Ч.Улаан: Хавхнаас суллах гол арга нь өрийн хязгаарыг нэмэх

1-р сарын 20, 2015 9:26 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 539
УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх төслийн хэлэлцүүлгээс өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан. Энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд зарим улстөрч, эдийн засагч өрийн таазыг нэмж, эдийн засгаа тэлэх зайлшгүй шаардлага гарсан хэмээн тайлбарлаж байгаа. Энэ нь хэр оновчтой шийдэл болох талаар УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Таныг Сангийн сайд байхад өрийн хэмжээ ямар байсан талаар эргээд тодруулахгүй юу. Зарим гишүүн энэ оны төсвийг баталж байхад хуульд заасан хэмжээнээс даваагүй гэж таныг хэлж байсан гэх юм. Энэ талаар тодруулна уу?

-Миний бие хуулийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 30-нд УИХ-д 2015 оны төсвийн тухай хуулийг өргөн барьсан. Тэр төсөлд хэд хэдэн тоо, үндэслэл бий. Тодруулбал, Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 48 хувьтай тэнцүү. Энэ 48 хувьтай тэнцүү байгаа өрийн хязгаарыг 2015 онд 70 хувь болгож өсгөх хэрэгтэй гэсэн саналыг өргөн барьсан. Харин би өнгөрсөн аравдугаар сарын 16-нд Сангийн сайдын ажлаа өгсөн. Түүнээс хойш УИХ-аар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдгүй хэлэлцсэн гэсэн үг. Ингээд анхны хэлэлцүүлэг дээр 2015 оны төсвийг боловсруулсан төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ хүлээж аваагүй. Дэмжээгүй, унагаасан юм. Ингэж унагаачихаад УИХ-аас Засгийн газарт өрийн хязгаарыг 40 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хуульд заасан 40 хувийнхаа хэмжээг хязгаарла гэсэн. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг долоон хувь гэж тооцсон нь буруу байна. Харин 12 хувь гэж төлөвлөсөн хэмжээгээр тооцож төсвийнхөө төслийг өргөн барь гэж Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ дагуу УИХ-д арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийнх нь дагуу тооцоо хийж, танилцуулсан юм. Хоёр дахь төслөө өргөн барьсан. Тэнд УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ДНБ-ий 40 хувьтай тэнцүү өртэй  байна гэсэн тооцоо, үндэслэл орсон. Тиймээс намайг УИХ дээр ДНБ-ий 40 хувьтай байсан гэж ярьсан гэж байгаа нь УИХ-ын гишүүд өөрсдөө чиглэл өгч боловсруулуулсан асуудлаа мартсан байгаагийнх. Нөгөө талаас эдийн засгийн үзүүлэлтүүдийг хооронд нь уялдаа, зохицуулалттай, баланстай боловсруулдаг. Ийм зарчмаас гажуудаж, өөрсдийн санаанд тааруулан чиглэл өгчихөөд эргээд түүнийгээ эзэнтэй болгох гэж хэн нэгэнд нааж байгаа нь явуургүй, бусармаг үйлдэл гэж хэлмээр байна.

-Сайд байхдаа таны өргөн барьсан энэ оны төсвийг хэр өөрчилсөн бэ?

-Шинэ Сангийн сайд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр томилогдсон. Өөрөөр хэлбэл, дунд нь хоёр сар Сангийн сайдгүй төсвийн төслийг хэлэлцэж баталсан. Анх орж ирсэн бодлогыг нэлээд өөрчилсөн. Үзүүлэлтүүдийг нь хооронд нь уялдаа, зохицуулалтгүй байдалд хүргэсэн. Тэгэхээр энэ асуудлыг хэн нэгэн хүнтэй холбож ярих биш УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь өгсөн чиглэлийн дагуу тооцоо хийгээд ийм үзүүлэлтүүд гарсан байх.

-Өнөөгийн өрийн хязгаарыг эдийн засагчид янз бүрээр тайлбарлаж байгаа. УИХ-аас таван тэрбум ам.долларын бонд гаргах үүргийг Засгийн газарт өгсөн. Үүний зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулаагүй 40 хувьтай явсан нь хоорондоо зөрчилдөж байгаа гэж шүүмжилж буй. Үүнд та ямар байр суурьтай байгаа бол?

-Үүнийг ойлгоход нэг их том эдийн засгийн онол хэрэггүй. Асуудалд жаахан бүтээлч хандах л хэрэгтэй байгаа юм. Анх УИХ Засгийн газарт чиглэл өгөхдөө эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийгээрэй, гаднаас хөрөнгө оруулалтын эх үүсвэр татаарай гэж таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын эх үүсвэр олгох чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар ажиллаад, 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэр босгоод ажлаа эхэлсэн. Гэтэл нэг жилийн дараа энэ үйл ажиллагаа зогссон. Яагаад зогссон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ер нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаа. Тухайлбал, ДНБ-ий алдагдал хоёр хувиас хэтрэхгүй байх, төсвийн алдагдал ДНБ-д эзлэх жин, улсын өрийн хязгаар 40 хувь байх хязгаараар шахаж байгаад энэ хөрөнгө оруулалтыг зогсоосон. Тиймээс үүнд жаахан бүтээлч хандах хэрэгтэй гэж би хэлж байгаа. Ер нь ДНБ-ий 40 хувийн үзүүлэлт анх батлагдахдаа ямар үндэслэлээр гарч ирж батлагдсан юм. Өнөөгийн манай эдийн засгийн хямралтай, эдийн засагт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа энэ үзүүлэлт шаардлагад нийцэж байна уу, үгүй юу гэдгийг үзэж, тооцох хэрэгтэй.

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байхад өрийн хязгаар яг хэд байсан юм бэ?

-Би 2013 онд Сангийн сайд байхдаа ДНБ-д эзлэх улсын нийт өрийн хязгаарыг хуулийн хэмжээнд нь барьсан шүү. Хуулийн хэмжээ хэд байсан гэхээр ДНБ-ий 50 хувиас хэтрэхгүй байх ёстой байсан. Тэр 50 хувьд нь барьсан. Өнгөрсөн оны хувьд үүнийг 40 хувь болгож бууруулах ёстой байсан. Харин үүнийг би бууруулж чадаагүй. Яагаад бууруулж чадаагүй вэ гэхээр автоматаар эдийн засагт орох хөрөнгө оруулалтыг 10 хувиар танаарай гэсэн үг биз дээ. Эдийн засгаа агшаагаарай гэсэн үг. Тиймээс ийм боломж байхгүй гэдгийг тухайн үед хэлж байсан. Хөгжлийнхөө хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзээд хуулиа эргэж харах ёстой гэдэг санааг удаа дараа хэлж байсан. Үүнийг та бүхэн хурлын протокол, хэвлэл мэдээллийнхээ хуудаснаас эргээд хараарай.

-ДНБ-д эзэлж байгаа өрийн хэмжээг бууруулахад ямар зүйл нөлөөлөх ёстой вэ. Өмнө нь Сангийн яамыг толгойлж байсан хүний хувьд энэ асуудал дээр хамгийн их туршлагатай хандах байх?

-Үүнд зөвхөн ханш нөлөөлдөг юм биш.Хамгийн гол нь ДНБ-ий өсөлт нөлөөлдөг. Эдийн засгаа өсгөж чадвал энэ харьцаа аяндаа буурна. Оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ багасаагүй байхад энэ өрийн хэмжээ өөрөө буурна гэсэн үг. 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орууллаа ч гэсэн түүнээс авч байгаа өгөөж нь түргэн хурдацтай өсч байвал 50 хувь байсан өрийн хязгаар 40 рүү буугаад ирнэ. Гэтэл эдийн засагт өсөлт гарахгүй байна. Өсөлт гарахгүй байхад өрийн хязгаарыг буулга гэвэл эдийн засгаа өшөө агшаах байдал руу очих болно. Тиймээс энэ асуудлын тухайд нэг их том эдийн засгийн онол бодоод байх хэрэггүй. Бага зэрэг бүтээлч байж бодох л хэрэгтэй. Харин өөрсдөө ямар ч уялдаагүй, янз бүрийн чиглэл өгч буруу тоо гаргуулна. Түүнийгээ хэн нэгэн хүн ярьсан болж харуулах гэж байгаа бол үнэхээр явуургүй асуудал.

-УИХ-ын гишүүд болон Сангийн сайд өрийн хязгаар 58.3 хувьд хүрсэн, хүрээгүй гэх мэтээр өөр, өөр мэдээлэлтэй байх юм. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Оны эцэст 58.3 хувь болно гэж өнөөдөр ярьж байна. Оны эцэст 58.3 хувь болно гэж онож хэллээ. Эсвэл огт оносонгүй гэж хэлэх боломжгүй. Учир нь амьдрал өдөр тутам өөрчлөгдөж байна. Ер нь өнөөдрийн хуулийн шаардлагаар бол хуулийн хүрээнд байж болохгүй гэдэг нь ойлгомжтой байна. Тэгэхээр өрийн хязгаарыг 60 хувь болгоно. Эсвэл түүнийг нь 58 хувь  болгоод байгаа мэтээр харж байгаа. Энэ бол яриа төдий юм. Үүний үнэн мөнийг шүүх гээд байх шаардлага байхгүй гэж бодож байна. Энд нэг л үнэн байгаа. Яагаад гэвэл хуулийн хязгаараасаа энэ давах нь. Өөрөөр хэлбэл, хуулийн тэр хязгаарт багтах боломж байхгүй байна. Амьдрал дээр бодитой нөлөөлөл байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс өнөөдөр оны эцэст 58 хувь болно гэж Сангийн сайд санал хэлж байна. Магадгүй тийм болох байх. Учир нь эдийн засгийн өсөлт удаашраад, гаднаас орж ирдэг орлого хомсдож байна. Дээрээс нь бид зарлагаа зайлшгүй санхүүжүүлэхийн тулд дотоод эх үүсвэрээс эх үүсвэр татах шаардлага гарна. Хамгийн наад зах нь Хүний хөгжил сангийнхаа өр авлагыг барагдуулах болно. Ингэхэд өрийн хязгаар өснө. Үүнд та бүхэн нэг зүйл анхаараарай. Яагаад өрийн хязгаар 60 хувь байж байгаад 40 хувь болж буусан юм бэ. Тэгэхээр 60 хувь байх үед эдийн засагт хөрөнгө оруулалт хийгээд эдийн засгийн өсөлт тогтворжино гэж үзээд тэгсэн тохиолдолд өрийн хязгаар буурна гэсэн тооцооллоор Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан.

-Харамсалтай нь өнөөдөр манай эдийн засгийн өсөлт гарахгүй байна шүү дээ?

-Үнэхээр эдийн засгийн өсөлт гарахгүй байна. Өмнөх оноосоо буурч байна. Мөн хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага байгаа. Тэгэхээр хууль гарч байх үеийн бодлого тодорхойлж байсан нөхцөл байдал, өнөөгийн бодит байдал хоёр эсрэг тэсрэг болсон учраас механикаар 40 хувь гэж асуудалд хандаж, улс төр хийх нь эдийн засгийг хорлож байгаа хэрэг. Эдийн засгийг агшааж, борцолж байна. Цаашид эдийн засгийг өсгөх үндэсгүй болгож байна.

-Тэгэхээр бодит байдалд нийцүүлэх нь зөв гэж үзэж байна уу?

-Өөр арга байхгүй.

-Өрийн хязгаарыг нэмснээр хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа хэрэг үү?

-Өрийнхөө хязгаарыг нэмэхгүйгээр хөрөнгө оруулалт татаж чадахгүй. Ингээд л өөрөө өөртөө тавьсан хавх байгаа биз дээ. Хавхнаасаа л суллах хэрэгтэй. Хавхнаас суллах гол арга нь өрийнхөө таазыг нэмэх. Хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байгаа. Хөрөнгө оруулалтаа татахын тулд өрийн хязгаар автоматаар хязгаарлачихаад байна. Үүнийгээ өөрчлөөд, хөрөнгө оруулалтаа тат. Товчхондоо хөрөнгө оруулалт татах нь зөв. Гэхдээ хөрөнгө оруулалтаа үр дүнтэй ашигла. Үр дүнтэй сайн гэрээ хий. Оюутолгой шиг гэрээ хийгээд битгий тавиад туучих. Үүнийгээ үр дүнтэй хөрөнгө оруулалт болгож байж л үр өгөөжийг нь хүртэнэ. Тэгэхгүйгээр бүгдийг 40, 40 хувь байна гэчихээр мега төсөл ч хэрэгжихгүй, юу ч явахгүй. Бодоод үз. 40 хувь гээд улс төр хийгээд байгаагийн цаана тийм л юм байгаа. Та нар гурван литрийн хувинд таван литр ус хийх гээд үз дээ. Яагаад ч багтахгүй. Асгалаа гэхэд Засгийн газрын толгой руу балбаад байвал ямар вэ. Ийм л зүйл яриад байгаа юм даа.

-Өрийн хязгаарыг дараа дараагийн жилүүдэд тав, таван хувиар бууруулна гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байгаа. Гэтэл 2017 онд “Чингис” бондын өрийг төлөх хугацаа болно. Энэ бүхэн давхцахгүй юу?

-“Чингис”бондын төлбөр улсын өрийн тооцоонд орчихсон явж байгаа. Тиймээс энэ бүгдийг бодоод бууруулах үндэстэй гэж тооцоо орж ирж байгаа бол яаж гэдгийг нь хянах хэрэгтэй. Тодруулбал, ямар арга замаар гэдгийг нь гэсэн үг. Ер нь бид ярьсаар байгаад хугацаа алдчихлаа. Хэрэв 2012 онд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан шигээ 2013, 2014 онд үргэлжлээд таван тэрбум хүртэлх хөрөнгө оруулалтаа оруулаад, эдийн засгийнхаа бодит салбарыг дэмжсэн  бол өнөөдөр түрүүчээсээ үр дүнгээ өгөх байсан. Ингээд 2017 онд тэр үр дүнгээрээ төлбөрөө хийх боломж бүрдэх байсан. Гэтэл ярьсаар байгаад эдийн засагтаа ч хөрөнгө оруулалт хийсэнгүй, бодит салбартаа ч өсөлт бий болгож чадсангүй. Өнөөдөр гагцхүү өрөө яах вэ гэдэг асуудал ярьсан ийм байдалтай боллоо.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *