Чэн Гуаншен:Нээлттэй нийгэмд буцаж очно гэдэгт итгэж байна

5-р сарын 15, 2013 9:19 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 492
Хятадын хөдөө нутаг дахь хүний эрхийн төлөө олон жил тэмцсэн хараагүй өмгөөлөгч Чэн Гуаншен 2012 оны дөрөвдүгээр сард гэрийн хорионоосоо зугтан Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд орж бүгсэнээр дэлхий нийтийн танил болсон билээ.

Н.МӨНХЖИН

Хятадын хөдөө нутаг дахь хүний эрхийн төлөө олон жил тэмцсэн хараагүй өмгөөлөгч Чэн Гуаншен 2012 оны дөрөвдүгээр сард гэрийн хорионоосоо зугтан Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд орж бүгсэнээр дэлхий нийтийн танил болсон билээ. Америк, Хятадын тал амаргүй дипломат хэлэлцээ хийсний эцэст Чэн эдүгээ Нью-Йорк хотод амьдарч байна. Багадаа хараагүй хоцорсон Чэн Гуаншен өөрийн хичээл зүтгэлээр өмгөөлөгч болж, “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийг хүчээр үргүй болгож байгаа коммунист дэглэмийн бодлогыг эсэргүүцэн тэмцсэнийхээ төлөө олон нийтийн эмх журам алдагдуулсан хэмээн гэрийн хорионд орж байсан юм. Эдүгээ тэрээр (42 настай) Нью-Йоркийн их сургуулийн хуулийн танхимд урилгаар багшлахын зэрэгцээ Хятад дахь нөхцөл байдлыг илчлэн, тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Чэн Осло хотноо ирж дарангуйлагч дэглэмийн эсрэг идэвхтнүүдийг цуглуулдаг Oslo Freedom Forum-д оролцох үеэр El Pais сонины сэтгүүлч уулзаж ярилцсан байна.

-Гэрийн хорионоос зуг­таж, Америкийн ЭСЯ-нд орж нуугдсан үеэ хэрхэн дурсдаг вэ?

-Аймшигтай бөгөөд сэтгэл хөдөлгөм зүйл бай­лаа. Гэвч өнөөдөр үүнийг сэтгэл хөдөлгөм дүрээр нь л дурсдаг.

-Тэр явдал таны сэт­гэлийг өвтгөдөг үү?

-Одоо энэ талаар ярихыг хүсдэггүй юм аа.

-Америкт ямар байна?

-Их сайн байгаа. Энэ бол их өөр нийгэм.

-Яаж мөнгө олж байна даа?

-Бичиж буй зарим ном­ныхоо урьдчилгааг авч байгаа. Дурсамж, намтраа бичиж байгаа юм.

-Таны эрүүл мэнд сайн­гүй байсан байх аа. Одоо гайгүй юу?

-Зарим өвчин хууч байж л байна. Гэхдээ на­майг сайн халамжилж байгаа.

-Хятадын Засгийн га­зар таныг заналхийлсээр байгаа юу?

-Манай гэр бүлийг заналхийлсэн хэвээр бай­на. Миний үеэлийг саяхан хорьсон байна лээ. Тэр халдварт өвчин туссан ч эмнэлэгт аваачихаас тат­галз­сан. Ахыг зодсон бай­на лээ. Гэрт минь орж, гэр бүлийн эд зүйлсийг маань эвдэж сүйтгэсэн. Төрөл төрөгсдийг минь айлгаж дарамтлах явдал байсаар байна.

-Танд ч бас дарамттай байгаа биз?

-Тэгэлгүй яахав. Гэх­дээ ийм үйлдлийг зогсоо­хын төлөө тэмцэх хэрэг­тэйг надад сануулж байна.

-Та зөв зүйл хийсэн гэдэгтээ итгэлтэй байдаг уу. Зарим хүн, нэг-хүүхэд бодлого нь хэт их хүн амаас зайлсхийх арга, үүнийг заавал биелүүлэх нь зүй ёсны хэмээн хэлдэг…

-Бүсгүйчүүдийг хүчээр үр хөндүүлж, үргүй болгох нь хууль бус зүйл. Тэр гажуудлыг эсэргүүцэх ёстой гэдэгтээ би эргэлз­дэггүй.

-Энэ байр суурь таны шашны үзэл бодолтой хамаатай юу?

-Үгүй ээ, би ямар ч шашин шүтдэггүй.

-Таныг гарч явснаас хойш Хятадад ямар нэг өөрчлөлт гарч байна уу?

-Олон өөрчлөлт гарч байна, тэр тусмаа нийгэмд. Иргэний нийгэм аажим аажмаар сэрж байна. Зас­гийн газарт мөрдөгдөж, хавчигдана гэдэг айдас арилж байна. Хүмүүс эр­хээ хамгаалах ёстой гэд­гийг ойлгож эхэлж байна.

-Засгийн газрын зүгээс ямар нэг өөрчлөлт байна уу?

-Шинэ лидерүүд улам илүү хяналт тавихыг хи­чээж байна. Тэд хэвлэлээр ч, нам дотор ч ярьж болох­гүй долоон зүйлийг бий бол­госон. Нийтлэг үнэ цэнэ, хэвлэлийн эрх чө­лөө, иргэний нийгэм, ир­гэний эрх, коммунист намын алдаа, аристократ капитализм. Учир нь на­мын лидерүүд аристок­ратын нэг зүйл, төрөл хэ­мээн харагдах болсон юм. Долоо дахь нь, хараат бус шүүх эрх мэдэл.

-Дэлхий нийт хүний эрхийн асуудлаар Хятадад улам их шахалт үзүүлэх ёстой юу?

-Дэлхий нийт олон ар­ван жилийн өмнөөс ша­халт үзүүлэх гэж хичээж ирсэн. Энэ талаар хаалттай хаалганы цаана олон удаа ярилцсан. Ямар ч үр дүн гараагүй. Стратегиа өөрч­лөх цаг болсон л доо.

-Хэзээ нэгэн цагт эх орондоо буцаж очно биз дээ?

-Тийм ээ, эх орондоо буцаж очих цаг холгүй гэдэгт итгэж байна. Ирээ­дүйд манай улс нэг намын системээс хагацах биз. Цөөн хэдэн нөхөр хэн нут­гаасаа гарч, хэн буцаж ирэхийг шийддэг байж болохгүй. Би нээлттэй ний­гэмд буцаж очно гэ­дэг­тээ итгэж байна. Гэвч Хя­та­дад буцаж очих бо­ломж бус, харин хэн нэг нь дур­тай цагтаа орж, гарч байх эрх хамгийн чухал юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *