Д.Батдорж: Монгол гэрийн бизнес өрсөлдөөнтэй

6-р сарын 6, 2018 8:17 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 80
6-6-1

Ц.МЯГМАРБАЯР

Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт Монгол гэр үйлдвэрлэж гадаад,дотоодын зах зээлд нийлүүлж байгаа “Бат Уянга гэр” компаний захирал Д.Батдоржийг урилаа.

Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай давхцаад гэрийн борлуулалт  сайжирна биз дээ. Танай компани хэзээнээс энэ бизнест хөл тавьсан бэ?

-Манай компани 2010 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнээс өмнө хүмүүс орон сууц, байшинд амьдрах нь давамгайлж байсан. Харин  манай компани байгуулагдахтай зэрэгцээд иргэдийн монгол гэрт амьдрах сонирхол нэмэгдэж эхэлсэн. Монгол гэр агаар сайн нэвтрүүлдэг, эко гэдгээр нь гадаадын иргэд ихэд сонирхож худалдан авч, захиалга өгч эхэлсэн. Манай компани анх сийлбэрч, мужаан, будагч гэсэн хэдхэн хүнтэй ажиллаж байлаа. Гэр хийх санаа бага байхаас улбаатай. Би Өвөрхайнгай аймгийн Бат- Өлзий сумын хүн. Манай сумын айл өрх, хүн бүр монгол үндэстний бахархал болсон гэрийг  өвөг дээдсээс уламжилж ирсэн технологийн дагуу хийдэг. Эрэгтэй болгон модчин, эмэгтэй бүхэн будагчин гэдэг үгтэй. Бусад сумаас гэр үйлдвэрлэдэгээрээ орлоготой, ажилтай. Байгалийн баялгийг зөв зохистой ашиглаж үр шимийг нь үеийн үед хүртсээр ирсэн ард түмэн. Монголдоо Өвөрхангайн Уянга, Бат-Өлзий сумынхан сийлбэртэй, будагтай гэр хийдгээрээ алдартай. Манай сум 1960 оноос эхлэн эрээн гэрийг модны артелд үйлд­вэрлэж байсан түүхтэй. Мөн нэгдлийн модны цех, нэгдэл дундын үйлд­вэрт улсын гэрийн хэрэг­цээг манай сум бү­рэн хангаж байсан. Зах зээлийн нийгэмд шилж­­сэн ч хангасаар л байна. Сумынхаа брэнд болсон монгол гэрийг гадаад, дотоодод таниу­лах зорилгоор энэ биз­нест хөл тавьсан. Миний ээж насаараа гэрийн  будаг­чин хийсэн.Тиймээс би багаасаа л гэртэй зууралдаж өссөн. Нэг хэсэг монгол бөхийн спор­тоор хичээллэж аймгийн заан, спортын мастер цол хүртсэн. Энэ хугацаанд монгол гэр хийх санаагаа орхилгүй явсаар компаниа байгуулсан. Одоо манай компани 10 гаруй ажилтантай. Жилд захиалгаас шалтгаалан 200 гаруй гэр хийж байна. Модоо эхлээд Бат-Өлзий сумаас зөөдөг байсан. Сүүлийн үед хар мод, нарс, хуш гээд гэрийн мод хийх бэлэн бэлдэц мод зах зээлд бүгд бий болж.

Аливаа бизнесийг эхлүү­лэхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Үүнийг хэрхэн давж байв?

-Санхүүгийн бо­ломж­гүй байдал ямар ч бизнест тулгардаг. Гэхдээ банк­наас нэг ч зээл авалгүй хөл дээрээ боссон. Энэ нь миний спортод гаргаж байсан амжилттай маань салшгүй холбоотой. Өнөө­дөр ч гэсэн нэг ч зээлгүй бизнесээ босгож, өр­­­гө­­жүүлэх гээд хэдэн хүнээ ажлын байртай нь байлгах гээд зүтгэж л байна.

Анх хэдэн ханатай гэр хийж байв.  Захилагчаас шалтгаалан ханын тоо,  нэмэгдэж загвар нь өөрчлөгдөж  байна уу?

 -Хэрэглэгчид маань ихэвчлэн дөрөв, таван ханатай гэр худалдан авах нь элбэг. Одоо хоёр ханатайгаас найм 10,20,25 ханатайг хийж байна. Бусад бараа шиг хийж нөөцлөх боломжгүй.Зарим жил захилга багатай байдаг. Энэ жил 200 гаруй гэр хийж нөөцөлсөн. Таван ханатай 100 гэр бусад нь түүнээс дээш ханатай. Цуулбар, зүсвэр, сийлбэртэй, сийлбэргүй, будагтай, цулгуй, эрээн гээд олон янзын гэр хийдэг. Үүнээс хэрэглэгч сонгоод авах боломжтой. Сүүлийн үед зургаа, найм, арван ханатай гэр эрэлттэй байна.

Мод, түүхий эдээ хаанаас хангаж байна вэ?

-Өвөлдөө татаж нөө­цөлж гэрээ хийдэг. Өдийд будаад дуусдаг. Намар гэрээ борлуулж дуусгах зорилт тавьдаг. Хуш, нарс модоо Хөвсгө­лөөс татдаг. Хэрэглэгч нэмэгдвэл үйлдвэрлэлээ өргөтгөх боломжтой. Захиалга олж чадвал гэрийг хэдэн зуугаар нь хийсэн ч болно.

Өрсөлдөгч олон байна уу?

-Өрсөлдөгч олон. Нарантуул зах дээр бор­луулалтын 50-60 чингэлэг байна. Улаанбаатар хотын хэм­жээнд үйлдвэрлэл явуулж буй 30-40 компани бий. Мөн зөвхөн тендерийн гэр нийлүүлдэг нь ч байна. Тендерийг том компаниуд нь авчихдаг. Манайх ч мөн ялгаагүй ганц нэг тендерт оролцож байлаа. Гэхдээ хангалттай авч чаддаггүй.

Тендерийн гэр хэр чанартай байдаг бол?

-Тендерийг авахдаа 10 хувийн авлига өгдөг гэдэг. Тэр утгаараа чанарыг нэг их харгалздаггүй байх. Авлига өгч байна гэдэг ашгаа гурав хуваана гэсэн үг биз дээ. Тэгэхээр гурав хуваасан үйлдвэрлэлээс чанартай бүтээгдэхүүн гарна гэдэг хэцүү л дээ.Тендер шударга бус явагддаг. Танил талтай хүмүүстээ л өгч харагддаг.

Танайх хэдэн жилийн баталгаа өгдөг вэ?

-Гэрт баталгаа өгдөггүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, цаг уурын байдлаас шалтгаалан эрсдэлд  өртөх магадлал өндөр тул баталгаа өгдөггүй. Гэхдээ 5-10 жилдээ баталгаатай гэж үздэг. Хамгийн гол нь хуурай модоор хийдэг уч­раас унь гэлжийж, гудайх нь бага. Манай зарим өрсөлдөгч яаралтай захиалга ирвэл шууд л нойтон мод шулж хийж байгаа харагддаг.

Харилцагч хэдэн байгууллагатай вэ?

-Манайх одоогоор дотоодын дөрвөн ком­па­нитай гэрээтэй ажилладаг. Жилд 20-30 гэр тогтмол авдаг. Гадаадаас тухайн жи­лийн захиалгын дагуу нийлүүлдэг. Нийлүү­лэл­тийг  ченжүүд зуучилж Хятад, ОХУ-ын зах зээлд гар­гадаг. Харин Казахстан руу гэрээгээр тогтмол гар­гадаг.

Ямар зориулалтын гэр илүү эрэлттэй байна вэ?

-Аялал жуулчлалын зориулалттай гэр борлуулалт сайтай байдаг. Өнгөрсөн жил Байгаль нуур орчмын амралтын газрууд нэлээн хэдэн гэр авсан. Мөн уул уурхайн болон амьдрах  зориулалтаар авч байна. Сүүлийн үед ӨМӨЗО, Япон, Буриад, Тува улсын иргэд амьдрах гэж авдаг. Уул уурхайн компаниуд дотроо 00-той угсраа гэр олноор нь авдаг. Мөн зуны гэр цэцэрлэгүүд угсраа гэрийг сонирхон авч эхэлсэн.

Гэрийн үнэ ханшийн талаар тодруулахгүй юу?

-Дан бүрээстэй гэр дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй. Түүнээс дээш ханаас шалтгаалан өснө. Гэхдээ сүүлийн жилүүдэд гэрийн модны үнэ нэг их өсөөгүй. Харин эсгийний үнэ замбараагүй өссөн. Одоогоос хоёр жилийн өмнө 30 мянган төгрөг байсан бол одоо доод тал нь 65 мянган төгрөгийн үнэтэй болсон. Сор сайтай ноосыг Хятад руу их хэмжээгээр угааж гаргаж байна. Муу ноосоор нь дотооддоо эсгий үйлдвэрлэж байна. Элдэв янзын хольцтой эсгий зах зээлд их гарч ирж байна. Нөгөө талаар хоёрхон жилийн өмнө нэг кг ноос 500 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 3500 болж өссөнтэй холбоотой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *