Бурхны өглөг хийгээд эмч хүний нэгэн жаргалан

9-р сарын 21, 2015 10:45 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 188
Хайруллагийнхан гэх эмч нарын нэгэн арми Монголын эрїїлийг хамгаалах байгууллагын их ачааг їїрэлцэж яваа гэж болно. Тэд дєрвєн їеийн эмч нараас бїрддэг. Х.Хусаян, Ардын эмч Ж.Хайрулла, зээ хїї С.Абай нар.

Р.ОЮУН

П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Х.Хусаяныг энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийнхаа зочноор урьсан юм.

Бид түүнтэй Ж.Хайрулла эмчийн өрөөнд уулзахаар цаг тохирсон юм. Тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Ж.Хайрулла эмчийн нэрэмжит болгосон бөгөөд тэрээр энэ тасагтаа зөвлөх эмчээр ажиллаж байгаа билээ.

Хусаяны аав төрд үнэлгээтэй, түмэнд танил тархины нэртэй эмч Ж.Хайрулла байж таарав.

Монгол Улсын ардын эмч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич хүн гэдгийг хэн ч мэднэ дээ Хайрулла гуайг. Өвгөн эмч нэг удаа сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Энэ хүний эмч. Тэгээд хүмүүсийн тархи толгойд мэс хүргэж эмчилдэг хүндхэн мэргэжлийг бурхан надад өгсөн байх” хэмээн хэлсэн тухай уншиж байсан билээ.

Нээрээ Хайрулла гуайг эмч болгохдоо бурхан их зовоогүй биз ээ. Яагаад гэвэл түмэнд тус хүргэх энэ алба насан туршийн чинь үүрэг шүү гэсэн байх. Тэгэхдээ бүр үр хүүхдээсээ, ач, зээ нартаа энэ албаа бас үүрүүлдэг юм шүү гэсэн болов уу. Ингэж бодсон минь буруу биш байх. Учир нь Хайрулла гуайн хүү Х.Хусаян эмч, Хусаяны хүү мөн л эмч гээд л явж өгнө. Тэр ч байтугай охиных нь хүүхэд хүртэл эмчийн мэргэжил эзэмшсэн. Гэхдээ бүр тархины мэс заслын “доктор”-ууд гээд бод л доо. Тийм л бурхны өглөг хүртсэн удам залгасан эмч нар.

Х.ХУСАЯН УУ, КОСТЯ ЮУ?      

Х.Хусаян эмч тархины мэс засал хийж байгаа нь. Японы Осака хот 1999 он. 

Х.Хусаян эмч тархины мэс засал хийж байгаа нь. Японы Осака хот 1999 он.

Өгүүллийн эхэнд нэг санаа гаргасан даа. Түүндээ үндэслэн Хусаян эмчийг Костя гэдэг болсон тухай асуултыг аав Хайрулла гуайд тавьсан юм. Тэрээр “Хусаяныг бага байхад манайх нэг орос айлтай хөрш байлаа. Тэднийхэн манай хүүхдийн нэрийг хэлж чадахгүй болохоор өөрсдөө Костя” гэж дууддаг юм байна. Тэгсэн тэр нь хавь ойрныхон, ах дүүсийн дунд түгэж Костя гэдэг болсон.

Бас нэг дурсамж хэлье. Мэс заслын төлөвлөгөөнд Хусаян эмч гээд биччихэж. Тэгсэн нөгөө өвчтөний ар гэрийнхэн “Бид Хусаян гэдэг эмчийг мэдэхгүй юм. Тэр Костя эмчээр нь хагалгаа хийлгэмээр байна” гэхэд нь “Би тэднийг жаахан цаашлуулж. Костя завгүй ээ” гэсэн чинь нөгөө хүмүүс бүр сэтгэл санаагаар унах янзтай. Тэгэхээр нь би учгийн зангилгаагаа тайлж “Хусаян гэдэг чинь та нарын хүсээд байгаа Костя чинь шүү дээ” гэвэл бүгдийнх нь царайд инээмсэглэл тодорч байж билээ. Миний хүүгийн хоёр нэрний учир ийм. Гэхдээ хүүгийн маань төрд данстай нэрийг Хусаян гэдэг гэлээ.

Хусаян эмч аав ээжээс тавуулаа. Гурван хүү, хоёр охинтой айлын гурав дахь хүү. Эднээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн нь өөрөө. Тэрээр Улаанбаатар хотын хоёрдугаар төрөхөд мэндэлжээ. Түүний бага нас бусад хүүхдийн адил аав ээжийнхээ гар дээр өсч цэцэрлэг, сургуулиар дамжаад их сургууль төгсчээ. Тэрээр хүүхэд байхдаа дугуй унадаг. Сургуулийнхаа уралдаан, тэмцээнд оролцдог байжээ. Дугуйнаас өмнө хоккейн спортоор хичээллэдэг байсан аж. 33 дугаар сургуульд сурч байхдаа хоккейгоор нийслэлийн аварга хүртэл болж байжээ. Тухайн үеийнхээ орос, чехийн хоккейчдийг сайн мэддэг. Тэдний зураг, зурагт хуудсыг цуглуулдаг байжээ. Оросын нэрт тамирчин Харламов, Фитисов, хаалгач Третьяк нарыг их шүтдэг байснаа ярьж байлаа.

Тэрээр эмч болно гэж мөрөөдөж байгаагүй гэх. Харин аав нь эмч байсан болохоор дөрөв, тавдугаар ангиасаа аавыгаа дагаж эмнэлэг дээр жижүүр хийж хонодог байжээ. Энэ үеэс л эмч мэргэжил сайхан юм байна гэж ойлгоод есдүгээр ангид байхдаа аавтайгаа хамт хэвлийн хөндийн хагалгаанд орж үзжээ. Тэрээр энэ тухайгаа “Эмчийн гэр бүлд төрж, өсч хүмүүжсэн болохоор аяндаа сонирхол төрдөг юм билээ. Намайг хүүхэд байхад аав өвчтөнийхөө зовлон зүдгүүрийн талаар ярьж, санаа зовж хийсэн хагалгааныхаа үр дүнг ярьдаг байсан нь эмч хүний ажил, амьдралын өрнөл байж. Тэр нь надад нөлөөлсөн гэж байв.

Их сургууль төгссөнийх нь дараа аав, хүү хоёрын хооронд бага зэргийн асуудал үүссэн гэдэг. Учир нь мэдрэлийн мэс засал анагаах ухааны хамгийн хүнд нь эмч хүнээс өндөр мэдлэг, чадвар шаарддаг. Хэцүү ч гэж болох. Тиймээс хүүгээ энэ айхтар хүнд мэргэжилд сургаад яах вэ. Бусад эмчтэй адилхан ерөнхий мэс заслын эмч болог гэж бодоод хөдөө ажиллуулж, улмаар нэгдүгээр эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч болгов. Гэтэл нэг өдөр Хусаян аавдаа “Би таны номыг ашиглаж таны мэргэжлийг уламжлахгүй юм бол эмчийн ажлыг хийхгүй ээ” гэж шуудхан хэлжээ. Түүний цоргисон харцыг ажвал хүзүүн дэх чагнуураа өөдөөс нь шидэх маягтай байсан гэдэг. Тэгээд Хайрулла гуай хүүгийнхээ сонирхлыг боолтой нь биш “За тэгвэл тэг” гээд өөрийнхөө тасагт авсан байдаг. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл аав хүү хоёр хамт ажиллаж байгаа юм билээ.

ЭМЧИЙН ХҮҮХЭД ЭМЧ, ГУТАЛЧНЫ ХҮҮХЭД ГУТАЛЧИН

Х.Хусаян эмч анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд 1984 онд Нэгдүгээр эмнэлгийн яаралтай мэс заслын тасагт ажиллаж байгаад 1985 оноос гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт, 2001 оноос тасгийн эрхлэгч болжээ. Аав гэдэг бурхныхаа дэргэд бас мэргэжлийг нь өвлөөд явж байгаа даа баярладаг шүү гэж тэр ярьж байв. Юм бүхэнд учир зүй гэж бий.  Тэгвэл 1966 оны аравдугаар сарын 13-нд Монгол Улсад хамгийн анхны тархины хагалгаа хийсэн өдөр Хусаян эмч төржээ. Энэ бас нэг ерөөл биз. Аавынхаа үүсгэн байгуулсан салбарт, Монголд төдийгүй дэлхийд залуу шинжлэх ухааны ололтыг цаашид чадах ядахаараа авч явах юмсан гэж бодон энэ мэргэжлийг сонгосон ч юм бил үү. Орос, Хятад, Япон, Израиль, Герман, АНУ, Пакистанд мэргэжил дээшлүүлжээ. Израильд мэргэжил дээшлүүлэхээр сурч байхад тэндэхийн эмч нарын ихэнх нь удам дамжсан хүмүүс байдаг нь  сонин байв. Тухайлбал, эмчийн хүүхэд эмч, гуталчны хүүхэд гуталчин байх ёстой” гэсэн үзэл бодол байдаг тухай тайлбар өгч байна лээ.

 Хусаян эмчээс та ер нь хэчнээн мэс засал хийсэн бэ гэхэд энэ талаар нарийн тооцоолоогүй ч ойролцоогоор 19 мянган хүнийг аюулт өвчнөөс нь салгасан гэж байлаа. Сүүлийн үед мэс засал их нэмэгджээ. 2005 онд жилд 125 мэс засалд орж байсан бол 2012 онд 1000 болж. Одоо бол амралтын өдрүүдэд ч мэс засал хийдэг гэж байсан. Харин энэ мэргэжлийг дэмий сонголоо гэж харамсаж, шантарч байгаагүй нь Хусаян эмчийн мэргэжлээ зөв сонгосных биз ээ.

Одоогоос 40, 50 жилийн өмнө өнөөгийнх шиг томограф, МRI гэж байсангүй. Алх, чагнуураар л оношлодог байжээ. Модон чагнуураар чагнаж үзээд, алхаараа тогшоод “Тэнд нь тийм юм байгаа бололтой гэдгийг нууцгүй хэлэхэд таамагдуу оноштой байж”. Анх мэс засал хийж байсан жилүүдэд долоо хоногт 2-3 мэс засал хийдэг байсан. Гэтэл одоо долоо хоногт 30-40-ийг хийдэг гэнэ.

30-100 ТЭРБУМ ГЭДЭГТ ИХ ЗӨРҮҮ БИЙ

Гурван үеийн эмч нар. 2014 он.

Гурван үеийн эмч нар. 2014 он.

ХХ зууны үед мэдрэлийн мэс засал уураг тархи үйл ажиллагаатай 30 тэрбум эсээс бүрддэг байж. Гэтэл XXI зуун гарснаас хойш 30 биш 100 тэрбум гэж ярьдаг болсон нь хүний уураг тархи гэдэг тийм нарийн бүтэцтэй. Эс бүхэн тодорхой үүрэгтэй байдаг аж. Хүний үйл хөдлөл, бодол санааны өөрчлөлт тэр бүхнийг шүүн тунгааж, хариу хэлж байдаг эд эс тархинд багтдаг гэхээр өнөөгийн компьютертэй ч зүйрлэшгүй юм.

Тиймээс хүний тархи толгойд гар хүрч, дураараа авирлаж болдоггүй. Монголчууд дээр үеэс хүн бүү хэл малын тэргүүнд ташуур хүргэхийг цээрлэдэг. Энэ нь цаана их учиртай байдаг юм байна. Өнөөгийн шинжлэх ухаанаар зүрх, бөөр, элгийг сольж, суулгаж чадаж байна. Гэтэл тархи, нуруу нугас солино гэж байхгүй. Харин энгийнээр хэлэхэд засвар л хийдэг гэж болно. Тархины мэс заслын хүнд нь тэндээ оршдог байх юм.

 Надтай ажиллаж байгаа 10-аадхан хүн үлдэж. 20-оод нь энэ мэргэжил чинь хүнд юм байна, чадахгүй гээд яваад өгсөн. Харин одоо ажиллаж байгаа хүмүүсээс бахархууштай бүтээлүүд гарч байна хэмээн Х.Хайрулла эмч ярьсан юм.

Ер нь дэлхийн шинжлэх ухааны хэмжээнд хийж байгаа тархи, мэдрэлийн мэс заслыг нэлээд нарийн төвөгтэйд тооцдог. Арга барилууд нь Монголд нэвтэрч л байна. Хусаян эмч гэхэд өнчин тархинд мэс засал хийдэг. Хуучин цагт тархины мэс заслыг хийхдээ духны хэсгийн арьсыг хуулж, ясыг нь хөрөөдөөд тархийг нь ямар нэг хэмжээгээр дээш нь хөндийлөөд хавдрыг нь авдаг байсан. Гэтэл өнөөдөр өнчин тархины хавдрыг хамрын хөндийгөөр дамжуулаад авдаг арга дэлхийн хөгжилтэй орнуудад бий болсон. Үүнийг Монголд Хусаян эмч анх удаа нэвтрүүлсэн. Одоо залуу эмч нарт арга, ажиллагаагаа өвлүүлж байна.

Өнөөдөр Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллаж байгаа Аваажигмэд, Батчулуун, Энхболд, Хайрулла гуайн зээ хүү Абай нар тархин дотор байгаа судасны хагарч, цоорсныг битүүлж залгах зэрэг судсан доторхи маш нарийн мэс заслыг хийж амжилтад хүрч байгаа юм байна. Дагалдаж байгаа Алтан-Очир, Батболд, Анар, Орхонтуул гэсэн залуус Хусаян эмчийн шавь. Тэдний ажил үйлсийн үрээр дэлхийн хөгжилтэй орнуудын хэмжээнд хийж байгаа мэс заслуудыг манайхан 100 биш ч гэсэн 80-90 хувийг нь хийж чаддаг болжээ. Үүнийг хөгжил дэвшил гэж хэлж болно.

МАРГААШ ГЭЖ ХОЙШ БҮҮ ТАВЬ

Хусаян эмч ярихдаа “Аавын хамгийн гол чанар бол хүнийг энэ дарга даамал, ихэс дээдэс гэж боддоггүй. Өвчтэй хүн гэдэг бол эмч хүнээс аврал эрж яваа. Тиймээс өвчтэй хүн бүгдэд адилхан үйлчлэх ёстой. Сэтгэлээсээ хайрлаж, өрөвдөх ёстой. Хүн өөрөө өвдөж, зовоод ирэхээр хүнийг илүү сайн ойлгодог юм шүү гэж зөвхөн надад ч биш, манай дүү, бусад эмчид адилхан зааж сургадаг. Аавын маань жанжин шугам нь ажлыг маргааш гэж хойш бүү тавь. Өнөөдрийн юм өнөөдөртөө байх ёстой” гэдэг. Энэ сургаалиар хүмүүжсэн болоод тэр үү миний хэлэх дуртай үг бол “Төдөн цагт уулзана гэсэн бол хэлсэндээ байх ёстой. Хүнийг хүлээлгэх дургүй. Цаг барьж сурах нь их чухал. Ялангуяа, мэс засалч эмчийн ажилд их хэрэгтэй. Багаараа ажилладаг байхад нэг эмч ирэхгүй бол хүлээгээд сууна. Бид ямар мод, барилга барих гэж байгаа биш шүү дээ. Хүний амь гэдэг юунаас ч илүү эрхэм” гэсэн юм.

Хусаян эмч эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Гэргий Нүргүль нь Харилцаа, холбооны агентлагт Гадаад харилцааны мэргэжилтэн. Том хүү Жан өвөөгийн хайртай ач, бас мэдрэлийн мэс заслын эмч болж байгаа ажээ. Тэрээр хүүгээ эмч бол гэж хэлж байгаагүй ч хүү нь өөрөө энэ мэргэжлийг сонгожээ. Хусаян эмч аавдаа хэлж байсан “Энэ хүнд мэргэжил учраас хөнгөн мэргэжлийн эмч болвол яасан юм бэ гэхэд “Үгүй ээ. Би заавал таны мэргэжлийг эзэмшинэ” гэдэг үгийг хүүгээсээ сонсчээ.

Амралтын өдрөөр эхнэртэйгээ Богд ууланд алхах дуртай. Гэртээ домбор хөгжимтэй ч тоглож чаддаггүй. Өвчтөнүүд нь өөрийн гараар хийсэн домбор, морин хуурыг дурсгажээ. Аав нь пионерийн ордны баян хуур хөгжмийн дугуйланд оруулахад төдийлөн шамдаагүй гэдэг. Одоо ч баян хуур хөгжим ховор болж. Байгаа газар нь сумын төв. Хааяа хөдөө ажлаар явж байхад энэ хөгжимтэй таарвал ганц хоёр вальсны ая тоглодог гэсэн. Аав нь загасчлах дуртай болохоор Хусаян эмч хүүтэйгээ бас Абайтай хэдүүл загасчлах дуртай гэсэн.

Миний хүү Жан сайн загасчин шүү гэж магтах юм. Гэр бүлээрээ жил бүр Хөвсгөл рүү аялдаг ажээ. Мөн Цагаан сараар тасгийнхаа ахмад эмч нартаа очиж золгодог. Наадмын нээлтэд заавал очдог. Бөхийн сүүлийн найм, дөрвөн бөхийг, хурдан морь үзэх дуртай. Хусаян эмчийн найзууд морь уядаг учраас морь руу очдог болж.

 Хусаян эмчийн эгчийнх нь хүү Абай сайн эмч болж байгаа гэх. Учир нь өвөөгийнхөө хийж байгаагүй нарийн мэс заслыг Монголд анх удаа тэр хийжээ. Энэ нь тархины бөглөрсөн судсыг өөр судсаар орлуулаад залгадаг мэс засал бөгөөд нэлээд нарийн төвөгтэй хагалгаанд тооцогддог аж. Хүний нүдэнд үл харагдах энэ мэс заслыг маш нарийн микроскофоор харж залгаж оёно. Гэхдээ урагдсан хувцас оёх шиг юм огт биш. Чимхлүүр ажил. Тархины мэс засал чимхлүүрийн чимхлүүр юмсанж. Түвэгтэйн дээр бас өндөр хариуцлага. Тэр нэхэл бүхнийг эмч хүн ухаанаар хариулдаг байна.

ДЭЭРЭЭ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООРОО ГҮЙДЛЭЭ ОЛОХГҮЙ

Бидний ярианд Ж.Хайрулла эмч хөндлөнгөөс оролцохдоо боловсон зангаараа уучлал эрэнгээ нэгэнт сонины хүмүүс ирсэн дээр болохгүй байгаа нэг зүйлийг хэлмээр байна гэлээ. Тэрээр “Сүүлийн 3-5 жилд элбэгшээд байгаа айхтар өвчин бол тархины цус харвалт, зүрхний шигдээс юм. Энэ асуудлыг дэлхий дахин ч онцгой анхаарч байна. Манайд ч гэсэн холбогдох хүмүүс анхаарч гуравдугаар эмнэлэгт тархи, зүрхний харвалтын төв гэдгийг байгуулсан. Энэ төв нь 2-3 жил болж байгаа ч хуурмагхан ажиллаж байна. Нууцгүй хэлэхэд “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг л юм болж байна шүү дээ” гэлээ.

Тэрээр цааш нь “Үнэндээ гуравдугаар эмнэлэгт харвалтын төв байгаа гээд өвчтөнийг явуулаад байдаг. Явуулсан бүгдийг нь авъя гэтэл ор, эмч, багаж, тоног төхөөрөмж нь хүрэлцэхгүй гэнэ. Чадвар муутайнаа тооцолгүй худал хэлж зарлачихаад, ажил үйл нь оронцоглоод байж байгаа нь үнэн. Үүнийг яах ёстой вэ гэхээр боломжоор хангах  ёстой. Боломж гэдэг нь эмч, ор, сувилагчийн тоог нэмэх хэрэгтэй” гэсэн юм.

Хайрулла гуай хошигносон аястай “Гуравдугаар эмнэлгийн дарга Төмөр-Очирыг түүгээрээ учрыг нь ол гэж дээрээс зандарсан ч юм уу, загнаж тушаасан ч байж магад. Төмөр-Очир гэрээсээ юм авчраад тавих биш. Гэхдээ энэ төв тав, гурван хүнийг ч гэсэн авч тусламж үзүүлж байгаа ч шаардлагын хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байгаа бололтой. Эндээс ургуулаад бодохуй өнөөдөр бид чинь юу хийж бүтээж байгаа билээ. Ганцхан Эрүүлийг хамгаалах тал дээр биш өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангах чадвар мөхөж байна.

Хэрэв Монголд даавуу материал үйлдвэрлэдэг болбол нэг метрийг нь нэг сая төгрөгөөр худалдаж авья гэж телевизээр нэг хүн ярьж байх юм. Энэ юуг харуулж байна вэ. 25 жилийн өмнө даавуу, арьс ширээ, гутал хувцсаа үйлдвэрлэдэг байсан Монгол маань өнөөдөр үйлдвэрлэлийн хувьд мөхөсхөн нэг метр даавууг сая төгрөгөөр авъя гэж хэлүүлэх хүртлээ хөгжлөөр ухарчихав уу гэдэгт сэтгэл зовж явдаг хүн олон байна уу. Хүн насан туршдаа хийж бүтээж, өөрчлөлт шинэчлэлт, амьдралаа залж залруулж явах ёстой” гэсэн юм.

Яагаад ч засч залруулж болдоггүй нэгэн зүйл байдаг. Тэр нь хувь тавилан, бурхны өглөг. Хусаян эмчид ч тэр хувь тавилан гээч нь “Чи эмч бол. Гэхдээ бүр эцгийнхээ эрдмийг өвлөж ав” гэж тушаасан байж болох. Тэр түмнийхээ эрүүл энхийн төлөө үнэнчээр зүтгэж явна. Түүнтэй ярилцаж ажил, амьдралын дуусашгүй их далайгаас нь багахан хэсгийг мэдэж авсан минь “Эмч хүн жаргалын ижий” гэдэг сайхан дууны өнгөөр дуулсан байх болтугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

banner zm

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *