Ч.Пүрэв: Хоёр шаттай төсөл маань экспортод гарах боломжтой

11-р сарын 21, 2018 7:30 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 16
11-21-2

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийнБизнес, хөгжилбуландааМСРТкомпанийн ерөнхий менежер Ч.Пүрэвийг урилаа.

Сүүлийн жилүүдэд бизнес тэр дундаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төрөөс янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь үйлдвэрлэгчдийн хувьд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Ер нь манай улсад бизнес эрхлэхэд олон бэрхшээл бий. Тухайлбал, гарааны бизнес эрхлэхийн тулд үйлдвэрийн зөвшөөрөл, газрын зөвшөөрөл гэх мэт маш олон шат дамжлага бий. Энэ нь цаг хугацаа алдах эрсдэлд хүргэдэг юм. Түүнээс гадна аль ч салбарт ялгаагүй бизнесийн зээлийн хүү хэт өндөр байгаа нь бойжих боломжийг боомилж байна.

Нөгөөтэйгүүр, зориулалтын зээл нь зорилтот бүлэгтээ очихгүй болохоор Монгол Улсад бизнес эрхэлнэ, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг сэрүүн зүүд болоод байгаа хэрэг. Манай компанийн хувьд бизнесээ эрхлэхдээ арилжааны банкнаас бага багаар зээл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв бидэнд урт хугацаатай, хүү багатай зориулалтын зээл нь олддог бол үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тогтворжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх хэтийн зорилтдоо хүрэх боломж бий.

Танай компани шорлогны нүүрс үйлдвэрлэдэг гэж байсан. Одоогоор ямар хүчин чадлаар ажилладаг вэ. Бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх боломжийн талаар?

-Аливаа бараа бүтээгдэхүүнийг борлуулахад нэн тэргүүнд өртөг нөлөөлнө.  Бидэнд хямд өртөгөөр сайн чанарын шорлогны нүүрс үйлдвэрлэнэ гэвэл санхүүжилтийн асуудал тулгамдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэснээр ажлын байрыг нэмэх, бүтээгдэхүүнийхээ өртөгийг бууруулж болно. Цаашилбал, дотоодын зах зээлийнхээ эрэлтийг хангаж, гадаад зах зээл дээр өртөгөөрөө өрсөлдөх чадвартай болох юм. Одоогоор манай үйлдвэр бололцоогоо дайчлан ажиллаж байгаа ч цаашид өргөжүүлэх боломжоо алдмааргүй байгаа юм. Үүний тулд дээр хэлсэнчлэн санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж нь хэр байна?

-Бид бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой хэдий ч захиалгыг нь дийлэхгүй байх эрсдэл бий. Манай үйлдвэрээс бүтээгдэхүүнээ экспортлохоор гадаад зах зээлийг судалж хамтарч ажиллах түншүүдтэйгээ хэд, хэдэн удаа уулзсан. Тэдний зүгээс манай шор­логны нүүрсний түүхий эд болоод бүтээгдэхүүн нь эко учраас авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэвч бидэнд тухайн байгууллагын захиалгыг хангахуйц хэмжээнд үйлдвэрлэхэд хүчин чадал хүрэлцэхгүй гэдгийг аль хэдийнэ судлаад мэдсэн байдаг. Хэдийгээр таагүй ч бодит үнэн.

Бизнесийнхэнд тулгамдаж байгаа асуудал нь хөрөнгө санхүүгийн асуудал. Гэхдээ төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор сан байгуулж түүгээр дамжуулан санхүүжилт олгох зорилготой. Гэвч энэ нь бодит байдалд үр дүнгүй болсон талаар мэдээлэл гарч олны дургүйцлийг хүргэж байна. Энэ талаар?

-Манай компанийн хувьд шорлогны нүүрс үйлдвэрлэх төсөл анхан шатных. Хоёр дахь нь идэвхжүүлсэн нүүрс үйлдвэрлэх төсөл бий. Нэг төрлийн түүхий эд ашигладаг учраас хоёр үе шаттай төслийг сонгосон. Гурван жилийн өмнө шорлогны нүүрсний импортыг халах зорилгоор эхлүүлсэн. Ингэснээр гадагш урсах валютын урсгалыг зогсоохын зэрэгцээ ажлын байрыг нэмэгдүүлэх. Бид энэ зорилгодоо хүрсэн гэж болно. Одоогоор зах зээлийнхээ 60 хувийг эзэлсэн шорлогны нүүрсийг үйлдвэрлэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл зорилтот бүлэгтээ очихгүй байгаа нь олон нийтийн сүлжээгээр ил боллоо шүү дээ. Хэрэв энэ сангийн зээл жижиг, дунд үйлдвэрлэгчдэд очсон бол эдийн засгийн хувьд нэлээд үр дүнгээ өгөх байсан. Учир нь зээлийн хүү гурван хувь, эхний хоёр жил эргэн төлөлтөөс чөлөөлөгддөг. Ер нь бизнес эрхлэхэд эхний гурван жил маш хүнд байдаг. Яагаад гэвэл, зах зээлээ тодорхойлох, бүтээгдэхүүнээ олонд таниулах, хэрэглэгчээ тодорхойлж мэдэх боломж. Мөн санхүүгийн баримжаагаа олох хугацаа. Тэгэхээр эхний гурван жил тогтвортой ажиллавал цаашид тухайн бизнес хөгжих бүрэн боломжтой гэж үздэг юм. Харамсалтай нь энэ дэмжлэгийг үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд хүртээлгүй байгаа нь манай улсын эдийн засаг болоод үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна. Үнэн хэрэгтээ дотоодын үйлдвэрлэл хөгжих нь гадагшаа урсах мөнгөн урсгалыг багасгах цаашилбал зогсоох хөшүүрэг байх учиртай. Нөгөөтэйгүүр дотооддоо өрсөлдөх чадвартай болсноор гадаад зах зээлд гарах эхний алхам. Гэтэл санхүүгийн эх үүсвэрийн тулгамдсан асуудал нь тухайн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сулруулах нэг хүчин зүйл болж байгаатай эвлэрэх хэрэгтэй. Бид эргэлтийн хөрөнгийнхөө асуудлыг шийдвэрлэж чадахгүй учраас үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ өртөгийг бууруулах тухай ярих ч хэрэггүй.

Бизнесийнхэн бас үйлдвэрлэгчид тулгамдаж байгаа асуудлынхаа талаар нэлээдгүй ярьдаг. Тэгвэл нийтлэг тохиолдож байгаа бэрхшээлээс хэрхэн гарч болох вэ. Тухайлбал, санхүүжилт, хүний нөөц гээд?

-Жишээлбэл, Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн асуудлаас харвал хяналтын асуудал дутагдалтай байна гэж болно. Тухайн сангаас гарч байгаа зээл ил, тод, нээлттэй байгаа эсэхээс эхлээд ямар хэмжээтэй санхүүжилтийг аль үйлдвэрт өгсөн. Тэр үйлдвэрийн үйл ажиллагаа хэрхэн явж байгаа. Зээлээ зориулалтын дагуу зарцуулсан уу. Төсөлд тусгагдсан асуудлаа шийдвэрлэсэн үү гэх зэрэг асуудлыг нь нягтал шалгаж, хянадаг байх нь зүйтэй. Гэхдээ хяналт шалгалт гэдэг дарамт, шахалтыг хэлэхгүй гэдгийг ч анхаарах учиртай. Түүнээс гадна судалгааны багийг маш сайн ажиллуулах ёстой. Магадгүй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэхээр янз бүрийн төсөл бичээд санхүүжилт авчихдаг цүнхэнд л явж байдаг компаниудын тухай хүмүүс ярьж байна. Гашуун боловч үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл нь жигд явж байгаа, экспортод бараагаа гаргах боломжтой эсэхийг нь ялгаж ямар хэмжээний санхүүжилт олговол бодит дэмжлэг болох вэ гэдгээ судалгааны баг маш сайн ажиллаж ялгах ёстой. Ер нь манай улс жижиг, дунд, бичил зээлийн сангаа тусад нь байлгах хэрэгтэй гэж хардаг. Жижиг, дунд үйлдвэрлэгчид бол тодорхой хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн байдаг. Харин бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд гарааны бизнестэй ялгаагүй нөхцлөөс эхэлж байгаа учраас зээл олгох шалгуур үзүүлэлт, үнэлэлт өгөх дүгнэлт зэрэг нь жижиг, дунд болоод томчуудаас ялгавартай байх хэрэгтэй. Энэ удаагийн ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудал хяналтгүйгээс улбаатай гэж боддог. Том, жижиг гэдгийг зөв ангилаагүйгээс хэт томруулж энэ нь хянах боломжийг боомилсон гэж болно. Жишээлбэл, ангилсны давуу тал нь тухайн үйлдвэр аль нэгжид багтах вэ гэдгээ тодорхойлоход хялбар болно. Мөн тус үйлдвэрт санхүүжилт олгосноор ямар төвшинд хүрэх вэ гэдгээ харах боломж бүрдэнэ шүү дээ.

Нүүрсний хэрэглээг хумих бодлогыг дэлхий даяар явуулж байгаа энэ үед шорлогны болоод идэвхжүүлсэн нүүрсний төсөл хэр оновчтой вэ?

-Зүүн азийн орнуудад шорлогны нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа. Мэдээж урд хөршөөс эхлээд бусад улс оронд шорлогны нүүрс үйлдвэрлэж байгаа ч манай компанийнх илүү эко бүтээгдэхүүн гэдгийг импортлохоор сонирхож байгаа орнуудын төлөөлөгчид хэлж байна. Тиймээс манай үйлдвэрийн шорлогны нүүрс дэлхийн зах зээл дээр чанараараа өрсөлдөх давуу талтай гэж болно. Жишээлбэл, Японы зах зээл дээр 300-400 мянган тонн шорлогны нүүрс хэрэглэдэг. Гэтэл бид сард 25 орчим тонныг үйлдвэрлэж байгаа юм. Тэгэхээр үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй учраас гадагшаа гаргах асуудлыг дахин нягтлах шаардлага бий.

Идэвхжүүлсэн нүүрсний тухайд модны нүүрснээс гарах бөгөөд шүүлтийн системээр хийдэг. Хэрэглэгчид нь томоохон байгууллагууд. Одоогоор манай улсад их хэмжээгээр импортоор авч байгаа учраас бид гадаад валютын урсгалыг сааруулахыг зорьж байгаа юм. Хэрэв бид төслийнхөө бүрэн хүчин чадлаар ажиллавал дотоодын хэрэгцээ хангахаас гадна экспортлох боломжтой. Ер нь хоёр шаттай төслөө боловсруулж үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ ажлын байрыг нэмэгдүүлье, гадагшаа урсах мөнгөний урсгалыг хумъя гэдэг зорилго тавьсан юм шүү дээ.

Бараа бүтээгдэхүүний экспортлоход гардаг бэрхшээл бий. Тухайлбал, гааль болоод татварын асуудал тулгамддаг. Энэ нь барааны өртөгт нөлөөлж байгаа талаар ярьдаг шүү дээ?

-Модны нүүрсийг аль ч оронд экспортлоход татваргүй байдаг. Ялангуяа, Япон, Солонгос, Хятад руу оруулж болно. Гэвч тээвэр ложистикийн асуудал тулгардаг юм билээ. Магадгүй урд хөршөөр дамжуулж болохгүй юм уу гэх байх. Гэхдээ Хятад модны нүүрсийг өөрийн улсаар дамжуулахгүй гэсэн бодлого баримталдаг учраас энэ нь боломжгүй. Тэгэхээр хойд хөршийн Владивостокоор дамжуулж экспортолж болох хэдий ч энэ нь тээврийн зардлыг өсгөж байгаа учраас барааны өртөгт шууд нөлөөлж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Jack
2018 оны 11-р сарын 23
Jack
2018 оны 11-р сарын 23

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *