Д.Алимаа: Монголд олон наст ургамлын үр үйлдвэрлэх боломж бий

11-р сарын 21, 2013 10:09 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 1790
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн  энэ үед атаржсан талбай, ангасан бэлчээр  хаа сайгүй тааралдах болсон.

Б.ТУУЛ

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн  энэ үед атаржсан талбай, ангасан бэлчээр  хаа сайгүй тааралдах болсон. Тиймээс  бид эх орныхоо хөрсөнд дасан зохицсон, цаг  агаарын нөхцөл байдалд тохирох үр үржүүлэх боломж  хэр байдгийг эрэлхийлж,  Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, ХАА-н ухааны доктор, инновацийн төслийн удирдагч Д.Алимаатай ярилцсан юм. 

 

-Монголд олон наст ургамлын үр үйлдвэрлэл хөгжөөгүй учраас ихэвчлэн хоёр хөршөөсөө зөөдөг. Тэр нь манай орны хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицож, өвөлжиж ургахдаа  муу байдаг гэж сонссон.  Гэтэл саяхан монгол эрдэмтэд олон наст ургамлын үр үржүүлэх, үрийн аж ахуй байгуулах эхлэлийг тавьсан гэх юм, үнэн үү?

-Энэ мэдээллийг дуулгахын өмнө тэжээлийн олон наст, үет буурцагт ургамлын үрийг үржүүлэх нь  ямар ач холбогдолтой болохыг товчхон тайлбарлах хэрэгтэй байх.  Монголын уламжлалт мал аж ахуйг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлыг орон нутгийн төвшинд шийдвэрлэх, хүн ам төвлөрсөн хот, суурин газрын ойролцоох эрчимжсэн мах, сүүний фермерийн малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд уургийн хангамж өндөртэй өвс, тэжээл зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм. Тиймээс үр, өвсний арвин ургацтай, олон наст ургамлын үрийг үржүүлж, тариалах нь эдийн засаг хийгээд нийгмийн олон талын ач холбогдолтой юм. Мөн сүүлийн жилүүдэд уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа компани, аж ахуй нэгжүүд нөхөн сэргээлт хийхийн тулд олон наст, үет буурцагт ургамлуудын үрийг гадаадаас экспортолж байна. Гэвч энэ нь манай орны хүйтэн, хуурай гандуу цаг уурын нөхцөлд нутагшаагүй учраас ургадаггүй. Эдгээр асуудлын тодорхой нэг хэсгийг шийдвэрлэхэд монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон олон наст, үет буурцагт ургамлын шилмэл сортуудын үрийг үржүүлж, тариалах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм.

Жил бүр БШУЯ, Шинжлэх ухаан  технологийн сангаас зарладаг инновацийн төслийн сонгон шалгаруулалтад “Тэжээлийн олон наст үет, буурцагт ургамлын анхдагч үрийн аж ахуй, үр үржүүлэг” төслийг боловсруулж, хэлэлцүүлсэнээр бидний ажил дэмжигдсэн юм. Tнэ төслийг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Батсүмбэр сум дахь  суурин судалгааны төвүүдэд 2011-2013 онд, хамт олныхоо хүчин чармайлтаар амжилттай хэрэгжүүлээд байна, бид. 

-Буурцагт ургамлыг газрын хөрс, үржил шимд сайнаар нөлөөлдөг гэж сонссон юм байна. Энэ ургамлыг нэг удаа тариалчихаад олон жил хурааж авч болдог гэсэн байх аа?

-Тэжээлийн олон наст ургамлын үрийг үржүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хөрсийг жил бүр боловсруулах зардал хэмнэгдэнэ. Үүнээс гадна таны хэлсэнчилэн буурцагт ургамлууд хөрсний бүтэц, үржил шимийг нэмэгдүүлж, бүх тарималуудад сайн эмнэгч болдог. Нэг удаа тариад үрийг нь олон жил хураан авч ашигладаг онцлогтой. Дээрх нутгийн тэжээлийн олон наст ургамлын сортууд нь 70-85 хувьтай өвөлжих чадвартай. Өөрөөр хэлбэл, буурцагт  ургамлыг 6-8 жил, үет ургамлыг 4-5 жил дараалан үрийг нь хураан авч, өвсийг нь ашиглаж  болдог. Тиймээс дахин дахин хөрс боловсруулж, жил бүр тариалах шаардлагагүй. Амьдралын анхны жилд олон наст ургамал 20-25 см-ийн өндөртэй ургаад өвөлжилтөд шилждэг учраас тарьсан жилдээ ашиглахгүй, хоёр дахь жилээсээ эхлэн хурааж болно.

-Магадгүй, газар нутаг нь гандмал өвөлжсөн малчид энэ ургамлыг тариалахаар зэхэж байж болох. Тиймээс та тарих аргачлалаас нь зөвлөөч. Ер нь аймаг, орон нутагтаа авч тариалбал үнэ өртөг нь хэд байх бол?

-Биднээс бас энэ талын зөвлөгөө авдаг малчид цөөнгүй бий. Тэжээлийн олон наст, үет  буурцагт ургамлуудын нэг га-д тариалах үрийн норм үр тарианы ургамлуудаас 10-12 дахин бага. Жишээлбэл, тэжээлийн зориулалтаар царгасыг нэг га-д тариалахад 10-14 кг, үетэн ургамлыг 20-22 кг-аар 15 см-ийн  зайтай тариалдаг. Харин үрэнд үүнээс нэг дахин бага нормоор 45-60 см–ийн өргөн мөрөөр тариалдаг онцлогтой. Зах зээлийн дундаж ханш үрийн чанараас хамааран үет ургамлынх нэг кг нь 10-12 мянга буюу нэг тонн нь 10 сая, буурцагтанынх 15-18 мянган төгрөг буюу 1 тонн нь 15-18 сая төгрөгөөр зарагдаж байгаа.

-Зөвхөн үрийг нь хураахаас гадна бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж болно биз. Цаг хугацааны хувьд хэдийд тариалж болох вэ?

-Фермерийн аж ахуйнууд таримал хадлан, бэлчээр бий болгох зорилгоор ашиглахаас гадна, уул уурхайн нөхөн сэргээлт, атаржсан тариалангийн талбай, бэлчээрийг сайжруулах зэрэгт  ашиглаж болно. Малчид үрийг нь үржүүлэхээс илүүтэйгээр хадлан, бэлчээрийн талбайгаа сайжруулж ,ургацаа нэмэгдүүлэх, тэжээл бэлтгэх зорилгоор тариалах сонирхолтой  байна. Сүүлийн жилүүдэд тав, зургадугаар  сард хур тунадасны хэмжээ бага  байгааг харгалзан, тухайн жилийн цаг уурын мэдээнд тулгуурлаж бороо угтуулан тариалж болно. Тэжээлийн олон наст ургамлыг зургадугаар сард багтаан тариалахад анхны жил буурцагт ургамал салаалалтын, үет ургамал бутлалтын үе шатандаа өвөлжилтөд шилжихэд найдвартай өвөлждгийг судалгааны үр дүн баталсан.

-Малчид, фермерийн аж ахуй эрхлэгчид энэ талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй байдаг юм бол?

-Монгол улсын ихэнхи аймаг, сумд, хот, суурин газрын ойролцоох малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдэд гадаадын төсөл, хөтөлбөрийн хүрээнд тэжээлийн олон наст ургамлуудыг тариалах, төрөл бүрийн тэжээл бэлтгэх, мал тэжээх  зэрэг олон асуудлаар манай хүрээлэнгийн эрдэмтэд сургалт зохион байгуулж, ном гарын авлагаар хангалттай хангаж байгаа. Фермерүүд, малчид олон га талбайд биш ч гэсэн энэ ургамлыг тариалах сонирхолтой байна.

-Зарим хүн царгас тариалах сонирхолтой байдаг гэж дуулсан. Энэ ямар онцлогтой ургамал вэ?

-Царгас нь нэг тариад ургачихвал үндэс нь маш гүн ордог учир ганд тэсвэртэй, өвөлжилтийг сайн даадаг юм. Тиймээс цөөнгүй хүн царгас тариалах сонирхолтой байдаг. Царгасыг цэцэглэлтийн эхний үе шатанд  буюу долдугаар сарын сүүлээр хадаж тэжээлд бэлтгэдэг. 35-40 хоногийн дахин хэнзлэн ургадаг учраас намар орой малаа бэлчээх боломжтой байдаг. Тэжээлийн олон наст үет, буурцагт ургамлуудыг дангаар нь  тариалахаас гадна хоёрлосон, гуравласан хольцоор  тариалж ашиглаж  бас болно.

-Нэг га-д тариалалт хийлээ гэхэд хэдий хэмжээний зардал гарах вэ?

-Нэг га-д царгас тарилаа гэхэд  үр болон ажлын зардал ороод  хоёр сая орчим төгрөгт багтана гэсэн үг. Тэгэхээр нэг малчны хувьд өндөр зардал л даа. Харин өөрийн эзэмшил талбайтай фермерийн аж ахуйтай хүмүүс  тариалж болох юм.

-Та бүхний судалгаа, шинжилгээ хийсэн төсөл гурван жил хэрэгжиж. Үр дүнг нь танилцуулахгүй юу?

-Монголд тэжээлийн олон наст ургамлыг тарималжуулах, сорт гаргах, тэдгээрийг тариалах агротехник боловсруулах судалгааны  ажлуудыг олон жилийн өмнөөс манай үе үеийн эрдэмтэн судлаачид эх суурийг тавьсан юм. Төслийг 2011-2013 онд хэрэгжүүлэх хугацаанд бид тэжээлийн олон наст таримлуудын үрийн нөөцөөс хамааран анх 10 га талбайд тариалж эхэлсэн. Хураан авсан үрээрээ талбайгаа нэмэгдүүлэн тариалж, 50 га талбайтай болсон. Гэхдээ энэ жил төсөл хаагдахаар үр үржүүлгийн ажлын үр дүнг цаашид яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Өнгөрсөн  долдугаар сард  БШУЯ-ны мэргэжилтнүүд төслийн явцтай танилцан, мониторинг хийгээд цаашид үр үржүүлгийн ажлыг үргэлжлүүлэхийн  тулд ҮХААЯ-аас санхүүжилт авах боломжийг хайх хэрэгтэй гэсэн санал тавьсан.

-Заавал аль нэг яамнаас санхүүжилт авахгүйгээр өөрсдөө бие даан үйлдвэрлэлээ аваад явах боломжгүй юу?

-Төслийн үр дүнг тухайн яамны комисс хэлэлцэж, хүлээж авсны дараа энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Мөн хууль, эрх зүйн хүрээнд шийдэгдээгүй асуудал олон байна. Инновацийн хуульд гарааны компани байгуулж болно гэж заасан боловч журам нь өнөөг хүртэл гараагүй байна.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Antiphospholipid Syndrome Amoxicillin cialis price Cialis Generico En Farmacias

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *