Ч.Хашчулуун: Уул уурхайг дагуулж жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломж бий

8-р сарын 15, 2012 10:32 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 306

Д.ОЮУНЧИМЭГ

 

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн ирэх дөрвөн жилийн стратеги, бодлогын талаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун ЖДҮ-ийн газрынхантай өчигдөр санал солилцсон юм. Уг уулзалтаар уул уурхайн томоохон компаниудыг түшиглэн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын саналыг танилцуулав. ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуунтай ярилцлаа.

 

-Уул уурхайн компани дагаж хөгжих боломж жижиг, дунд үйлдвэрт бий гэж үзэж байна. Энэ талаар?

-Эрчимтэй хөгжиж бай­гаа энэ салбарыг тү­шин хөгжих боломж бий. Гол холбоос нь худалдан авалт юм. Үйлчилгээ бо­лон барааны худалдан авалтыг ашиглан холбоос үүсгэснээр боломж бүр­дэнэ гэж үзэж байна. Хан­ган нийлүүлэгчийн мэ­дээл­лийн баазыг үүсгэсэн байгаа. Үүнийг Монголын бизнесийн зөвлөл, Гер­маны хамтын ажилла­гаа­ны нийгэмлэгийн дэмж­лэгтэйгээр бий болгосон. Эдгээр байгууллага нь эхний ээлжинд жижиг, дунд үйлдвэр ба томоохон компаниуд, дотоодын хө­рөнгө оруулагчдыг холбох ажлын хүрээнд хийсэн. Судалгааг нь манай та­лаас хийж, хөрөнгийг Германы талаас, ажлыг нь Бизнесийн зөвлөл хийсэн юм. Энэ мэдээллийг та бүхэнд өгнө. Тэгэхээр ЖДҮ-ийн газрынхан цааш үргэлжлүүлэн, сайж­руулаад явах боломжтой. Уул уурхайн компанитай ханган нийлүүлэгчээр ажил­лахад Өмнөговь айм­гийнхан арай идэвхитэй хандаж байгаа нь ан­заа­рагдсан. Мэдээллийн санд энэ онд 503 аж ахуйн нэг­жийн мэдээлэл шинэч­лэгдсэн бөгөөд 100 гаруй аж ахуйн нэгж шинээр бүртгүүлсэн бол 113 бай­гууллага татан буугдсан байна. Ингэж уул, уурхайн том компанийг жижиг, дунд үйлдвэрүүдтэй холбох юм. Уул уурхайн чиглэ­лээр 28 төрлийн худалдан авалт хийх боломжтой гэж тооцоолсон. Өмнөговь аймгаас жишээ авч болно. Оёмол үйлдвэрлэлийн чиг­лэлээр хоёр тэрбум 500 сая төгрөгийн бүтээг­дэ­хүүнийг үйлдвэрлэн “Оюу­толгой” компанид борлуулжээ. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгаа ч өндөр чанартай, стандарт шаардлага ханга­сан бүтээгдэхүүн үйлд­вэр­лэх ёстой гэдгийг ойл­гох хэрэгтэй. Энэ нь цааш­лаад дэлхийн төвшинд хүрч бүтээгдэхүүнээ экс­портод гарах зам нь нээгдэхэд хүрэх юм.

-Уул уурхайн компани, томоохон төсөл хөтөлбөрт Төрийн өмчийн хороо, санхүүжүүлэгч байгуул­лагууд, Ашигт малтмалын газар, Төмөр зам гээд харилцан хамааралтай ажиллаж байгаа газруудын оролцоог нэгтгэсэн тогтол­цоог үүсгэх хэрэгтэй гэж үздэг. Бусад орнуудын туршлагаас харахад олон улсын гэрээндээ ханган нийлүүлэгчээс заавал авах ёстой бүтээгдэхүүний жаг­саалтыг зааж өгсөн бай­даг. Манайд ийм боломж бий юу?

-Уул уурхайн компа­нитай гэрээ хэлцэл хийхэд жижиг, дунд үйлдвэр­лэ­лийг дэмжих чиглэлээр тодорхой зүйл, заалт ороо­гүй байгаа. Гэхдээ “Рио Тинто” компанийн гэ­рээнд орон нутгийн жи­жиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн заалт байдаг. Үүний хүрээнд дэмжиж ажилласнаар олон улсын зах зээлд гарах боломж бүрдэж байгаа тул онцгой анхаарч байна. Харин манай үндэсний үйлдвэрлэгчид ч гэсэн компанийн нийгмийн ха­риуцлагатай байх үүднээс анхаарч ажиллах боломж­той. Манай компаниудад байдаг бас нэг өрөөсгөл зүйл нь жижиг, том гэхгүй аж ахуйн нэгжүүд бүх асуудлаа өөрсдөө зохи­цуулах гэж үздэг. Жишээ нь оёдлын үйлдвэр утас, товч, цахилгаан гээд да­гал­дах жижиг хэрэгс­лүү­дээ бүгдийг өөрөө хийхийг оролддог. Энэ нь ачааллыг зөв хуваарилж чанартай бүтээгдэхүүн гарах болом­жийг боогдуулж байгаа юм. Хэрвээ нэг компани зөвхөн цахилгаан үйлд­вэрлэдэг байвал чанар, стандарт улам сайжрах боломжтой. Тиймээс манайх шиг орон зай ихтэй, цөөхөн хүн амтай газарт өрсөлдөхөөс илүү хорших, нийлэх нь чухал юм. Нөгөө талаас гэрээ­ний хэрэгжилтийг хянах хэрэгтэй.

-Төрөөс зарлаж байгаа тендерт аль болох олон компани хамруулан, уг тендрийг авч байгаа ком­панид хэдэн ханган нийлүү­лэгчээс бүтээгдэхүүн авах боломжтой тухай нь заалтыг баримт бичигт оруулж болох уу?

-Төрийн байгууллага болон тендерт оролцогч компаниудын гэрээнд зааж өгөх нь зүйтэй. Тий­мээс ЖДҮ-ийн газар болон ҮХШХ хамтран хөтөлбөр гаргаад Засгийн газраар батлуулах хэрэг­тэй. Одоогоор “Таван­толгой” компанийн гэрээ байгуулагдаагүй учраас үүнд тусгах нь зүйтэй. Тиймээс 10-20 хувийг орон нутгийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэм­жиж ажиллах тухай заалт оруулж чадвал тэр хэрээр зах зээл тэлэх боломж бий. Мөн Сайншанд бусад хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулаагүй байгаа учраас энэ талыг ч бас анхаарна. Ер нь хэрхэн зохицуулж болох талаар Засгийн газрын тогтоол, шийдвэр гаргах нь зөв. Тендер гэдэг маш том зах зээл. Өөрөөр хэлбэл, тен­дер зарлахдаа тодорхой хувийг орон нутгийн ком­пани болон жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах ёстой гэж болох юм. Журмаар зохицуулан хамтран ажиллаж байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Том компаниудыг тодор­хой хэмжээгээр хөгжүүл­вэл түүнийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой тул энэ ажлыг хийх гэж үзсэн. Гэвч хууль эрх зүйн орчин одоогоор бүрдээгүй байгаа учраас зогсонги байгаа. Хэрвээ том компанид татварын хөнгөлөлт үзүүлбэл тухайн аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрлэлд тодор­хой хувийг зориулдаг байх хэрэгтэй. Үүнийг хуульд заалт болгон оруулах нь зөв байх гэж бодож байна. 

-Манайд үйлдвэрлэсэн болон импортын бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна. Энэ нь түүхий эдийн өртөгжилт явагдахгүйтэй холбоотой гэж үздэг. Тий­мээс боловсруулах үйлд­вэр байгуулах талаар ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Бид судалгаа хийн чиглэлээ тогтсон байгаа. Үйлдвэрүүдийг байгуулах тал дээр жижиг, дунд үйлд­вэрийн тоног төхөө­рөмжийн татварын хөнгө­лүүлэх хэрэгтэй. “Хөгж­лийн банк”-ны 500 сая ам.долларыг эргэлдүүлэх хэрэгтэй. Одоогийн байд­лаар эдийн засагт орох мөнгөний урсгал зогсонги байдалтай байгаа. Тэгэ­хээр дээрх мөнгийг хө­рөнгө оруулалтад ашиглан ихэвчлэн үйлдвэрүүдийн төслийг анхаараач гэдэг саналыг “Хөгжлийн банк”-нд тавьж байгаа. Гол санхүүжилтийг зам засварт оруулж байгаа, гэхдээ үйлдвэржилтэд оруулах хэрэгтэй байна. “Хөгжлийн банк” аж ахуйн нэгж тус бүртэй харьцах боломжгүй. Ми­ний мэдэж байгаагаар тө­мөрлөгийн үйлдвэрлэ­лийн төсөл тус банкинд очсон байгаа. Харин мах, сүү, ноолуурын төсөл очсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тиймээс тухайн салбарын хүмүүст төсөл байгаа бол бэлдээд өгөх хэрэгтэй. Сүүлийн жилүү­дэд хөдөө аж ахуйн сал­барт ахиц гарч байгаа ч илүү сайн ажиллах ёстой. Хэрвээ ноос боловсруулах нэгдсэн том үйлдвэртэй болох гэж байгаа бол хол­богдох материалыг бүрэн боловсруулаад өгөх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *