“Чингис хаан” зочид буудлыг 45 сая ам.доллараар зарсан уу?

8-р сарын 31, 2012 10:12 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 276

– Зочид буудал ирэх онд их засварт орно –

Ц.БАТБОЛД

 

Бизнесийн хү­рээ­нийхний ярьж буйгаар түүнийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэд 45 сая ам.доллараар зарсан гэх болов. Зарим эх сур­валж түүнээс ч илүү үнэд хүргэсэн тухай ярьж бай­на. С.Батболд “Чингис хаан” зочид буудлыг 2000 оны эхээр хувьчилж авсан. Хувьчлал нь хууль бус байсан тухай маргаан өнөөг хүртэл хуучраагүй хэвээр байна. Хоёр ч удаа УИХ-аас  шалгаж тогтоох Ажлын хэсэг гаргасан ч тэгсхийгээд намжаасан нь бий. Тодруулбал, хувьч­лалын төлбөртэй  холбог­дуулан 2001 оны арван­нэг­дүгээр сард УИХ-ын Төсвийн байнгын хороо­ноос УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуул­сан ажлын хэсэг шалгалт хийсэн.

Шалгалтынхан зочид буудлын зах зээлийн бодит үнэлгээг дахин хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гарч байсан нь цаасан дээр бичээстэй бий. Дараа нь 2003 онд Төрийн өмчийн хорооны хүсэлтээр  УИХ-ын гишүүн Н.Ганбямбаар ахлуулсан ажлын хэсэг 1996-2000 онд явуулсан өмч хувьчлалын үр дүнг шалгасан ч “но” илэрсэн­гүй гээд хааж байсан юм. Монголд айлчлах хийгээд жуулчлах гадныхны нүүрийг тахалдаг аялал жуулчлалын салбарын хамгийн том зочид буудлаа зарсан эсэх талаар “Чин­гис хаан” зочид буудлын гүйцэтгэх захирал Ц.Цагаан­батаас тодруу­лахад “Худалдаагүй. Өнөөг хүртэл үйл ажиллагаа маань хэвийн байна. Бид засвар, шинэч­лэл хийхээр болсон. Энэ зун амжиж зас­варлана гэсэн ч амжсан­гүй. Ирэх оны нэгдүгээр сард үйл ажиллагаа зог­соо­гоод их засвар хийхээр төлөвлөж байна. Засвар шинэч­лэлийн ажил нэг жилийн хугацаанд үр­гэлж­лэх болов уу. Шугам сүлжээг солихоос эхлээд дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, тавилга барааг бүгдийг нь өөрчилнө. “Чингис хаан” бол  гадаадын зочид төлөө­лөгчдийн үйлчлүүлдэг Монголдоо тэргүүлэгч зочид буудал. Иймээс нэр хүндээ бодсон ч засвар шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Манайх 260 гаруй ажилтантай. Засва­рын хугацаанд ажилч­дын­хаа мэдлэг боловс­ролыг дээшлүүлэхийн тулд гадаад, дотоодод сур­галтад хамруулах төлөвтэй байна” гэв. Түүнээс “Чин­гис хаан” зочид буудал хэдэн хувь эзэмшигчтэйг асуухад “100 хувь нэг хүнийх” гэсэн хариултаас өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

С.Батболд уг зочид буудлыг хоёр тэрбум 400 сая төгрөгөөр худал­даж авсан гэдэг юм билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт “Чингис хаан” зочид буудлын хувь эзэмшигч байхгүй ч тус зочид буудал “Алтай холдинг” ком­панийх нь эзэмшилд байдаг ажээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *