Ч.Ганхуяг: Дараагийн дуудлага худалдаанд илүү шинжлэх ухааны үндэслэлтэй орно

12-р сарын 14, 2015 8:56 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 152
12-14-1h

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Ардсанхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

Төрийн гэх тодотголтой хэд хэдэн өмчийг хувьчлах ажлуудыг хийж байна. Түүний нэг нь хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлал. Төр өмчөө хувьчлахдаа зааг ялгаатай хандахгүй бол эргээд сөрөг нөлөө үзүүлдгийг одоо хэр нь бид харж байгаа. Та өмч хувьчлалыг яаж явуулах ёстой гэж үздэг вэ?

12-14-1Монгол Улсын хувьд тодорхой чиглэлүүдийг гаргаад, аль нь улсын өмчид байх ёстой гэдгээ тодорхойлох бодлого зайлшгүй байх шаардлагатай. Их Хухал дээр энэ чиглэлээр тодорхой шийдвэрүүд гараад явж байгааг харж байна. Тухайлбал, төмөр зам, дэлхийн хэмжээний том стратегийн ордууд, цахилгаан станцууд төрдөө байна. Мөн нийгэм, боловсрол, эрүүл мэндийн салбарууд төрд байх ёстой. Ер нь аливаа ажлыг хийхдээ тодорхой жанжин шугам, чигээ гаргачихвал тэр дотроо дараагийн алхмаа хийгээд явахад хялбар болдог.

Бид хувийн хэвшил дээр тулгуурласан чөлөөт зах зээлтэй нийгэм, эдийн засгийг бий болгохоор 25 жил ажиллалаа. Их хувьчлалаар бүх иргэндээ өмчийг нь хуваарилж, газрыг хувьчилсан. Өмч хувьчлал зогсолтгүй явагдаж байгаа. Гэхдээ зөвхөн гарын үсгэн байдлаар хувьчлал явуулж болохгүй. Хотын газрыг зөвхөн хэдэн даргын найз, ойр тойрны хүмүүс, улс төрийн бүлэглэлд орох хүмүүс хувьчлалд орох газрыг авсан. Тэр нь буруу гэдгийг сая тод томруунаар харуулсан. Сэтгэл хангалуун байх хувьчлалууд огт хийгдэж байгаагүй. Бид хийж чадаагүй. Дандаа явцуу эрх ашиг сонирхолд автсан байдлаар эсвэл ядахдаа гаднаасаа буруу харагдах байдлаар хийж ирсэн. “Тавантолгой”-г ашиглана гээд ярьж байгаа нь өөрөө хувьчлалын хэдэн оролдлогыг хийсэн хэрэг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэрээ зурах гээд гадны том компаниудыг урьж, төлөвлөгөөгөө танилцуулахад түүнийг нь улстөржүүлж, Их Хурлын индэр дээрээс зогсоож байсан. Хувьчлалыг улс төртэй хутгалдуулж явуулж болохгүй гэдэг дүгнэлтийг дээр дооргүй хийх боломжийг бидэнд сая хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлал харуулсан. Хувьчлалыг нээлттэй, ойлгомжтой явуулах ёстой. Бүх иргэнээ оролцуулах нөхцлийг нь хангаж, тусгай сан байгуулах цаг хугацааг нь өгөөд, хүмүүс нь эвлэлдэн нэгдээд явах боломжийг нь өгөх ёстой. Зөвхөн хэдэн том компани, төрөөс төрсөн тэрбумтнууд далдуур өрсөлдөж, цаг хугацаа өгөхгүй байдлаар улсын өмчийг хямдхан худалдаж авахыг зогсоох хэрэгтэй.

Тэгэхээр та хэвлэх үйлдвэрийн газрын саяын хувьчлах үйл явц болоод зохион байгуулалт нээлттэй болж чадсан гэж үзэж байна уу?

Зүгээр болсон. Сониноор зарласныг нь харсан. Тэгээд хувьчлалд оролцохыг бусдадаа уриалахад хүмүүс ч идэвхтэй оролцсон. Хамгийн сүүлийн мөчид хүртэл гаднаас дөнгөж ирээд байгаа хүн нисэх буудлаас оролцоно гээд надтай холбогдсон. Нээлттэй мэдээлэл тараасан учраас оролцогчдын тоо нэмэгдэж байна. Оролцогчид нэмэгдэх тусам үнэ нэмэгдэнэ. Үнэ нэмэгдэхээр төсөвт орох орлого сайжирна. Ингэснээр иргэдийн тө­рөөс шаарддаг үйлчилгээ нэмэгдэнэ. Дэд бүтэц, цэцэрлэг сургуулийн хөрөнгө оруулалт, багш, эмч нарын цалин зэрэг төсвөөс гарах  зардлууд нэмэгдэх сайн талтай.

Хэвлэх үйлдвэрийн  газрын хувьчлалд орохоо­соо өмнө та нийгмийн сүлжээгээр хөрөнгө босгосон. Энэ нь Монголд анхны тохиолдол бас шинэлэг зүйл болох шиг болсон?

Олон улсад цахим орчныг ашиглаж мөнгө босгодог. Монголд фейсбүк хувьчлал гэдэг утгаараа анхны тохиолдолд орох байх. Данс бямбад нээгдээд даваа гаригт хаагдахад олон хүн идэвхтэй оролцож байна гэдэг бол фейсбүкийн нэг гайхамшгийг харуулсан байх. Монголчууд нэгдээд хамтдаа амжилттай ажиллаж чадна гэдгийн илрэл байсан. Үүнээс гадна итгэл найдвар төрүүлсэнд гол ач холбогдол нь байгаа юм.

Хөрөнгө босгохтой холбоотой Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулга гаргасан. Та хөрөнгө босгохдоо хуулийн дагуу ажиллаж чадсан уу?

Чадсан. Үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй учир, сэрэмжтэй хандахыг анхааруулсан. Миний хажуугаар өөр олон хүн үүнийг ашиглаж бусдын мөнгийг аваад зугатаж магадгүй гэж харсан байх. Миний хувьд босгосон мөнгөө буцаагаад эздэд нь тарааж дууссан.

Хүмүүст мөнгийг нь буцааж өгөхийн зэрэгцээАрдсанхүүгийн нэгдлийн хувьцаа өгсөн. Хувьцааны тухайд?

Би 20 гаруй жил бизнес хийж байна. Ингэхдээ гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө, ганцаараа гээд янз бүрээр хийж үзсэн. Би олуулаа хамтдаа нэгдээд юм хийхдээ сэтгэл маш их хангалуун байдаг. Ганцаараа эсвэл цөөхөн хэдүүлээ баяжмааргүй байна. Бид бүгдээрээ хуримтлалтай, өндөр боловсролтой, бүх иргэнд нь сонголт ихтэй, тогтуун сайхан амьдралыг хүсч байгаа. Би хичнээн их мөнгөтэй ч энэ утаатай нийслэлд амьдраад яах юм бэ. Үхэхдээ үр хүүхдүүддээ түгжрэлтэй, бухимдалтай, удаатай, авлигатай, шударга бус нийгмийг үлдээмээргүй байна. Миний хүүхдүүдийн  ирээдүйн хань ижлүүд нь өнөөдөр бас ижил тэгш айл өрхүүдэд өсөж, торниж, шударга, гэгээлэг хүмүүс болоосой. Тэр утгаараа олон түмэнтэй нийлээд банк санхүүгийн байгууллагыг өмчлөх ёстой, эзэн болох ёстой гэж боддог. Ингэхийн тулд  би өөрийнхөө босгосон банк, санхүүгийн байгууллагыг  ард иргэддээ хөрөнгийн биржээр санал болгоё гээд таван жил зорьж ажилласан. Үүний үрд дүнд Хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд иргэд өөрсдөө тодорхой хэмжээний баялгийг худалдаж авах, эзэн суух боломж нь нээгдэж байна. Ганхуягт өгөөд үзээд алдъя гэсэн итгэл өгч байгаад нь би талархал болгоод мөнгөө шилжүүлж амжсан бүх иргэнд тус бүр 20 ширхэг хувьцааг бэлэглэсэн. Гэхдээ би үүнийг өмчлүүлж байгаа гэж нэрлээд байгаа. Өмч өөрөө хариуцлагын тухай ойлголт. Хувьцаа эзэмшинэ гэдэг хариуцлагатай байхын нэр. 20 хувьцаа нь 40 мянгаар үнэлэгдэх юм. Нэг их мөнгө биш ч чадлынхаа хэрээр, шударга байхыг хүссэн. Би хүнээс үнэгүй юм авах, үнэгүй байдлаар туслуулах дургүй. Болвол өгөөтэй, аваатай шударга наймаа хийхийг хичээдэг. Цаашдаа компанийнхаа үйл ажиллагаатай нарийн танилцаж байгаад бүрэлдэхүүнд нь байдаг компаниудаас үйлчилгээг нь авдаг, өгөөжийг нь хүртдэг байх тал дээр хариуцлагатай хандана гэж найдаж байна.

Хэвлэх үйлдвэрийн газрыг худалдсан 24 тэрбумыг шалгах хэрэгтэй гэдэг саналыг гаргасан. Сангийн дэд сайд байсан хүний хувьд гярхай бас мэдрэмжтэй хандах шиг ажиглагдсан?

Би зөв зүйл хэлсэн болов уу гэж бодож байна. Хэрэв зөв зүйл хийдэггүй байсан бол хийдэг болох ёстой. Хүмүүсийг өмнө нь шалгасан гэдэг худлаа шүү. Дэнчингийн мөнгө  хураахыг 10:30-аас хаагаад шууд дуудлага худалдаанд орсон. Монгол Улсын иргэн, өмнө нь төрд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүний хувьд хариуцлагатай мэдэгдэл хийсэн. Намайг буруутгаж байгаа хүмүүс олон бий. Миний хүндэлж явдаг ах нар хүртэл буруутгаж байгаа. Өнөөдөр төрийн том компанид өндөр албан тушаал хашдаг ах маань мөнгө үнэртдэггүй шүү дээ  гэж хэлсэн нь дуулдана. Би тэр хүний үгэнд харамсаж байна. Надад гоморхож байгаа байдалд нь харамсаж байна. Би ямагт хариуцлагатай байдаг. Бүх үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө дааж, хэлсэн үгэндээ эзэн болж ирсэн. Муу ч бай, буруу ч байсан нөгөө алдарт талхан дээр ч гэсэн хариуцлагаа үүрээд гараад ирсэн. Хэн нэгэн     рүү нялзаахыг хүсээгүй. Энэ удаад ч гэсэн тийм л байсан. Монгол Улс олон улсын шударга хамтын нийгэмлэгийн нэгэн бүрэн эрхт гишүүн байя гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Бидэнд ямар нэг буруу нэр, хаяг, шошго наалдах ёсгүй. Үүнийг би өөрийнхөө хүүхдүүдийн өмнөөс хэлсэн. Бид терроризмийг санхүүжүүлэх, хар тамхитай, мөнгө угаахтай тэмцэх хууль байдгийг мэддэг. Бид элдэв буруу мафи, дайн дажны чиглэлээр явж байгаа санхүүжилтийн мөнгийг дамжуулдаг улс байж болохгүй. Санхүүгийн төв, Төв Азийн Швейцарь нь болъё гэж бодож байгаа бол хамтдаа амжилттай ажиллах ёстой. Төр нь өөрийнхөө өмчийг хувьчлахдаа буруу гарын мөнгийг оруулж болохгүй. Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа хүнийг хэрэглээгээр нь, худалдан авч байгаа зүйлээр нь татвараа зөв төлж байгаа эсэхийг нь шалгаж байх ёстой гэдгийг ярьж, хийлгэх гэж хичээж ирсэн. Бусад оронд байдаг тэр аргачлал татвар дээр хэрэгжээд явах байх гэж найдаж байна. Сая төгрөгийн цалинтай хүн би шударга шүү гэж яриад 30 саяын үнэтэй цаг зүүгээд явж байна. Үүнийг татварынхан шалгах ёстой. Тэр 200 сая төгрөгөөр худалдаж авч байгаа машиныхаа орлогыг өөрийнхөө ярьж байгаа шиг бизнесийнхээ мөнгөөр олж авсан уу гэдгийг шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэглээгээр нь тодорхойлдог аргыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Харамсалтай нь үүнийг хийхгүй байгаа. Би хувь иргэн, санхүүчийнхээ хувьд энэ шаардлагыг тавьж ирсэн. Цаашид ч тавих болно.

Хэвлэх үйлдвэрийн газрыг авсан анхны эзэн нь худалдаж авахаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдсэн. Одоо дараагийн үнийн санал өгсөнТаван богдгруппын захиралд 14 хоногийн хугацаа өгөөд байгаа. Авахгүй бол дахиад дуудлага худалдаанд оруулна. Хэрэв дуудлага худалдаа болвол та оролцох уу?

Оролцоно. Энэ удаа илүү шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж байгаад орно.

Сэдвээс жаахан хазайгаад өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар асуумаар байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн тухайд АНҮндсэн хуулийн цэц МАНд үйлчилж байнагэж дүгнэж байна. Үүнээс болж орон сууцны найман хувийн хүүтэй зээл зогсчихлоо. Энэ талаар танд санаа бодол байна уу?

Цэцээс буруу шийд­вэр гарсан. Итгэлцлийг үгүй хийж, бизнесийг зогсоох арга хэмжээ явж байна. Эдийн засгийг бүрмөсөн таг зогсоох гэж байна. Өнөөдөр манай эдийн засаг таг зогсчихгүй тодорхой хэмжээнд яваад байсан гавьяа нь банкуудад байсан. Банкууд мөнгийг тодорхой хэмжээнд эргэлдүүлж байсан. Энэ зээлийг бүрмөсөн зогсоох, өндөр байна гэдэг хүүг улам нэмэгдүүлэх бусармаг шийдвэр гарлаа гэж харж байна. Энэ улс төрийн асуудал биш. АН үүнийг улс төрийн асуудал гэж харуулах гэлээ. Энэ бол цэвэр эдийн засаг, бизнес, итгэлцлийн асуудал шүү дээ.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой Ард нийтийн санал асуулга явуулахаар ярилцаж байгаа. Та МАНын гишүүн бас улстөрчийн хувьд энэ үйл явцыг ажиглаж суугаа байх?

Ард нийтээс асуух, асуухгүйдээ гол нь биш. Хамгийн гол нь Үндсэн хуулиа өөрчлөх болсон уу, үгүй юу гэдэгт эхлээд хариулах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь аль хэдийнэ өнгөрсөн, энэ хуулийг өөрчлөх цаг болсон гэдэгт хатуу итгэлтэй байгаа. Өнөөдөр утаатай, зам нь түгжрэлтэй, ямар шударга бус хүмүүс төрд шургалж байгаа, сэтгэлгээний хоосрол, авлигын төвшин өндөр байгаа гээд нийгэм бухимдалтай байгааг зүгээр ангайгаад гараад сууж байна. Улстөржилт дээд цэгтээ хүрлээ гэдэг. Үүнийгээ яаж зогсоох аргаа мэддэггүй. Улс төрийн хэдэн нам эрээ цээргүйгээр төрийн дээр гарч байна. Бидний сонгосон түшээд дээрээс нь сонгогдож чадаагүй намын аппаратын хүмүүс үүрэг даалгавар өгч байгааг хар. Энэ бүх асуудлыг зохицуулъя гэвэл Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай болон Үндсэн хуулиа зайлшгүй эргэн харах хэрэгтэй. Засгийн газар нь тогтвортой ажиллаж чадахгүй популистууд нь Засгийн газрыг хагас жил болоод сэгсэрдэг. Тэр нь өөрөө бидний амьдралд ямар их гай, зовлон болж байгааг бид арьс, махан дээрээ мэдэрч байна. Энэ өөрчлөлтийг хийхгүй байгаа хүмүүсийг гайхдаг. Амьдрал өөрчлөгдсөн. Бидний үзсэн харсан, идсэн, уусан юм бүхэн өөрчлөгдсөн. Амьдралыг битгий XII, XIII зууны линзээр хараач. Дэлхий нийт хөгжиж байна. Том завин дээрх нэг жижиг хэсэг нь бид. Тасраад үлдчих боломж байхгүй. Тэгвэл бид амьдралдаа дүрэм журмаа зохицуулаад, бусад улсуудыг дагадаг биш манлайлдаг байх ёстой. Одоо бид дагаж ч чадахгүй байна. Өнөөдөр бүлэггүй цөөнхтэй явж үзлээ. Цөөнхгүй Их Хурлын даргаа томилдгийг харлаа. Энэ бүх асуудлыг шийдэхгүйгээр цаашид явбал бидний хүсээд буй тэр сайхан нийгэм улам холдоно. Бид ирээдүйд ямар нийгэм үлдээхээ бодохүй байна. Өөрсдөө болж байвал бусад нь хамаагүй гэж боддог явуу­лын тонуулчин сэтгэл­гээнээс салах хэрэгтэй.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг ард нийтээр зөвшөөрүүлээд дараа нь АН өөрсдөдөө ашигтай хувилбараар хуулийг өөрчлөх вий гэсэн хардлага байгаа шүү дээ?

Бид хийж үзэж, алдахгүйгээр амжилтад хүрэхгүй. Хийж үзэх ёстой. Хийх ёстой. Алдсан бол засдаг тогтолцоог нь буцаагаад бүрдүүлэх хэрэгтэй. Хийхгүй байна гэдэг өөрөө гэмт хэрэг. Ирээдүй болоод өөрсдөд нь итгэл өгөөд сонгосон ард түмнийхээ өмнө хийж буй гэмт хэрэг.

Харин Сонгуулийн хуулийн тухайд юу хэлэх вэ. Саналын хуудсыг гараар, машинаар тоолно гэдэгт улс төрийн гол хоёр хүчин эсрэг тэсрэг байр суурьтай яваад байна?

Заавал хянаж, дахин тоолох ёстой. Санал хураалтын хуудсуудыг уст­гад­гийг болиулах хэ­рэгтэй. Хэдэн ч жилийн дараа ард түмний сонголтыг энэ нөхдүүд яаж луйвардсаныг гаргаж ирж, нотлох боломжийг ирээдүйд бид олгох үүрэгтэй. Хулгайч, дээрэмчдийг цээрлүүлэх ёстой. Саналын хуудсыг нэг жилийн дотор устгадаг тэр заалтыг заавал авч хаях нь зүйтэй. Хулгайлчихаад, хулгайн зам мөрөө завхруулахын тулд санал өгсөн хуудсыг устгаж байгаа хэрэг. Сонгуулийн хуульд өөрчлөлт зайлшгүй хийх ёстой. Сонгуулийн тухай дөрвөн хуулийн төсөл явж байна гэдэг бол энэ парламентын дампуурал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

сүхгэрэл
2015 оны 12-р сарын 15

Үндэсний өндөр мэргэжил бүхий хүмүүсээр баялаг ч том том чухал асуудлууд дээр дуу гардаг болоосой. Project finance гэдгийг наад нам, УИХ-ынхандаа нэг тайлбарлаад бас тэр 5-р сарын хууль бусаар зурсан баримт бичгээр тохирсон нөхцлүүдэд үнэлгээ өгөөч.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *