Ч.Бадрал: Ж.Вердийн бүтээлээс дуулах дуртай

11-р сарын 21, 2017 9:00 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 47
11-21-8х

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучин Ч.Бадралыг урилаа.

Таны хувьд энэ жил уран бүтээлийн олз омог арвин өнгөрч байна. Сүүлд оролцсон тэмцээнийхээ талаар сонирхуулаач?

-Хамгийн сүүлд Австрид болсон дуурийн дуулаачдын уралдаанд оролцож II байр эзэллээ. Энэ удаагийн тэмцээн дэлхийн дуучдын чансааг шалгасан, ур чадварыг сорьсон гэж ойлгож болно. Мөн Италийн Милан хотод болсон олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд III байр эзэлсэн. Энэ жил миний хувьд ургац арвин, амжилт бүтээлээр дүүрэн өнгөрч байна.

Гайхалтай байна. Таны амжилт зөвхөн энэ тэмцээнээс гадна жагсаалт гаргам урт юм. Үүнээс дэлхийд алдартай Глинкийн нэрэмжит дуулаачдын уралдааныг онцолмоор байна. Дэд байрт шалгарсан байх аа?

-Одоогоос гурван жилийн өмнө тус тэмцээний XXV уралдаанд оролцож, дэд байрт орсон. Мөн шилдэг баритон хоолойтон гэсэн шагнал хүртэж байлаа. Энэ тэмцээн чансааны хувьд өндөрт эрэмбэлэгддэг. Хэдийгээр уралдааны болзол болон миний биеийн байдал жаахан тааруу байсан ч энэ боломжийг алдахыг хүсээгүй. Тиймээс бүх чадлаараа хичээсэн. Орос, Монгол, Герман, Италийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулсан.

Та Магнитогорскийн театрын гоцлол дуучин болоод багагүй хугацааг үдлээ. Театртаа хэр дасч байна?

-2015 оноос театртаа ажиллаж байна. Хэдийгээр олон дуурьт дуулаагүй ч анхны театр минь гэсэн утгаараа сайхан санагдаж байна. Одоо сурч байгаа учир үргэлж очиж амжихгүй юм. Гэхдээ уран бүтээлээрээ байнга холбоотой байгаа. Үүнээс гадна би чинь эх орондоо тангараг өргөсөн цэрэг шүү дээ. 2009 оноос ЦДБЭЧ-даа ажиллаж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Одоо ч гоцлол дуучнаар ажиллаж байна. Энэ хамт олон, зэвсэгт хүчин намайг өдий зэрэгтэй болгосон.

Удахгүй чуулгын тань 20 жилийн ой болно. Эх орондоо ирж дуулна биз дээ?

-Манай чуулгынхан ойн тоглолтоо ирэх сард хийхээр төлөвлөсөн. Мэдээж гоцлол дуучны хувьд баяртаа оролцож, дуулна. Эх орон, чуулгынхаа тайзыг санаж байна. Бас жаахан догдлол байна.

Ажил, амьдралын гараагаа эхэлсэн чуулгынхаа тухай яриач. Анх хэрхэн энэ хамт олны нэг болж байв?

-Миний дуучин болох, ЦДБЭЧ-тай холбогдох замыг Соёлын тэргүүний ажилтан Б.Батбаатар ах нээж өгсөн. Сайн дуучин болж ахынхаа ачийг хариулахсан гэж бодож явна. Анхны тоглолтод оролцохдоо  Т.Насанбуян гуайн “Нисгэгчийн дуу”-г дуулж, дахиулаад л. Чуулгадаа хамгийн бага нь би байлаа. Тухайн үеийн мундаг дуучин ах эгч нар их урам өгсөн. Тиймээс чуулгын хамт олон болон тайзаа миний ирээдүйн замыг зассан буянтай газар гэж боддог.

Алдарт дуучин Наташа Булдышeватай ОХУ-ын Ардын жүжигчин Надежда Обуховагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Ч.Бадрал, Б.Монголхүү нар улсаа төлөөлөн амжилттай оролцсон юм.

Эх орноо санадаг байх даа?

-Сэтгэлд минь үргэлж уяатай явдаг. Өсч төрсөн нутаг, аав ээж, хайртай хүмүүс минь Монголд бий. Тэднийгээ үргэлж зүүдэлнэ. Нутагтаа очоод дуугаа дуулаад, салхи татуулан давхиж явах сайхан шүү.

Хөдөө өссөн юм чинь адуунд эрэмгий л байх даа?

-Аав минь уяач хүн. Багаасаа аавыгаа дагаж морь унадаг, уралддаг хүүхэд байсан. Айлын бага хүүхэд болохоор аав минь битүүхэн эрхэлүүлнэ. Эмнэг, догшин адуунд тэр бүр мордуулдаггүй байсан.

Уяач аавын хүү яагаад дуучин болохоор шийдсэн юм бэ?

-Багаасаа дуучин болох хүсэлтэй байсан. Аав минь их сайхан дуулдаг. Мэргэжлийн сургуульд сураагүй ч байгалиас заяасан авьяастай гэж хэлж болно. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж дуучин болсондоо баярладаг.

Гэр бүлд тань таниас өөр урлагийн хүн бий юү?

-Ээж минь насаараа улсад ажилласан. Харин ах Ч.Бадар-Ууган эмч мэргэжилтэй. Эгч Ч.Оюунтүлхүүр багш. Тэгэхээр би л ганцаараа урлагтаа үнэнч зүтгэж байна.

Эх орныхоо театрт дуулахгүй юм уу?

-Эх орныхоо театрт ажиллах сонирхол бий. Магадгүй цаг хугацаа харуулах байх. Зорьсон, төлөвлөсөн ажлаа гүйцээчихээд энэ талаар бодно.

Та Оросын урлагийн академийг төгссөн. Үргэлжлүүлээд сурч байгаа юм уу?

-Урлагийн академиа төгсөөд сургуулийнхаа урилгаар одоо магистрт сурч байна. Орос орон, оюутан настай минь холбоотой олон сайхан дурсамж бий. Анх сурахаар ирчихээд метронд суух мөнгөгүй учир үргэлж явган явдаг байлаа. Алхахдаа нутгийнхаа тухай эсвэл дуурийн ари аялаад л. Нэг мэдэхэд гэртээ оччихсон байдаг байж билээ.

Та Улаан талбайд дуулсан анхны монгол дуучин болсон. Тухайн үед бахархаж суулаа?

-Олон хүний өмнө төрийнхөө алтан соёмбыг тэргүүндээ залаад дуулна гэдэг сайхнаас гадна нэр төрийн хэрэг байсан. Тэр өдөр миний төрсөн өдөр тохиож, баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон.

Танд дуулахыг хүсдэг, мөрөөддөг уран бүтээл гэж бий юү?

-Ж.Вердийн бүтээлээс дуулах дуртай. Миний хоолойд ч тохирдог юм. Амархан урлаг гэж байдаггүй. Ялангуяа дуурийн дуучин хүн цаг минут бүрт хөдөлмөрлөж, зүтгэсний эцэст амжилтад хүрч чадна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Comprar Cialis Rosario cialis 5mg Walmart Discount Drug List Propecia Precios Order Nexium Samples Online

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Buy Priligy Online Nz Como Comprar Cialis En Espana Amoxicillin Clavulan Dosage Information cialis Cialis 40 Mg Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *