энэ эрхэмтэй  уулзаж, ярилцах гэсэн учир шалтгаан маань  мэдээж төр, нийгмийн амьдралд “дүн” тавиулах гэснийх байв.  Тэрээр  төрийн албанд олон жил зүтгэсэн туршлага арвинтай  нэгэн. Төр, нийгмийн амьдралд тал засахгүй дүн тавих хэмжээний зангарагтай улс төрч. Тиймээс бид  цаг үеийнхээ өнгийг дагаж  ярилцлагаа эхлэв.

 

“МОНГОЛЫН ШҮҮХЭД МЭТГЭЛЦЭЭН БАЙХГҮЙ” ГЭЖ ХЭЛЭЭД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ ОНИГООНД ОРУУЛЧИХЛАА

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч,  МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал Сүх­баатар дүүргийн шүүхэд үргэлжлээд хоёр, гурав хонож байна.  Хэрэг яаж шийдэгдэх нь олон хүний анхаарлыг татаж байх шиг байна. Зарим нь таамаг­лаж, зарим нь эргэлзэж сууна. Харин та ямар бодолтой сууж байна вэ?

-Энэ шүүхийн ажил­ла­гаа манай нийгэмд асар их ач холбогдолтой юм. Нийгэм болоод хүмүүс төлөвшихөд нөлөөлөх чу­хал үйл явдал. Монгол орон жилээс жилд улам суларсаар байна.

 Монголчууд авлига, хээл хахуулийн эсрэг тэм­цэх хэрэгтэй байна. Яг ийм үед Авлигатай тэмцэх газ­рын ажил, хууль тог­тоох, шүүх засаглалын аж­лыг хэрхэн хийж байгааг харж байна. Тэгэхээр өнөөд­рийн болж буй үйл явдал энэ хүлээлтэд ха­риулт өгч чадаж байна уу гэдэг талаас ярилцах ёс­той. Түүнээс биш шүү­хийн ажиллагаанд нөлөө­лөх, хутгалдах асуудал байж болохгүй. Миний хувьд шүүхийн үйл ажил­ла­гааг хараад олон зүй­лийг бодож сууна. Одоо­гоос 50 гаруй жилийн өмнө ОХУ-ын сайд авгай Аме­рикт айлчлалаар явж байх­даа “Зөвлөлтөд секс байх­гүй” гэж хэлээд улс, ор­ноо дэлхий даяар они­гоонд оруулж байсан.  Гэтэл өчигдрийн шүүх /уржигд­рын/ хурлыг харж суухад С.Соёмбо-Эрдэнэ гэдэг шүүгч “Монголын шүүхэд мэтгэлцээн байхгүй” гэж хэлээд Монгол орон бо­лоод 20 гаруй жил сайн муугаараа дуудуулсан ард­чил­лыг “онигоо”-нд оруу­л

Эндээс харахад шүүх ажиллагаа доголдолтой явж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрлөө. Нөгөө талаас яллагдагч болон өмгөөлөгчийн асуултад шүүгч, прокурорын зүгээс сөрөг хандлагатай байна. Үгийг нь сонсохгүй, хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаагаас харж болно.  Яллагчийн барим­талж буй байр суурь, яллах дүгнэлт, түүнийгээ үндэс­лэж байгаа нотлох барим­туудаа гаргаж байгаагаас харахад шүүгч, прокуро­руудад итгэл үнэмшил, үнэн шударга ёсыг тү­шихээс илүү урьдчилж бэлдсэн төсөөллөөр асуу­далд хандаж байна гэсэн сэтгэгдэл төрж байна.

-Сонгуулийн өмнөхөн экс Ерөнхийлөгчийг барьж хорьсон асуудал олон хүнд   таагүй сэтгэгдэл төрүүл­сэн. Үүнийг авилгатай тэмцсэн гэхээсээ илүү улс төрийн  тооцоо  байсан гэж дүгнэх хүн ч бас цөөнгүй байгаа.  Энэ удаагийн  шүүх хурлаас тэр бүхний зааг, ялгааг олж харж болох байх гэж бодох юм.  Ер нь энэ авлига гэж  нэрлээд байгаа асуудлын талаар та юу гэж бодож байна вэ?

-Н.Энхбаяр болон бу­сад хүмүүст таван зүйлээр хэрэг хүлээлгэх хандлага­тай байна. Тэгэхээр энэ гэмт хэргийн талаар гур­ван өдрийн турш хан­галттай ярилаа. Эндээс харахад эргэлзээтэй зүйл маш олон байна. Тухайлбал, Солонгосоос ном ачуулсан гаалийн татварыг нь төлөөгүй гэдэг асуудлыг гаргаж тавьж байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн бичсэн найман боть ном  2005, 2006 онуудад тараагдаж дууссаныг би сайн мэднэ. Тэр ном нь надад ч бас бий. Гэтэл 2007 онд хэвлэгдсэн номыг нь яриад түүгээр нь буруутгах гэж оролдож байна. Эндээс харвал, түүнийг яллах хүсэл нь давам­гайлж байгаагаас биш, нотлох баримтыг  шалгаж нотлоогүй байгаа нь хараг­даж байна. Өнөөд­рийн болж буй шүүх ху­ралд өмгөөлөгчийн тавьж буй баримтаас харахад одоогийн Авлигатай тэм­цэх газрын орлогч дарга нь тэр үед Солонгос улсад МИАТ-ын төлөөлөгч бай­сан хүн байх юм. Тэгээд л дээрх асуудлыг сөхөж бай­на уу даа гэсэн сэтгэг­дэл төрж байна. Мөн ТV-9 телеви­зийн тоног төхөөрөмж гээд байгаа нь буруу орчуулс­наас л гарч буй үр дагавар юм байна гэж ойлгогдох юм.

Б.Чойжамц хамба, Ерөнхийлөгч хоёрт бэлэглэснийг хоорондоо тохиролцон хамбад 65 сая төгрөг өгчээ. Түүнийг нь “Гандантэгчинлэн” хий­дийн дансанд оруулсан байх юм. Гэтэл дундаас нь урвуугаар ашигласан гэж дуулиан  үүсгэж  байгаа нь зохисгүй үйлдэл. Эндээс харвал хохирогчгүй, нэ­хэмж­лэгчгүй зүйлээр яллах гээд байна уу гэж л  харж сууна. Үлдсэн гурван хэрэг нь аж ахуйн талаас үүсч буй хэрэг юм. Аж ахуйн талаас үүссэн хохирол буюу маргааныг эрүүгийн хэргийн журмаар шийдэж байгаа нь зөв, буруу эсэхийг хэлж мэдэхгүй. Өмгөөлөгчийн хэлж буйгаар буруу болж байх шиг. “Өргөө” зочид буудлыг хувьчилж авсан мэтээр хүмүүст ойлгуулж байсан. Гэтэл Улаанбаатар хотын захиргаа хамтарсан аж ахуйн нэгж байгуулаад өөрсдийн нийлүүлсэн 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө нь одоо хүртэл хотын захиргааны мэдэлд байгаа юм байна. Хамтар­сан үйлдвэр байгуулах, өмч хувьчлал хоёрыг ялгахгүйгээр энэ асуудалд хандаж олон түмний сэт­гэлийг үймүүлж, бужиг­нуулж байгаа нь  тун харамсалтай байна. Заавал 49 хувийг нь Хотын захиргаа авна гэж зүтгэж байгаа нь буруу.

Харилцан оруулсан хөрөнгөөс харвал дээрх хөрөнгөд 20 хувь нь ногдож байна. Ингэж шударгаар өмчөө хуваан эзэмшиж байгаа субъектүүд байна шүү дээ. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь эдийн засагч хүний хувьд ойл­гогдохгүйгээр барахгүй, үнэхээр харамсалтай сэтгэгдэл төрүүлж байна. Ингээд хараад байвал гайхаад барахгүй зүйл олон байна. Нурсан байшинг яаж үнэлээд хоёр тэрбум төгрөг болгож байгаа юм. Ган бөмбөлөг нийлүүлсэн, хохироосон гэх хэрэг. Дэлхийн зах дээр тэр бөмбөлөгийн үнэ нь 2007 оноос огцом нэ­мэгд­сэнийг хүн бүр  мэднэ. Зах зээлийн харилцааны жам ёсоор явах асуудлыг эрүүгийн хэргийн хүрээнд оруулж байгаад, зохиомлоор яллаж байна гэсэн ойлголт төрж байна.

 

УРЬДЧИЛАН НАЙРУУЛСАН БАЙДЛААР ЯЛ ТУЛГАНА ГЭДЭГ АРДЧИЛСАН НИЙГЭМД БАЙХ ЁСГҮЙ ЗҮЙЛ

-Та олон жил төр тү­шил­цэж явсан туршлага­тай улс төрч. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал шу­дар­га ёсыг  эрхэмлэдэг хүн.  Тийм болохоор та­ниас  нэг зүйлийг онцолж асуумаар байна. Зарим хүний ярьж, таамаглаж байгаа шиг энэ үнэхээр улс төрийн тооцоо юм болов уу.  Энэ асуудлыг та аль өнцгөөс нь харж байна вэ?

-Энэ бүхнээс би бас нэг зүйлийг ажиглаад суугаа юм. Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг Эрүү­гийн хуулийн 35 дугаар зүйлээр зүйлчилжээ. Энэ нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулсан гэдэг хэрэгт холбоотой ял. Харин хоорондоо огт холбоогүй таван асуудлыг тавьчи­хаад, түүнд холбогдох хүмүүсийг цуглуулан нэг бүлэг болгон шүүхээр яллах гэж оролдож байгаа нь манай шүүх ямар төвшинд байна вэ гэдгийг харуулж байна. Ер нь цаад талд нь шударга ёс, үнэнийг эрхэмлэхээс илүү  улс төрийн бүлэглэ­лүүдийн өс хонзон авах, цаашлаад зах зээлийн то­дор­хой хүрээнд өөрсдийн зорилтыг хэрэгжүүлэх гэ­сэн зорилгод хөтлөгдөж байна уу гэсэн ойлголт төрж байна.

-”Муу нуухаар сайн илчил” гэдэг.  Үнэндээ бид ч бас хууль эрх зүйн ойлголтоор тун  маруухан.  Гэхдээ уржигдар болсон шүүх хурлын үеэр өмгөөлөгч С.Нарангэрэл “Хуульд заасан мэтгэлцэх зарчим хаачив” гэж  шүүгч нараас асууж байсан. Та ч бас мэтгэлцэх зарчимгүй шүүх хурлыг шүүмжилж байна. Энэ бүхнээс харахад шүүх хурал өөрөө шударга бус ажиллаж байна гэсэн үг үү ?

– Тэгж ойлгож болно. Ер нь шүүх ажиллагаа яаж явагдаж, юунд чиглэгдэж байгаа нь их сонин. Шүүгч, проркурор хоёр мэтгэлцээн явуулахаас татгалзаад Үндсэн хуульд тийм заалт байхгүй гэдгээр халхавчилж байна. Би шүүхийн хуулийг бага зэрэг төсөөлнө. Уг нь хуульдаа мэтгэлцээн явуулна гэж байдаг шиг санах юм. Мэтгэлцээн явуулна гэдэг бол үнэнийг олох, нотлох баримтуудыг үнэлэх, дүгнэх гэсэн үг шүү дээ. Гэвч энэ шүүх хурал мэтгэлцээнгүй явагдаж байгаа нь нэлээд хүч түрсэн байдлаар өрнөж байна даа гэсэн ойлголтод хүргэж байна.

2008 оны долдугаар сарын 1-ний асуудлыг шийдэхэд бөөн, бөөнөөр нь оруулаад ял оноогоод уншиж байсныг монгол­чууд мартаагүй. Гэтэл өнөө­дөр Монгол Улсын­хаа Ерөнхийлөгч байсан хүний асуудлыг шийдэхэд ийм байдлаар хандаж байгаа нь ер нь л бөөндөж, улс төрийн тодорхой захиалгаар шийдэж байгаа нь шүүхийнхний аран­шин, арга барил болон тогтож байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Ер нь хүнийг ял­лана гэдэг бол их учиртай. Яллахын тулд тэр хүний хийсэн хэргийг гарцаагүй нотлох, прокурор, шүүгч нь өөрийн итгэл үнэмшлээр шийдэх ёстой. Гэтэл урьдчилан найруулсан, бэлтгэсэн байдлаар ял өгч тулгана гэдэг бол ардчилсан нийгэмд байх ёсгүй зүйл. Харин манай улсын шүүх тогтолцоо хуучин нийгмийн үед бай­сан шиг хэвээрээ үргэлжилж бай­на гэж бодож сууна. Хуу­чин социалист нийгмийн тоталитар дэглэмийн үед дээрээс өгсөн тушаал, зааврын дагуу ялладаг байсан. Бүр дээр үедээ хоморголон хороодог байлаа. Тэр уламжлал одоо хүртэл хадгалагдсаар бай­гаа юм байна. Тиймээс шүүх тогтолцоонд гүнзгий өөрчлөлт хийхгүй бол одоогийн нийгэмд хортой нөлөө үзүүлэхээр болжээ.

 

ОДООГИЙН МАН ТӨРИЙН АЛБЫГ ХУДАЛДДАГ, ХУДАЛДАЖ АВДАГ ХҮМҮҮСИЙН БҮЛЭГЛЭЛ БОЛЖ

-Улс төрийн амьдрал нэг л тогтворгүй байна.  УИХ одоо л нэг юм цэгцрэх гэж байна. Дээрээс нь  энэ шүүх хурал  олон хүний анхаарлыг татаж байна. Та ч бас  шүүх хурлын явцыг эхнээс нь  үзээд явж байгаа байх. Зарим хүн шүүмжилж байна лээ, экс ерөнхийлөгчийг  илтгэл тавьж байгаа юм шиг ажлаа тайлагнаж байна гэж?

-Би шүүх хурлыг эхэлс­нээс нь хойш,  алдахгүйгээр  харж сууна. Тийм болохоор хүн бүрийн хэлсэн үгийг  анхааралтай сонсч  байна. Бас бүгдийг нь ойлгож байна.

Н.Энхбаярыг Ерөн­хийлөгч байсан хүний итгэл үнэмшил, ухамсрын хувьд энэ бол  ярих л зүйл. Түүнээс биш би яллагдагч боллоо гээд прокурорууд болон хилс хэрэг үүрүү­лэхээр горьдож суугаа хүмүүсийн өмнө ямар нэгэн буулт хийж, уучлалт гуйгаад сууж байх ёсгүй гэсэн бодолтой бай­на. Ер нь  шүүх ажиллагааг хараад байхад их л сонин зүйл ажиглагдаж байна. Энэ нь нотлох баримт гээд гаргаж байгаа зүйлүүд нь хууль зөрчиж цуглуулсан, хүмүүсийн хов жив, дам ярианд тулгуурласан байдал харагдах юм. Үнэхээр Н.Энхбаяр гэдэг хүн идэж, уусан гэдгийг нотлох гэж байгаа бол түүний хөрөнгө нь юу байна, энэхүү тулгаж буй хэргээс нь шалтгаалаад хэдэн тэрбум төгрөгийн орлогыг олсон, тэр бүх­нийг гаргаад, гарцаагүй олсон орлого нь энэ, татвар төлөөгүй нь энэ, нуусан нь энэ гээд гаргаж тавьсан бол хүмүүс хүлээн зөвшөөрнө. Гэтэл зүгээр л хов живээр хөөцөлдөж байгаа нь хүнийг хилс хэрэгт унагах гэсэн нэгэн зүйл болж байна. 

Монголд улс төрийн нам хэтэрхий олон  байна. Төрийн эрх барьж байгаа намууд үндэснийхээ баял­гийг гаднынханд эзэм­шүүлж байна гэж  ярих, шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Энэ нь ч  эхнээсээ ил тод болж, гадаад, дотоодын компаниудад авсан, өгсөн зүйл нь олны нүдэн дээр ил болоод байгаа. Энэ үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилдаг нь бас цаанаа учиртай гэх хүмүүс байна.  Үүнийг  та юу гэж бодож байна?

-Ер нь анхнаасаа энэ хэргийг шуугиулж байх­даа МАН-ынхан УИХ болон орон нутгийн сон­гуульд оролцох МАХН-ын байр суурийг сулруулах, өөрсдийн улстөрийн өс хонзонг авах гэсэн нь илэрхий байсан. Түүгээр ч барахгүй шударга үнэний дуу хоолой болсон ТВ-9 телевизийг хаах сонирхол байсан. Тэр нь яллагчийн тавьж байгаа саналаар телевизийн тоног төхөө­рөмж хураан авч хаах тухай ярьж байна. Энэ нь МАН-ынхны санаархлын нэг үзүүр юм. Нөгөө талаас ер нь МАН гэдэг улстөрийн хүчин нийгэмд үзүүлэх нөлөө улам сөрөг хандлагатай болсоор байна.

1990 онд ардчилсан хувьсгал өрнөсөн нь нийгмийн байгууллыг өөрчлөх үйл явц байсан. Өмнө нь социалист, коммунист нийгмийн удирдаж байсан МАХН-ыг тэр үед европынхон шиг хааж, үйл ажиллагааг нь хориогүй, гишүүд нь төрийн алба хаах эрхийг нь хориглоогүй шүү дээ. Энэ нь манай улсын гадаад, дотоод нөхцөл байдалтай холбоотой ч гэсэн юуны өмнө монгол түмний сүүн цагаан сэт­гэл, итгэлтэй холбоотой байсан. Хуучин МАХН-ынхан эрхбиш энэхүү түүхэн эргэлтийг хүлээн зөвшөөрч дэлхий нийттэй хөл нийлүүлээд явчих сэтгэлийн тэнхээ­тэй гэдэгт ард түмэн тэр үед итгэж найдаж байсан. Үүнээс хойш 22 жил өнгөрлөө. Намын хувьд гурван зам байсан. Нэг нь коммунист үзлээ баримт­лаад ардчилсан үзлийг сөрж зогсоод Хятад, Куб, Хойд Солонгостой хамт социалист замналаар явна гэж болох байсан. 1992 оны тавдугаар сард Пьехнянын тунхаглалд энэ үзлээр гарын үсэг зураад сүүлд нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тул­га­раад долдугаар сарын 15-ны бүгд хурал дээрээ татгалзсан. Хоёрдахь зам нь ардчилсан үзлийг хүлээн авч социалде­мократ нам болоод зүүний үзлийг баримтлах боломж мөн л тэдэнд байсан. Гэтэл одоогийн байдлаар МАН гэсэн нэрээ авсан хэрнээ ардын биш баячуудын нам болчихсон. Сая УИХ-д нэр дэвшүүлж буй хүмүүсийг нь хар. Ер нь мөнгийг гол баримтлал болгосон бизнес, улстө­рийн бүлэглэл болоод ху­вир­чихлаа. Сүүлийн үеийн сонгуулиудаас хара­хад будлиан бүрт МАН-ынхан холбогдох юм. Энэ удаа­гийнх ч ялгаагүй. Эндээс харахад одоогийн МАН мөнгө төгрөгийн төлөө ажилладаг, төрийн албыг худалддаг, худалдаж авдаг хүмүүсийн бүлэглэл болж хувирчээ. Энэ утгаараа авлига, хээл хахуулийг гол төрүүлэгч хүчин, ундарга нь МАН гэвэл хилсдэхгүй. Тэгэхээр энэ удаагийн шүүх хурлыг харж байхад иргэд болон төр, Ерөнхийлөгчөөс гаргасан авлигатай тэмцэх гэдгийн утга агуулгыг гуйвуулаад Н.Энхбаяр гэдэг хүн л гол авлигач юм шүү, түүнийг л намначихвал болно гэсэн санаагаар хандаж, яллах баривчлах ажлыг эхлүүлсэн гэдэг нь харагдаж байна.

Авлигатай тэмцэх тэмцлийн нэрийг гутаах хамгийн сайн арга бол “Авлигатай тэмцэх газар нь ажлаа хийж чаддаггүй, авлигачид нь ял хүлээ­дэггүй гэсэн итгэл үнэмш­лийг төрүүлэх явдал. Ма­гадгүй, Н.Энхбаяр гэдэг хүний авлигач гэдэг нь энэ таван зүйлийн хүрээнд шүүхэд нотлогдохгүй гэж бодож байна. Ингээд үл­дэхэд араас нь “Өө нөгөөх чинь мултраад явчихлаа” гэдэг ухуулгыг өрнүүлэх байдалтай хандаж байна. Шүүх хурлын одоогийн байдлыг харахад проку­рор, шүүгч нар нь нийг­мийн хүсч хүлээж байгаа үнэн шударга зарчимд нийцсэн шийдвэр гаргах чадваргүй гэж харлаа. Магад­гүй, хэсэг хугацааны дараа ГААГ-ын шүүхэд очно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Та бидний ярилцлага хууль эрх зүйн мэдлэгтэй, үнэн худлыг ялгаж салгаж чаддаг хүнд  нэг биш, нэлээд хэдэн зүйлийг хэлж ойлгуулах байх гэж бодож байна. Нэгэнт шүүх хур­лын тухай ярьсных нэг зүйлийг тодруулж асууя. С.Нарангэрэл өмгөө­лөгчийн хэлж буйгаар, Н.Энхбаяр болон бусад хүнд холбогдох хэрэг нь эрүүгийн хэрэг үүсэх нөхцөлгүй, хэрэгсэхгүй болох хэмжээний материа­­лыг уншиж судаллаа гэж байсан. Та ч бас тиймэрхүү бодолтой сууж байгаа байх нь?

 -Миний бодлоор прокурор, шүүгчид итгэл үнэмшлээрээ хандвал энэ хэрэг цагаадахаас өөр аргагүй. Гэтэл тэдгээр хүмүүсийн цаана Н.Энх­баярыг буруутгах, ялла гэсэн даалгавар өгсөн, сэлэм далайсан хэвээр байгаа. Магадгүй, энэ хэргийг шүүж буй шүүгч, прокурорууд цагаатгавал өөрсдөө ямар байдалд орох, амьдрал нь хэрхэн хохирохыг хэн ч хэлж мэдэхгүй. Үүнийг би өөрийн туршлагаар мэднэ. 1995 онд намайг яллах гэж 58 хоног шүүх хурал болоод сүүлд нь яллагч прокурор нь зугтааж байлаа. Сүүлд нь шүүх намайг биш яллагч прокуророо торгуулиар шийтгэж байсан юм. Тэр үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэл Хувьсгалт намын мэдэлд байсан болохоор үүнийг олон түмэнд хүргэж чадаагүй. Би сүүлд нь прокуророос “Таны ялласан хэрэг нурчихаад байхад хэргээсээ татгал­заж болоогүй юмуу” гэж асуухад “Тэгвэл би өөрөө алуулах байсан. Зугтахаас өөр арга байгаагүй” гэж байсан. Түүнтэй ижил харагдаж байна. Тэгэхээр өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргадаг юмуу, эсвэл мөрдөн байцаалтад буцаалаа гэж амь зулбаж гараад, нөгөөх нь сунжирсаар олон улсын хүний эрхийн шүүхэд очно гэж хэлээд байгаа юм.

Н.Энхбаяр Ерөнхий­лөгч болоод гурав дахь замын үзэл, сайн засаглалын үзлийг баримтлах болсон. Өөрөө ч энэ тухайгаа тухайн үед зарлаж байсан. Одоогийн байгуулагдсан МАХН бол комминтернийн үзлийн нам биш. Ер нь хуучин МАХН 1990 оноос төр барьж байх үед жаахан зурвас байсан нь эх оронч үзэл юм. Гэтэл одоо МАН гэдэг бүлэглэл нь эх оронч үзлээ орхичихоод мөнгө­ний төлөө газар шороогоо худалдах, ард түмнээ мэхлэх, магадгүй далим гарвал иргэдийнхээ амь насыг хөнөөх зам руу орж байгаа энэ үед хуучин намын эх оронч үзлийг цөмийг нь одоогийн МАХН-ынхан аваад явсан юмуу даа гэж харж байна. Энэ утгаараа, эх оронч үзлийг сайн засаг­лалын үзэлтэй нийлүүлээд явбал энэ хүчин харин ч Монголынхоо хөрсөнд сайн буух чадвартай болох юм гэж боддог. Энэ талаас нь Н.Энхбаярыг буруутгах ямар ч үндэслэлгүй юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *