Ч.Содномцэрэн: Долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна

11-р сарын 27, 2012 10:29 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 367

М.ЦЭЦЭГ

 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодруулав.

 

-Аймаг, сум, дүүргийн сонгуулийн албан ёсны дүн хэзээ гарах вэ?

-Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо санал хураалт дууссанаас хойш тав хоногийн дотор дүнгээ нэгтгэж хуралдаанаар хэлэлцээд тухайн аймаг, сум, дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлнэ гэсэн хуультай. Сум нь тухайн сумынхаа ИТХ-д, дүүр­гийн сонгуулийн хороо тухайн дүүргийнхээ ИТХ-д дүнгээ өргөн мэдүүлнэ. Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох түр үнэмлэхийг тухайн сум, аймаг, дүүрэгтээ олгоно. Дүнгээ өргөн мэдүүлс­нийхээ дараа ИТХ нь тухайн тө­лөөлөгчдийн бү­рэн эрхийг хүлээн зөв­шөөрсөн шийд­вэр гар­гана. Үүний дараа долоо хоногийн дотор Сонгуу­лийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ.

-Улсын хэмжээнд ирц хүрээгүй хэдэн хэсгийн хороо байна вэ?

-Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хорооноос мэдээ ирүүлж байна. Бүх аймгийн сонгуулийн санал хураалтын ирц хүрсэн. Дүүргүүд дээр ирц хүрээгүй хэсэг байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Гэхдээ эцсийн дүн гараагүй байна.

-Ирц хүрээгүй хэсэгт дахин санал хураалтыг хэзээ зарлах вэ?

-Дахин санал хураалт явуулах эсэх тухай шийдвэрийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо гаргана. Аль хэсэгт дахин санал хураалт явуулах вэ гэдэг шийдвэр гаргаснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалтыг явуулах хуулийн хугацаатай.

-Зөвхөн нийслэлд ирц хүрээгүй юу эсвэл аймагт ирц хүрээгүй хэсэг байгаа юу?

-Аймгуудад нэгээс зургаан хэсэг дээр дахин санал хураалт явуулах тухай мэдээ ирсэн.

-Ирц хүрээгүйтэй холбоотой гадаадад амьдардаг монголчуудын саналыг авна гэсэн мэдээ байна. Энэ үнэн үү?

-Хэвлэлээр ийм мэдээлэл гарсан нь үнэний ортой гэж үзэж байгаа. Тухайн орон нутагт 180 ба түүнээс дээш хоногийн хугацаатай амьдарч байгаа иргэнийг сонгогч гэнэ. Тухайн орон нутагт байгаагүй иргэнийг сонгогч гэж үзэхгүй. 180-аас дээш хоног тухайн нутагт амьдарч байж сонгогчоор бүртгүүлнэ.

-Дахин санал хураалт болох хэсэгт саналын хуудсыг дахин хэвлэх үү?

-Дахин санал хураал­тын саналын хуудсыг хэв­лэнэ. Саналын хуудасны тоог  багцаагаар гаргана.

-Нэг саналын хуудас хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Хэвлэх үйлдвэр мэд­нэ.

-Увс аймгаас сонгогд­сон хоёр гишүүнийг эгүүлэн татах тухай мэдээлэл бий. Энэ тухай танайд ямар мэдээлэл байна вэ?

-Увс аймгийн нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл Сонгуулийн ерөнхий хороонд ирээгүй байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *