Ч.Куланда: Япончууд Монголд нэг ч удаа “үгүй” гэж үзээгүй

10-р сарын 25, 2017 11:11 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 72
2-3

Ч.ҮЛ-ОЛДОХ

АН-ын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ч.Куландатай ярилцлаа.

Эх орноо төлөөлж Япон улсад ажилласан он жилүүдэд та ямар асуудал шийдэв, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ямар хувь нэмэр оруулав гэдгээс ярилцлагаа эхлэе?

-Японы Осакад Мон­голын ерөнхий консулын газар нээгдсэнээс хойш жилийн дараа би очсон. Осака нь Японы хувьд бараг хоёр дахь нийслэл нь гэхээр хамгийн том хот. Хүн ам олонтой, үйлд­вэрлэл, эдийн зас­гийн төвлөрөл ч их. Одоогоор Японд албан ёсны мэдээллээр 6000 гаруй, бүртгэлд ороогүй хүмүүсийг оруулбал 7000 орчим монгол хүн ажиллаж, амьдардаг. Түүнээс 2500 нь Осакагийн бүс нутагт амьдардаг.

Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газраас Осакад ерөнхий консулын газраа нээсэн. Би хоёр дахь консул нь байсан. Тэнд зөвхөн иргэдийн асуудлаас гадна хоёр орны харилцаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гэхчлэн бүх салбарт Элчин сайдын яамд юу хийх ёстой тэр бүхнийг хийж байгаад Монголдоо ирлээ. Албан томилолт дуусч, дараа нь Токио дахь Монголынхоо Элчин сайдын яаманд соёл, боловсрол хариуцсан зөвлөхөөр жил орчим ажилласан. Би нийгэм, соёл, боловсролын чиг­лэлээр ажиллаж байсан, өөрөө ч түүндээ дуртай, гиш­гэж ирсэн мөр маань ч энэ салбартай холбоо­той учраас Японд ажилласан дөрвөн жил гаруйн хугацаанд тэр л чиглэлд түлхүү ажиллалаа. Дэлхий дахинд зөөлөн хүчний бодлого хүчтэй явагдаж байна. Нэгэнт хүчирхэг орон болж дэл­хийг дагуулж чадахгүй тохиол­долд, ялангуяа манайх шиг эдийн засаг нь буурай, хүн ам цөөн, газарзүйн байрлалын хувьд онцлогтой улс орны хувьд зөөлөн хүчний бодлогыг явуулж эхэлсэн. Хятад, Орос, Японд энэ бодлогыг маш хүчтэй явуулж байна. Монгол гэж дэлхийд давтагдахгүй ганцхан соёлтой, үндэсний өвөрмөц онцлогийг  өөр­төө бүрдүүлсэн соёл иргэнш­лийг дэлхий дахинд, тэр тусмаа Японд танил­цуулах зорилгыг нэлээн түлхүү тавьж ажлууд сайн хэрэгжсэн. Энэ жил  Япон-Монголын харилцааны 45 жилийн ой тохиож байна. Өнөөдөр Японтой харилцдаггүй байгууллага, гэр бүл байхгүй. Японд очиж үзээгүй хүн ч байх­гүй, МИАТ-ийн онгоц ашиг­тай ажилладаг бол­сон. Япон гэхээс илүү монголчууд түлхүү зорч­дог. Тэгэхээр Япон хол биш болсон. Гэхдээ бүр дотносох хэмжээнд хүрээгүй. Яагаад гэвэл Япон улс өөрийн өвөрмөц онц­лог­той, бидний  хоо­ронд соёлын, хөгжлийн ялгаа их байна.

Монголдоо хөл тавиад ардчиллаас эхлэн ачааг нь таталцсан АН-даа иржээ. УИХ-д есхөн ги­шүүн­тэй, цөөнх болчих­сон  амаргүй байдал угтав уу?

-Төрийн албанд ажил­лаж байгаа учраас дөрвөн жил намаас хөндийрсөн. Юу болж буйг гадна ертөн­цөөс анзаарч суулаа. Заримдаа бухимдана, зарим­даа уур хүрнэ. Цаг хугацаа аливааг элээж, өөр­чилдөг ч аль 1990 оноос  миний нөхөр шиг, гэр бүл шиг надтай холбогдсон намаасаа холдож салж чадах­гүй юм байна. Ер нь бол дипломат албаа хүлээл­гэж өгч ирээд жирийн амьдралд номоо бичиж гэртээ сууна гэж бодож байсан. Гэтэл намын шинэч­­лэл гэж нэлээд пижиг­­нэлээ, намын дар­гаа солилоо. Сайнаасаа муугаар хэлүүлдэг ид үе байна. Ийм үед ханилж явсан нөхдөө хаяад явах хаашаа юм гэж бодлоо. Намын даргын санал болгосны дагуу хэвлэлийн албыг хариуцаад явж байна. Ер нь бол би хүний, өөрийн гэлгүй улс төрийн энэ их бохирдол, увиагүй байдлыг таатай хүлээж авахгүй байгаа. Үнэхээр сэтгэл өвдөж байна.

Эдийн засаг хямарлаа, улс төр нь ч хямарлаа л гэх юм. Гэхдээ шийдэл, гарц байж таарна. Та юу гэж үзэж байна?

-Хямрал гэж ярьдаг хүмүүс өөрсдөө хямруу­лаад байгаа шиг санагддаг. Зарим газар үнэхээр сэтгэл өвдөхөөр хям­рал бас харагдаж бай­на. Гэх­дээ бүгдийг дээр сууж байгаа хүмүүс хийж өгнө гэж байхгүй. Хямралыг даван туулах, арилгах нь хүмүүс бидний өөрсдийн зүтгэлээс хамаарна. Бид дайн тулаан хийж, үн­сэн товрог болсон улс ор­нуудыг мэднэ. Герман, Япон гээд. Тэд­нийг хэн нэг Эзэн хаан, Засгийн газар нь бүх­нийг бэлдэж өгснөөр бос­гоогүй. Ард түмэн өөрс­дөө хөдөлмөрлөж, эв саналаа нэгтгэж, хүч хөдөл­мөрөө урсгаж байж хям­ралыг даван туулсан. Биднийг өөд нь татахын тулд Японоос авахуулаад зөндөө бөөцийлсөн. Япон, Монголын харил­цаан дээр зарим зүйлийг шударгаар хэлэхээс өөр аргагүй. Үнэ­хээр их тусалсан, одоо ч тусласаар байгаа. Гэвч тэдний тусыг итгэж найд­сан хүлээлтийнх нь  хэм­жээнд бид хариулж чадахгүй байна. Тэд  Монголд хэзээ ч “үгүй” гэж хэлж үзээгүй. Одоо Мон­голд хувиараа хөрөнгө оруулдаг компаниуд бүгд ухарч байна. Дип­ломат ёсонд үүнийгээ илэр­хийлдэггүй. Олон жил хамтын ажиллагаа, харил­цаатай байгаа, Монголд элэгтэй, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй олон хүн үүнийг хэлдэг.

Та түрүүнд сонгуулиар АН дүнгээ тавиулсан гэлээ. Нөгөө тал дахь 65 хүртэл суудал авсан үнэмлэхүй ялалтыг зөвшөөрч хүлээж авч байна уу?

-Би хувь хүний зүгээс 65 суудал авсан МАН-ын үнэмлэхүй ялалтад эргэлз­дэг. Ард түмний сон­голт гэхэд эргэлзээтэй. Мон­голчууд билгийн нүд­тэй ард түмэн. Ялангуяа улс төрийн сонголт дээр. Тиймээс 65 суудал нь механик аргаар олж авсан ялалт гэж харддаг.Энэ нь эргээд нэг өдөр дүн­гээ тавина. Механик сон­голт нь нам дотроо одоо талцаж байгаагаас хараг­даж байна шүү дээ. Хоёр хуваагдаж, өөрсдийн байгуулсан Засгийн газ­рыг унагааж байгаа нь төлөв­шилгүй, эрийн цээнд хүрээгүй УИХ бүрэлд­сэнийх.

Засаг, төр тогтворгүй байна. Цаашид яах бол?

-Ийм байх нь гадаад орчинд итгэл найдвараа ал­дахад хүргэдэг. Өнөөдөр эдийн засгийн гэхээс илүү төрийн хямрал нүүрлэсэн. Үүнийгээ бид ардчилсан нийгэмд байдаг үзэгдэл гэж халхавчилж болохгүй. Монгол Улсад өнөөдөр хамгийн их үгүй­лэгдэж байгаа зүйл иргэдийн нэгдмэл байдал. Солигдмол төр, талцсан байдал монголчуудыг байнга дотор нь хагалж байгааг манайхан анзаар­даггүй. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг учраас цөөхөн монголчууд нэг зүгт чиглэж чадахгүй байгаа юм. Улстөрчид иргэдээ нэгтгэдэг ажил руу шилжвэл эдийн засаг  босно.

Японы улс төрийг Монголынхтой харь­цуул­сан тойм мэдээл­лийг NHK телевиз саяхан харууллаа. Түүндээ “Бид улс төрөөсөө ичиж байхад Монголд түүнээс ч ичгэв­тэр байдалтай” гэж шүүмжилсэн. Та харсан байх, юу бодогдов?

-Шинзо Абэ шиг хүчтэй улстөрч манайд үгүйлэгдэж байна. Абэ хоёр дахь удаагаа парламентаа тарааж, дахин сонгууль явуулж ард түмнийхээ ит­гэлийг олж байна. Надад итгэж байна уу, үгүй юу. Та нар дүн тавьж өгөөч гэсэн. Рейтинг нь уналаа гэсэн судалгаа гарангуут ийм шийдэл гаргаад, дахин гарч ирсэн. Дээр нь Абэгийн баримталдаг нэг зарчим нь улс орны бод­лого, шийдвэр нь ард түмний сэтгэлд нийцсэн байх. Ард түмний сэтгэлд нийцээгүй шийдвэрийг хэзээ ч гаргахгүй гэж үздэг. Манайд эсрэгээрээ ард түмэндээ хамаагүй өөрсдөдөө тохируулсан шийдвэр гар­гадаг. Тиймээс төр нь хүч­гүй байдаг. Бие биеэ хүндэлж ор­шихын төлөө нийгэм бай­даг. Монголчууд би л болж байвал боллоо гэдэг үзэлтэй. Жижиг бо­лоод агуу том орон зайд амьдарч байгаа хүмүүсийн ялгаа ийм.

Шинзо Абэ дахин гарч ирснээр Японы улс төрд  өөрч­лөлт гарахгүй л  болов уу?

-Абэ 2020 он хүртэл Ерөнхий сайдын суудалд суухаар болж байна. Японы түүхэнд хамгийн удаан эрх барихаар боллоо. Абэг ард түмэн нь хүсч байна. Учир нь явуулж байгаа бодлого нь ард түмнийх нь сэтгэлд бүрэн нийцэж байгаа учраас дахин ялалт байгууллаа. Тэр өөрөө хувийн фэйсбүүк ажиллуулдаг. Нээлттэй, юу хийснээ, хийх гэж буйгаа биччихдэг. Тийм нээлттэй, маш энгийн хүн учраас ард түмнээсээ холдоогүй удирдагч гэж үздэг. Дотоод, гадаадын ажиглагчид сая Хойд Солонгосоос улсаа хам­гаалъя, ард түмнээ гэсэн байр суурийг нь түлхүү тоймлосон байна лээ. Бид ч гэсэн нэгдмээр байна. Төрийн зүгээс нэгдмэл бодлого явуулмаар байна. Гэтэл төр маань нэгдмэл биш дандаа талцуулсан, задалсан бодлого явуулж байна. Монгол Улсыг эдийн засгийн хямрал бус нэгд­мэл бус байдал л аюулд хүргэнэ. Иймд бие биеэ хүндэлдэг ний­гэмд амьдрахын тулд хэв­лэлийнхэн маань их үүрэг­тэй шүү. Энд та нар минь туг нь болоорой гэд­гийг энэ дашрамд бас хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *