Ч.Улаан: Томоохон шинэчлэлийг эхлүүлсэн хариуцлагатай төсөв боллоо

11-р сарын 12, 2012 10:15 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 556

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай ирэх оны төсвийн тухай  ярилцлаа.

 

  -УИХ ын чуулганаар ирэх оны улсын төсөв бат­лагдлаа. Сангийн сайдын хувьд та ямар сэтгэгдэлтэй бай­на вэ?

-Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль бат­лагдлаа. Улсын төсөвт хуу­лиар тавигддаг тусгай шаард­лага, үр дүнгийн шал­гуур үзүүлэлтийг хан­га­хаар Засгийн газраас оруул­сан санал дэм­жиг­дэж хуульч­лагдаж байна. Би Сан­гийн сайдын хувьд олон төсөв  батлуулахад оролцож ирсэн. Янз бүр л байдаг бай­сан, энэ удаад сэтгэл ха­намжтай байна. Яагаад гэ­вэл шинэ хууль эрх зүйн орчинд цоо шинэ арга ар­гач­лалаар боловс­руулсан, томоохон өөрч­лөлтийг  эх­лүүлсэн төсөв юм.

Одоогоос 10 жилийн өмнө Төсвийн байгуул­лагын удирдлага, санхүү­жилтийн тухай хуулийг батлуулж Төрийн сангийн нэгдсэн дансны тогтол­цоонд шилжиж, төсвийн нэгдсэн удирд­лага, хянал­тыг сайж­руулж,  бодлогыг дунд хугацаагаар тодор­хойлж хэрэгжүүлдэг ши­нэч­лэл хийгдэж амжилт­тай хэрэгж­сэн.  Улс орны хөгжил, эдийн засгийн цар хүрээг  дагаад төсвийн шинэ механизм бий болгох шаардлага бий болсон.

  Ирэх оноос төсвийн тухай багц хуулиуд бат­лагд­саны дагуу төсвийн төвлөрлийг сааруулж  орон нутгийн эрхийг өр­гөт­гөсөн, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн шинэ тогтолцоонд шилжинэ. Эдгээр шинэ хуулиудыг боловсруулж батлуулахад УИХ-ын ажлын хэсгийг ахалж, зарим ажлын хэсэгт оролцож анхнаас нь санаачлагчийн нэг болж ажилласны хувьд, шинэч­лэ­лийн хуулиуд маань амжилттай хэрэг­жээсэй гэж хүсч байгаагийн хувьд  хэрэгжилтийг нь гардан зохион байгуулж, шинэч­лэ­лийг эхлүүлэх боломж олдсонд баяртай байгаа юм. Сангийн сайдаар ажиллах саналыг хүлээж авахдаа ч ингэж л бодож байсан.

-УИХ-аар төсөв бат­лаг­­дахдаа хэр их өөрчлөлт орсон бэ, хэлэлцүүлгийн үед янз бүрийн санал гарч байсан шүү дээ , Эцсийн дүндээ төсөв сайжирч чадсан уу,  аль эсвэл чанар нь муудсан уу?

-Төсвийг намын бүл­гүүд, байнгын хороод , ажлын хэсэг дээр  хэлэл­цүүлэх явцад хөрөнгө оруу­­лалт, зарлага нэмэг­дүүлэх, нийгмийн халамжид илүү­тэй мөнгө хуваарилуулах санал гарч, зарим талаар ул суурьгүй улстөржилт хан­халж байна гэх шүүмжлэлд өртөж байсан. Учир мэдэх тулхтай хүмүүс  хий уурссан улстөржилтөөр төсөвт хандаж болохгүй гэдгийг ч сануулж байсан. Ер нь хэлэлцүүлэг ха­луухан болж өнгөрсөн.  Харин төсвийн байнгын хороон дээр болон чуулганы хуралдаан дээр төсвийн гол шалгуур үзүүлэлтүүдийг эвдэхгүй, хуулийн тусгай шаардла­гыг сулруулахгүй байхад анхаарч ажил хэрэгчээр хандаж байлаа.Засгийн газраас өргөн барьсан төсөвт дүнгээрээ 100 гаруй тэрбум төгрөгийн зарлага, үүний дотор урсгал зардал 30 тэрбумаар, хөрөнгө оруу­лалт 75 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 30- аад тэрбум төгрөгөөр ор­лого буурсан өөрчлөлт орж батлагдлаа.Эдгээр өөрч­лөлтийг төсвийн нийт дүн дотор нь шингээж зохи­цуулсан учир сай­жир­сан. Муудсан гэж дүгнэх нь зохимжгүй юм.  Бодло­гын хүрээнд зо­хицуулалт хий­сэн, эрэмбэ дарааллыг өөрчилсөн, үе шаттайгаар хэрэгжүүлэх зарчим барь­сан нь төсвийн тэнцвэртэй байдлыг хан­гах боломжийг бүрдүүлж өглөө.Бүхэлдээ томоохон шинэчлэлийг эхлүүлсэн төсөв болсон юм.

-Ирэх оны төсөв  шинэч­лэлийг эхлүүлсэн гэх ямар онцлогтой болсон. Шинэчлэлийн төсөв гэдэгт олон хүн эргэлзэж, итгэж ядаж байсан шүү дээ?

-Ирэх оны төсөв хууль, эрх зүйн шинэ орчинд, шинэ хандлага, шинэ арга аргачлалаар боловсрогдсон онцлогтой. Нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай,  Зээлийн батлан даалтын тухай зэрэг хуулиуд батлагдаж шинэ он гараад бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулиудын шаардлагад нийцүүлэн төсвийг бо­ловс­руулсан, хуулийн да­гуу хэлэлцэн батлагдлаа.

Олон жил мөрдөж ирсэн журам аргачлал, хэвшмэл сэтгэлгээ, үр дүн муутай арга барил, буруу жишиг зуршлыг залруулж зөв гольдролд нь оруулах алхам хийснээрээ шинэ­лэг гэдэг нь тодор­хой­логдож байна. Тодорхой заримаас нь дурдвал:

-Төсвийн зарлагын өсөлт нь орлогын болон баялгийн үйлдвэрлэлийн өсөлтөөс байнга түрүүлж байсан буруу жишиг өөрч­лөгдөн хязгаарлагдаж эдийн засгийн бодит өсөлт, инфляцитай илүү­тэй уялдах эхлэл тавигдлаа,

  -Төсөвт тавигдах тус­гай шаардлагад нийцүү­лэн бодлогоо тодорхойлж гадаад, дотоодын нөхцөл байдал, шийдвэр гаргал­тын төвшинд бий болох таагүй нөлөөллөөс төс­вийн үр дүнгийн үзүүлэлт тогтворгүй болдог байдал арилах эхлэл тавигдлаа,

-Нийгмийн хэт хавт­гайрсан халамж, бэлэн мөнгө тараах харалган бодлогоос татгалзаж ха­ламж үйлчилгээг зорилтот бүлэг, хүүхдэд төвлө­рүүлснээр эдийн засагт бий болсон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, үнийн дарамтыг саарууллаа,

-Хөрөнгө оруулалтын зардлын хэт тэлэлтийг хязгаарлаж хүчин чадал, зураг төсөв, төндөр шал­гаруулалтын бэлтгэлийг сайтар хангах журамд шилж­сэнээр хөрөнгө оруулалтыг эдийн засгийн шингээх чадвартай уял­дуу­лах, үр ашгийг дээш­лүү­лэх эхлэл тавигдлаа,

-Аймаг, орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, нягтрал, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдмал байдал, татва­рын идэвх санаачлагын итгэлцүүрүүдэд тулгуур­ласан орлогын болон тус­гай зориулалтын шил­жүү­лэгээр дэмжиж төсвийн орлого, татварын талаар ИТХ д эрхийг өргөтгөх зэргээр орон нутгийн  эрх мэдлийг  нэмэгдүүлж, алсдаа төсөв, санхүүгийн хувьд биөийг нь даалгах чиглэлд томоохон алхам хийгдлээ.

Төсвийг үндсээр нь өөрчлөөгүй гэж шүүм­жилж болох ч аливаа бод­лого уламжлал, шинэч­лэлийн зарчмаар тодор­хой­логддог болохыг эрх биш ойлгох байх. Ирэх оны төсвийн орлогын 30, зарлагын 40,орон нутгийн төсвийн 90 гаруй хувь нь шинэч­лэлийн бодлого, механиз­маар тодор­хойлогдсон байгаа.

-Төсөвт үнэхээр зарч­мын шинжтэй томоохон өөрчлөлт орж байх шиг байна. Анхаарал төвлө­рүүлж өөрчлөлт гаргаж чадаагүй , цаашид өөрчлөх ёстой ч үлдчихээд байгаа ямар асуудал  байна ?

-Бид бүх зүйлийг шинэчилсэн гэж хэлэхгүй, тийм бололцоо ч байгаагүй. Төсөв дээр шинэчилж эхэлснээсээ илүү цаашид шинэчлэх олон асуудал үлдсэн байгаа нь үнэн. Юуны өмнө ойрын үед бэлтгэгдэж байгаа зарим асуудлаас товчхон дурдая. Тухайлбал,   энэ оны төсөв татварын шинэ төрлийг бий болгоогүй, хувь хэмжээг нэмэг­дүүлээгүй  гэдгээрээ онцлогтой бай­сан. Татварын хоёр дахь  үе шатны шинэчлэл хиихээр бэлтгэж байна. Эхний шинэчлэлээр дөрвөн 10-ын тогтолцоонд шилжиж бизнесийн таатай орчин бүрдсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд хавтгайрсан, үр нөлөө ба­га­тай хөнгөлөлт чөлөөлөлт ихсэж татвараас зайлсхийх, татварын тэгш шударга байх зарчим алдагдах байдал газар авч байгааг хянаж өөрчлөх өстой гэж үзэж байна. Одоо хуулиар 40-өөд төрлийн хөнгөлөлт, 180-аад төрлийн чөлөөлөлт үйлчилж байгаа бөгөөд нийт хөнгөлөлт, чөлөө­лөлтийн хэмжээ нь  нэг их наяд төгрөгт хүрч татварын орлогын 30 аад хувьтай тэнцэж байна. Эдгээрийн дотор хувийн хэвшил , жижиг дунд үйлдвэр­лэлийг дэмжих зориулалт­гүй  бизнесийн бус хөнгөлөлт, чөлөөлөлт дийлэнх хувииг эзэлж байгааг зөвтгөх аргагүй юм.   Төсвийн орлогын дүнд татварын орлогын эзлэх хувь өндөр байгаа ч  гааль, НӨАТ-ын орлого бодит дүнгээрээ өсөхгүй байна. Эдийн за­саг дахь татварын ачаалал өндөр, байнга нэмэгдсээр байгаа ч татварын бус орлого, хөрөнгийн орлого маш бага хувийг эзэлж байна. Цөөн тооны салбар, тэдгээрийг төлөөлсөн цөөн татвар төлөгчдөд ногдох ачаалал өсч, хувь хүний орлогын татварын нэгжид ногдох хэмжээ нэмэгдэж байгаа учир төсвийн орлогын бааз суурь, хамрах хүрээг өргөжүүлэх замаар татварыг жигд, шударгаар хуваа­рилах шаардлага тавигдаж байна.  Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр, Төсвөөр дамжуулан дахин хуваарилалтад орж байгаа орлогын хэмжээ байнга өсч байгаа ч төсвийн нэгдмэл байдал, үр дүнтэй удирд­лага, оновч­той зохицуулалт хяналт дутагдсан хэвээр байна. Улсын төсвийн зарлагын 30 гаруй хувь нь буюу 2,1 их наяд төгрөг ЗГ-ын 29 тусгай сангаар дамжин зарцуулагдаж байна. Ихэнх тохиолдолд бие даасан зарчмаар ажил­ладаг энэ олон сан сан­хүүгийн хувьд үр ашиг багатай, төсвийн татаа­саар санхүүжиж байна. Тусгай сангууд болон төсвийн харилцаа ойлгомжгүй , ил тод биш , хяналтгүй байгаа байдлыг өөрчлөх шаардлагатай байгаа юм.

Ирэх оны төсвөөр орон нутгийн төсвийн дүн бараг гурав дахин нэмэгдэж, нийт төсвийн зарлагын дөрөв­ний нэгтэй тэнцэж байгаа ч аймгуудын суурь төс­вийн чадавхи сул,  улсын төсвөөс тусгай зо­риулал­тын  болон орлогын шил­жүүлгээр дэмжлэг авч орон нутгийнхаа төсвийн алдагдлыг нөхдөг байдал арилаагүй байна.Орон нутгийн төсвийн орлогын өсөлт, санхүүгийн дэмж­лэг нь хүн амын тоо, алс­лагдсан байдал, хөгжлийн төвшинөөс хамаардаггүй зөвхөн том уурхай, хилийн боомтоос хамаарч байгааг өөрчлөх шаардлага тулгарч байна. Бодож төлөвлөх, сайжруулж шинэчлэх асуудал их байгаа ч цаг хугацаа давчуу байгаа нь хяслантай байна.

-Энэ оны төсөв эрс­дэл ихтэй болох нь гэсэн шүүмж­лэл хэлэлцүүлгийн үеэс л яригдаж байсан.Та ч гэсэн эрсдэл байгаа тухай хэлж  байсан. Энэ байдал засарсан уу?

-Ирэх оны төсөвт эрс­дэл гарах магадлал өндөр байгаа нь үнэн. Эрсдэл гэж төсвийн хуулиар дэв­шүүлсэн зорилтыг хэрэг­жүүлэх явцад тохиолдож болох хүндрэл бэрхшээл, сөрөг үр дагавар, осол аюулыг дагуулж болох тодорхой  бус байдлыг ойлгож байгаа юм л даа. Эрсдэл дэлхийн эдийн засгийн төлөв байдал то­дорхой бус,  хоёр том хөр­шийн маань эдийн зас­гийн өсөлт саарч байгаа, манай эдийн засгийн өрөөс­гөл бүтэц, өмнөх жи­лүүдэд төсвийн зарлагыг хэт ихээр өсгөж инфля­цийг хөөрөгдсөн зэрэг бид­­нээс шууд хамаарах­гүй шалт­гаа­наас үүдэлтэй байна. Эрсдэлийн шалт­гаан, хүчин зүйлүүдийг тодор­хойлж эрсдэлийг удир­дах цогц бодлого гар­гах шаард­лага тавигдаж байна.Энэ үүднээс авч үзвэл;

Төсөв бүхэлдээ нэг салбараас хараат байдал­тай, инфляцийн төвшин буурч байгаа ч өндөр хэ­вээр байна. Гадаад валю­тын нөөц буурч төгрөгийн ханш тогтворгүй, ажил­гүйд­лийн төвшин буурч байгаа ч өндөр хэвээр байна. Мөн зарлагын өсөлт саарсан ч орлогын өсөлтөөс түрүүлж байна.

Экспорт огцом буурч гадаад худалдааны алдаг­дал өссөн.  Татварын хам­рах хүрээ, суурь нэмэг­дэх­гүй, хөрөнгө оруулал­тын үр өгөөж дээшлэхгүй байна.  Төсвийн алдагдлыг нөхөхөд өрөөс өөр эх үүс­вэр алга. Өрийн дарамт буурч байгаа ч нийт хэмжээ нэмэгдсээр байна.

Энэ бүхэн бол манай эдийн засгийн бодит байд­лыг, төсөв эмзэг байгааг харуулж байгаа юм.Энэ бүхэн бол улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай хол­боотой эрсдэл. Үүнээс гадна бидний үйл ажил­лагааны эрсдэл гэж бас бий.

Төсвийн орлогоо бид­ний тооцож байгаа хэм­жээндээ  бүрдүүлж чадах­гүй байх, зарлагын өсөл­тийг хянаж чадахгүй алдах магадлал өндөр байгаа нь нууц биш. Төсвийн хуу­лийн хэрэгжилтийг зохион байгуулах явцад гарч болох үйл ажиллагааны дутагдал доголдол, удирд­лага зохицуулалтгүй бай­дал, үрэлгэн салан задгай байдлаас сэргийлэхэд бүг­дээрээ онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.

-Бодож төлөв­лөсөн бодлого, үйл ажил­лагаа хэрэгжихгүй эрсдэл тохиолдвол яах вэ. Бүсээ чангална гээд бүх юмаа зогсоох уу. Эрсдэлийг даван туулах, ядаж зөөл­рүүлэх талаар төсөвтөө тусгасан зүйл байхгүй юу?

-Заавал эрсдэл тохиол­доно гэж санаагаар унаад байх шаардлагагүй.Огт эрсдэл тохиолдохгүй гэж хэн ч баталж чадахгүй нь ойлгомжтой.  Болзошгүй  эрсдэлд бэлэн байх, хохи­рол хүндрэлийг зөөлрүү­лэх боломжийг тооцож төсөвт тусгах зарчим баримталсан юм. Төсвийн багц хуульд нийцүүлэн тусгай шаардлага,шалгуур үзүүлэлтийг хангаж төсөв боловсрогдож ,батлагдсан учир болзошгүй эрсдэлд тодорхой хэмжээгээр бэлт­гэгдсэн гэж ойлгоход бол­но. Төсвийн тогтворжуу­лалтын сангаа нэмэг­дүүлж 500 тэрбумд хүргэх зорилт тавьсан. Эрсдэл тохиолдож төсвийн алдаг­дал ихээр нэмэгдвэл энэ сангаасаа зарцуулж төс­вөө тогтвортой байлгах арга хэмжээ авах боломж­той юм.

Ямар ч эрсдэл тохиолд­сон ард иргэдийг бүсээ чангалах байдалд хүргэх ёсгүй гэж үзэж байна. Нөхцөл байдалд нь тохи­руулаад засаг, санхүүгийн арга механизмаар шийд­вэр­лэх боломж үргэлж байдаг юм шүү дээ.

-Хөрөнгө оруулалт гэж  ихээхэн  маргаан үүсгэдэг асуудал байх юм. Урал­даад авахаа л мэдэхээс биш хөрөнгө оруулалтын үр өгөөж ямар байна  гэ­дэгт анхаарахаа больжээ. Ер нь үр ашиг гэдэг асу­удал төр, засгийн анхаар­лын гадна гарчихсан юм биш үү?

 -Хөрөнгө оруулалтын асуудал олон хүний анхаарал татдаг нь зүйн хэрэг. Гэхдээ яаж тойрог­тоо, салбартаа их хөрөнгө оруулалт хуваарилуулж авах вэ, яаж хуваарилсан хэмжээг нэмэгдүүлэх вэ гэдэг талаас нь л голдуу асуудалд ханддаг нь ха­рам­салтай. Энэ байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын үр ашгийн асуудал орхигдоод удаж байна. Энэ байдалд дүг­нэлт хийж Төсвийн тухай хуульд маш тодорхой, нилээд хатуухан зохицуу­лалтыг хийж өгсөн. Хуулиа мөрдөж ажил­лас­наар хөрөнгө оруулалтын үр ашиг дээшлэх боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүдийн гэж нэрлэгд­дэг 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг цуцалж байгаа нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тоог нэмэг­дүүлж, хэмжээг жижиг­рүүлж ,барилгын хугацааг сунжруулдаг буруу жиш­гийг халах зорилготой байсан юм.

Улсын төсвийн хөрөн­гө оруулалтын техноло­гийн бүтцийг боловсрон­гуй болгоход анхаарч бай­на. 2013 онд нийт хөрөнгө оруулалтын 45 хувийг дэд бүтцийн салбарт, 20 гаруй хувийг нийгмийн салбарт, 10 гаруй хувийг хүний хөгжил, хөдөлмөр эрхлэл­тийн салбарт,мөн 25 орчим хувийг төрийн болон төс­вийн байгууллагуудын үйл ажиллагаанд зориулагдаж байна.

Цаашид хөрөнгө оруу­лалтын органик бүтцийг сайжруулахад онцгой ан­хаарах шаардлага тулга­раад байна.Ирэх онд хийг­дэх нийт хөрөнгө оруулал­тын 75 хувь нь өмнөх онуу­даас дамжин хэрэгжих арга хэмжээнд  зориулаг­даж байгаа бөгөөд 20 хувь нь л шинээр эхлэх төсөл арга хэмжээнд зориулаг­дана. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг олон жилээр сунжруулдаг, тө­сөв зардлыг нь зохиом­лоор  өсгөдөг, гүйцэтгэг­чийг сонгон шал­га­руулах үйл ажилла­гааг гажуу­дуулдаг байдлыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна.

-Шинэ оны төсвийн хэрэгжилтийг зохион бай­гуулахад юуг анхаарах вэ. Ер нь бэлтгэл ажил хэр хийгдэж байгаа вэ.Шинэ хуулийн орчинд шинэ аргач­лалаар боловсруул­сан төсөв учир өөр аргаар ажиллах шаард­лага тулгарч байна уу?

-Батлагдсан төсөв маань өмнөх жилүүдийн төсвөөс эрс ялгаатай, цоо шинэ  зарчмаар боловс­руулсан учраас хуучин арга барил, хэвшмэл ойл­голтоор хандаж болохгүй . Төсвийн бүх шатны эрх баригчид төсвийнхөө утга агуулга, мөн чанар, онц­логыг бүрэн танин мэдэж өөрийн болго­хоос эхлээд хэрэгжилтийг зохион бай­гуулах арга механизмаа зөв хэрэглэж цаг нартай уралдан үр дүнтэй ажиллах хариуцлага тулгарлаа. Маш энгийн жишээ дур­дахад  Өмнөговь аймгийн байгаль хамгаалах үйл ажиллагааны нийт зардал энэ онд 200-гаад сая төгрөг байсан бол ирэх жил 14 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байгаа юм. Асар их хөрөнгө зарцуулах эрхийг дагаад асар их үүрэг хариуцлага очиж байгаа нь тодорхой байгаа биз дээ. Тэгэхээр өмнө нь  багахан төсвөөр туйлын хязгаарлагдмал зорилтыг хэрэгжүүлж байсан хүмүүс маань ийм их ачаалал, үүрэг хариуцлагыг шууд үүрэхэд олон зүйлийг ши­нээр хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Бодит ажил дээр шинэчлэл ингэж л мэдрэгдэж байх жишээтэй.

  Төсвийн төсөл доторх даруухан томъёолол, зөв хандлага, тууштай зарчим, зоригтой эхлэлүүд бодит ажил болж хэрэгжихээрээ агуулга нь гүнзгийрч, цар хүрээ нь тэлж,  ирээдүй нь тодроод томоохон шинэч­лэл болж хувирдгийг дээрх ганцхан жишээнээс мэдэрч болохоор байгаа биз дээ.

Бодлогын баримт би­чиг дотроос хүн бүр үүнийг олж харж мэдрээгүй байж болох ч хэрэгжээд ирэхээр мэдрэх болно.  Ийм том шинэчлэлийг хуучин хэвш­мэл хандлага, арга барил, механизмаар үр дүнтэй хэрэгжүүлж чадах­гүй учир бүгдээрээ ши­нэч­лэгдэх шаардлагатай болж байгаа юм шүү дээ.

  Сангийн яам саяхан бүх аймаг, хот, яам, тусгай газруудын санхүү эдийн засаг, төрийн сан­гийн газар, хэлтэс, ажил хариуцсан хүмүүсийг ирүүлэн сургалт, семинар хийж аймаг, орон нутгийн төсвөө батлуулах, төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар ярилцан ойлголт, байр суурь, арга тактикаа нэгтгэн төсвийн хуулиа хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.

-Он гараад төсөвт тодотгол хийх юм гэсэн яриа бас гарчээ. Төсвөө дөнгөж баталж байхдаа түүнийгээ өөрчилнө, тодот­гоно гэж байгаа нь хэр зохимжтой юм бэ. Чанар муутай, “богино настай” төсөв боллоо гээд анхаа­рал сулрах юм биш үү?

-Батлагдсан төсөвт эрсдэл тохиолдох магад­лал өндөр байгаа тухай дээр дурдсан шүү дээ. Хэрэв биднээс шууд хамаарахгүй шалтгаанаар төсөвт нө­лөөлөхүйц өөрч­лөлт гарвал бодит байдалд нийцүүлэн тодот­гон засварлахаас өөр арга­гүй болно гэдэг агуулгаар энэ асуудал яригдаж байгаа болов уу. Түүнээс биш батлагдсан төсвийн шалгуур талаас бол ийм дүгнэлт гарахгүй л дээ. Эрчимтэй өөрчлөгдөж байгаа энэ үед төсөвт ч гэсэн засч сайжруулах, илүү оновчтой,  үр ашиг­тай болгох хувилбарыг сонгох шаардлага байгаа. Амьдрал баян шүү дээ. Төсөв бол бодитой, бүтээлч, дайчлагч чанар­тай байх ёстой юм.

Төсвийг бодлого бол­гон  боловсруулна, шүүн хэлэлцэж батлана, зохион байгуулж хэрэгжүүлнэ гэдэг бол нийгмийн баял­гаас ахиухан хуваари­луу­лан авахын төлөөх улс төржсөн тэмцэлдээн,  ду­раараа зарцуулах хяналт­гүй эрх мэдэл, албан тушаалтны эдлэх хангамж огт биш шүү. Хуулиар  тодорхойлогдсон хязгаар­лагд­мал нөөц хөрөнгөөр тулгамдсан асуудал, хөг­жил дэвшлийн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэг даалгавар, ард түм­ний өмнө хүлээх хариуц­лага юм.

Улсын төсвийн хэрэг­жилт бол бүх нийтийн үйл хэрэг байх учиртай. Татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн төсвийг хуулиар эрх олгогд­сон төсвийн эрх захираг­чид ард түм­ний хянал­тын дор захиран зарцуулж, тайлаг­наж үр дүнг нь хариуцах болно. Төсвийн эрх захирагчид гэдэг нь бүх шатны төрийн болон төсөвт байгуулла­гуу­дын дарга нар байдаг учраас ирэх оны төсвөөр төсвийн эрх захирагч нарт шинэ үүрэг зорилт, хариуцлага ногдож байна. Дашрамд хэлэхэд, шинэчлэлийн төс­вийн хувь заяаг шийд­вэр­лэх  хариуцлагатай үүрэг хү­лээ­сэн төсвийн эрх захи­рагчиддаа амжилт хүсье. Сангийн яамныхан бид бүх шатны төсвийн эрх захи­раг­чид та бүхэндээ итгэж байна, бүх талаар тусалж дэмжиж ажиллах болно.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *