Ч.Пүрэвсүрэн: Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр батлуулахаар ажиллаж байна

10-р сарын 21, 2015 10:40 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 89
10-21-5

Х.МОНГОЛХАТАН

Сар бүрийн гурав дахь долоо хоногийн мягмар гаригийн 14.00 цагийг Гадаад хэргийн сайд Ч.ПүрэвсүрэнМэдээллийн цагболгосон. Өчигдөр мэдээллийн цагаараа Гадаад хэргийн сайд Ч.Пүрэвсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

АСЕМийн уулзалтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ. Зарцуулах мөнгө нь янз бүрээр яригдаад байна?

АСЕМийн албан ёсны тэргүүлэх үүргээ арваннэгдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Люксембургт болох сайд нарын хурал дээр албан ёсоор гардаж авна. Төсөвт АСЕМийн бэлтгэл ажилд хэрэгтэй мөнгийг хэрхэн тусгах талаар ярилцаж байна. Энэ жил бид таван тэрбум төгрөг төсөвлөсөн боловч бүрэн олж авч чадаагүй байна. АСЕМийн ажлын албанд 20 гаруй хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийг цалинжуулах, байрны түрээс, орчуулагчдыг бэлтгэх ажилд тодорхой хэмжээний зардал гарч байна. Уг нь энэ мөнгөнөөсөө хуягласан машинуудын урьдчилгааг өгч баталгаажуулах ёстой байсан ч төсөв хаасан учраас захиалгаа өгч чадсангүй.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээр хоёр улсын Ерөнхий сайдын хооронд явагдах уу, Ерөн­хийлөгчтэй уулзах уу?

Японы Ерөнхий сайд Ш.Абэтай манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью Йорк хотод уулзах үеэрээ эх орондоо урьсан юм. Тиймээс Ерөнхийлөгчтэй уулзана. Хоёр жилийн өмнө манай Ерөнхийлөгч Японд Ш.Абэгийн гэрээр ороод гарсан, дотно харилцаатай хүмүүс. Мөн Ш.Абэ энэ айлчлалаараа манай Ерөнхий сайдтай уулзаж өргөтгөсөн хэлэлцээр хийхээр товлосон байгаа. Энэ айлчлалын үр дүнгийн талаар ГХЯны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 22-ны орой юм уу, 23-нд тусгайлан мэдээлэл хийнэ.

Яамны ирэх оны төсөв болон гадаадын хөрөнгө оруулалт ямар байгаа вэ?

Манай яамны ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Гадаад хэргийн яаманд хөрөнгө оруулалт гэсэн зүйл байдаггүй. Бид гадаадад 40 орчим дипломат төлөөлөгчийн газартай. Тэнд ажиллаж байгаа ажилчдын цалин, байр орон сууцны төлбөр, төвд байрлах 130 орчим дипломатын цалин хөлс, гадаад үйл ажиллагаа явуулах урсгал зардал гэсэн товчхон зардалтай байдаг.

Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах тал дээр ямар бодлого барьж байна вэ?

УИХаас үүрэг болгосны дагуу Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр батлуулахаар бид ажиллаж байна. Гадаад сурталчилгаа, гадаад бодлогыг эдийн засагжуулах хоёр хөтөлбөр дээр ажиллаж байна. Хэд хэдэн цуврал ярилцлага зохион байгуулсан. Энэ долоо хоногийн эхэнд сайдын зөвлөлөөр төслөө хэлэлцээд Засгийн газарт өргөн барьж, УИХаар энэ ондоо багтаан хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Гадаад бодлогыг эдийн засагжуулах тухайд олон жил, олон янзаар ярьж байгаа ч энэ удаад шинэ зүйл нэлээд бий.

Тухайлбал?

Эдийн засгийн тогтолцооны асуудал байна. Одоогийн байдлаар манай эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас бүтцийн өөрчлөлт шаардлагатай байна. Бүтэц дотроо түүхий эдийн экспортод суурилсан эдийн засгаас илүү эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага тавьж байна. Түүний нэг нь экспортод чиглэсэн эдийн засаг юм. Яагаад гэвэл манай дотоодын зах зээл хязгаарлагдмал учраас томоохон хэмжээний үйлдвэрлэл экспортод чиглэсэн байх ёстой. Төр нь экспорт руу чиглэсэн хувийн компаниудынхаа замыг засдаг тогтолцоо байх ёстой. Экспортын даатгалын компанийг төрийн оролцоотой байгуулсан. Мөн экспорт руу чиглэсэн бүтээгдэхүүнийг санхүү­жүүлдэг санхүүжилтын систем, тогтолцоо байх шаардлагатай. Эдийн засагжуулах хөтөлбөрт эдгээр зүйлсийг үе шаттайгаар тогтолцоо болгон нэвтрүүлэх зорилго тавьж манай яам ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБын Ерөнхий асамблей дээрМонгол Улс төвийг сахих бодлого хэрэгжүүлнэгэж зарласан. Энэ бодлого хоёр хөршийн бодлоготой зөрчилдөх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан төвийг сахих бодлогоо НҮБын чуулганы үеэр олон улсад зарласан. Бид 1990 онд ардчилал шинэчлэлийн замаар ороод 1992 онд шинэ Үндсэн хуультай болсон. 1993-1994 онуудад гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа баталсан. Шинэ Үндсэн хуульд ч Монгол Улс олон тулгууртай, нээлттэй, энхтайванч гадаад бодлого явуулна гэж зарласан байдаг. Монгол Улс цэргийн эвсэлд нэгдэхгүй, нутаг дэвсгэрээ аливаа улсын эсрэг цэргийн үйл ажиллагаанд ашиглуулахгүй гэсэн зорилтыг маш тодорхой бичсэн байдаг.

Тэгэхээр манай улсын 1990 оноос хойш явсан бодлогод төвийг сахих бодлого явж байсан гэсэн үг. Нэг ёсондоо бид ажил хэргээрээ төвийг сахин бодлогоо явуулж иржээ. Харин одоо бол хуульчилж зарлаж байгаа хэрэг юм. Тиймээс төвийг сахих бодлого баримталснаар Монгол Улсын гадаад бодлого тэр дундаа хоёр хөрштэй тогтоосон гадаад бодлогод ямар нэг өөрчлөлт гарахгүй. Мөн гуравдагч хөрш орнуудтай харилцах харилцаанд ч өөрчлөлт орохгүй.

Хоёр хөршийн дунд Монгол Улсын төвийг сахих бодлого маань 1990 оноос өмнө ч байсан, одоо ч байна, цаашид ч үргэлжлэх юм.

Удахгүй НҮБын Аюулгүй зөвлөлийн шинэчлэл болох гэж байна. Монголын Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

-70 жилийн ойн чуулганы үеэр НҮБын шинэчлэлийн асуудал хамгийн анхаарал татаж байсан. Аюулгүйн зөвлөл одоогийн байдлаар 15 гишүүнтэй байдаг. ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Франц гэсэн онцгой эрхтэй таван байнгын гишүүнтэй. Бусад 10 нь байнгын бус гишүүн буюу хоёр жил тутамд солигдож байдаг. НҮБыг системийн хувьд улам идэвхтэй ажиллах шинэчлэл шаардлагатай гэдэгтэй бүгд санал нийлдэг. Тэр дундаа НҮБын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх нь энэ асуудлын гол цөм юм. Тиймээс бүс нутгийн төлөөллийг тэнцүү оруулах ёстой. Үүнд Африк, Өмнөд Америк. Мөн Ази, Латин Америкийн хөгжиж буй орнуудын төлөөллийг оруулах ёстой талаар Монгол Улс ч байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудал шийдэгдэхгүй олон жил ярьж байна. Байнгын таван орон хүсэхгүй бол шийдэгдэхгүй. Тиймээс энэ таван орноос НҮБын шинэчлэлийн асуудал хамаарна. Цаашид олон талт шугамаар маш идэвхтэй яриа хэлэлцээр явж байна. Монгол Улсын зүгээс энэ яриа хэлэлцээр үр дүнтэй байж ойрын хугацаанд НҮБын шинэчлэл урагшаа яваасай гэсэн байдлаар бүх улстай хамтран ажиллахад бэлэн байгаа. Ази, Латин Америк, Африкийн хөгжиж байгаа орнуудыг нэгтгсэн 77-ийн бүлэгт манай улс орж, байр сууриа илэрхийлж явдаг.

Монгол улс, АНУ, Япон улс гурван талт уулзалт хийсэн. Энэ уулзалтын хүрээнд ямар асуудал яригдсан бэ. Цаашид эдгээр улстай харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

Гурван талт уулзалтын талаар тухайн үед нь хэвлэлээр тодорхой мэдээлэл өгч байсан. АНУтай өнгөрсөн есдүгээр сарын 8-ны өдөр гадаад бодлогын зөвлөлдөх уулзалтаа Улаанбаатар хотноо хийсэн. Японтой ийм хэмжээний уулзалтыг хоёр талдаа хийдэг. Маргааш болох Японы Ерөнхий сайдын айлчлал ч бидний идэвхтэй харилцааны илрэл. Ялангуяа бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар гурван тал зэрэг сууж ярилцдаг. Ялангуяа Монгол Улсыг эдийн засгийн интеграчлалд оруулах ёстой. Учир нь бид Орос, Хятадын дунд үлдчихээд байдаг. Бид анхны чөлөөт худалдааны хэлэлцээрээ Японтой байгуулаад байна. Бусдаар эдийн засгийн том эвсэл бүлэглэлд ороогүй үлдсэн. АПЕКт орох хүсэлтээ тавьсан байдаг. Бүс нутгийн эдийн засийг хамтын ажиллагаа аюулгүй байдлын бүтэц тогтолцоонд Монгол Улс яаж орох ёстой талаар гурван талт зөвлөлдөх уулзалтаар нэлээд ярьсан. Мөн Япон Америкийн зүгээс Монголд явуулж байгаа бодлого ижил байр суурьтай байна. Гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтын асуудлаа ч зөвлөлдөж байна. Манайд бодлогын тогтвортой байдал алдагдсан гэсэн шүүмжлэлийг хөрөнгө оруулагчид  хэлж байгаа. Гадны хөрөнгө оруулагчид татвар нь өндөр байх нь хамаагүй. Хамгийн гол нь төр, засгаас гаргасан шийдвэр нь хэдий хугацаанд тогтвортой байж чадах вэ. Тогтвортой бодлогын залгамж чанараа хадгалж явах талаар ямар ажил хийж байна вэ. Монгол Улсын эдийн засгийг нэг салбар түшсэн байдлаас гаргахын тулд төрөлжүүлэх тал дээр ямар бодлого барьж байна вэ, Япон, Америкийн зүгээс ямар дэмжлэг тусламж хэрэгтэй байна вэ гэсэн асуудлаар ярьж байна.

Манай улс одоогийн байдлаар хэдэн улстай визгүй болон визийн хөнгөлөлттэй зорчиж  байна вэ. Цаашид ямар боломж байна?

Одоогийн байдлаар Монгол Улсын энгийн паспорттой иргэд 17 улсад, дипломат албан паспорттой иргэд 46 улсад визгүй зорчиж байна. Цаашид дөрвөн улстай дипломат паспорттой, хоёр улстай энгийн паспорттой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Allegra Doxycycline Keflex Nexium Together Safest And Cheapest Sildenafil Uk cialis Buy Zoloft Cheap No Rx Moteur A Baclofen Viagra 25mg Preis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *