Ч.Насантогтох: Олимпийн медальтнуудын анхны багшийг гавьяатаар шагнах ёстой

8-р сарын 17, 2012 10:55 am Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 587

Д.БОЛОРМАА

 

Монголын спортын түүхэнд “Лондон-2012” олимп тодоос тод бичигдэж байна. Монголчууд түүхэндээ хамгийн олон медаль хүртсэн олимп нь энэ юм. Биеийн тамир спортын газрын Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтохтой ярилцлаа.

 

-Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ удаагийн олимпоос манай тамирчид медалийнхаа тоог ахиулж чадлаа?

1964 оноос хойш олим­­пийн тоглолтод Монголын баг тамирчид оролцож ирлээ. Үүнээс  хойш таван медаль авсан амжилт бол байгаагүй. Энэ утгаараа таван медаль авч чадсан нь түүхэн том амжилт. Яахав, Монголын ард түмэн болоод спорт сонирхогчид маань олимпийн алтан медалийг хүлээж байсан. Маш том хүлээлт. Гэвч алтан медалиа авч чадсангүй. Тэмцээн Европод болсон нь тамирчдын амжилтад их, багаар нөлөөлсөн гэж дүгнэж байна. Цаг уур, цагийн зөрүү, хоол унднаас эхлээд Монголын тамирчдад эрс тэс байлаа. Дээрээс нь шүүлтийн үйл ажиллагаа Азийнханд чан­га байсан. Гэхдээ ма­най тамирчид энэ бүхнийг давж ард түмний хүлээж байсан алтан медалийн дайтай  мөнгөн медалиуд авсан шүү.  Тэр дундаа медаль­гүй 32 жил завсарласан чөлөөтийн төрлөөр С.Батцэцэг маань медаль хүртлээ. Энэ бол чөлөөт бөхийн цаашдын амжил­тад нөлөөлөх сайхан медаль юм. Харин ганзага хоосон ирсэн 24 тамирч­ныхаа бэлтгэл, өрсөлдөх чадвар, сэтгэл зүйд цаашдаа анхаарах ёстой юм байна. Медаль хүртэж чадаагүй ч сайн тамирчид. Тэдний бэлтгэл, хичээл зүтгэл хэдхэн тамирчны амжилтаар халхлагдах учиргүй.

-Дасгалжуулагчийн хувиар энэ удаагийн олим­под хэр амжилттай орол­цоно гэж тооцоолж байсан  бэ?

-Спортын бүх төрлүүд  том амлаж байсан. Бокс, жүдо, чөлөөтийнхөн тус бүртээ 4-5 медаль авна гэсэн. Амлалт биелсэн бол ард түмэн ихэд баярлах байлаа. Гэх­дээ таван ме­даль чамлахааргүй амжилт юм.

-Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр маань олимпийн хошой медальтан боллоо. Түүний хувьд дэвжээнээ хамгийн тайван байж чаддаг онцлогтой?

-Багш нь Н.Түвшин­баяраар бахдаж байна. Түүнийг Монголын ард түмэн битгий хэл дэлхийн жүдо сонирхогчид “Агуу тамирчин” гэж шагшиж байна. 2008 онд ямар хүнд сугалаанаас ямар сайхан барилдаан хийж аварга болсныг монголчууд мэднэ. Лондоны олимпоос ч гэсэн Олимпийн аварга гэдгээ харуулж хоёр дахь медалиа хүртлээ.  Монголын түүхэнд тодоос тод бичигдэх гавъяатай тамирчин юм. Сэтгэл зүйн хувьд хамгийн тайван байж чаддаг нь гарцаагүй үнэн. Ямар сайндаа Бээ­жингийн олимпод барил­дахаас 45 минутын өмнө хурхираад унтаж байсан хүн шүү дээ. Тэр үед шийдвэрлэх барилдаан үдээс  хойш болсон учир тэр хугацаанд Түвшээг амраая гэж бодоод хэнийг ч түүнтэй уулзуулаагүй.  Түүнтэй  уулзах эрхийг хоёр л хүнд өгсөн. Энэ бол Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч  Х.Баттулга, нөгөө нь Э.Энхбат. Би шаардлагатай гэж үзвэл өөрөө орох боломжтой. Ингээд Э.Энхбатаар Түв­шээ­гийн байгаа тамирч­дын өрөөний хаалгыг гаднаас нь ма­нуулсан. Дээр хэлсэн хүнээс өөр хэн ч орохгүй шүү гэж захи­сан. Э.Энхбат хаалгыг үнэхээр сайн манаж, хэ­нийг ч оруулаагүй. Үүний дүнд Түвшээ хоёр цаг маш сайн унтаж амарсан. Барилдаан болохоос 45 минутын өмнө ороход Түвшээ бүр хурхирчихсан унтаж байсан шүү. Тийм том барилдааны өмнө тэгж амарч чадаж байгаа, тийм тайван байгаа тамирчныг би өмнө нь хараагүй. Тэгээд Түвшээг сэрээгээд “За, одоо бос доо. “Хоол идэх үү?” гэхэд “Үгүй” гээд жаахан ус л уусан. Түвшээ алтан медалийн төлөө барилдсан Казахстаны бөх Аскат Житкиевийг өмнө нь ялж байсан. Тиймээс “Чи ялж байсан. Тэр их аймхай хүн” гэж хэлсэн. Түвшээ илүү үг хэлэлгүй “За” л гэсэн. Түүний байгаа байдал, унтаж амарснаас харахад өөртөө үнэхээр итгэлтэй, зоригтой байгаа нь анзаарагдаж байсан. Түвшээ дэвжээнд гараад өрсөлдөгчөө жижиг торгуулиар ялаагүй, олон том үнэлгээ дараалан авч, тасархай түрүүлсэн шүү дээ. Энэ удаагийн олим­под ч гэсэн маш тайван байсан.

-Түүнийг Солонгосын бөхтэй барилдаад гэмтсэний дараа эмч нар барилдах шаардлагагүй гэж зөвлөж байсан. Та багшийн зүгээс барилдахыг нь зөвшөөрсөн үү?

-Гэмтэл авсаны дараа­хан бие нь халуун учраас учиргүй их өвдөхгүй байсан юм билээ. Гэхдээ хөл нь гишгэхийн аргагүй болчихсон санжигнаж байсан. Намайг  “Барил­дах шаардлагагүй” гэхэд “Багш аа, би барилд­чихъя” гээд дэвжээнээ гарсан. Энэ бол тэр хүний спортын төлөө, эх орныхоо төлөө ямар их эр зориг гаргасныг гэрчлэх байх. Өөрт нь ч гэсэн дахин олимпийн аварга болно гэсэн эрмэлзлэл дүүрэн байсан. Гэхдээ гурван мөчтэй хүн өрсөлдөгчөө ялна гэдэг хэцүү. Хөлнөөсөө болж ялагдсан. Түүнээс биш тэрээр өмнө нь ОХУ-ын бөхийг илт давуугаар ялж байсан. ОХУ-ын тамир­чин дэл­хийн хэвлэлүүдэд “Би Мон­­голын тамирчин Н.Түв­­шинбаярыг хүн­дэлж явдаг. Тэр бэр­тэлтэй байсан нь мэд­рэгдсэн. Надтай сайн барил­даан гаргаж чадаагүй. Би их азтай хүн” гэж үнэлсэн шүү дээ. Мөн Н.Төгсцогт мөнгөн меда­лиа авчихаад чамлан­гуйгаар уйлж байсныг та бүхэн харсан байлгүй. Тамирчин хүн болгон ийм л тэ­мүүлэлтэй байдаг. Ер нь амжилт гаргах тамир­чид төрөл­хийн  зоримог, шийдэмгий зантай бай­даг. Хойшид ч гэсэн зори­мог, шийдэм­гий, хүчтэй, өөрийн гэсэн шуудхан бодолтой тамирчид амжилт гаргана.

-Энэ удаагийн олимпод Хөдөлмөрийн баатар П.Сэр­дамба болон жүдо­гийн гавьяат тамирчин М.Бундмаа нарыг амжилт үзүүлнэ гэж хүлээж байсан ч талаар боллоо. М.Бундмаагийн тухайд жиндээ дэлхийд чансаа­гаар хоёрдугаарт бичигдэж байгаа шүү дээ?

-Барагцаагаар 10 га­руй медаль авах боломж­той байсан. М.Бундмаа тэр дундаа жүдочид эхний өдрүүдэд хангалтгүй ба­рилдсан. “Яачихсан юм бол доо” гэмээр гайхал төрүүлж байсан. Х.Ца­гаан­баатар, М.Бундмаа нар медалийн тооцоонд байсан хүмүүс. Аль аль нь  жижигхэн алдаа гаргасан. Барилдаан дуусах гэж байхад 7-8 секундын алдаа гаргасан. Үнэхээр харамсмаар. Харин долдугаар сарын  30-наас эхлээд барилдаан сэргэсэн. С.Ням-Очир анхны медаль авч, 63 кг-ын Ц.Мөнхзаяа жиндээ тавдугаар байранд орсноор барилдаан сэргэж эхэлсэн юм. Жүдочид амжилт гар­гаагүй нь дасгалжуу­лагчийн алдаа байсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл тамирчид цагийг нь дэндүү тулгаж очсон. Олимп эхлэхээс ердөө хоёр хоногийн өмнө очсон. Англи, Монгол хоёр  долоон цагийн зөрүүтэй учраас  7-10 хоногийн өмнө очих ёстой байсан. Гэтэл тулгаж очсон. Ин­гэс­­нээр ямар ч сэргэлтгүйгээр барилдсан. Харин очсоноос хойш 8-9 хоногийн дараа цагийн зөрүү арилж амжилт гаргаж эхэлсэн шүү дээ. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Шинжлэх ухаан нотолсон асуудал. Дээрээс нь гадаадын сурвалжлагч нар манай тамирчдаас “Өрсөлдөгчөө судалсан уу” гэж асуухад манай хэд “Үгүй ээ, өөрийнхөөрөө үзнэ дээ” гэж хариулах жишээтэй. Тэгэхээр су­дал­гаа бас хэрэгтэй байгаа юм. Түү­нээс биш дасгал­жуулагч нар тамирчдаа сайн бэлдсэн.

Одоо тамирчид маань амралтын байдалтай байна уу?

-Ирэх сарын эхний долоон хоногоос манай улсад дэлхийн цомын тэм­цээн болно. Түүнд манай тамирчид оролцоно. Ер нь тамирчдад өчүүхэн ч амралт байдаггүй. Дараа­гийн тэмцээн хаяанд байгаа учраас амрах зав алга даа.

-Манай тамирчид дэл­хийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгалаа. Мон­голын нэрийг гарсан тамирчдыг төрийн шагнал хүлээж байдаг?

Олимп эхлээд удаа­гүй байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очсон юм. Тэр үед М.Бундмаа, Х.Цагаанбаатар нар муу барилдсан үе.  Бид ч Ерөн­хийлөгчийг ширүүхэн үг хэлэх болов уу гэж эмээж байсан юм. Гэвч тэрээр “Та нар айж эмээгээд байх юм байхгүй. Монгол­чууд энэ медалийг авч үзээгүй юм биш. Авбал авна биз, байвал байна биз. Та нар чадлаараа л оролц” гэсэн. Энэ үг манай тамирчдад маш том урам болсон. Маргааш нь  С.Ням-Очир маань хүрэл медаль авсан шүү. Тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Насаа багш аа, цаа­шид яах бол” гэхээр нь “Медалийн өнгө хувирна аа” гэж хэлсэн маань ч биеллээ. Дээрээс нь ам­жилт гаргасан тамирчдад урамшуулал олгох болсонд маш их талархаж байна. Цаашдаа олимпод долоон төрлөөр биш 14, 29 тамир­чин биш 290 тамирчин оруулах учиртай. Тэгвэл дор хаяаж 20 медаль хүр­тэх чадвар манай тамирч­дад бий шүү. Энэ даш­рамд, нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Учир нь,  би олимпийн авар­гуудыг анхлан бэлт­гэж байсан багш нарыг гавьяат цолоор шагнаасай гэж хүсч явдаг. Тод­руулбал, С.Ням-Очирын анхны багш бол Улаангом кол­лежийн Би­еийн тамирын багш, айм­гийн арслан Ю.Баттогтох. Түүний олон сайхан шавь нар өнөөдөр амжилт үзүүлж байна. Түүний дараагийн багш “Хан­гарьд” клубын дасгал­жуулагч Ш.Бат-Орших байна. Тэр 1996 оны Атландын олимпод Д.Нар­мандахыг дасгал­жуулан оролцуулж медаль хүртэж байлаа. Мөн У.Мөнх-Эрдэнийн анхны багш Д.Батмөнхийг шагнаж урамшуулах хүний нэг. Тэрээр “Сөүл-1988” олим­пийн хүрэл медальт Нэргүйн Энхба­тыг бас л дасгалжуулж байсан. Эцэст нь, Н.Түв­шинбаярын анхны багш Ш.Эрдэнэ-Очир байна.  Төр, засгаас шавь нарын­хаа гарааг сайн тавьж эдгээр дасгалжуулагчдийг шагнаасай гэж дотроо залбирч явна даа.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *