Буян уу…

11-р сарын 1, 2013 11:17 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 754
Танай хүн одоо тэнгэрт Бурханы баруун гар талд сууж байна.

/эргэцүүлэл/

-Танай хүн одоо тэнгэрт Бурханы баруун гар талд сууж байна. Сайн хүн байжээ, хөөрхий. Насны хэмжил тулсан болохоор яахав цаг нь болоод яваад өгч. Тэр их хүний буяныг дааж хүүхэд нохой сайн хооллоорой.

 Хайртай нэгнээ алдаад аргаа барсан хүмүүсийг тайвшруулдаг энэ үг.  Орон зай, цаг хугацаан дөрөвхөн хэмжээст орчлонд зөвхөн өөрийн мэдэрдэг тав дахь хэмжээст болох дотоод сэтгэлийн хэрээр ухаарлаа ухаарлаа гээд, нүдэнд харагдах гарт баригдах цөөхөн хэдхэн мэдрэхүйнхээ зоргоор ойлгож чадахгүй оршихуйг яалтай. Сайхан үг хэлсэн мэргэ төлөгчид талархаж суухаас өөр юуг хийж чадах билээ.

Хэн хүнгүй л нэг ийм заншлаар хандаж ирсэн цаг үе саяхан. Хэдийнээс эхлээд ингэж өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй ч өнөөгийн монгол айл гэрийн дүр төрх тун ч хачирхалтай өрнөж байх юм. Худал хэлдэг хүнд айл бүр нэг бөөтэй. Нэг христчинтэй, нэг мэрэгч төлөгчтэй.Тэгээд зогсохгүй феньшу, энерги гээд алийг нь дагах вэ гэмээр олон урсгалын олон өөр үзэл бодол, шашин шүтлэг ноёрхож, бүгдийг нь дагая гэхэд бараг нус нийх ч өдөр олдохооргүй ийм болтлоо хэдийдээ өөрчлөгдчихөө вэ монголчууд бид чинь?

Гадны нэгэн сайтад “Царайлаг, тун царайлаг удган охин” гэсэн нийтлэл байх. 20 гаран кило хүнд хувцсыг дааж ядан 10 жил бөөлж байгаа аж. Бөөлөх үед биед ямар сүнс орсноос шалтгаалж бүжиг хөдөлгөөн үг хэл дуу авиа идэх уух нь өөрчлөгдөж байна гэнэ. Эрэгтэй сүнс орохоороо эрэгтэй хоолойгоор дуугарч, хатуу тамхи нэхэж, / татуулж/ архи ихээр ууна. Настай эмэгтэйн сүнс оронгуутаа настай хоолойгоор ярьж мөн архи тамхи хэрэглэдэг юм байх. Царайлаг охинд тэр байтугай мөлхөө жаалын сүнс ч орж тараг нэхээд эхэлсэн гэж байх юм. Мөн өөрийн шавь нь / өөр нэг бөө болсон хүү/ солонгос явахдаа бөөгийн эд хэрэглэлээ орхиж явснаас бие нь муудсан гэж нөгөө царайлаг охин хувцсыг нь өмсөж бөөлсөнөөр бие нь сайжирсан гэнэ.

Юу гэмээр юм бэ дээ. Хэн нэгэн сэтгэл муутай үйл хийж, алдаа дутагдал гаргах бүртээ өөр нэгнийг дуудаад ийм маягаар бөөлүүлээд, архи уулгаж тамхи татуулаад, бас янз бүрийн хоолойгоор дугараад л нөгөө хүний хийсэн гэм нүгэл алга болж сайн сайхан амьдарна…. Итгэхэд мөн ч бэрх хэрэг шүү. Өөрөөр хэлбэл хүн бол харгис алуурчин байсан ч болно. Засвал бөө л засна өөрөө бол жаахан мөнгө зарахад л болно гэсэн үг…

Саяхан даа нэг танил маань аргаа барчихсан явж байна. Хотоос гарч баруун аймаг руу гарах гэтэл лам мэргэлээд хавь ойрд замд гарах сайн өдөр алга. Хүлээх хэрэгтэй гэж хэлсэн байна. Айхгүй ч аягүй гэж ажлаа алдан хүлээж хүлээж хэлсэн өдөр нь гараад машинтай мөргөлдөн жалга руу унаж машин нь авах юмгүй болж өөрөө хүний машины өрөнд ороод дууссан гэж явган шогшиж байна. “Хөдөө аймаг руу анх удаа явж байгаа юм уу” гэж асуухад минь тэрээр зөндөө л явж байсан л даа. Эхнэр л сүүлийн үед их сүжигтэй болчихоод байгаа юм гэлээ. Бас л хэлэх үг олдсонгүй. Мэдээж эхнэр нь “ Тээр, ламаас асуугаагүй байсан бол, амь насаа ч алдах байсан юм бил үү” гэж баярласан биз. Харин өмнө нь олон жил онхолдоо ч үгүй, яагаа ч үгүй яваад ирснийг нь тооцолгүй хожим юм л бол хэдэн цаасаа тэр лам руу бариад гүйх байх даа…

Ингээд бодохоор хүмүүний сэтгэлгээ сул дорой дийлэхгүй зүйлийнхээ өмнө мөн ч ядмаг байгаа хэрэг шүү.  Нүдэнд харагдахгүй оршихуйг өөр өөрөөр төсөөлж, өөр өөрөөр заншил гаргаж ирснийг шашин гээд хэлчмээр ч юм уу.

Сайн муу явах санааных уу, шашных уу, эсвэл бүр өөр хүчин зүйлээс үү гэдгээ бид үнэндээ баттай мэддэггүй. Хийсэн буян нүгэл мөнгөөр хэмжигдэнэ гэвэл, өнөөх л нүдэнд харагдаж гарт баригддаг ертөнцийг ноёлж байдаг бийлэг баярхуу хүмүүс хамгийн буянтай нэгэн болох нь. 

Буян гэгч ингэхэд юу юм бол? Нохой хооллох, ядууст өглөг өгөх, хэн нэгний бусдаас дутуу хэрэгцээг жаахан илүү нэгэн нь өгөх зэрэг юм бол, ядууст лав буян хийх боломж алга. Төвдөөр бичсэн судрыг цээжилж арц уугиулж, онгод бөө сүнс дуудах нь буян юм бол төвд хэл тангад номгүй мань мэт энэ насаараа буянгүй амьдрах нь…

Саяхан би интернетээс “Бусдад буян түгээх ажилд нэгдэцгээе.!” гэсэн зартай шашны тусгай сайтад санаандгүй зочиллоо. Тус сайтын зохиогч нь Александер Берзин гэгч  Дорно дахины судлаач, Энэтхэг судлаач, далай багшаас ном заалгаж, орчуулагчаар нь ажиллаж байсан нэгэн гэнэ.  Энэ ч яахав хамгийн гол нь энэ сайт хүнд буян өгнө гэсэн байх юм. 

Буян гэдгийг зуршил болсон массын сэтгэхүйгээр бодоод үзэхээр бусдад хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлнэ гэсэн үг гэж ойлгож болохоор байдаг. Гэтэл  буян өгнө гэж уриалсан сайт өөрөө 150 мянган ам.долларыг боловсон гэгч нь нэхэмжилсэн зар байршуулчихаж. Хэлэх үг алга. Сайтаас ядмаг би л лав буян байтугай хэрэгтэй мэдээлэл олоод авчихаж чадах шинж алга.  Сайтад тавьсан лекцийг уншиж татаж авах нь буян юм уу, сайтын санхүүг бүрдүүлэх нь буян юм уу?

Биднээс үл хамаарах далд оршихуйн өмнө хүний сэтгэл ийм л балчир аж. Хэзээ нэгэн цагт бидний “дотор хүн” энэ ертөнцөөс нүцгэн буцна гэдгээ л ухаарсан байхад шашинтай шашингүй  уг нь “гэгээрнэ дээ” …

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *